Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02369

 

 

 

 

 

 

 

 

 

Б К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/02437 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б К ХХК-ийн хариуцагч Б.Э-т холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 5 593 548 төгрөг, алданги 2 796 000 төгрөг, нийт 8 389 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2016 оны 03 сарын 23-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бумбод плаза төвийн 1 давхрын 41,5 м.кв талбайг 1 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцсон. Түрээслэгч Б.Э- нь түрээсийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн гадна талбайг хүлээлгэж өгөөгүй. Түүнтэй холбогдох гэсэн боловч гэрийн хаяг дээрээ байхгүй, утасны дугаараа зарсан байсан. Төлбөр тооцооны асуудлаар түүний араас 2 жил хөөцөлдсөн.

Иймд Б.Э-ээс түрээсийн төлбөрт 5 593 548 төгрөг, гэрээний 1.7, 2.7-д заасны дагуу алданги 2 796 000 төгрөг, нийт 8 389 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Б.Э- нь түрээсийн төлбөрийг төлж чадахгүй бол өөрийнхөө эд хогшлыг түрээсийн төлбөрт өгнө, шүүхээр ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэсэн хүсэлт нэхэмжлэгч байгууллагад гаргасан. Уг хүсэлтийн дагуу захирал н.Бат-Эрдэнэ нь Г.Эрдэнэчимэг, н.Алтан нарт эд хөрөнгөө хүлээлгэж өг гэсний дагуу хүлээлгэсэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 236 дугаар зүйлийн 236.1.2-т нэхэмжлэгч Б К ХХК-ийн хариуцагч Б.Э-т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэг 8 389 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 180 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талууд 2016 оны 03 сарын 23-ны өдөр нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь түрээсийн зүйлийг 2017 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэл эзэмшиж, ашигласан ба түрээсийн төлбөрийн өр хуримтлагдсан тул гэрээний хугацааг сунгаж байгуулах боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөхгүй хаяж явсан үйл явдал болсон. Гэрээг 2016 оны 12 сард цуцлагдсан гэх баримт нь хариуцагчийн 6 792 250 төгрөгийн түрээсийн төлбөрийг хөрөнгө, мөнгөн хэлбэрээр төлөх тухай нэхэмжлэгч байгууллагын захиргаанд хандан бичгээр гаргаж байсан хүсэлт юм. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тухай болон 123 нэр төрлийн хуучин тавилга хэрэгслийг өр төлбөрт тооцох тухай баримт хэрэгт авагдаагүй. Дээрх хүсэлтэд гэрээг цуцлах тухай агуулга тусгагдаагүй, хариуцагчийн тайлбарыг л үнэлсэнд гомдолтой байна. Хариуцагч нь тооцоо нийлсэн, төлбөрийг дуусгавар болгосон талаар нотлох үүрэгтэй. Тухайн эд хөрөнгийн нэг бүрийн үнэ, нийт үнийн талаар баримт авагдаагүй байхад талууд хэрхэн тооцоо нийлж, хэдэн төгрөгийн түрээсийн төлбөрт дүйцүүлж шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй байна.

Шүүх 2016 оны 12 сард гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж дүгнэхдээ тухайн үед хариуцагч хэдэн төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан, ямар үнэтэй эд хөрөнгийг тухайн төлбөрт тооцсон эсэх талаар дүгнээгүй. Мөн шүүгч шүүхийн шийдвэрийг тайлбарлахдаа хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон нь нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон гол үндэслэл гэсэн боловч бичгээр гарсан шүүхийн шийдвэрийн үндэслэлд энэ талаар огт тусгагдаагүй байна. Гэрчийн мэдүүлгийг дүгнээгүй, ач холбогдолгүй гэсэн үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй, нотлох баримт дутуу бүрдүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй. Шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байгаа тул шийдвэр үндэслэлгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б К ХХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 5 593 548 төгрөг, алданги 2 796 000 төгрөг, нийт 8 389 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 22, 43-44/

 

Хэрэгт авагдсан 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 16/К/04 дугаар Түрээсийн гэрээ-г нэг талаас түрээслүүлэгч Б К ХХК, нөгөө талаас түрээслэгч Б.Э- нар оролцон байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бумбод плаза төвийн 1 давхрын 41,5 м.кв талбайг 1 жилийн хугацаатай түрээслэгчид эзэмшүүлж, ашиглуулах, түрээслэгч нь 1 сарын түрээсийн төлбөрт 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл 700 000 төгрөг, 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 750 000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 5-9/

 

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин түрээслэгч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин түрээсийн төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч талд эд хөрөнгө хүлээлгэн өгснөөр түрээслэгчийн үүрэг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцсон талаарх дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй байна. Тодруулбал, түрээслэгч нь мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэвэл зохих төлбөрийн үүргээ эд зүйлээр буюу түрээсийн байранд ашиглаж байсан эд хөрөнгөөр барагдуулахаар сольсон агуулгаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу асуугдсан гэрч Г.Эрдэнэчимэгийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. /хх 42, 44/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг нь өөрөө нотолгооны хэрэгсэл болдог бөгөөд уг мэдүүлгээр хариуцагчийн эд зүйлийг авсан нөхцөл байдлыг няцаагаагүй, харин барьцаанд буюу төлбөр төлөгдсөн тохиолдолд буцааж өгөх нөхцөлтэйгөөр авсан гэдэг агуулгыг тайлбарласан байна. Иймээс хариуцагчийн эд хөрөнгөөр үүргээ гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн тодорхойлсон гэрээний зүйлийг эзэмшиж, ашигласан хугацаа, түүний төлбөрийн хэмжээний талаарх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу баримтаар няцаагаагүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаанаас өмнө түрээсийн байрыг чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч түрээсийн гэрээ дуусгавар болох хугацаанаас өмнө гэрээ цуцлагдаж, байрыг хүлээлгэн өгсөн гэх байдлыг баримтаар нотлоогүй, шүүх хуралдааны явцад хэдэн сарын хугацаанд түрээсэлснээ сайн санахгүй байна гэх агуулгаар тайлбар гаргасан байна. /хх 43-ар талд/ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход хөлслөн авсан эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй.

 

Дээрхээс үзвэл, хариуцагч нь түрээсийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийн зарим хэсгээс чөлөөлөгдөх буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцлагдаж байрыг хүлээлгэж өгсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч буюу түрээслэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөр төлөх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 5 593 548 төгрөгт холбогдох хэсгийг хангасан өөрчлөлт оруулж байна.

 

Харин алданги 2 796 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь талууд гэрээний 1.7, 2.7 дахь заалтад алдангийн талаар харилцан тохиролцсон байх боловч 1.7 дахь заалт нь түрээсийн байрыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох агуулгатай, 2.7 дахь заалт нь нийт м.кв-аас алданги тооцох агуулгатай буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй, тодорхой бус агуулгатай байна. Иймд алдангийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг өөрчлөн хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/02437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-ээс түрээсийн гэрээний үүрэгт 5 593 548 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б К ХХК-д олгож, үлдэх 2 796 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 180 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 104 447 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б К ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б К ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР