Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2020/03332

 

         2020 оны өдөр

 11 сар      02  р                                              184/ШШ2020/03332

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: “У” ХХК /РД:/. Хаяг: Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, гудамж, Засгийн газрын авто баазын байр

Хариуцагч: Ш овогт Ж.Т /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Тоосгоны хайрхан тоот

Гэрээний үүрэгт 5,181,284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани үндсэн үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тт- тоот автомашин түрээсийн гэрээ байгуулсан уг гэрээг санхүүгийн программ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэн “тт-14-284” тоот санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “У” ХХК нь Ж.Т-ийн ашиглалтад УНМ улсын дугаартай “Х” маркийн автомашиныг шилжүүлж, Ж.Т нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээн гэрээ байгуулсан. Анх гэрээ байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр автомашин хүлээлцэх акт үйлдэн автомашиныг түрээслэгчид хүлээлгэн өгснөөр гэрээ хэрэгжиж эхэлсэн. Түрээслэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн удаа засвар хийлгэж 2,745,592 төгрөгийн засварын төлбөртэй болсон, мөн түрээсийн 8 хоногийн төлбөртэй болсон тул түрээслэгчийн зүгээс гэрээний 12 дугаар зүйлийн 12.2.1-д зааснаар 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр автомашиныг хүлээн авах акт үйлдэн автомашиныг түр саатуулан “У” ХХК-ийн зогсоолд байрлуулсан. Түрээслэгчээс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр автомашиныг хүлээн авахдаа тэмдэглээстэй байгаа санамжийг уншуулж тайлбарласан бөгөөд мөн өдөр түрээсийн төлбөрийг нөхөн төлөх 14 хоногийн хугацаа өгсөн. 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр оношлонгоо хийгдэнэ гэдгийг сануулсан. 27-ны өдөр “М” ХХК-ийн засварын газарт УНМ улсын дугаартай автомашиныг оношлуулахад түрээслэгч ирээгүй тул түрээслэгчийг байлцуулахгүйгээр оношлогоог хийлгэсэн. Дээрх нэмэлт хугацаанд түрээсийн төлбөрийг барагдуулаагүй тул гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2.1-т зааснаар 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж хариуцагчийн хаягаар түүнд мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл ирж уулзаагүй байна. Түрээслэгч гэрээний хугацаанд засварын 4,805,984 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 135,300 төгрөг, түрээсийн төлбөрийн өр 240,000 төгрөг нийт 5,181,284 төгрөгийн төлбөртэй болсон байна. Эдгээр төлбөрүүдийг иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар нэхэмжилж байна. Манай компани 2019 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/Ш32019/07531 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн иймээс нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Ингээд 2019 оны 9 дүгээр сард дахин нэхэмжлэлийг гаргасан боловч 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч хаягтаа байхгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч өөрийн биеэр шүүхэд ирж хаягаа өгсөн байна. 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 11 дүгээр сард “У”  ХХК-д такси түрээсийн жолоочоор гэрээ байгуулан 2016 оны 6 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа нийт 3-4 удаа автомашиныг засварт оруулж байсан байна. Засварын төлбөр нь 3 удаа даатгалаас гарсан. Даатгал зах зээлийн үнэлгээгээр үнэлдэг, “У” ХХК өөрийн үнэлгээгээр үнэлдэг энэ хоёрын хоорондох зөрүү мөнгийг түрээслэгч жолооч төлж барагдуулдаг жишээ нь 7 хоног тутам 50,000 төгрөгөөр, энэхүү 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлсэн засварын өрийг даатгал болон миний бие төлж барагдуулсаар эцэст нь “У” ХХК-ийн надаас нэхэмжилж буй 1,829,244 төгрөгийг “М” даатгалаас “У” ХХК-ийн эзэмших Голомт банкны 1105034817 тоот дансанд 100 хувь буюу 1,818,700 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бүрэн шилжүүлснээр миний бие нь “У” ХХК-д засварын өргүй болсон. Үүнээс хойш 2016 оны 6 дугаар сард машинаа хураалгах хүртэл засварын өргүй байсан. Миний бие нь тус компанид 3 жилийн турш түрээсийн буюу ашиг орлого оруулсан, сүлжээ ашигласны 330,000 төгрөг, станц ашигласны 70,000 төгрөг, өөрийн биеэр долоо хоногийн 50,000 төгрөгөөр төлсөн 1,415,700 төгрөг нийт 16,305,700 төгрөгийн ашиг орлого оруулсан байх юм. “У” ХХК нь удахгүй хувьд гарах гэж байсан автомашиныг маань хүчээр хурааж авчхаад  чамд энэ автомашиныг дахиж өгөхгүй гэрээ цуцална  одоо явж үз  гэж  явуулчхаад намайг байхгүйд дур мэдэн янз бүрийн засвар гаргаж ирэн 3,000,000 хүртэлх төгрөг нэхэмжилж байгааг нь би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүнтэй холбогдож чадахгүй болохоор өөрсдөө оношилгоо хийсэн гэж худал ярьж байна. Би гэр бүлээрээ Налайх дүүрэг дэх хаяган дээрээ жил гаран болоод хот руу нүүж ирсэн. Миний утасны дугаар болох 88990151 дугаараа би 9 жил хэрэглэж байгаа ба 24 цагаар нээлттэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас машинаа хураалгах үеийн орлогийн өр 240,000 төгрөг, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил 135,000 төгрөг нийт 375,00 төгрөгийг “У” ХХК-д төлөхөд татгалзах зүйлгүй байна. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын  тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Ж.Т-д холбогдуулан гэрээний үүрэгт 5,181,284 /засварын үнэ 4,805,984 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 135,300 төгрөг, түрээсийн төлбөрийн өр 240,000 төгрөг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “тт-13-175” тоот автомашины түрээсийн гэрээ, энэхүү гэрээгээ 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэн “тт-14-284” тоот автомашины санхүүгийн түрээсийн гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, агуулгын тухайд маргахгүй байна. /хх-ийн 6, 16/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Ж.Т “тт-14-284” тоот автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ белүүлээгүйгээс гэрээг цуцласан, автомашиныг эзэмшиж байхдаа осол хийж эвдэлсэн тул засварлахад гарсан зардал, мөн төлөх ёстой түрээсийн төлбөр, автомашиныг эзэмшиж байх хугацааны Замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн торгууль нийт 5,181,284  төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлээс төлөөгүй төлбөр 240,000 төгрөг, торгууль 135,300 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, засварын мөнгийг даатгалаас болон надаас гаргуулсан, гэрээг нэхэмжлэгч талаас санаачлан цуцалж, автомашиныг хураан авч өөр этгээдэд шилжүүлсэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй буцаан өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

            Талуудын хооронд байгуулсан “тт-14-284” тоот автомашины санхүүгийн түрээсийн гэрээнээс үзэхэд түрээсийн зүйлийн засвар үйлчилгээний талаар “автомашин болон нэмэлт тоноглолд учирсан гэмтлийг даатгалын нөхөн олговор, гуравдагч этгээдийн нөхөн төлбөр, эсхүл түрээслэгчийн өмчийн хөрөнгөөр, түрээслүүлэгчийн хяналт дор түүний зөвшөөрлөөр арилгах”-аар /гэрээний 4 дүгээр зүйл/ тохиролцжээ.

Хариуцагч долоо хоног бүр засварын мөнгө гэсэн агуулгаар 50,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлдөг байсан нь түүний тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдох бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1,917,500 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 111, 161/

Мөн нэхэмжлэгч гэрээний хугацаанд буюу 2015 оны 6 дугаар сард УНМ улсын дугаартай автомашины даатгалын нөхөн төлбөрт “М” ХХК-иас 1,818,700 төгрөг авсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Өглөгийн дэлгэрэнгүй тайлан” гэх баримтаар тогтоогдсон. /хх-ийн 51/

Гэрээгээр нэхэмжлэгч компани УНМ улсын дугаартай, Элентра маркийн автомашиныг таксины үйлчилгээ эрхлэхэд нь зориулан түрээслэгчид шилжүүлж, түрээслэгч 31 сарын хугацаанд түрээсийн төлбөр 20,840,725 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, гэрээний хугацаа дуусахад түрээслүүлэгч  гэрээний зүйл болох автомашиныг түрээслэгчид  шилжүүлэн өгөхөөр тохирчээ.

Талууд энэхүү гэрээндээ 2015 оны 10 дугаар сарын 13, 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацаа, түрээсийн зүйлийн үнийн тухайд тохиролцсон бөгөөд сүүлийн өөрчлөлтөөр гэрээний нийт үнэ 24,758,705 төгрөг байх, хугацааг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байхаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.3 дахь хэсгүүдэд санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх, түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болохоор заасан.

Хуулийн зохицуулалт, талуудын байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд түрээслүүлэгч байгуулсан гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна.   

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзэхээр заажээ.  

Нэхэмжлэгч тал УНМ улсын дугаартай, Э маркийн автомашиныг засварласан үнэ 4,805,984 төгрөг болохыг тодорхойлсон засвар үйлчилгээний баримтууд нь 2015 оны 6 дугаар сарын 13-наас 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацааны баримтууд байх бөгөөд түрээсийн автомашиныг нэхэмжлэгч байгууллага 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан байна. /хх-ийн 54, 59, 65, 70-81/

Автомашиныг хүлээлгэн өгсөн тухай 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр  хүлээлцэх акт гэх баримтад автомашинд эвдрэл, гэмтэл учирсан талаар дурдсан байх боловч хэзээ, хэдэн төгрөгөөр засварласан нь тодорхойгүй, мөн эдгээр эвдрэл гэмтлийг 1 жилийн дараа 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр засварласан гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 41, 73-75/

            Хариуцагч автомашиныг эзэмшилдээ байлгасан хугацаанд автомашинтай холбоотой засвар үйлчилгээг өөрөө хариуцан хийж байсан гэж тайлбарладаг мөн  түрээсийн зүйлийг хурааж авснаас хойш уг автомашиныг өөр этгээдэд түрээслүүлсэн эсэх талаар баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүйгээс компанид хохирол учирсан эсэхийг бодитоор тодорхойлох боломжгүй байх тул засварын зардал 4,805,984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Хариуцагч нэхэмжлэлээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 240,000 төгрөг, автомашиныг эзэмшиж байх үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний  торгууль 135,300 төгрөг нийт  375,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд УНМ улсын дугаартай, Э маркийн автомашины засварт даатгалын нөхөн төлбөр болон хариуцагчаас нийт  3,736,200 төгрөг авсан, хариуцагч гэрээний төлбөрт 2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 26-ныг хүртэл хугацаанд 14,887,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн болохыг тус тус  дурдах нь зүйтэй. /хх-ийн 33-38/

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Т-ээс 375,000 /гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У”  ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,806,284 /дөрвөн сая найман зуун зургаан мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  11,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ