Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 671

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Х, Н.Б, Д.Т, Ц.Ц, Ц.Н, Ц.Б, Д.А, Б.М, Ц.Х нар,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Х, Н.Б, Д.Т, Ц.Ц, Ц.Н, Ц.Б, Д.А нарын “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаартай захирамж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаартай захирамжийн Ш.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Б.М, Ц.Х нарын “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжийн иргэн Ш.Б холбогдох хэсэг, тус газарт Ш.Б нэр дээр үйлчилгээний барилгын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ГБЗХ201-662 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2017 онд сунгагдсан зураг төслийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Д.Х, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ц.Н, Ц.Баярсайхан, Ц.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгч Ц.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Д.Т нарын өмгөөлөгч Б.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Д.Х, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие энэ шүүх хуралдаанд 12 дугаар байрны оршин суугч ээж, эмээгийн хувиар оролцож байна. Гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт гурван удаа хашаа барьсан бөгөөд тус хашааг амралтын өдөр барьж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Гуравдагч этгээд оршин суугчдаас санал авсан гэж тайлбарлаж байгаа боловч бидний саналыг сонсолгүйгээр тус газарт барилга барих зөвшөөрлийг авсан. Барилгын зураг төсөлд тухайн эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй оршин суугчдын саналыг авсан байхыг шаарддаг бөгөөд хэрэв саналыг аваагүй бол барилгын зургийг хүчингүй болгох тухай зохицуулалт байдаг. Оршин суугчдаас санал авалгүй барилгын зураг төслийг батлуулсан байж барилгын зургийг зохих журмын дагуу авсан гэж тайлбарлаж  байгаа нь үндэслэлгүй юм. Манай байрыг 1984 онд Зөвлөлт холбоот улсын 2 дугаар трест ийн мэргэжилтнүүд шинжлэх ухаанд үндэслэн барьсан. Манай байрны оршин суугчид нь тус барилгын трестэд ажиллаж байсан тул гуравдагч этгээдийн барьсан гэж тайлбарлаж байгаа шатыг өмнө нь байсан болохыг мэдэж байгаа. Ш.Б нь бид нарыг хоёр удаа бусдаар зодуулж хүч хэрэглэж байсан.

Нэг газарт хоёр эзэмшилийн гэрчилгээ олгосон байгааг ойлгохгүй байна. Магадгүй үүний цаана маш том эрх ашиг байгаа гэж бодож байна. Тухайн газарт барилга баригдснаар Монгол улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Миний бие 2013 оны 11 дүгээр сард СӨХ-ийн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон. СӨХ-ийн өмнөх удирдлагаар ажиллаж байсан Н.Т нь 35,000,000 төгрөгийг өгч тухайн газарт барилга барихад татгалзах зүйлгүй гэсэн бичгийг гаргуулсан. Энэ талаар Авилгатай тэмцэх газарт бид хандаж одоо авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Мөн гуравдагч этгээд эрх бүхий байгууллагад хандаж байсан тул маргаан бүхий газрыг хоёр жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн эрх бүхий байгууллагад хандаж байсан тухай баримт бичгийг харж байгаагүй. Манай зүгээс Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж байсан нь 2017 оны 08 дугаар сарын хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Тус хурлаар барилга барихаар төлөвлөж буй газрыг эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй гэдгийг эрх бүхий албан тушаалтнууд хэлж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Маргаан бүхий гзарт барилга барьж бидний эрхийг зөрчиж байгаа тухай өргөдөл гомдлыг Олон улсын байгууллага, Олон улсын шүүх зэрэг хандаж болох бүхий л байгууллагад хандана” гэв.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ц.Н, Ц.Б, Ц.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилга бариж байгаа газарт гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаа Барилгын зураг, Газар эзэмших эрхийн гэрчилгээний зургийг байрлуулсан үйлдэл байхгүй. Ш.Б нь гурван удаа хашаа барьж байсан талаар өмнө дурдсан. Тус барьсан хашааг сууц өмчлөгчид бид биш харин газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн Н.Б болон хэв жухам хамгаалах цагдаа нар тус хашааг гурван удаа нурааж байсан.

Манай байрнаас харагддаг ганц ногоон байгууламж дээр барилга баригдвал манай байрны нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжгүй болж хүүхэд тоглох талбайгүй болно. Анх манай хорооллын ашиглалтад орох үеийн зураг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тус зургаас Ш.Б барьсан гэж тайлбарлаж байгаа шат өмнө нь байсан болохыг харж болно. Барилга барихаар төлөвлөж байгаа газарт барьснаар оршин суугчдын эрх зөрчигдөх тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Д.Х, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ц.Н, Ц.Б, Ц.Цэдэндорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарын өмгөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны оршин суугчид Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжийн Ш.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайд барилга барих гэж байгаа тухайг анх Ш.Б хашаа барихаар ирэхэд мэдсэн. Барилга барих гэж байгааг мэдмэгцээ Нийслэлийн Газрын албанд “Ш” СӨХ-р төлөөлүүлэн эрх ашиг хөндөгдөж байгаа тухай хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд тус хүсэлтэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрыг 2012 онд  Ш.Б эзэмшүүлсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/2852 дугаар албан бичгээр ирүүлсэн. Тус албан бичгийг эс зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр оршин суугчдыг төлөөлөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус хандахад Нийслэлийн газрын албанаас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр танай хүсэлтийн хариуг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/2852 дугаар албан бичгээр өгсөн гэсэн хариуг ирүүлсэн. Ш.Б газар эзэмших, барилга барих эрхийг олгосон эрх бүхий албан тушаалтнууд бидний гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа болох нь дээрх үйлдлээс харагдаж байна. Маргаан бүхий  А/92, А/37 дугаар захиргааны актын улмаас ногоон байгууламж устаж, хүүхдийн тоглоомын талбайгүй болох, манай байрны орц, гарц хязгаарлагдмал болж галын машин болон оршин суугчдын машин орох гарах боломжгүй болж, оршин суугчдад үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн нийтийн эзэмшлийн талбайд барилга барих эрхийг олгохдоо эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй оршин суугчдын саналыг үндэслэдэг. Ш.Б барилга барихдаа бидний саналыг аваагүй, барилга барих газраа шөнийн цагаар хашаалж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус газрыг 2 жил ашиглаагүй зэрэг нөхцөл байдлыг  шүүх харгалзан үзнэ үү. Ш.Б газар эзэмшүүлэх 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамж гарсан байхад 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжийг давхардуулан олгосон үйлдлийг ойлгохгүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжийн иргэн Ш.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Ц.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Д.Т нарын  өмгөөлөгчийн тайлбарлаж байгаатай адил хууль зүйн үндэслэлтэй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар Ш.Б Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 216 м.кв газрыг түүний нэр дээр шилжүүлэн, эзэмшүүлж, улмаар 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Б нь эзэмшил газартаа барилга барихаар ******* тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар авч, 4 давхар үйлчилгээний барилгын зураг төслийг батлуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж  хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж тодорхойлсон байдаг. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Ш.Б нь газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн газрын албанд гаргасан ба эзэмшлийн газартаа барилга барихаар тодорхой үйл ажиллагаа явуулж байсан нь нэхэмжлэгч нарын тайлбараар нотлогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлгүй байна. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд Ш.Б Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 216 м.кв талбайг эзэмшүүлэн захирамж гарсан бөгөөд тус газартаа барилга барихаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг хүлээн авч Газар барилгажилтын хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэн 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу үйлчилгээний барилгын эскиз зургийг “С” ХХК-аар гүйцэтгүүлэн ирүүлж 2014 онд батлуулсан. Улмаар 2017 онд эскиз зургийг шинэчлэн ирүүлж Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн барилгын хэмжээ давхар өөрчлөгдөөгүй тул дэмжигдсэн. Нэхэмжлэгч Б.М, Ц.Х нар нэхэмжлэлийн шаардлагадаа “...уг барилга барих газар нь таксины зогсоолоос 1 метр, орон сууцнаас 10 метрээс бага зайтай байгаа нь стандартыг ноцтой зөрчсөн  болох нь харагдаж байна. Иймд тус газарт барилгын ажил явагдах боломжгүй юм...” гэжээ. Барилгын зурагт нэхэмжлэгч нарын оршин суух 12 дугаар байрнаас тус барилга нь 15 метрийн зайтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд энэ нь Орон сууцны барилгын зураг төсөл төсөвлөлт Барилгын Норм ба Дүрмийн 31-01-10-ын 12 дугаар хүснэгтийн 1-д “2-4 давхар барилга нь барилгын тууш талуудын хооронд 15 метр байна” гэсэн заалтад нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ш.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ш.Б нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 216 м.кв газрыг зохих журмын дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж, уг газар дээр үйлчилгээний зориулалттай 4 давхар барилга барих зөвшөөрлийг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу авсан.

 Уг газар дээр барих барилгын эскиз зургийг 2012 оны 04 сард “Э” ХХК-иар хийлгүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд тус барилгын эскиз зургийг гаргуулсны дараагаар буюу 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн иргэдийн хүлээж авах төвд хандсан боловч тухайн жил нь сонгуулийн жил байсан тул миний материалыг хүлээн аваагүй. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт  2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр материалаа бүрдүүлэн хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтийн хариуг 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 413 дугаар хуудсаар оршин суугчидтай уулзан зөвшөөрлийг авах шаардлагатай гэсэн хариуг ирүүлсэн.  Үүний дагуу 7 дугаар хорооны 12 дугаар байрны иргэдтэй уулзан барилга барих гэж байгаа тухай хэлж барилгын эскиз зургийг үзүүлэхэд тус хорооны иргэд манай СӨХ-ийн газарт хамааралгүй тул барилга барихад татгалзах зүйлгүй гэсэн саналыг хэлсэн  түүнчлэн тус хурал дээр 2014 он төсөвт хөрөнгө оруулалт барилгажилтийн жил байсан учир манай байрны 1, 6, 7 дугаар орцын дээврээс ус гоождог асуудлыг шийдвэрлэж өгөхийг эрх бүхий албан тушаалтнуудад уламжилж өгөхийг надаас хүссэн. Түүнчлэн тус газарт Барилгын зураг, Газар эзэмших эрхийн гэрчилгээний зургийг барилга барих талбайд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд байрлуулсан боловч оршин суугч иргэдээс гомдол манайд болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ирээгүй. Барилга барихаар төлөвлөсөн газар нь “Ц” ХХК-ийн газартай давхцалтай байсны улмаас дахин кадастрын зураг, барилгын ажлын зураг, бүтцийн зураг, эскиз зураг болон бусад материалыг бүрдүүлэн барилгын ажлын эхлүүлэх зөвшөөрлийг авсан. Барилгын эхлүүлэх зөвшөөрлийг авсны дараагаар хашаагаа барихаар очиход 12 дугаар байрны иргэд эсэргүүцэн хэл амаар гүтгэн, доромжилж бидний барьсан хашааг буулгасан. Тус барилгыг барихаар 2012 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд гурван удаа барилгын эскиз зургийг гаргуулан, эрх бүхий байгууллагуудад хандаж байсан тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил газрыг ашиглаагүй гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

  Гуравдагч этгээд Ш.Б өмгөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Х нарын нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар хийе. Нэгдүгээрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилготой. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэдэг. Гэтэл тус барилгыг барьснаар нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт  Хот суурины төлөвлөлт, барилгажилтийн норм ба дүрмийн 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасны дагуу барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай 6 метр байх бөгөөд манай барилга болон 12 дугаар орон сууц хоорондын зай нь 13 метр орчим байгаа тул галын аюулгүй байдлын стандартыг зөрчөөгүй байна. Энэ талаар тодруулахаар шүүхээс маргаан бүхий газрын үзлэгийг хоёр удаа хийж байсан. Иймд галын машин болон бусад машины орох гарах гарцыг хаагаагүй. Хоёрдугаарт Барилга барихаар төлөвлөж байгаа газар нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 241 дүгээр захирамжаар “Ш” СӨХ-д ашиглуулахаар олгосон газар болон ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайн газартай давхцалгүй. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орсон барилгажих газарт хамаардаг. Нэхэмжлэгч нарын оршин суугаа байрны урд талд нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбай байгаа тул  ногоон байгууламж устаж, нийтийн эзэмшлийн талбайгүй болох нөхцөл байдал үүсгэх боломжгүй юм. Гуравдугаарт тус барилга нь орон сууцны 13 метрийн зайд байрлах тул оршин суугчдын цонхийг хааж, байгалийн гэрэл, агаар хаах боломжгүй юм. Дөрөвдүгээрт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн БГД 413 дугаар хуудсаар тавьсан шаардлагын дагуу СӨХ-д танилцуулан зөвшөөрөл авсан тухай гуравдагч этгээд Ш.Б тайлбарласан. Хавтаст хэрэгт “Ш” СӨХ нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05 тоот албан бичгээр барилга барихад тус СӨХ болон оршин суугчдын зүгээс татгалзах зүйлгүй гэсэн санал хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Мөн барилга барихаар төлөвлөгдсөн газарт барилгын зураг болон газар эзэмших эрхийн гэрчилгээний зургийг байршуулахад оршин суугч нараас гомдол гаргаж байгаагүй тухай Ш.Б тайлбарласан. Иймд оршин суугч нарт мэдэгдээгүй, тэдний саналыг аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 2012 он, 2015 он, 2017 онуудад гурван удаа барилгын эскиз зураг гаргуулж барилга барих шаардлагатай материалуудыг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хийж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул 2 жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ “...Нийслэлийн Газрын албанд “Ш” СӨХ-р төлөөлүүлэн эрх ашиг хөндөгдөж байгаа тухай хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд тус хүсэлтийн хариуг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/2852 дугаар албан бичгээр ирүүлсэн...” тухай дурджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасан байдаг. Гэтэл хуульд заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ц.Х, Б.М нарын нэхэмжлэлд хариу тайлбарыг хийе. Барилгын зураг төслийг боловсруулахад баримтлах мэргэжилтнүүдээс баталсан норм дүрмийг архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг. Гуравдагч этгээд Ш.Б нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахаар 2013 онд хандаж бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  архехтур төлөвлөлтийн даалгавар авсан. Тус даалгаврын дагуу цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, холбооны техникийн нөхцөлүүдээ авч Барилга хөгжлийн төвд ажлын бүрэн зураг, төсөл магадлал хийлгэсэн. Иймд Ц.Х, Б.М нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анх Б.Х нарын 7 иргэний нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2017/6356 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн ба уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШЗ2018/0772 дугаар захирамж гарч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан иргэн Б.М, Ц.Х нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг Б.Х нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт нэгтгэн, нэг ажиллагаагаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бг оролцуулалгүйгээр хэргийг хэлэлцэж, хянан шийдвэрлэлээ.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч Д.А-с /Ш СӨХ-ийн захирал ажилтай/ 2018 оны 6 дугаар сарын 21-ний, түүний өмгөөлөгч Э.Э-ээс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус шүүхэд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш СӨХ-г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтүүдээсээ татгалзаж байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гарган өгсөнийг дурдах нь зүйтэй.

Анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх А/37 дугаар захирамжаар[1] мөн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн Э.Г, Ж.Э нарын эзэмшиж байсан 216 м2 газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Ш.Б-т шилжүүлэн эзэмшүүлж, 5 жилийн хугацаагаар газар эзэмших 0379108 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олгосон байна.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжаар[2] гуравдагч этгээд Ш.Б-ийн  /Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай 216 м2/ газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн газрын албанаас Ш.Б-тэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, мөн өдөр 00067486* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг[3] олгожээ.

Шүүхээс хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1 .Нэхэмжлэгч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий акт болох Нийслэлийн засаг даргын 2012 оны А/37 дугаар, 2017 оны А/92 захирамжийн Ш.Б-т холбогдох хэсгийг, болон 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ГБАЗХ201-66* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2017 онд сунгагдсан зураг төслийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ..эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж орц, гарц хаагдана, байгалийн гэрэл харах боломжгүй болно, ногоон байгууламж устаж, хүүхдийн тоглоомын талбай үгүй болно, орон сууц хоорондын зай хэмжээ зөрчигдсөн, ертөнцийн зүгээр хойшоо харсан айлуудын цонх хаагдана, оршин суугчдаас зөвшөөрөл, санал аваагүй, Ш.Б уг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байх ба маргаан бүхий дээрх актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал дараахь байдлаар тогтоогдохгүй байна. Үүнд:

 

1. Нийслэлийн засаг даргын 2012 оны А/37 дугаар, 2017 оны А/92 захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар

Маргаан бүхий акт болох 2012 оны А/37 дугаар захирамжийн тухайд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас иргэн Э.Г, Ж.Э нарын эзэмшиж байсан 216 м2 газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Ш.Бт шилжүүлэн эзэмшүүлсэн талаар өмнө нь дурдсан бөгөөд ийнхүү газар эзэмшүүлэхдээ хариуцагч нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг /газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх/ заасныг зөрчсөн эсэх талаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаагүйг дурдах нь зүйтэй.

Харин гуравдагч этгээд Ш.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж гаргасан хариуцагчийн 2017 оны А/92 захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгч нараас Ш.Баттөмөр уг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдгээс өөр үндэслэлээр маргаагүйг дурдах нь зүйтэй ба гуравдагч этгээд Ш.Б нь 2012 оны А/37 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 216м2 газрыг эзэмших эрх олж авснаас хойш 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг[4] Нийслэлийн газрын албанд гаргах хүртлээ тухайн газартаа үйлчилгээний зориулалттай барилга барихаар эскиз зургийг хийлгэн батлуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, холбогдох мэргэжлийн байгууллагаас техникийн нөхцөлийг батлуулах зэргээр тодорхой үйл ажиллагааг явуулж байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар;

түүнчлэн маргаан бүхий газар нь нэхэмжлэгч нарын оршин сууж буй 12 дугаар байрны Ш СӨХ-ны болон бусад этгээдийн эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй, Ш СӨХ-ийн ашиглалтын газар нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй болох нь тус тус Нийслэлийн газрын албаны 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 02-04/1971 дугаар албан бичиг,[5] нэхэмжлэгч Д.А-ын ...сүүлд СӨХ-д эзэмшлийн газар олгохоор болж бид кадастрын зураг хийлгэсэн, Д.Тунгалагын 2014 онд газрын албанд хандахад манай СӨХ-ийн кадастрын зургийг мэдээллийн сандаа бүртгээгүй байсан гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тус тус тогтоогддог.

Иймээс хариуцагчийн гаргасан 2017 оны А/92 дугаар захирамж нь хуульд нийцсэн бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 38 дугаар зүйлийн 38.5-д Шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэргээс хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ гэж тус тус заасан.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн * дугаар хорооны * дугаар байрны оршин суугч Г.Б нарын иргэдийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх захиргааны хэргийн маргааны зүйл нь Нийслэлийн засаг даргаас иргэн Ч.Д-д эзэмшүүлсэн үйлчилгээний зориулалттай газар байх ба уг маргаан бүхий газар нь энэ хэргийн гуравдагч этгээд болох Ш.Бийн эзэмшлийн газраас ертөнцийн зүгээр зүүн талд байрлалтай, Ш.Бийн барихаар төлөвлөж буй барилгатай адил төвшинд 2.4 метрийн зайтай болох нь шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн явцыг баталгаажуулж авсан фото зургаар тогтоогдсон ба Г.Б нарын нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч Б.Х нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй адил байна.

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны хойд талд /ертөнцийн зүгээр/ үйлчилгээний зориулалттай барилга баригдсанаар оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөн ...галын машин орох боломжгүй болж гарц хаагдана, байгалийн гэрэл харах боломжгүй болно, ногоон байгууламж устаж, хүүхдийн тоглоомын талбай үгүй болно, орц руугаа чөлөөтэй орж, гарах боломжгүй болно, нийтийн эзэмшлийн талбай устаж үгүй болно гэх үйл баримтын талаар үнэлж дүгнэсэн байх ба нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий дээрх үйл баримт нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа тул шүүхээс дахин нотлох, улмаар нэхэмжлэгч нарын дээрх үндэслэлд дахин үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Тэрээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй /архивын 615 дугаар бүхий 4 хавтаст/ захиргааны хэргээс дээрх үндэслэлд хамаарах бичгийн нотлох баримтыг шүүх хуралдааны явцад шинжлэн судалж, нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэрэгт нотлох баримтаар хуулбарлан авсан болно.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар шийдвэрийн Үндэслэл[6] хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбай үгүй болох үндэслэлийн талаар

...нэхэмжлэгчдээс нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмшүүлсэн гэж хариуцагчийг буруутгадаг боловч энэ нь Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1/178 болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 4/1114 тоот албан бичгээр тус тус үгүйсгэгддэг, ...эдгээр бичгүүдэд нийтийн эдэлбэрийн газрын тоо бүртгэлд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар хамаараагүй, нийтийн эдэлбэрийн газартай ямар нэгэн давхцалгүй, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орсон барилгажих газарт хамаарч байгаа болохыг тодорхойлсон байдаг.

Гэхдээ Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан зохицуулалтын хүрээнд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газарт одоогийн байгаа бетонон далангийн хэсгийг оруулсан байгаагаас үзвэл үүнийг нийтийн эдэлбэрт хамааруулах боломжтой мэт боловч энэхүү байгууламж нь зориулалтын дагуу ашиглагдах бодит нөхцөлгүй болсон, өөрөөр хэлбэл Ард аюушийн өргөн чөлөөний төв замын 2 талыг нийтэд нь барилгажуулахаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, энэ ч хүрээнд замын урд талд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газартай байрлал, орчны барилга байгууламжийн хувьд адил төвшний газарт барилгажилт нэлээдгүй хийгдсэн болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн Нийслэлийн Газрын мэдээллийн сангийн болон хэрэгт авагдсан фото зургуудад тодорхой тусгагджээ гэж;

...галын машин орох боломжгүй болж гарц хаагдана, байгалийн гэрэл харах боломжгүй болно, ногоон байгууламж устаж, хүүхдийн тоглоомын талбай үгүй болно, орц руугаа чөлөөтэй орж, гарах боломжгүй болно гэх үндэслэлийн талаар ... нэхэмжлэгчдийн оршин сууж байгаа орон сууцын урд талд нийтийн эзэмшлийн томоохон талбайтай, баруун талд нь авто машины зогсоолын зориулалтаар ашиглагдаж буй газар байгаа болох нь мөн л фото зургууд, бодит нөхцөл байдал, газрын байршлын кадастрын зургаар тус тус батлагдах бөгөөд одоогийн маргаан бүхий газрыг авто зогсоолын зориулалтаар ашигладаггүй, ашиглах ч боломжгүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

Мөн ертөнцийн зүгээр нэхэмжлэгчийн оршин сууж буй орон сууцын хойд талд дээрх барилга баригдах тул нарны шууд тусгал хязгаарлагдахгүй, өөрөөр хэлбэл ЦИ ХХК-ийн баригдах барилга нь нэхэмжлэгчийн оршин сууж буй орон сууцын цонхыг хаахгүй, байгалийн гэрэлтүүлгийг халхлахгүй, түүнчлэн орц, гарцыг хязгаарлахгүй. ...Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар, мөн бодит нөхцөл байдалд 3, 4-р хорооллын зам дагуух газарт ихээхэн хэмжээний барилга байгууламж баригдсан, цаашид нь баригдахаар байгааг харгалзан үзсэн болно гэж тус тус дүгнээд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч Г.Х, Б.М нарын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд Ш.Б-н нэр дээрх үйлчилгээний барилгын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ГБЗХ201-66* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2017 онд сунгагдсан зураг төслийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхй төлөвлөгөөний газар холбогдуулан гаргасан байдаг боловч нэхэмжлэгч Б.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, Ц.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаанд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж байна гэхээс өөрөөр нэхэмжлэлд дурдагдсан ...замд тулгаж барилга барьснаар явган хүний зорчих замгүй болж үзэгдэх орчин хязгаарлагдаж, үл хөдлөх эд хөрөнгийг бууруулж, иргэд машин замаар зорчихоос өөр аргагүй байдалд хүрнэ /бусад үндэслэл нь Б.Х нарын 7 нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлтэй адил байна/ гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэвч шүүхээс хийсэн үзлэг, кадастрын зургаар гуравдагч этгээдийн эзэмшлийн газар нь 12 дугаар байрны хойд талын автомашины замтай давхцаагүй болох нь, мөн барилгын эскиз зургаар гуравдагч этгээдийн үйлчилгээний барилга баригдсанаар явган хүний замгүй болох нөхцөл байдал үүсэхгүй болох нь тус тус тогтоогдсоноор нэхэмжлэгч нарын дээрх үндэслэл үгүйсгэгддэг.

Гуравдагч этгээд Ш.Б-н үйлчилгээний зориулалттай барилгад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ГБЗХ2014-66* тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон байх ба мөн Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас Иргэн Ш.Бийн 4 давхар /зоорьтой/, үйлчилгээний барилга-ын зургийг 2017 онд шинэчлэн баталсан байна.

Дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зургаар маргаан бүхий газарт барилга байгууламж баригдаагүй байгаа нь шүүхээс явуулсан үзлэгээр, мөн тухайн газарт барилга баригдснаар нэхэмжлэгч /нэхэмжлэгч нар нь 12 дугаар байрны оршин суугч иргэд/ Г.Х, Б.М нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх үйл баримт нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 98 дугаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд нийтэд илэрхий байх тул шүүхээс түүнийг дахин нотлохгүйг дурдах нь зүйтэй.

Мөн Ш СӨХ-оос Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гуравдагч этгээд Ш.Баттөмөрийн эзэмшлийн газарт барилга барихад СӨХ болон оршин суугчдын зүгээс татгалзах зүйлгүй гэх агуулга бүхий 05 дугаар албан бичгийг хүргүүлж байсан нь тогтоогдож байх ба Б.Худ нарын нэхэмжлэгчдээс оршин суугчдаас санал аваагүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнэвэл Нийслэлийн засаг даргын 2012 оны А/37, 2017 оны 92 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ш.Бт газар эзэмшүүлсэн, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас /Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний/ гуравдагч этгээдийн үйлчилгэний барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зургийг баталсан нь тус тус Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, 35 дугаар зүйлийн 35.1.1-д нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд уг актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгч нарын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаартай захирамж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаартай захирамжийн Ш.Б-д холбогдох хэсэг, Ш.Б-ийн нэр дээр үйлчилгээний барилгын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ГБЗХ201-66* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2017 онд сунгагдсан зураг төслийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хэрэгт хамааралгүй зарим баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан Д.Х, Н.Б, Д.Т, Ц.Ц, Ц.Н, Ц.Б, Д.А, Б.М, Ц.Х нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжийн иргэн Ш.Б холбогдох хэсэг, тус газарт Ш.Б нэр дээр үйлчилгээний барилгын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ГБЗХ201-662 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2017 онд сунгагдсан зураг төслийг тус тус хүчингүй, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжийн иргэн Ш.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            С.ОТГОНТУЯА