Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00272

 

О.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03442 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Пгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч О.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Т.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй.

“Т.Б” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 64 дүгээр байрны 93 тоот, 000362264 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан.

Уг орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай бөгөөд хотын дахин төлөвлөлтөөр үйлчилгээ, оффис, орон сууц бүхий орчин үеийн барилга, байгууламж барихаар идэвхтэй яригдаж байгаа өөрийн өртөг нь байнга өсөн нэмэгдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрийн орон сууцны байршил, ирээдүйн үнэ, цэнийг тооцож нэг м.кв талбайн үнийг 3000 ам.доллараар тооцож саналаа өгсөн боловч хариуцагч байгууллага нь “Баян модот” XXK-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь хөрөнгийн өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судалж орон сууцыг 48 306 100 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Аливаа бизнес, орон сууц, үл хөдлөхийн үнэ, цэнийг тогтоох хамгийн гол шалгуур бол чанар, стандартаас гадна байршил байдаг гэдэгт хэн ч маргахгүй. Гэтэл шинжээч нараас эдгээр хүчин зүйлс орон сууцны ирээдүйн үнэ цэнийг өсгөх эсэхэд шууд эерэг нөлөөтэй болохыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, цаашид хэрэгжих төслийн талаар ямар нэгэн тооцоолол хийгээгүй зэрэг нь иргэн миний хувийн өмчтэй байх, түүнийгээ чөлөөтэй захиран зарцуулах эрхэнд ноцтой халдаж байна.

Шинжээч нь орлогын хандлагаар үнэлгээний тооцоонд үнийн өсөлтөөс олох орлогыг хамааруулна гэж тооцсон атлаа үнийн өсөлт хэдэн төгрөг байх талаар тусгаагүй, орон сууцыг 7 жил ашиглаад цаашид бүрэн ашиглахгүй байхаар тооцсон байгаа нь миний өмчийг хэт үнэгүйдүүлсэн, мөн байршилыг хотын төвд, бүх үйлчилгээндээ ойрхон, нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон гэж орчны шинжилгээнд тусгасан нөхцөл байдлыг хэрхэн харгалзсан зэрэг нь тодорхойгүй байна. Мөн шинээр бий болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ ямар байх талаар дүгнэлт өгөхгүй орхигдуулсан, орон сууц бүр мөсөн устах мэтээр үнэлгээний тайланд тусгасан нь илт нэг талыг баримталсан шинжтэй байна. Зах зээлийн хандлагаар үнэлгээний тооцоонд харьцуулалтыг яг тухайн орон сууцны ижил хэмжээтэй орон сууцны зах зээлийн үнэлгээтэй харьцуулаагүй. Иймд шинжээч “Баянмодот” XXK-ийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Yнэлгээний мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2 удаа хүлээн авахаас татгалзсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дах хэсэгт заасныг үндэслэн дахин гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01440 дугаар шийдвэрээр О.Пгээс 53 718 033 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 496 740 төгрөгийг rаргуулж “Т.Б” ХXК-д олгохоор шийдвэрлэсэн. О.П нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байр, 93 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007981 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Ажиллагааны талуудад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 4/10342, 4/10343 дугаар мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч үнийн талаар харилцан тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу талуудад танилцуулж, үнэлгээний мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч О.П нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг зөрчиж гомдол гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан, хариуцагч НШШГГт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007981 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байр, 93 тоот, 18 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Б.М” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.П давж заалдах гомдолдоо: “Б.М” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээнд зөвхөн ашиглалт, цаашид ашиглах байдал гэсэн хоёр шалгуураар орон сууцны одоо болон ирээдүйд ашигтай байх хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулж байна.

Аливаа бизнес, орон сууц, газар үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тогтоох хамгийн гол шалгуур нь чанар, стандартаас гадна өнөөгийн нийгэмд ашигтай байрлал “А” бүс гэдэгтэй хэн ч маргахгүй. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь 3 давхарт байрладаг ба одоогоор үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй. Үнэлгээний тайлангийн 2.1-д үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн дахин төлөвлөлт хийх орон сууцанд хамрагдаж одоогоор зориулалтын дагуу ашиглагдаж байгаа өөр зориулалт буюу үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой гэж тодорхойлсон байдаг.

Энэ нь дахин төлөвлөлтийн дараагаар буюу ирээдүйд үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой гэж ойлгогдохоор байна. “Баян модот” ХХК нь тус үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой гэж дүгнэсэн мөртлөө хотын “А” бүсэд байрших Нийслэлийн дахин төлөвлөлтөнд орсон үл хөдлөх хөрөнгийг ирээдүйн үнэ цэнийг өсгөх эсэхэд шууд эерэг нөлөөлөлтэй болохыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, цаашид хэрэгжих төслийн талаар ямар нэгэн тооцоолол хийгээгүй ба ирээдүйн үнийн өсөлтийн талаар гол үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаагүй байдаг.

Дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч О.П нь хариуцагч НШШГГт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01440 дугаар шийдвэрээр хариуцагч О.Пгээс зээлийн гэрээний үүрэгт 53 718 033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т.Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 942 156 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх47-52/

Төлбөр төлөгч О.П нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас НШШГГ-аас тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10455 дугаар захирамж, 842 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцжээ. /хх-44-46/

НШШГГ төлбөр төлөгч О.Пгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 64 байр, 93 тоот орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19261807/04 дугаартай тогтоолоор битүүмжлэн, мөн оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 19261807/07 дугаартай тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал авах ажиллагаа явуулсан байна. /хх-58-59,62-63,66,69/ Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүйн улмаас НШШГГ-аас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. Дээрх ажиллагаанд талууд маргаагүй, харин шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хэргийн баримтаас үзвэл, шинжээч “Баян модот” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 64 байр, 93 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлэхдээ орлогын болон жишиг үнийн хандлагын аргыг ашигласан байх ба жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээг үндэслэн хөрөнгийн эцсийн үнэлгээг 48 306 100 төгрөгөөр тогтоосон байна. /хх-74-81/        Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргажээ. /хх74-82/

Нэхэмжлэгч нь орон сууцыг Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, дахин төлөвлөлтөд орсон, үүнээс хамаарч ирээдүйд үнэ цэнэ нь өсөх онцлог шинж чанараас хамаарч 1 м.кв нь 3000 ам.доллараар үнэлэгдэж байгаа гэх гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг зөрчсөн гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 4/11636 дугаар үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан болох нь шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 7861, мөн оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 9085 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж зэрэг баримтаар нотлогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. /хх6-8,10-12/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

                       

                                   ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                     Ч.ЦЭНД