Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 184/2020/02324/И |
Дугаар | 210/МА2020/02294 |
Огноо | 2020-12-04 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2020/02294
С.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02782 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Тын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Баянголын ам /18190/, Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байршилтай, 198 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157 910 100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: НШШГГ-т Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01607 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 1725 дугаар магадлалын дагуу төлбөр төлөгч С.Таас 98 238 960 төгрөг гаргуулж, төлбөр авагч Кредитех СТМ ББСБ ХХК-д олгуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч С.Тын зүгээс Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1-р хороо, Баянголын ам /18190/, Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байрлалтай, 198.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зах зээлийн үнэ нь 400 000 000 төгрөг болохыг тодорхойлж үнийн санал хүргүүлсэн. Гэтэл төлбөр авагч нь манай зүгээс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээг 157 910 100 төгрөг хэмээн тогтоосон байна. Гэтэл тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3 000 000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох байршлын итгэлцүүр зэргийг буруу тооцоолж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Уг хувийн сууц нь үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байна. Иймд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Баянголын ам /18190/, Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байрлалтай, 198,0 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг 157 910 100 төгрөг гэж тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Гүйцэтгэх хуудсыг тус газар 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 20390055 дугаар тогтоолоор үүсгэж гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгч С.Тын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Баянголын ам, Найрамдалын зам 11/6 тоот хаягт байршилтай, Ү-2201024713 тоот улсын бүртгэлийн дугаартай 198 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 20390055/08 дугаар тогтоолоор хураан авч С.Тын хадгалалт хамгаалалтад үлдээсэн. Барьцаа хөрөнгийг хураасантай холбогдуулан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцон тогтоож 2020 оны 04 сарын 22-ны өдрийн дотор тус газарт ирүүлэхийг төлбөр төлөгч С.Тд 4/140111, Кредитех СТМ ББСБ ХХК-д 4/14157 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд С.Т 400,000,000 төгрөгөөр, Кредитех СТМ ББСБ ХХК 98,888,105 төгрөгийн үнийн санал тус бүр өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж шинжээч хөрөнгийн үнэлгээг 2020 оны 05 сарын 12-ны өдрийн байдлаар 157 910 100 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээний тайланг шинжээчээс 2020 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч төлбөр авагч Кредитех СТМ ББСБ ХХК-д 2020 оны 05 сарын 18-ны өдөр 4/18222, 4/18223, төлбөр төлөгч С.Тд 2020 оны 05 сарын 19-ний өдөр 4/18224, 4/18225 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно. Нэхэмжлэгч С.Т нь барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээний тайлан болох 157 910 100 төгрөгийг зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, буруу тооцоолж хэт доогуур үнэлсэн гэжээ. Үнэлгээчинд хууль сануулж, ажиллагааг хуулийн дагуу хийсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Тын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Баянголын ам /18190/, Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байрлалтай, 198 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүхэлд нь хянах боломжтой, мөн үүрэгтэй ч тэр үүргээ хангалттай бүрэн биелүүлсэнгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлахдаа нэхэмжлэгч талд ашигтай үйл баримтыг дутуу судалж шүүх хуралдааны шийдвэр бүхэлдээ хариуцагч талд гарсанд гомдолтой байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа хангалттай нотолж чадаагүй. Зөвхөн гарын үсэг, цаг хугацаа гэх мэт техникийн шинж чанартай тайлбар хэлсэн, мөн шүүх хэрэг маргааныг зөвхөн энэ талаас нь буюу хариуцагч нарт ашигтай байдлаар асуудалд хандаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Асуудлын гол нь үнэлгээг хэрхэн гаргасандаа биш, гаргасан үнэлгээ нь нэхэмжлэгч талд илтэд хохиролтой, багаар тогтоогдсон байгаа талаар маргасан ч хэргийг энэ талаас нь хянасангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан байдаг. Үүнээс харахад анхан шатны шүүх хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамаарч санаачилгаараа шинжээч томилж хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэх ёстой байсан ч чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18190/, Найрамдалын зам гудамж, 11/6 тоот хаягт байршилтай, 198 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ын зах зээлийн үнэ дунджаар 3 000 000 төгрөг байхад зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 157 910 100 төгрөгөөр үнэлсэн гэх үндэслэлээр уг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх 1-2/
Хариуцагч байгууллагын хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргажээ. /хх 23/
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01607 дугаар шийдвэрээр хариуцагч С.Таас 98 888 105 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Кредитех СТМ ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 1725 дугаар магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх 6-8, 9-11/
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч С.Т сайн дураар биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/01490 дугаар гүйцэтгэх хуудас мөн шүүхийн 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01607 дугаар шийдвэрт тус тус үндэслэн 2019 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, холбогдох ажиллагааг явуулсан байна. /хх37, 38/
Нэхэмжлэгч С.Т хариуцагч байгууллагын дээрх ажиллагаанаас эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсан ажиллагааг эс зөвшөөрсөн гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааны дотор шүүхэд гаргасан байна. /хх 2-арын нүүр, 67, 68/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч С.Т үл хөдлөх эд хөрөнгийг 400 000 000 төгрөгөөр үнэлснийг /хх 53, 56/, төлбөр авагч Кредитех СТМ ББСБ ХХК эс зөвшөөрсөн /хх 54, 55/ үндэслэлээр Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 58, 59/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заалтад нийцжээ.
Баян модот ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 105/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байна. /хх 94-106/
Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбай зах зээлийн үнэ ханш дунджаар 3 000 000 төгрөг гэсэн нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжээч томилох ажиллагаа нь зохигч талуудын хүсэлтээр хийгдэх ажиллагаа тул шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилоогүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч С.Тын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг хангаж шийдсэн атлаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргааны харьяаллыг тогтоосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийн зохицуулалт, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн хэмжээг тодорхойлсон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсгийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тус тус баримталсан хууль хэрэглээний хувьд хамааралгүй, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тусгайлан зохицуулсан байтал эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тогтоосон 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг хэрэглэсэн нь буруу байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү хамааралгүй хуулийн заалтуудыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байх тул өөрчлөлт оруулахгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Тын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2201002290932 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 10 сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.НЯМБАЗАР