Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00270

 

Г.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02617 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Тийн хариуцагч “Т.А” ХХК, “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазарт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 68 956 601 төгрөгийг буцаан гаргуулж, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 34 478 300 төгрөг, хохирол 24 082 322 төгрөг, нийт 127 517 223 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т.А” ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 6 479 648 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч “Т.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Т нь “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар, “Т.А” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай захиалгаар барилгын ажил гүйцэтгэх орон сууцны гэрээг байгуулж, тус гэрээний 1.2-т зааснаар “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазрын албан хаагчдад зориулан барьж байсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны А байрны 9 давхрын 81.56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэг м.кв талбайг нь 1 183 000 төгрөгөөр тооцож, нийт 96 485 480 төгрөгөөр авахаар захиалсан. Тухайн үед Г.Т нь “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазарт ажиллаж байсан. Гэрээний 1.3-т зааснаар барилгын ажлыг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр байсан боловч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. Уг асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж гомдол гаргаж байсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1031 тоот прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр татгалзсан.

Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх орон сууцны гэрээний 3.2-3.5-т зааснаар гэрээнд заасан хугацаанд орон сууцны үнэ болох нийт 68 956 601 төгрөгийг төлсөн боловч байрыг хүлээлгэн өгөөгүй тул Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудыг үндэслэн 68 956 601 төгрөгийг шаардаж байна.

Гэрээний 6.3-т гүйцэтгэгч нь гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр тусгасан. Иймд гэрээний дээрх заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй бөгөөд үүргийн зөрчил үүссэн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 995 хоногийн алдангид 68 611 818 төгрөг төлөх боловч үүний 50 хувиар тооцож 34 478 300 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

Талууд гэрээг 2014 онд хийсэн бөгөөд хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг гүйцэтгээгүй учир өөр амьдрах орон сууц түрээслэх болон гэрээний үүрэгт төлсөн 68 956 601 төгрөгийг эргэлдүүлэн олж болох боломжит орлого зэргээр хохирсон. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар Г.Төд учирсан хохирол болох нийт 68 956 601 төгрөгийн хадгаламжийн хүү 24 082 322 төгрөгийг хариуцагч “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар, “Т.А” ХХК нараас гаргуулахыг шаардаж байна.

Иймд барилгын ажил гүйцэтгэх орон сууцны гэрээний дагуу захиалсан байрны төлбөрт шилжүүлсэн үндсэн төлбөр 68 956 601 төгрөг, алданги 34 478 300 төгрөг, нийт 103 434 901 төгрөгийг хариуцагч “Т.А” ХХК-иас, гэрээнээс учирсан хохиролд 24 082 322 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т.А” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазартай байгуулсан ЭХХТ-57А/2014 дугаартай гэрээний дагуу тус төвийн албан хаагч Г.Ттэй 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр Г.Т нь “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазрын албан хаагчийн хувьд ажлын хөлс төлөхгүйгээр зөвхөн захиалсан орон сууцныхаа ашиглалтад орох өртөг буюу санхүүжилтийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-3.6-д заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж захиалагчаар оролцсон. Ерөнхий захиалагч талын зохиогчийн зураг төслөөр Г.Тийн захиалсан орон сууцны талбай 81.56 м.кв-аас 84.75 м.кв болж өөрчлөгдсөн тул нийт санхүүжилтийн төлбөр 100 259 250 төгрөг болж өссөн. “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазраас Г.Төд хуваарийн дагуу төлбөр төлөх талаарх шаардлагыг тавьж байсан. Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж, мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр барилга 100 хувь ашиглалтад орж, улсын комисст хүлээлгэн өгч, орон сууцны төлбөрөө бүрэн төлж, хүлээн авах үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй учир мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ цуцлах талаар албан мэдэгдлийг хариуцагч “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазарт хүргүүлсэн. Тус гэрээний 3.17-д заасны дагуу албан ёсны хариу ирээгүй бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазрын захиалгаар баригдсан ажиллагсдын орон сууцны гэрээ дүгнэх ажлын хэсгийн хурлаар эцсийн байдлаар гэрээ дүгнэж шаардлагатай тохиолдолд хугацаанд нь төлбөрөө төлөөгүй захиалагч нарын гэрээг цуцлах, дараагийн асуудлыг “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар хариуцахгүйгээр “Т.А” ХХК шийдвэрлэх талаар шийдвэр гарсан болно.

Нэхэмжлэгч Г.Т нь өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүйгээс гэрээ цуцлагдсаныг мэдсээр байж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст манай компанид холбогдуулан залилан мэхэлсэн гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж 2019 оны 12 дугаар сар хүртэл шалгуулж байсан. Одоо нэхэмжлэлдээ гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрч, 68 956 601 төгрөгийг буцаан шаардаж байгаад татгалзах зүйлгүй.

Барилга нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орж чадаагүй. Үүнд ерөнхий захиалагч болон захиалагч албан хаагч нараас шалтгаалсан хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Барилга угсралтын ажил явагдаж байх үед тухайн газарт барилга барих зөвшөөрөл аваагүй, газар эзэмших эрхгүй атлаа зөвшөөрөлгүйгээр барилга барьсан гэх үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилга угсралтын ажлыг зогсоож, “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазрыг 1 000 000 төгрөгөөр торгож байсан. Улмаар хариуцагчаас газрын зөвшөөрлийг авах хүртэл хугацаа алдаж, барилгын суурийг цутгах дулааны улирал өнгөрсөнтэй холбоотой хугацаа алдаж байсан. Мөн Г.Т нарын хариуцлагагүй захиалагч албан хаагчид гэрээнд заасан санхүүжилтийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байснаас захиалагч талаас санхүүжүүлэх санхүүжилтийн төлбөр хүлээгдэж хугацаа алдаж байсан. Гэвч манай компани төлбөрөө хугацаандаа төлөөгүй захиалагчдын хариуцлагагүй үйлдлээс учрах хохирлыг багасгах зорилгоор Голомт банкнаас зээл авч зээлийн хүү төлж хохирол амссан боловч барилгын ажлыг хурдан шуурхай дуусгасан. Гэрээний 3.14-т захиалагч талын санхүүжилт саатсаны улмаас барилга угсралтын ажлын дуусах хугацаа хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал хариуцахгүй гэж тохиролцсон. Г.Т нь гэрээ цуцлагдсаныг мэдсээр байж цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасны улмаас манай компанийн 2 219 369 330 төгрөгийг үнийн дүн бүхий эд хөрөнгийн эрхийг хязгаарласан тул арга буюу манай компани өмгөөлөгч хөлсөлж ажиллуулж байсан.

Иймд Г.Тийн манай компаниас 127 517 223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 68 956 601 төгрөгийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд алданги 34 478 300 төгрөг болон хохиролд нэхэмжилсэн 24 082 322 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 58 560 622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазрын төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар нь “Т.А” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 12 давхар 88 айлын 9110.92 м.кв талбай бүхий барилгын ажлыг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эхлүүлж 2017 онд бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан. Дээрх гэрээг үндэслэн нэхэмжлэгч Г.Ттэй 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 13 тоот дугаар бүхий захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний 2.3-д орон сууц захиалагч ажилтныг төлбөрөө хугацаандаа төлөхийг сануулах, шаардах, шаардлагатай тохиолдолд гэрээ цуцлах, дараагийн өөр ажилтныг сонгон гэрээ байгуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл гүйцэтгэгч тал “Т.А” ХХК нь ерөнхий захиалагчийн албан ёсны зөвшөөрлийг авалгүйгээр дангаар, дур мэдэн Г.Ттэй байгуулсан гэрээг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гүйцэтгэгч “Т.А” ХХК-аас өөрт учирсан бүхий л хохирлоо барагдуулан авах нь зүйтэй.

Манай байгууллага нь хариуцагч “Т.А” ХХК-ийн барилгын ажлын санхүүжилт хэрэгтэй байна гэсэн хүсэлтийн дагуу дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 103 214 568.40 төгрөгийг төлсөн. Талууд харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЭХХТ-62/2015 тоот дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан ба энэхүү гэрээнд дээрх 10 байрыг гүйцэтгэгч “Т.А” ХХК-аас авахаар тохиролцсон. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буюу нэмэлт гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн “Т.А” ХХК-д өмнөх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч нийт 569 333 805 төгрөгийн өр төлбөрөө төлөөгүй. Иймд манай байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж, нэхэмжлэгч талд ямар нэгэн гэм хор, хохирол учруулаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй, уг хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “Т.А” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Ттэй 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай гэрээг байгуулсан. Тэрээр уг гэрээний 3.2-3.6 дах хэсэгт заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул ЭХХТ-54А/2014 дугаартай гэрээний 3.15, 3.17 дах хэсэг болон 13 дугаартай гэрээний 6, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын шийдвэр, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийг тус тус үндэслэн гэрээг цуцалсан. Г.Т нь гэрээний үүргээ хугацаандаа, шударгаар биелүүлж чадаагүйгээс түүний захиалсан орон сууцын гүйцэтгэлийн зардлын зарим хэсгийг манай компани өөрийн болон төлбөрөө хугацаандаа төлсөн захиалагчдын эрх, ашиг сонирхлыг улам хохироохгүйн тулд Голомт банк ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээл авч санхүүжилтийг шийдвэрлэж, барилгын ажлыг дуусган 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн.

Иймээс Г.Т нь 13 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс компанид учирсан хохиролд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 222 дугаар зүйлийн 222.7, 225 дугаар зүйлийг үндэслэн хүүгийн төлбөр 6 479 648 төгрөгийг гаргуулж, түүнд буцаан төлөх төлбөрөөс хасаж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Голомт банк ХХК-аас авсан зээлийг хэрхэн зарцуулсан буюу Г.Тийн орон сууцыг барьж ашиглалтад оруулахад зарцуулсан эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний 3.5, 3.6 дах хэсэгт зааснаар зээлийн төлөлт хийх хуваарь гарсны дагуу төлөлтийг хийж байсан. Харин “Т.А” ХХК-аас хугацаа хэтрэлт, төлөлтийн талаар мэдэгдэж байгаагүй, барилын ажлыг гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлсэн учир өөрийнх нь буруугаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т.А” ХХК-аас 68 956 601 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Төд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58 560 622 төгрөгийн болон хариуцагч “Т.А” ХХК-ийн гэрээ цуцалснаас учирсан хохирол 6 479 648 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 795 600 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т.А” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 502 735 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Төд олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Т давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар, “Т.А” ХХК-тай байгуулсан гэрээний 6.3-т “гүйцэтгэгч нь гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлнө” гэж заасан.

Гүйцэтгэгч нь гэрээний 1.3-т зааснаар барилгын ажлыг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөх буюу тус хугацаагаар захиалагчид байрыг хүлээлгэн өгөх байсан боловч гүйцэтгэгч нь гэрээний дагуу хугацаандаа байрыг улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээс гадна 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын комиссын дүгнэлт гарсан боловч өнөөдрийг хүртэл байрыг хүлээлгэн өгөөгүй.

Гэрээнд заасан үүргээ гүйцэтгэгч тал хугацаандаа биелүүлээгүй болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагдаж байх боловч анхан шатны шүүх гэрээг нэгэнт цуцлагдсан байх тул алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн байна. Хэргийн материалд талуудын хооронд гэрээг харилцан тохиролцож цуцалсан, эсхүл гэрээний нэг тал хэзээ гэрээг цуцалсан талаар баримт байхгүй бөгөөд гэрээ нь нэхэмжлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцлагдаж алданги шаардах эрх зогссон байна.

Иймд гүйцэтгэгчийн үүргийн зөрчил үүссэн өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож, 34 478 300 төгрөгийг гаргуүлах хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчаас гэрээний үүргийг гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 24 082 322 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Би гэрээний дагуу захиалсан орон сууцны төлбөрт нийт 68 956 601 төгрөгийг төлсөн. Энэхүү төлбөрийг төлсөн эсэх талаар хариуцагч нар маргадаггүй бөгөөд төлөх бүрэн боломжтой талаар дурдсан тул энэ нь хавтаст хэргийн материалуудаас бүрэн нотлогдож байна.

Дээрх төлбөрийг 2016 онд төлсөн боловч гүйцэтгэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүйн улмаас 2016-2020 он хүртэлх хугацаанд өөр орон сууц түрээслэх, мөн 68 956 601 төгрөгийг эргэлдүүлэн олж болох боломжит орлого зэргээр хохирч байх тул гүйцэтгэгчийн гэрээний үүргийг зөрчсөний улмаас учирсан хохирол болох 24 082 322 төгрөгийг Иргэний хуульд заасны дагуу гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т.А” ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

“Э.Х.Х.Т” ТӨААТҮГазрын захиалагч албан хаагчид захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцыг барьж ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн манай компани Голомт банк ХХК-аас 1 300 000 000 төгрөгийн зээл авсан.

Тус зээлийг манай компанийн нэрээр гаргаж өгөхийг “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар болон ЭХЯ “Голомт банк” ХХК-д хүсэлт гаргаж, улмаар зээлийн барьцаа хөрөнгөд “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазрын газрыг барьцаалж, мөн тус байгууллагын ажилчдын цалин хөлсийг Голомт банк ХХК-аар дамжуулан тавих нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ байгуулсаны үндсэн дээр банкнаас зээл олгосон.

Анхан шатны шүүх “Т.А” ХХК-ийн авсан зээлийг ЭХХТ-ийн орон сууцны барилгад зарцуулсан эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хэрэв Г.Т нь гэрээнд заасан хугацаанд захиалсан орон сууцны төлбөрөө төлнө гэсэн итгэл, найдвар төрүүлж, гэрээ байгуулаагүй байсан бол түүний захиалсан орон сууцыг гэрээний үүргээ үнэнч, шударгаар, хугацаандаа гүйцэтгэх өөр захиалагчтай гэрээ байгуулж тус орон сууцыг ашиглалтанд оруулах хөрөнгийг шийдвэрлэж, түүнд хамаарах хэмжээгээр манай компанийн Голомт банкнаас авсан зээлийн хэмжээ 31 302 649 төгрөгөөр багасаж, түүнд хамаарах хүү 6 479 648 төгрөг төлж алдагдал хүлээхгүй байсан.

Мөн Г.Т хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс гэрээ цуцлагдсан өөрийн буруутай үйлдлийг мэдсээр байж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст манай компанийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр 1 жил 6 сарын хугацаанд шалгуулж, ажлын нэр хүндэд халдаж, улмаар хэрэг бүртгэлтийн шатанд манай компанийн 2 000 000 000 гаруй төгрөгийн үнийн дүнтэй эд хөрөнгийг битүүмжлүүлж байсан боловч манай компани дээрх хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд “Т.А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч “Т.А” ХХК, “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 68 956 601 төгрөгийг буцаан гаргуулж, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 34 478 300 төгрөг, хохирол 24 082 322 төгрөг, нийт 127 517 223 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч  “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар нь хариуцагч биш гэх үндэслэлээр эс зөвшөөрч, хариуцагч “Т.А” ХХК-ийн хувьд нэхэмжлэлээс 68 956 601 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 6 479 648 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ. /хх 1-3, 89-90/

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар нь “Т.Э” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ЭХХТ-057А/2014 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд “Шинэ-Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний салбарын ажиллагсдыг орон сууц хангах хөтөлбөрийг дэмжин Э.Х.Х.Тийн албан хаагчдын хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор  Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах захиалагчийн эзэмшлийн газарт албан хаагчдын орон сууцны зориулалтаар 12 давхар, 88 айлын орон сууцыг барилгын ажлыг захиалагчийн өгсөн зураг төслийн дагуу барьж гүйцэтгэн 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор барьж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг эхлүүлэн захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь бэлэн болсон барилга байгууламж обьектыг улсын комиссоор хүлээн авч, хувь төлбөрийг барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-73-77/

Мөн “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазрын ажилтан Г.Т нь “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар, “Т.А” ХХК нартай 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 13 дугаартай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, ажилчдын орон сууцны барилгын А байрны 9 давхрын 81,56 м.кв талбай бүхий орон сууцыг 96 485 480 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд болон талуудын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрхийн талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Зохигчид дээрх үйл баримтад маргаангүй, харин үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага буюу хохирол шаардах үндэслэлийн талаар маргажээ.

Талууд 13 дугаартай гэрээгээр орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэж тохиролцсон хэдий ч үндсэн гэрээ болох 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ЭХХТ-62/2014 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж барилгыг хүлээлгэн өгөх хугацааг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгон сунгасан байх тул 13 дугаартай гэрээний хугацаа мөн сунгагдсан гэж үзнэ. /хх-8-10, 73-79/

Хариуцагч “Т.А” ХХК нь дээрх гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/309 дугаартай дүгнэлт, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх-12-15, 120-121/

Үүний улмаас нэхэмжлэгч Г.Т нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 68 956 601 төгрөгөө буцаан гаргуулахаар хариуцагч “Т.А” ХХК-аас шаардсаныг тэрээр зөвшөөрсөн байна. Энэ үйл баримтад хамаарах нотлох баримтууд болох ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хариуцагчийн тайлбар зэргийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт уг хуулийн заалтыг хэрэглээгүй нь оновчгүй болсон боловч шийдэлд нөлөөлөхгүй тул энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн, хариуцагч “Т.А” ХХК-аас алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тодруулбал, 13 дугаартай гэрээний 6.3 дах заалтаар ажлыг гүйцэтгээгүй, хугацаа хожимдуулсны хариуцлага тооцон алдангийг хариуцагч компани нь ерөнхий захиалагч “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазарт төлөхөөр гэрээний талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй юм.  Түүнчлэн гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулий 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох нөхцөл байхгүй болсон учир энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.   

            Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч “Т.А” ХХК, “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар нараас гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохиролд 24 082 322 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ “орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд өмчлөлд шилжүүлж өгөөгүйгээс өөр орон сууц түрээслэх, 68 956 601 төгрөгийг эргэлдүүлж олох боломжит орлогоор хохирсон, ... хохирлыг хадгаламжийн хүүгээр тооцсон ...” гэж тайлбарлажээ. /хх-2/

Хариуцагч “Т.А” ХХК, “Э.Х.Х.Т” ТӨАТҮГазар нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг Г.Тийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон учир Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй. Гэхдээ өөрт учирсан бодит хохирлын хэмжээг баримтаар нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээнэ.

Хэрэгт нэхэмжлэгч Г.Тийн, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардлагын үндэслэлийг нотолсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч нарын буруугаас орон сууц хөлсөлж үнэ төлсөн, мөн аль банкны ямар төрлийн хадгаламжийн, хэдэн хувийн хүүгээр тооцон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой байсан гэж үзэн хохирол нэхэмжилж буйг нотолсон баримт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Мөн дээрх үндэслэлээр хохирол нэхэмжилсэн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүх шийдвэр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцэх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Хариуцагч “Т.А”ХХК нь “гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс түүний орон сууцны зардлын зарим хэсгийг “Голомт банк” ХХК-аас зээл авч, санхүүжилтыг шийдвэрлэн барилгын ажлыг дуусгасан, уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг гаргуулна” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Төөс хохиролд 6 479 648 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.

            Хэрэгт авагдсан 13 дугаартай гэрээнээс үзвэл нэхэмжлэгч Г.Т нь гэрээний 3.2-т “... барилгын ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрч захиалагчийн хяналтын ажлын хэсгээр баталгаажсаны дараа орон сууцны нийт төлбөрийн 25 хувьтай тэнцэх 24 121 370 төгрөгийг”, 3.3-т “барилгын ажлын гүйцэтгэл 50 хувь хүрч захиалагчийн хяналтын ажлын хэсгээр баталгаажсаны дараа 2 дах төлбөр буюу 20 хувь болох 19 297 096 төгрөгийг”, 3.4-т “ажлын гүйцэтгэл 70 хувь хүрч захиалагчийн хяналтын ажлын хэсгээр баталгаажсаны дараа 3 дах төлбөр буюу 20 хувь болох 19 297 096 төгрөгийг”, 3.5-д “барилгын ажлын гүйцэтгэл 90 хувь хүрсэн тохиолдолд 4 дэх төлбөр буюу 20 хувь болох 19 297 096 төгрөгийг”, 3.6-д “Барилгын ажлын гүйцэтгэл 100 хувь буюу ажил дуусгавар болж, улсын комисс ажиллаж дууссаны дараа үлдэгдэл төлбөр буюу 15 хувь болох 14 472 822 төгрөгийг тус тус гүйцэтгэгч тал буюу “Т.А” ХХК-д төлөх үүргийг хүлээжээ. /хх-9/

            Гэрээний ерөнхий захиалагч “Э.Х.Х.Т” ТӨААТҮГазар нь дээрх гэрээний 2.17-д зааснаар “гэрээний 3.2-3.6-д заагдсан төлбөр төлөх үүрэг захиалагч ажилтан үүссэн тохиолдолд орон сууц захиалагч иргэнд энэ тухай ажлын 5-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэг” хүлээсэн байна. Хэрэгт тус газар нь дээрх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, мөн нэхэмжлэгч Г.Т төлбөр төлөх нөхцөл бүрдсэн ажлын гүйцэтгэлийн хувийг хяналтын ажлын хэсэг баталгаажуулж, төлбөрөө төлөхийг мэдэгдсэн гэх үйл баримтыг нотолсон баримтгүй байна.

            Нэхэмжлэгч нь гэрээний үнээс 71,4 хувь буюу 68 956 601 төгрөг төлсөн гэдэгт хэн аль нь маргаангүй. Хариуцагч “Т.А” ХХК нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр барилгыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар барилгын ажил 70 хувийн, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 99 хувь, 10 дугаар сарын 30-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлээр ажлыг дуусган хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 84, 67, 71 дэх талд авагдсан “Т.А” ХХК-аас “Э.Х.Х.Тд хүргүүлсэн албан бичгүүдээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч “Т.А” ХХК-ийн, “Голомт банк” ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1 300 000 000 төгрөг шилжүүлэн авч, хүү төлсөн үйлдэл нь нэхэмжлэгчийн буруугаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байна. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02617 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 800 төгрөг, хариуцагч “Т.А” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 700 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

                       

                                   ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                     Ч.ЦЭНД