Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/02437

 


2020 9 11 183/ШШ2020/02437

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайхан дүүргийн 18 дугаар хороо, байранд байрлах, Б.ХХК /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг тоот хаягт оршин суух, Б.ын Э /РД:../-д холбогдох,

 

Түрээсийн төлбөр 5 593 548 төгрөг, алданги 2 796 000 төгрөг нийт 8 389 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч Б.Э, гэрч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б.Этэй харилцан тохиролцож Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. плазагийн 1 давхрын 41,5 мкв талбайг 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн ч түрээслэгч түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй байсан. Төлбөрөө төлөх шаардлага тавихад маргааш нөгөөдөр төлнө гэж хугацаа авдаг байсан. Түрээсийн төлбөрөө өгөлгүй хэдэн сар болж байгаад түрээсэлж байсан талбайгаа хүлээлгэж өгөлгүй явсан. Манай байгууллага Б.Этэй холбогдох гэсэн боловч гэрийн хаяг, утасны дугаар дээрээ байхгүй, дугаараа зарсан байсан. Хариуцагчийн араас 2 жил хөөцөлдсөн. Б.Эээс түрээсийн төлбөр 5 593 548 төгрөг, гэрээний 1.7, 2.7-д заасанчлан алданги 2 796 000 төгрөг нийт 8 389 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2017 онд түрээсийн байрны төлбөрт миний эд хөрөнгийг Г.Э, н.Алтан гэх хүн хүлээж авъя гэж авчихаад одоо хүмүүс явуулаад мөнгө нэхэмжлээд байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Түрээсийн төлбөрт миний эд хөрөнгийг хүлээж авчихаад гурван жил байрандаа хадгалаад байдгийг ойлгохгүй байна. Түрээсийн төлбөрийг төлж чадахгүй бол өөрийнхөө эд хогшлын түрээсийн төлбөрт өгнө, шүүхээр ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэж миний бичиж өгсөн баримтын дагуу захирал н.Бат-Эрдэнэ эд хөрөнгөө Г.Э, н.Алтан нарт хүлээлгэж өг гээд хүлээлгэж өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан түрээсийн төлбөр 5 593 548 төгрөг, алданги 2 796 000 төгрөг, нийт 8 389 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2016 оны 03 сарын 23-ны өдөр 16/К/04 дугаар түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. төвийн 41,5 м.кв талбайг оффисын зориулалтаар хариуцагчид нэг жилийн хугацаатай, 2016.04.01-2016.06.30-ны өдрийг хүртэл нэг сарын түрээсийн төлбөр 700 000 төгрөг, 2016.07.01-2016.12.31-ний өдрийг хүртэл сарын төлбөр 750 000 төгрөг байхаар, сар бүрийн түрээсийн төлбөрийг өмнөх сарын 05-ны өдрийн дотор багтаан бэлнээр төлөх, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 адангийг төлөхөөр тохиролцжээ. /хх-6-9/

 

Хариуцагч нь түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба харин ...үйл ажиллагаа явуулахгүй болж, түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгчийн гэрээ цуцлах саналыг 2016 оны 12 сарын үед хүлээн авч, улмаар 12 нэр төрлийн эд хөрөнгөө түрээсийн төлбөрт тооцон нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн учир үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргав.

 

Нэхэмжлэгчийн эзэмшлийн оффисын зориулалттай барилгын тусгаарлагдсан хэсэг буюу 41,5 м.кв талбайтай өрөө тасалгааг хариуцагч нь аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар түрээсэлсэн нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд хариуцагч нь гэрээ байгуулахдаа төлсөн нэг сарын түрээсийн төлбөрөөс хойш огт төлөлт хийгээгүйгээс нэхэмжлэгч гэрээ цуцлах санал гаргаж, хариуцагч гэрээ цуцлах саналыг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээний эрх зүйд тусгайлсан заалт байхгүй тохиолдолд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг нэгэн адил хэрэглэж болохоор заасан ба мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хөлслүүлэгч нь хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж эрхтэй.

Хариуцагч Б.Эийн 2016 оны 12 сарын 28-ны өдөр БХХК-ийн захирал Ч.От гаргасан хүсэлтдээ ...түрээсийн төлбөр 6 792 250 төгрөгийг 2017 оны 01 сарын 15-ны өдөр төлнө. Төлөөгүй тохиолдолд өрөөнд байгаа эд хөрөнгөөр барагдуулна гэж, улмаар нэхэмжлэгч байгууллагын ерөнхий нягтлан бодогч ажилтай Г.Эт 12 нэр төрлийн эд хөрөнгийг хүлээлгэн өгч, 2017 оны 05 сарын 08-ны өдөр акт үйлджээ. Дээрх үйл баримт болон зохигчдын тайлбараас дүгнэхэд талууд анх тохирсон үүргээс өөр үүргийг хүлээлгэн өгч үүргийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

 

.. ХХК /түрээс/ гэх 12 нэр төрөл бүхий эд хөрөнгийг хүлээн авсан акт үйлдсэн хуулбар баримтын үнэн зөв эсэхэд талууд маргаагүй тул маргаагүй үйл баримт нотлох шаардлагагүйн үүднээс үнэн зөв гэж үнэлэв. Тус баримтын эх хувийг нэхэмжлэгчээс нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах шүүгчийн захирамж гарсан боловч эх баримт устсан гэх тул захирамжийн биелэлт хангагдах боломжгүй болсныг дурьдах нь зүйтэй.

 

Түүнчлэн гэрээ цуцалснаар үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдэх шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алдангийг нэмэгдүүлэн шаардаж байгаа нь үндэслэлгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 236 дугаар зүйлийн 236.1.2-т нэхэмжлэгч БХХК-ийн хариуцагч Б.Эт холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэг 8 389 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 180 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ