Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 56

 

Д.Х нарын 9 иргэний нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот

төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг

                                                    Х.Батсүрэн

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаартай захирамж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаартай захирамжийн Ш.Б-т холбогдох хэсэг, Ш.Б-ийн нэр дээр үйлчилгээний барилгын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ГБЗХ201-662 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2017 онд сунгагдсан зураг төслийг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0671 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0003 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Н, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Д.А-ын өмгөөлөгч Д.О, У.Х,

Гуравдагч этгээд Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Б нар,

Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0671 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан иргэн Д.Х, Н.Б, Д.Т, Ц.Ц, Ц.Н, Ц.Б, Д.А, Б.М, Ц.Х нарын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаартай захирамж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаартай захирамжийн Ш.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ш.Б-ийн нэр дээр үйлчилгээний барилгын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ГБЗХ201-662 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2017 онд сунгагдсан зураг төслийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0003 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0671 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд Ш.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... давж заалдах шатны шүүхийн шаардсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй бөгөөд шаардлагагүй баримтууд байна. Тухайлбал Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн албан бичгээр ‘'Иргэн Ш.Баттөмөрийн эзэмшлийн газар нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд хэн нэгний эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй байна” гэсэн байдаг. Нийслэлийн хэмжээнд бүх өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байгаа газрыг бүртгэдэг төрийн захиргааны байгууллага нь ямар нэгэн газартай давхцалгүй байна гээд албан ёсоор тодорхойлолт гаргаж өгсөн байхад өөр баримтаар нотлохыг шаардаж байгаа нь давж заалдах шатны шүүхийн буруу гэж үзэж байна.

4. Мөн нэхэмжлэгч нар нь “Ш 12” СӨХ-ийн газартай давхацсан учраас Ш.Б-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжлэл гаргаагүй. Харин эзэмшил газар дээрээ барих гэж байгаа барилга нь оршин суугчдын эрх, ашгийг зөрчиж байна гэж нэхэмжлэл гаргасан. Барилга баригдсанаар оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэж, шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. Учир нь 3, 4 дүгээр хорооллын төв зам дагуу үйлчилгээний барилгууд их баригдсан, манайхаас 2 метрийн зайд байрлах хөрш “Ц и” ХХК-ийн барилга нь барилгын норм, дүрмийн дагуу баригдсан гээд 2017 онд ашиглалтанд орсон, мөн энэ барилга нь 12 дугаар байрны оршин суугчдын эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй гэж шүүхийн шийдвэр гарсан байдаг. Үүнтэй адилхан миний барих гэж байгаа барилга 12 дугаар байрны оршин суугчдын эрхийг зөрчих үндэслэл байхгүй.

5. Давж заалдах шатны шүүх өмнө шийдвэрлэсэн манай залгаа хөрш “Ц и” ХХК- ийн барилга, уг барилгын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар авч, уг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайлбал: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 98 дугаар шийдвэр гарах болон уг захиргааны хэрэг үүсэх үед “Ц и” ХХК болон манайх хамтдаа барилгаа барихаар нэг хашаагаар газраа хашиж байсан. Тухайн хэргийг хэлэлцэх үед миний эзэмшил газрын талаар тодруулга авч байсан. Ард-Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хорооллын төв зам дагуу нийтдээ худалдаа, үйлчилгээний барилгууд төвлөрөн баригдаж байгаа, энэ нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголд тусгагдсан, 12 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд барилга баригдах тул нарны шууд тусгал хязгаарлагдахгүй, байгалийн гэрэлтүүлгийг халхлахгүй, баригдах гэж байгаа барилга нь байрны хойд талын авто зам болон галын машин орох боломжгүй болж орц гарц хаагдана, ногоон байгууламж устаж, хүүхдийн тоглоомын талбай үгүй болно, орц руугаа чөлөөтэй орж гарах, боломжгүй болно гэж байгаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд нийтэд илэрхий үйл баримт нь өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

6. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... гуравдагч этгээд Ш.Б-ийн барихаар төлөвлөж буй барилга, эзэмшил газар нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 98 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн хэргийн маргаан бүхий “Ц и” ХХК-ийн барилга, эзэмшил газартай залгаа хөрш байрлах бөгөөд барилга хоорондын зай 2,4 метр, барилгажилтын төвшин нь адилхан тодруулбал, нэхэмжлэгч нарын амьдарч байгаа 12 дугаар байрнаас авто замаар тусгаарлагдаж, уг замын хойд талд ижил зайд, ижил төвшинд барилга баригдаж буй болох нь шүүхээс явуулсан хэргийн газрын үзлэг, талуудын тайлбараар тогтоогддог.

8. 12 дугаар байрны хойд талд ижил зайд, ижил төвшинд баригдаж байгаа хоорондоо залгаа барилгууд замын нөгөө талд байрлах байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байвал хоёуланд хамааралтай, зөрчөөгүй бол бас хоёуланд хамааралтай байхаар байна. Тиймээс анхан шатны шүүх "2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны хойд талд /ертөнцийн зүгээр/ үйлчилгээний зориулалттай барилга баригдсанаар оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн “...галын машин орох боломжгүй болж гарц хаагдана, байгалийн гэрэл харах боломжгүй болно, ногоон байгууламж устаж, хүүхдийн тоглоомын талбай үгүй болно, орц уруугаа чөлөөтэй орж, гарах боломжгүй болно, нийтийн эзэмшлийн талбай үгүй болно” гэх үйл баримтын талаар үнэлж дүгнэсэн байх ба нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий дээрх үйл баримт нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа тул шүүхээс дахин нотлох, улмаар нэхэмжлэгч нарын дээрх үндэслэлд дахин үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүх үндэслэл, бүх нөхцөл байдлыг тогтооход Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтыг хэрэглээгүй, харин зөвхөн дээр дурдсан хэдэн үндэслэлд дүгнэлт өгөхөд хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийн газар өөрийн биеэр үзлэг хийгээд бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтыг хэрэглэсэн байх бөгөөд харин үүнийг давж заалдах шатны шүүх ямар үндэслэл, нотлох баримтаар буруутгаж байгаа нь тодорхойгүй, зүгээр л шүүхийн шийдвэр хуулж бичсэн нь буруу гэж байгаа нь үндэслэлгүй байна.

10. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...газрын давхцлын талаар Нийслэлийн газрын албаны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02-04/1971 дүгээр албан бичгээс өөр баримт авагдаагүй байхад гуравдагч этгээдийн газартай давхцаагүй гэж дүгнэсэн, газрын давхцлын талаар шинжээч томилуулах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт зэргийг маргааны үндэслэлийг тогтооход хамааралтай талаас нь хандаж шийдвэрлэвэл зохих байжээ” гэх тухайд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “Ш 12” СӨХ-ийн газар нь гуравдагч этгээд Ш.Баттөмөрийн газартай давхцаж байгаа эсэхийг тодруулж шинжээч томилох, улмаар газар нь давхцаж байгаа учир “Ш 12” СӨХ-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ өөрөө татгалзсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Ш 12” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Д.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нар анхан шатны шүүх хуралдаан дээр “2014 онд газрын албанд хандахад манай СӨХ-ийн газар кадастрын зургийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан” гэсэн тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Ш 12” СӨХ-ийн газартай давхцалтай учир иргэн Ш.Баттөмөрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн үндэслэл гаргаагүй, энэ талаар анхан шатны шүүх дээр маргаагүй.

11. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэж заасан байх бөгөөд гуравдагч этгээд Ш.Б-ийн газар нь “Ш 12” СӨХ-ийн газартай давхцалтай учир газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гаргаагүй байхад энэ талаар нотлох баримт цуглуулахаар хэргийг буцааж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-тай зөрчилдөж байна. Мөн СӨХ-ийн газартай давхцалгүй болох нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байгаа, одоо анхан шатны шүүх руу дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаалаа гэхэд шинжээчийн дүгнэлт хийх бодит боломжгүй нөхцөл байдал байхад дээрх хуулийн заалтыг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

12. Магадлалд “...анх Э.Г, Ж.Э нарт эзэмшүүлэхдээ ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг хэрхэн төлөвлөсөн, барилгажих талбайд хамаарч байгаа эсэх талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгөх нь маргаан бүхий акт үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Мөн төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсанаас үндэслэн Газрын тухай хуульд заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох газарт хамаарахгүй гэх үндэслэлд дүгнэлт өгөх нотлох баримт цуглуулахгэх тухайд: Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анх Э.Г, Ж.Э нарт анх газар олгохдоо дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох зарчмыг зөрчсөн гэх үндэслэлээр анх газар эзэмших эрх олгосон захирамж болоод газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл гаргаагүй байхад түүнийг нотлохыг шаардаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай зөрчилдөж байна. Мөн иргэн Ш.Б-ийн барилгын орчны төлөвлөгөөг болон барилгажих талбайд хамаарч байх эсэх талаар хэрэгт шаардлагатай нотлох баримтыг цуглуулсан.

13. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0003 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

15. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” А/37 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ш.Б-т Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 216 м.кв газрыг иргэн Э.Ганбаатар, Ж.Эрдэнэбилэг нараас шилжүүлж, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан, уг газарт баригдах үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгад нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучнаар/ даргын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ГБЗХ2014-662 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар” батлагдсан, мөн тус газраас 2017 онд барилгын эскиз зургийг сунгаж баталсан, нэхэмжлэгч Д.Х нарын 7 иргэн, түүнчлэн нэхэмжлэгч Б.М, Ц.Х нар нь “...орц, гарц хаагдана, ногоон байгууламж устана, хүүхэд тоглох орчингүй болно, барилга хоорондын зай хэмжээ зөрчигдөнө, байгалийн гэрэл, агаар орох боломжгүй болно, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө, нийтийн эзэмшлийн зам талбайд оршин суугчдын зөвшөөрөлгүй газар олгосон, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, хууль зөрчсөн” гэх үндэслэлээр маргажээ.

16. Маргаан бүхий газрыг эзэмших эрх анх /2010 онд/ иргэн Э.Г, Ж.Эрдэнэбилэг нарт үүссэн, тэднээс газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу тус газрыг нийслэлийн Засаг даргын 2012 оны А/37 дугаар захирамжаар Ш.Баттөмөрт эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгож баталгаажуулсан, газар эзэмших гэрээний биелэлтийг дүгнэсний үндсэн дээр нийслэлийн Засаг даргын 2017 оны А/92 дугаар захирамжаар Ш.Баттөмөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан, нэгж талбарын 18639311614462 дугаар бүхий 216 м.кв газрыг “үйлчилгээ”-ний зориулалтаар 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 000674868 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр Ш.Б эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

17. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 35.1.5-д заасны дагуу газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй, энэ тухай гаргасан хүсэлтийг эрх бүхий Засаг дарга нь Газрын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн хянаж, шийдвэрлэх үүрэгтэй.

18. Газар эзэмшигчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”-аар “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”-ээр гаргасан хүсэлтийг эрх бүхий Засаг дарга хянан үзэх, шийдвэрлэх журмыг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.3-т тусгайлан зохицуулсан, газар эзэмшигч Э.Г, Ж.Э нарын “газар эзэмших эрхийн гэрчилгээг Ш.Б-т шилжүүлэх”-ээр, газар эзэмшигч Ш.Баттөмөрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”-аар тус тус гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, нийслэлийн Засаг дарга нь 2012 оны А/37 дугаар, 2017 оны А/92 дугаар захирамжуудыг гаргасан нь хуулийн дээрх зүйл, заалтыг зөрчөөгүй байна.

19. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт анх үүссэн газар эзэмших эрхтэй маргаагүй боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлагын үндэслэлд холбогдуулан маргаан бүхий газар нь Сууц өмчлөгчдийн холбоонд эзэмшүүлсэн газарт давхцалтай эсэхийг шалгаж, үүнд холбогдох баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулж, үнэлж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх “...газрын давхцлын талаар шинжээч томилуулах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт зэргийг маргааны үндэслэлийг тогтооход хамааралтай талаас нь хандаж шийдвэрлээгүй” гэж; тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэн, өөр нэмэлт баримт нэмж цуглуулуулахаар, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлыг буюу “...анх Э.Г, Ж.Э нарт тус газрыг эзэмшүүлэхэд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсаныг тогтоох, хэрхэн тусгагдсанаас шалтгаалж Газрын тухай хуульд заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгогдох газарт хамаарах эсэхэд дүгнэлт өгөх, үүнд холбогдох нотлох баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай” гэж тус тус дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.

20. Түүнчлэн, маргаан бүхий газарт барилга баригдсанаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн “...оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөнө, орц, гарцгүй болно, байгалийн гэрэл харах боломжгүй болно, ногоон байгууламж устаж хүүхдийн тогтоолын талбайгүй болно, нийтийн эзэмшлийн зам талбай устана” гэх үндэслэл, нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч Г.Б нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийн талаар гарсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 98 дугаар шийдвэрээр дүгнэж, ийм байдал үүсэхгүй гэдгийг нэгэнт тогтоосон учир анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг үйл баримтаар тодорхойлогдох нөхцөл байдлыг дахин нотлоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэнд нийцсэн байна.

21. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхийн дээрх 2015 оны 0098 дугаар шийдвэрээр тухайн үйл баримтыг хэрхэн дүгнэж, тогтоогдсон байдлыг тусгаж, хэрэгт ач холбогдолтой уг үйл баримтыг энэ хэрэгт нотлохгүй гэсэн үндэслэлээ тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал-/ыг/”... тусгаагүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй болсон байна.

22. Үүнээс үзвэл, давж заалдах шатны шүүх, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, үүнд холбогдолтой нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийлгүүлэхээр, мөн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт нотлох баримтыг дахин үнэлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасныг зөрчсөн, гуравдагч этгээд Ш.Баттөмөр, өмгөөлөгч Г.Болорцэцэг хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

23. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0003 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нараас тус тус төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ