Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1274

 

Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03019 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х,   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХи, ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “ХХХ” ХХК-д засварчин механикчаар ажилд орсон, 2013 онд засварын ээлжийн мастер, 2015 онд засварын ахлах мастераар тус тус дэвшин ажиллаж байсан. “ХХХ” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захирлын тушаалаар орон тоог хасаж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа хулгай хийж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. “ХХХ” ХХК-ийн удирдлагууд худал мэдээлэлд итгэж намайг хулгай хийдэг, бүүр тэр хулгайг зохион байгуулдаг гэсэн шалтгаанаар ажлаас халсан гэж үзэж байна.

Намайг үндэслэлгүй ажлаас халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүсэж байна. Би сард 2 590 000 төгрөгийн цалин авдаг байсан ба дутуу авсан цалин нэхэмжилсэн боловч одоо үүнээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХи шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ХХХ” ХХК Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах Овоот толгой нүүрсний ил уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын нүүрсний эрэлт эрс буурах болсноор компанийн тогтвортой үйл ажиллагаа тасалдах болсон ба энэ нь зардлаа бууруулах, хэмнэлт хийх шат дараалсан арга хэмжээг авахад хүргэсэн. Орон нутгийн ажилчдын ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд Улаанбаатар хотоос явж ажилладаг ажилчдын ажлын байрны орон тоог хасах нь дээр дурдсан арга хэмжээний нэг байсан бөгөөд үүнд засварын ахлах мастерийн ажлын орон тоо багтсан. Ийнхүү засварын ахлах мастераар ажиллаж байсан Хид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр түүний ажлын байрны орон тоог хасах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд буюу 45 хоногийн өмнө 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн. Улмаар “ХХХ” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар Хтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Компаний зүгээс нэхэмжлэгчид ажиллаж байсан хугацааны цалин, олговор болоод нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу олгосон ба нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг зохих журмын дагуу бөглөж өгсөн. Нэхэмжлэлд 2015 оны 10 дугаар сарын дутуу олгосон цалинг гаргуула” гэсэн байна.Хариуцагч нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын цалинг бүтэн бодож олгосон ба нэхэмжлэд дутуу олгосон цалингийн хэмжээ, түүний бодолт зэргийг тусгаагүй байгаа нь дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй байна.Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь зөвхөн цомхотгол буюу хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажлын байрны орон тоог хассан явдал юм.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Байгууллага ажлын байрны орон тоог цомхотгож байгаа нь ажилтны сайн, муу ажилладаг болон хувийн байдлаас шалтгаалсан зүйл байхгүй, ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал юм. Хамтын гэрээ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэхгүй байна. 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл орон тооны бүтэц зохион байгуулалтаар 12 ажилтны ажлын байр хасагдсан байгаа. Хийг хулгайн хэрэгт сэжиглэсэн, компанийн удирдлагад өргөдөл, гомдол гаргасан баримт алга. Манай компани нийгмийн даатгалын шимтгэл илүү төлөх асуудал хааяа гардаг энэ нь компанийг алдагдалтай гэдгийг нотлохгүй юм. Иймд Хийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Х-ийг “ХХХ” ХХК-ийн засварын ахлах мастерын ажилд эргүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “ХХХ” ХХКомпаниас 7 770 000 төгрөгийг гаргуулан Хид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Хийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлэн, дэвтэрүүдэд бичилт хийхийг “ХХХ” ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХи давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч талаас доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж хэрэг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь доорх байдлаар тогтоогдож байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн сацуу маргаан бүхий үйл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэрхэн тодорхойлсон, талуудын хооронд хөдөлмөрийн маргаан бүхий ямар харилцаа үүссэн, уг маргаан бүхий харилцаанаас хариуцагчийн хууль ёсны ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн талаар тодорхой үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хуралд мэтгэлцэж оролцсон ба үүний эсрэг хариуцагчийн нотлох баримт, тайлбарыг зөвшөөрөхгүй татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгч тал хэрхэн тайлбарлаж хуралд оролцсон байдлын талаар шүүх анхаарч үзээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг огт зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн аль заалтыг хэрхэн зөрчсөнийг тогтоогоогүй байна.

БНХАУ-ын нүүрсний импортын хэмжээ илт буурснаас үүдэн хариуцагч компанийн хувьд санхүүгийн хүндрэл орсон ба зардлаа бууруулах шат дараалсан арга хэмжээ авсны нэг нь ажлын байрыг цөөрүүлэх байсан. Гэтэл анхан шатны шүүх шийвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн ажлын байрыг зардал бууруулах, хэмнэлт хийх үүднээс цомхотгох болсон нь ёс төдий  бөгөөд хэмнэлт болохгүй, үндэслэлгүй гэж үзсэн байна.

Ажил олгогчийн хувьд зардал бууруулах боломжит хувилбарууд байдгийн нэг нь ажлын байрыг цөөрүүлэх эсхүл хасах явдал байдаг. Ажлын байрыг цөөрүүлснээр тухайн ажилтны цалингийн хэмжээгээр хэмнэлт гарахаас гадна ажилтантай холбоотой урсгал зардлууд хэмнэгддэг. Жишээ нь: тээврийн зардал, ажлын байрны зардал, хоолны зардал, татварын хэмнэлт, хангамжийн зардал гэх мэт. Ийнхүү зардал хэмнэгдэж байгааг шүүх хэмнэлт биш гэж үзсэн ба үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг ажил олгогчид олгосон байдаг. Өөрөөр хэлбэл орон тоо хасч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч санаачлан цуцалж байгаа үйлдэл нь хариуцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгогдсон эрх юм. Нөгөөтэйгүүр хариуцагчийн зүгээс нотлох баримт болгож “ХХХ” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14/197-R “Ажил албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалыг гаргаж өгсөн. Энэхүү тушаалын хавсралтаас хариуцагч компани нийт 486 ажилтантай байх бүтэц баталсан болохыг харж болно. Тэгвэл компанийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өрийн 15/413-R тоот “Ажил албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаас ажилчдын тоог 352 байхаар баталсныг мөн харж болно.

Нэхэмжлэгч нь тус компанийн Засварын хэлтэст ахлах мастерийн орон тоонд ажилладаг байсан өгөөд компанийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр баталсан бүтцээр Засварын хэлтэс нь 78 ажилтантай байхаар батлагдсан байна. Тэгвэл 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан бүтцээр Засварын хэлтэс нь 68 ажилтантай байхаар болж нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоог хасахаар болсон. Эндээс ганцхан нэхэмжлэгчийн ажлын байрын орон тоог хасаагүй болохыг харж болно. Гэтэл шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоог цөөрүүлсэн нь ёс төдий үйлдэл гэж үзсэн ньнотлох баримтыг дутуу үнэлсэн болохыг харуулж байна.

Иймд дээр дурдсан гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03019 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Х хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцласан гэж маргасан байна.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15/42R тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 5 дугаар зүйлийн 5.1, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс Засварын ахлах мастерын үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

/хэргийн 38 дугаар тал/

 

Ажил олгогч дээрх тушаалынхаа үндэслэлээ “нэхэмжлэгч Хийн ажиллаж байсан Засварын ахлах мастерийн ажлын орон тоо хасагдсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарласан нь үндэслэл муутай байна.

 

Учир нь ажил олгогчийн зүгээс орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан байх боловч нэхэмжлэгчийн ажлын байр болох засварын ахлах мастерийн орон тоог хассан хариуцагч “ХХХ” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын тушаал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарсан байна. /хэргийн 17, 37, 70-75, 75-79 дүгээр тал/

 

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 15/313-R тоот тушаалд засварын ахлах мастерийн орон тоо хэвээр батлагдсан байх тул нэхэмжлэгч Хид мэдэгдэл өгсөн өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр түүний ажлын байрыг хасах тухай компанийн удирдлагын шийдвэр гарсан байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч нийгэм, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж ажлын байрыг цомхотгосон үндэслэлээ нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь буруу боловч ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулиар тогтоосон мэдэгдэл өгөх хугацаа, журамд нийцээгүй тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь зөв болжээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03019 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “ХХХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       С.ЭНХТӨР