Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0314/З |
Дугаар | 62 |
Огноо | 2019-03-11 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 62
Э.Н-гийн нэхэмжлэлтэй, Улсын
бүртгэлийн ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг,
Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ,
Нэхэмжлэлийн шаардлага: “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С-ийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэл, “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Н-г бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах,
Гуравдагч этгээд Н.Н-гийн бие даасан шаардлага: Н.Н-г “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0616 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0012 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
Гуравдагч этгээд Д.С, түүний өмгөөлөгч А.Г,
Гуравдагч этгээд Н.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0616 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Нямцэрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.С-ийг “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, Н.Н-г “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан Н.Н-гийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан иргэн Н.Н-гийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0012 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний 128/ШШ2018/0616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн магадлалын үндэслэлээ “...мөн тухайн бүртгэлүүдийн үндэслэл болсон хувьцаа эзэмших эрх шилжүүлсэн хэлцлүүд, компанийн дүрмийн өөрчлөлтүүдийг хууль бус болохыг тогтоогоогүй байхад энэ талаар маргаагүй атлаа зөвхөн 2003, 2005 оны бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан ойлгомжгүй байх бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн шүүхээр ямар эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна...” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд Д.С болон Ц.Н нарт холбогдох “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодорхойлж анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлан тодорхойлж оролцсон. Тодруулбал гуравдагч этгээд Д.С-ийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гуравдагч этгээд Н.Н-г компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх 2003, 2005 оны бүртгэлүүдэд холбогдуулж маргасан гэж нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт бичгийн баримтаар авагдаагүй цаг хугацааг гарган ирж анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь илтэд хууль бус дүгнэлт болсон. Гуравдагч этгээд Д.С-д “А" ХХК-ийн 100 хувийн эрхийг шилжүүлэх үндэслэл болсон 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” “ХХК-ийн эрх бэлэглэлийн гэрээ” зэрэгт эрх шилжүүлэгч С.Э гарын үсэг зураагүй, дээрхи баримтууд дээр байх С.Э-ийн гарын үсгүүд нь хуурамч болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар томилогдсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтүүдээр тогтоогдсон үйл баримт, мөн эрх шилжүүлэгч С.Эрдэнэсүх 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байхад 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад гарын үсгээ зурж гаргаж өгсөн гэх баримт, үйл баримтуудаар Д.С-д холбогдох бүртгэлүүд хууль бус болох нь тодорхой тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх “...хууль бус гэдгийг тогтоосон зүйл байхгүй...” гэж дүгнэж буй илт хууль бус дүгнэлт гэж үзэх шалтгаан болж байна. Мөн гуравдагч этгээд Д.С-д компанийн 100 хувийн эрх шилжсэнээс хойш нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд компанийн хувьцааны 50 болон 15, 25 хувийг шилжүүлэн авч буцаан Д.С-д шилжүүлэн өгч байсан Х.Б, Х.Б-У, С.О нарт холбогдох бүртгэлүүдийн талаар маргаагүй гэх дүгнэлтийг хийсэн байдаг бөгөөд нэхэмжлэл гаргах үед улсын бүртгэлийн байгууллагад хүчин төгөлдөр бүртгэлтэй, бүртгэлд нэр дурдагдсан этгээдүүдийг шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн ажиллагаа болохгүй юм. Анхан шатны шүүхээс дээрхи тал дээр анхаарч зарим этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр нь хангаж шүүхэд удаа дараа дуудсан боловч дээрхи байдлаас шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртэл удааширч байсныг хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана.
4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0012 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 616 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.3, 121.3.4-т заасанд нийцжээ.
6. Нэхэмжлэгч Э.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд “...өвлөх эрхээ нээлгэж, аавын эзэмшлийн “А” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл хуурамч бичиг баримтаар Д.С, Н.Н нарыг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байна, уг бүртгэл хууль бус” гэх үндэслэлээр маргаж, тэдэнд холбогдох улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.Н бүртгэгдсэн, уг бүртгэлээр Д.С, Н.Нансалмаа нар нь хасагдсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нөхцөл байдал илэрсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгчээс тодруулаагүй, уг бүртгэлийн талаар хариуцагчаас тайлбар аваагүй, хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 12/9810 дугаартай албан бичигт хавсаргаж ирүүлсэн Улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 594 дүгээр дүгнэлтээр “... “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Э.Н-г /100 хувийн хувьцаа эзэмшигчээр/ бүртгэсэн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хуулийн этгээдийн цахим санд идэвхгүй төлөвт шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь тухайн бүртгэлийн хувьд эрх зүйн ямар үр дагавартай болох, тус бүртгэлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх эсэх, үүнийг тогтоосны үндсэн дээр уг бүртгэлийн улмаас Д.С, Н.Н нартай холбоотой хийгдсэн бүртгэлүүд эрх зүйн үр дагавартай эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй нь буруу байна.
8. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд байна.
9. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0012 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ