Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 110/2017/0046/З |
Дугаар | 221/МА2017/0616 |
Огноо | 2017-08-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2017/0616
2017 оны 08 сарын 29 өдөр | Дугаар0221/МА2017/0616 | Улаанбаатар хот |
Х.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0046 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Х.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Х.А 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/440 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.А-ийг Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын үүрэгт ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг аймгийн Засаг даргад даалгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0046 дугаар шийдвэрээр:
“Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-аас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 440 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.А-ийг Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Х.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Болсон асуудлын хувьд X.А миний бие төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн аймгийн Засаг даргын 225 дугаар захирамжаар Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдож түүнээс хойш захирлын үүрэгт ажлыг тасралтгүй 11 жил гүйцэтгэж байгаа.
2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болсон тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу ажлаас түр чөлөө авах хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргаснаар аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “X.А-ийг ажлаас түр чөлөөлөх тухай” Б/275 дугаар захирамжаар захирлын үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан “Захиргааны чөлөө”-өөр түр чөлөөлөгдсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны чөлөө” авсан нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасантай бүрэн нийцэж байна.
X.А миний Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасны дагуу “Захиргааны чөлөө” авсан үндсэн шалтгаан болох сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б/386 дугаар захирамжаар урьд эрхэлж байсан Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “Захиргааны чөлөөтэй байсан хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасантай нийцэж байгаа билээ.
Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Г 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/440 дүгээр захирамжаар X.А намайг урьд нь “Захиргааны чөлөө авсан”, “чөлөөний хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоосон аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б/386 дугаар захирамжийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0046 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй гэж үзэж буй гомдлын тухайд:
1.X.А миний бие Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын” дагуу сонгон шалгаруулалтын үр дүнгээр Толбо сумын ЕБС-ийн захирлын үүрэгт ажилд томилогдсон болох нь аймгийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 225 дугаар захирамж, 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлсэн болох нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдаж аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Х.А-ийг ажлаас түр чөлөөлөх тухай” Б/275 дугаар захирамжаар захирлын үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны чөлөө”-өөр түр чөлөөлөгдсөн болох нь батлагдсаар байтал дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлж чадаагүйгээс болж Х.А намайг сонгуульд нэр дэвшсэн мөчид ажлаас бүрмөсөн чөлөөлөгдсөн хэмээн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн нь нотлох баримтыг дотоод итгэлээр буруу үнэлсэн.
2.Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтын журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх, дахин томилогдох боломжтой гэж үнэлсэн мөртлөө миний урьд сонгон шалгаруулалтын үр дүнгээр томилогдсон захирлын албан тушаал ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, төрийн албанд нэг ч хоног ажил албан тушаал эрхэлж байгаагүй гуравдагч этгээд Б.Д-ийг томилсныг зөв гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, хэргийг нэг талыг баримтлан шийдвэрлэснийг илтгэж байна.
3.Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолд заасны дагуу сонгон шалгаруулалт зарлаагүй байж Б.Д-ийг сонгон шалгаруулалтгүй томилсон нь тухайн орон тоо сул орон тоо бус болохыг баталж байхад үүнийг шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй.
4.Б.Д нь Толбо сумын ЕБС-ийн захирлын ажилд томилогдон ажиллаж байгаа бөгөөд түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан, хэргийн оролцогч байхад түүний томилгооны талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй явдал нь хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн.
5.Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Б/440 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3 дахь заалтуудыг зөрчсөнийг анхан шатны шүүхээс нотлох баримтын хүрээнд үнэлж, дүгнэх асуудлыг орхигдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх нөхцөлийг хангаагүй.
Хууль хэрэглээний талаар:
1.X.А миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Б/440 дүгээр захирамж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д “Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэж заасныг хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь X.А намайг ажилд эгүүлэн тогтоосон аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б/389 дүгээр захирамжийг хүчингүй болгох талаар хэн, ямар эрх бүхий байгууллага шаардсаныг хариуцагч нотолж чадаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн.
2.Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан.
Хуулийн энэхүү заалт нь шууд утгаар сонгуульд нэр дэвшигч сонгуулийн үйл ажиллагаа дуустал албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэсэн утгатай болохоос бус төрийн үйлчилгээний албан тушаалтныг ажлаас бүрэн чөлөөлөгдөхийг шаардаагүй.
Иймд X.А миний сонгуульд нэр дэвшиж, сонгууль дуустал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан “Захиргааны чөлөө” авсан явдлыг буруутгах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан “ажил үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэсэн болохоос бус ажлаас чөлөөлөгдсөн байвал зохино гэж заагаагүй. Үүнийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн.
3.Х.А миний бие өөрийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “X.А-ийг ажлаас түр чөлөөлөх тухай” Б/275 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан “Захиргааны чөлөө” авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт заасан захиргааны чөлөөтэй байгаа хугацаанд ажил албан тушаалыг хэвээр хадгалах тул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “X.А-ийг ажилд эгүүлэн томилох тухай” Б/386 дугаар захирамж хууль ёсны байсныг анхан шатны шүүх анхаараагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
4.Сонгуулийн тухай хууль бүхэлдээ Сонгуулийн үйл ажиллагааг зохицуулсан учир Сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр аймгийн Засаг дарга Б/440 дүгээр захирамж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн. Сонгуулийн тухай хуулийг сонгууль дууссаны дараа буцаан хэрэглэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм.
5.Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Б/440 дүгээр захирамж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримталсныг анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үнэлсэн мөртлөө нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэрийн тогтоох хэсэг хууль ёсны болж чадаагүй.
6.Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт нэр дэвшигч ажлаас бүрэн чөлөөлөгдсөн байхыг шаардаагүй зөвхөн сонгуулийн хугацаанд албан үүргээ түр гүйцэтгээгүй байхыг шаардсан байхад хуулийг шууд утгаар хэрэглэх журмыг зөрчиж шүүх шийдвэр гаргахад өөрөө хуулийн утгыг алдагдуулж ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаардсан мэтээр тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй байна.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7, 157.3.6 дахь хэсэгт заасан үндэслэлийг Засаг даргын захирамжид үндэслэл болгоогүй, мөн тухайн заалтуудад ажлаас чөлөөлөгдөх үндэслэлийг заагаагүй байхад шүүх тухайн заалтыг шийдвэрт үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иймд X.А миний давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон хавтаст хэрэгт байгаа бусад нотлох баримтуудад дүгнэлт өгч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, ... нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд бичсэнчлэн тухайн сонгууль явагдаж дуусах хүртэлх хугацаанд албан үүргээ гүйцэтгэхгүй байх ойлголт биш болно.
Дээрх заалтын агуулга нь зөвхөн нэр дэвшигчид хамааралтай, тухайлбал Х.А-ийн хувьд заасан хугацаанаас өмнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, харин чөлөөлөх тушаал гаргах эсэх, мөн хэзээ, хэрхэн гаргах нь нэхэмжлэгчээс үл хамаарах асуудал учраас магадгүй чөлөөлөөгүй байх тохиолдолд нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш үүрэгт ажлаа гүйцэтгээгүй байхыг шаардсан зохицуулалт.
Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтад “түр” чөлөөлөгдөх тухай ойлголт огт байхгүй, хэдийгээр төрийн үйлчилгээний удирдах албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүй ч төрийн албанаас чөлөөлөгдөх харилцааны тухайд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрхэд хамаарах төрийн албанаас чөлөөлөгдөх, мөн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөх харилцааг төсөөтэй хэрэглэх боломжтой.
Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны Б/75 дугаар захирамжаар Х.А-ийг орон нутгийн иргэдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой нь холбогдуулан 5 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлж, улмаар 2016 оны Б/386 дугаар захирамжаар түр чөлөөтэй байсан хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 7 дугаар сарын 4-ний өдрөөс урьд эрхэлж байсан захирлын албан тушаалд эгүүлэн томилсон нь хууль бус байх тул маргаан бүхий актаар Х.А-ийг томилсон захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь үндэслэлтэй.
Төрийн албан хаагч улс төрийн сонгуульд аливаа нам, эвслээс эсхүл бие даан нэр дэвших нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх бөгөөд харин энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ эрхэлж байсан үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх нь улс төрийн сонголтод хамаарах хуулийн хязгаарлалт болно.
Сонгуульд нэр дэвшихдээ өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Х.Ашимийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан “захиргааны чөлөө”-нд үл хамаарах бөгөөд өөрөөр хэлбэл Х.А-ийн хүсэлтээр “чөлөө” олгож буй хэрэг огт биш.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан “чөлөө олгох” харилцаа нь Сонгуулийн тухай хуульд заасан “албан тушаалаасаа чөлөөлөгдөх” харилцаанаас хууль зүйн үр дагаврын хувьд өөр, иймд Х.А-ийг сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх, сонгуулийн дүн гарах хүртэлх хугацаанд түүний эрхэлж байсан Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалыг “хэвээр хадгалах” үүргийг хариуцагч аймгийн Засаг дарга хүлээхгүй.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргах, мөн зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох эрхтэй бөгөөд хууль бус захирамжийг хүчингүй болгохдоо дээрх хуулийн 29.3 дахь хэсгийг баримталсныг анхан шатны шүүхээс чухам ямар үндэслэлээр буруу гэж дүгнэсэн нь, мөн “эрх бүхий албан тушаалтан шаардсан” мэтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 36.1.4-т заасныг Засаг даргын захирамжид үндэслэсэн нь тус тус ойлгомжгүй байх ч эдгээр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.
Харин ч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн эдгээр заалтыг баримтлах нь зүйтэй байх тул шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0046 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Сонгуулийн тухайн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д...” гэсний өмнө “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, ...” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН