Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/00202

 

“У.Т.Т.С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/03332 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “У.Т.Т.С” ХХК-ийн хариуцагч Ж.Тд холбогдуулан гаргасан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 5 181 284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “У.Т.Т.С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Ж.Ттай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тт-13-175 дугаар автомашин түрээсийн гэрээ байгуулж, 12-... УНМ улсын дугаартай “Хьюндай Элентра” маркийн автомашиныг шилжүүлж, Ж.Т нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Компанийн санхүүгийн программ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор гэрээг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэн “тт-14-284” тоот санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан.

Түрээслэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн удаа засвар хийлгэж 2 745 592 төгрөгийн засварын төлбөртэй болсон, мөн түрээсийн 8 хоногийн төлбөртэй болсон тул түрээслэгчийн зүгээс гэрээний 12.2.1-д зааснаар 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр автомашиныг хүлээн авах акт үйлдэн автомашиныг түр саатуулан компанийн зогсоолд байрлуулсан. Түрээслэгчээс мөн өдөр Ж.Тд автомашиныг хүлээн авахдаа тэмдэглээстэй байгаа санамжийг уншуулж тайлбарласан бөгөөд түрээсийн төлбөрийг нөхөн төлөх 14 хоногийн хугацаа өгсөн. Улмаар маргааш нь оношилгоо хийгдэнэ гэдгийг сануулсан бөгөөд тухайн өдрөө “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн засварын газарт автомашиныг оношлуулахад түрээслэгч ирээгүй тул түрээслэгчийг байлцуулахгүйгээр оношлогоог хийлгэсэн. Дээрх нэмэлт хугацаанд түрээсийн төлбөрийг барагдуулаагүй тул гэрээний 14.2.1-д зааснаар 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж хариуцагчийн хаягаар түүнд мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл ирж уулзаагүй байна. Түрээслэгч гэрээний хугацаанд засварын 4 805 984 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 135 300 төгрөг, түрээсийн төлбөрийн өр 240 000 төгрөг нийт 5 181 284 төгрөгийн төлбөртэй болсон байна. Эдгээр төлбөрүүдийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжилж байна.

Манай компани 2019 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн мөн оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/Ш32019/07531 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. Мөн оны 9 дүгээр сард дахин нэхэмжлэлийг гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч өөрийн биеэр шүүхэд ирж хаягаа өгсөн гэжээ.

Хариуцагч Ж.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2013 оны 11 дүгээр сард “У.Т.Т.С” ХХК-д такси түрээсийн жолоочоор гэрээ байгуулан 2016 оны 6 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа 3-4 удаа автомашиныг засварт оруулж байсан. Засварын төлбөр нь 3 удаа даатгалаас гарсан. Даатгал нь зах зээлийн үнэлгээгээр үнэлдэг, нэхэмжлэгч нь өөрийн үнэлгээгээр үнэлдэг энэ хоёрын хоорондох зөрүү мөнгийг түрээслэгч жолооч төлж барагдуулдаг. 7 хоног тутам 50 000 төгрөг төлж 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлсэн засварын өрийг даатгал болон миний бие төлж барагдуулсан. Эцэст нь “У.Т.Т.С” ХХК-ийн надаас нэхэмжилж буй 1 829 244 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Миг” даатгалаас нэхэмжлэгчид 1 818 700 төгрөгийг бүрэн шилжүүлснээр засварын өргүй болсон. Үүнээс хойш 2016 оны 6 дугаар сард автомашинаа хураалгах хүртэл засварын өргүй байсан. Миний бие тус компанид 3 жилийн турш түрээсийн буюу ашиг орлого оруулсан, сүлжээ ашигласны 330 000 төгрөг, станц ашигласны 70 000 төгрөг, 7 хоногт 50 000 төгрөг гэж 1 415 700 төгрөг нийт 16 305 700 төгрөгийн ашиг орлого оруулсан. Нэхэмжлэгч нь удахгүй өмчлөх гэж байсан автомашиныг хүчээр хурааж авч, гэрээ цуцална гэж хэлж явуулаад намайг байхгүйд дур мэдэн янз бүрийн засвар гаргаж ирэн 3 000 000 хүртэлх төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүнтэй холбогдож чадахгүй болохоор өөрсдөө оношилгоо хийсэн гэж худал ярьж байна. Би гэр бүлээрээ Налайх дүүрэг дэх хаяг дээрээ жил гаран болоод хот руу нүүж ирсэн. Би 889...... дугаараа 9 жил хэрэглэж байгаа бөгөөд 24 цагаар нээлттэй байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас автомашинаа хураалгах үеийн орлогийн өр 240 000 төгрөг, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил 135 000 төгрөг нийт 375 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Тас 375 000 /гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У.Т.Т.С”  ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 806 284 /дөрвөн сая найман зуун зургаан мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У.Т.Т.С” ХХК-д олгон шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх засварын төлбөрийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь бодит үнэнд нийцэхгүйн дээр, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнээгүй байна. Тухайлбал 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн автомашин хүлээлцэх акт, оношлогооны хуудсанд эвдрэл гэмтлийн талаар тодорхой дурдсан бөгөөд мөн тухайн автомашиныг засварласан “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн засварын баримт болон төлбөрийн нэхэмжлэх хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр засварлуулсан боловч энэ хугацаанд автомашин замын хөдөлгөөнд оролцож үйлчилгээнд яваагүй. Энэ нь тухайн автомашиныг засварласан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээлцсэн актанд тэмдэглэсэн км-ийн заалт, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн засварын баримтанд тэмдэглэсэн км-ийн заалтууд таарч байгаагаар нотлогдоно.

Хариуцагч засвар үйлчилгээг өөрөө хийдэг байсан гэх боловч энэ талаар ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад нотолгоогүй үндэслэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Ж.Тулгын автомашиныг эзэмшиж байсан хугацааны засварын төлбөрийг нэхэмжлэхэд дараагийн түрээслэгчийн баримт шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн засвар үйлчилгээний баримт, төлбөрийн нэхэмжлэхээр манай компанид учирсан хохирол тодорхойлогдож байна.

Дээрх шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч “У.Т.Т.С” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “тт-14-284” дугаартай гэрээний үүрэгтэй холбогдуулан хариуцагч Ж.Тас засвар үйлчилгээний зардалд 4 805 984 өгрөг, түрээсийн төлбөрт 240 000 төгрөг, торгууль 135 300 төгрөг, нийт 5 181 284 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлээс түрээсийн төлбөр, торгууль 375 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг “засварын үнийг миний бие болон даатгалаас төлсөн, автомашиныг хураалгах үед засварын өргүй байсан” гэх үндэслэл заан, эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “тт-14-284” дугаартай автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, “У.Т.Т.С” ХХК нь Хьюндай Элентра автомашиныг Ж.Тд тодорхой хугацаагаар түрээслүүлж, гэрээний хугацаа дуусах үед үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд автомашиныг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх, Ж.Т нь түрээсийн төлбөрт сар бүр 660 000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх-16-25/ Уг гэрээнд талууд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэрээ дуусах хугацааг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр, сарын хүүг 3 хувь, гэрээний үнийг 24 758 705 төгрөг болгохоор харилцан тохиролцжээ. /хх-27,32,36/ Энэ талаар хэн аль нь маргаангүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан автомашины санхүүгийн түрээсийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсгийн заасныг зөв хэрэглэжээ. Нэгэнт талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн учир гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн, засварын зардлаа төлөөгүй гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээ цуцалж, автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр актаар хүлээж авсан болох нь хэргийн 42 дах талд авагдсан автомашин хүлээлцэх акт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Ингэснээр тэдгээрийн хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болжээ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээслэсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ.

Нэхэмжлэгч “У.Т.Т.С” ХХК нь хариуцагчаас засварын зардал 4 805 984 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “... 2014 онд засвар хийлгээд 2 745 592 төгрөгийн төлбөртэй байсан, гэрээ цуцалж, автомашиныг оношлуулаад засвар хийсэн” гэж тайлбарлажээ. .

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Ж.Т нь засварт 2014 онд 700 000 төгрөг, 2015 онд 665 700, 2016 онд 50 000 төгрөг тус тус тушаасан болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогджээ. /хх111-136, 146-159, 161-172 / Мөн 2015 онд даатгалын байгууллагаас 1 818 700 /1 402 500+ 416 200/ төгрөг авсан үйл баримт авлагын дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байна.

Түүнчлэн хэргийн 54-72 дах талд авагдсан засвар үйлчилгээний нэхэмжлэх, засвар үйлчилгээний хуудас зэрэг баримтууд нь хариуцагч Ж.Т автомашиныг эзэмшиж байх хугацаанд түүний буруугаас учирсан эвдрэл гэмтэл, автомашины эд ангиудыг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгаснаас зайлшгүй солих шаардлага үүссэн гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлоогүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаар зөв дүгнэжээ.

Талууд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр автомашины хүлээлцэж, акт үйлдэхдээ “автомашины их биений гадна сэв тэмдэглэгээ” гэх хэсэгт 11 төрлийн засвар хийх шаардлагатай талаар тэмдэглэж, нэг талаас байгууллагыг төлөөлж ашиглалтын албаны ажилтан А.Бямбацогт, харуул н.Тэмүүжин, нөгөө талаас Ж.Т нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх42/ Улмаар мөн сарын 27-ны өдөр автомашинд оношлогоо, үзлэг хийж дээрх 11 төрлийн засвар үйлчилгээний зардлыг 1 640 000 төгрөгөөр тогтоосон болох нь хэрэгт авагдсан автомашины оношлогоо, үзлэгийн хуудсаар нотлогдож байна. /хх43/ Автомашинд үзлэг, оношлогоо хийх талаар Ж.Тд мэдэгдсэн боловч ирээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй байна. Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмыг зөрчжээ.

Харин хэргийн 53, 72-81 дэх талд авагдсан төлбөрийн баримт, засвар үйлчилгээний нэхэмжлэх, засвар үйлчилгээний хуудас зэрэг баримтууд нь Ж.Тас автомашиныг хүлээж авснаас хойш 1 жил гаруйн дараа үйлдэгдсэн, уг баримтуудад тусгагдсан байх тул энэ зардлыг хариуцагчийн үйлдэлтэй холбоотой шууд зардал гэж үзэхэд эргэлзээтэй байх тул энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иймд нэхэмжлэгч компанийн засварын зардал нэхэмжилсэн шаардлагын хэмжээг 1 640 000 төгрөгөөр тодорхойлох нь Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсгийн заасанд нийцэх тул хариуцагч Ж.Тас уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/03332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “375 000 /гурван зуун далан таван мянга/” гэснийг “2 015 000 /хоёр сая арван таван мянга/” гэж, “4 806 284 /дөрвөн сая найман зуун зургаан мянга хоёр зуун наян дөрөв/” гэснийг “3 166 284 /гурван сая нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун наян дөрвөн/” гэж, 2 дах заалтын “11 900” гэснийг “47 190” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 846 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                       Ч.ЦЭНД