Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02293

 

 

 

 

 

 

 

 

 

А.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02178 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Н-ын хариуцагч Ө З ХХК-д холбогдуулан гаргасан, урьд эрхэлж байсан кемпийн эмч, нярвын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилтийг хийлгүүлэх, цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсны алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: А.Н-нь 2020 оны 03 сарын 17-ны өдөр Ө З ХХК-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт байрлах Таван толгой-Зүүн баян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн туслан гүйцэтгэгч Ө З ХХК-ийн зам ангийн кемпийн эмчээр ажилласан. Мөн 2020 оны 04 сарын 01-ний өдөр дахин сэлбэг аж ахуйн нярвын албан тушаалд томилогдож давхар үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Нийт 2 000 000 төгрөгийн цалин авдаг байсан. Гэвч 2020 оны 06 сарын 01-ний өдөр тус компанийн дэд захирал Ш.Мөнхбаатар ажлаас халсан тухай мэдэгдэж өөрийн хүсэлтээр ажлаас халагдах тухай өргөдөл бичиж өгөхийг шаардсан. Ийнхүү шаардсаны дагуу өргөдөл бичээгүй байхад 2020 оны 06 сарын 01-ний өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэж, ажлыг бүрэн хүлээж авсан. Үүнээс хойш огт ажиллуулаагүй ба ажлаас чөлөөлөх тухай тушаалыг удаа дараа шаардсаны эцэст 2020 оны 06 сарын 11-ний өдөр гардуулсан. Ш.Мөнхбаатар захирал ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тайлбарлахдаа компанийн эрх ашиг, нууцад хамаарагдах асуудлыг Таван толгой төмөр зам ХХК-ийн хяналтын, хөдөлмөр хамгааллын инженерт хэлсэн, мөн ажилчидтай ёс зүйгүй харьцдаг учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн хувьд ажил үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэж байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргаж байгаагүй, ноцтой зөрчил гаргасныг нотолсон эрх бүхий байгууллагын дүгнэлт огт гараагүй. 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 20/12 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэх хэсэгт, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа боловч ямар үндэслэлээр цуцалж байгаа нь тодорхойгүй илт хууль бус тушаалаар намайг ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд урьд эрхэлж байсан кемпийн эмч, нярвын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилтийг хийлгүүлэх, цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсны алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Ө З ХХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км Төмөр замын төслийн 1290+00 пикетээс 1360+00 пикет хүртэлх 7 км төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих ажлын туслан гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж байгаа болно. Бид уг төслийн ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллах явцдаа А.Н-ыг 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 20/04 дугаар тушаалаар кемпийн эмчээр ажиллуулах тушаал гарган ажиллуулсан. А.Н-нь ажиллах явцдаа зан харилцааны доголдолтой байсан бөгөөд ажилчдаас удаа дараа гомдол гарган эмчийн ёс зүйгүй байдлын талаар дэд захирал Ш.Мөнхбаатар болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер А.Оргилсайхан нарт мэдэгддэг байсан. Тухайн үед А.Н-д гомдлын талаар мэдэгдэж зан харьцаандаа анхаарч ажиллах талаар сануулга өгсөн. Удаа дараа сануулга өгсөн нь хамт ажлаа эхлүүлсэн хүнтэйгээ төслөө дуусгах зорилготой байсан. Цаашид А.Н-тай хамтран ажиллах боломжгүй болсон учраас 2020 оны 06 сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө З ХХК-аас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж, кемпийн эмч, няраваар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор болон алданги гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө З ХХК-аас 46 950 төгрөгийг, нэхэмжлэгч А.Н-аас 94 022 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: 2020 оны 03 сарын 17-ны өдөр талууд харилцан тохиролцож 20/24 дугаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байхад анхан шатны шүүх хөлсөөр ажиллуулах гэрээ болгон өөрчилснийг эс зөвшөөрч байна. Талууд хоорондын анх тохиролцон үзэглэсэн гэрээг хариуцагч тал шүүх хуралдааны явцад өөрөөр тайлбарласныг шүүх буруу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг тодруулбал, 2020 оны 06 сарын 01-ний өдрийн өглөө ажилтнуудын даралт, халууныг хэмжих талаар ХАБ-н ажилтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх, ажилтан Н.Цэрэнлхагвын биеийн байдлыг үзээгүйгээр эмчилгээ бичсэн гэх зөрчлүүдийг буруу үнэлсэн, нэхэмжлэгчийн тайлбарыг авч үзэлгүйгээр үнэлснийг эс зөвшөөрч байна. Мөн кемпийн эмч А.Н-д үндсэн үүргийн болон ёс зүйн зөрчлүүд гаргаж байсан талаар мэдэгдэж байсан гэх баримтыг мөн хариуцагч компанийн тайлбарыг үндэслэн, нэхэмжлэгчийн тайлбарыг үл хэрэгсэн дүгнэснийг эс зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ө З ХХК-ийн кемп нь Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт байрлаж, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн ажлын үндсэн гүйцэтгэгч ба захиалагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2020 оны 06 сард дуусах тохиролцоотой байсан боловч шүүх хуралдаан болох өдрийн өмнөх өдөр ажлаа дуусган хүлээлгэн өгч, кемп татан буугдсан. Няравын ажил нь нэхэмжлэгчийн үндсэн ажил биш бөгөөд 2020 оны 06 сарын 02-ны өдөр А.Н-ыг эмчийн ажлаас халсан өдөр тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан н.Дэлгэрдалайг тус компанийн захирлын 2020 оны 06 сарын 02-ний өдрийн 20/15 дугаар тушаалаар хавсран гүйцэтгүүлсэн болно.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Н-нь хариуцагч Ө З ХХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан кемпийн эмч, нярвын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилтийг хийлгүүлэх, цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсны алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 19-20, 31, 34, 130/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ-ний харилцаа хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Учир нь, хэрэгт авагдсан 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 20/74 тоот гэрээгээр Ө З ХХК нь А.Н-ыг кемпийн эмчээр хугацаагүйгээр ажиллуулах, албан тушаалын цалин гэж 1 500 000 төгрөг сар бүр олгох, ажил үүргээ биелүүлэхэд шаардагдах нөхцөл бололцоо, зориулалтын тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслээр хангах, А.Н-нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, зааварчилгааг мөрдөн ажиллахаар тус тус харилцан тохиролцсон байхаас гадна талууд ажлын нөхцөл, долоо хоногийн ажлын цаг, ажил амралтын горим, сул зогсолт, эд хөрөнгийн хариуцлага, ноцтой зөрчил, урамшуулал, тэтгэмж зэрэг нөхцөлийг тогтоосон байна. Талуудын хоорондын гэрээний агуулгаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн гэрээний харилцаа байна. /хх 77-81/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх тул анхан шатны шүүхийн хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Ажилтан А.Н-нь Ө З ХХК-ийн захирлын 2020 оны 03 сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай 20/04 тоот тушаалаар кемпийн эмчээр томилогдож /хх 51/, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн Давхар ажилд томилох тухай 20/10 тоот тушаалаар нярвын ажил хавсран гүйцэтгэж /хх 52/, улмаар 2020 оны 06 сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 20/12 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх 4/

 

Дээр дурдсан Ажлаас чөлөөлөх тухай 20/12 тоот тушаалыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөрийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг удирдлага болгон гаргасан байна. /хх 4/ Ийнхүү ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож байгаа үндэслэлээ тушаалдаа дурдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа үндэслэл нь тушаалд тодорхой дурдагдаагүйн улмаас ажилтан ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаагаа мэдэх, улмаар тушаалд дурдагдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгуулах зэрэгт ач холбогдолтой байдаг.

 

Ийнхүү ажил олгогч Ө З ХХК нь ажилтан А.Н-тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг чухам ямар үндэслэлээр дуусгавар болгож буйгаа Ажлаас чөлөөлөх тухай 20/12 тоот тушаалдаа тодорхой дурдаагүй байхад анхан шатны шүүх хариуцагч талаас хожим шүүхэд гаргасан А.Н-зан харилцааны доголдолтой, ажилчдаас удаа дараа гомдол гаргасан, удирдлагаас удаа дараа сануулсан боловч алдаа дутагдлаа засаагүй зэрэг үндэслэлийг хянан үзэж, улмаар урьд эрхэлж байсан кемпийн эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу.

 

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноос хойш үндэслэлээ дур мэдэн тодорхойлох боломжтой учир шүүх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалд дурдагдсан үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрийг хянан үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.

 

Иймд хөдөлмөрийн маргаан шүүхэд хянагдаж байх явцад буюу 2020 оны 09 сарын 07-ны өдөр ажил олгогч Ө З ХХК-аас гаргасан 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 20/12 А.Н-ыг ажлаас чөлөөлсөн тушаалд өөрчлөлт оруулах тухай 20/23 тоот тушаал /хх 49/, уг тушаалд дурдагдсан үйл баримтыг нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн болон зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд хэрэгт ач холбогдолгүй байна.

 

Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөх хуулиар тогтоосон үндэслэл байхгүй байхад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан кемпийн эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилтийг хийлгүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч А.Н-ын нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтээс дундаж цалин хөлсийг тооцох боломжгүй байх тул хөдөлмөрийн гэрээнд дурдагдсан 1 500 000 төгрөгөөр тооцоход ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор /1 500 000 х 6 сар/ 9 000 000 төгрөг болж байна. /2020 оны 06 сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 сарын 02-ны өдөр хүртэлх/

 

Харин ажилтан А.Н-нь нярвын ажил, албан тушаалыг эрхлэх талаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нярвын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан, мөн тодорхой ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэх эсэхийг ажил олгогч дангаараа шийдвэрлэх эрхтэй тул нярвын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан А.Н-ын 1485311 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд ажил олгогчоос 2020 оны 05 сарын цалин хөлсийг тооцож, холбогдох шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийсэн болох нь тогтоогдож байх ба ажилтны цалин хөлсийг саатуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэж үзэв. /хх 30/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.Н-ыг хариуцагч Ө З ХХК-ийн кемпийн эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Ө З ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ө З ХХК-д даалгаж, Ө З ХХК-ийн нярвын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсны алданги гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг ... 56.2 ... гэж, ... 46,950 ... гэснийг ... 158 950 ... гэж тус тус өөрчлөн, ... , нэхэмжлэгч А.Н-аас 94 022 төгрөгийг тус тус ... гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгч А.Н-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ө З ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч А.Н-нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ө З ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2201003735950 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 10 сарын 26-ны өдөр төлсөн 46 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР