Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02430

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03514 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т Х ХХК-ийн хариуцагч Д Ц О ХХК-д холбогдуулан 13 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2015 онд 1 жилийн хугацаатай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Чойжин сүйтс барилгын төслийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллах, хариуцагч нь ажлын хөлсөнд сард 1 600 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацааг уг нөхцөлөөр дахин 1 жилээр сунгасан. Талууд гэрээг дүгнэж, 2016 оны 02 сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны ажлын хөлс 28 800 000 төгрөг байгаагаас хариуцагчийн төлсөн төлбөрийг хасаж, үлдэгдэл нь 15 000 000 төгрөг болохыг баталгаажуулсан. Захирал Г.Янжинсүрэн нь 2017 оны 11 сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний эх хувийг авсан ба 1 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 14 000 000 төгрөгийг төлнө гэдгээ бичиж өгсөн. Гэрээний үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөг боловч нэхэмжлэгч 13 600 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан учир энэ хэмжээгээр шаардсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хөлсөө төлөхийг Д Ц О ХХК-аас удаа дараа шаардсан бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 11 сарын 15-ны өдөр Д Ц О ХХК-ийн захирал Г.Янжинсүрэн нь уг төлбөрийг төлж барагдуулна гэсэн утга бүхий хүсэлт бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Нэхэмжлэгч компанийн хувьд хариуцагч төлбөрөө төлөөгүйн улмаас тухайн барилгад ажилласан ажилчдын цалинг өгч чадахгүй, олон хүний эрх, ашиг хөндөгдөж, тэднийг хохироогоод байна. Иймд Д Ц О ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 13 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул ажлын хөлс нэхэмжлэх эрхгүй. Талууд хэзээ, ямар ажил хийхээр тохирсон талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй байхаас гадна 2016 онд гэрээг 1 жилээр сунгасан гэж байгаа ч хэзээ байгуулагдсан ямар гэрээг сунгасан талаар баримт байхгүй, 2016 оноос хойш ажлын хөлсийг сар бүр 1 600 000 төгрөгөөр тохирсон гэдэг нь баримтгүй байна. Гэвч талуудын хооронд 2015 онд амаар харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх хэлцэл хийгдэж, 2016 онд 03-04 сар ажиллаад тухайн барилгын төслийн ажил цаашид үргэлжлээгүй учир уг ажил бүрэн зогсож харуул хамгаалалтын гэрээ үргэлжлэх боломжгүй болсон байдаг. Тухайн үед хариуцагчийн зүгээс гэрээ цуцлах санал гаргасан. Тооцоо нийлсэн гэх баримтад Т Х ХХК-ийг төлөөлж н.Түмэнжаргал гэх хүн гарын үсэг зурсан боловч тэрээр төлөөлөх эрхтэй этгээд гэдэг нь тодорхойгүй, мөн Д Ц О ХХК-ийг төлөөлж зурсан гарын үсэг нь Г.Янжинсүрэнгийн гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн 15 000 000 төгрөгийг хэрхэн, яаж тооцоолсон, ажил хүлээлцсэн акт байхгүй, харуул хамгаалалтын ажлыг хэзээнээс хэдий хугацаанд хийсэн нь баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д Ц О ХХК-аас 13 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т Х ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д Ц О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 225 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т Х ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ талуудын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гэж тодорхойлсон байхад шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мөн нэхэмжлэгч нь 2015 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээг сунгасан талаар баримт гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй.

Түүнчлэн, шүүх 2016 оны 03 сарын 24 ний өдрийн Харуул хамгаалалтыг чангатгах тухай албан мэдэгдлийг үнэлж, дүгнэсэн нь буруу. Энэхүү баримт нь Д Ц О ХХК-ийн тамга, тэмдгээр баталгаажаагүй тухайн компанийн эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй гарын үсэг зурсан, гарын үсгийг баталгаажуулсан тамга тэмдэг байхгүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд нь хууль болон үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлогдсон удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох хуулийн зохицуулалтын шаардлагад нийцээгүй болно. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 оны Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр гэж тодорхойлсон байхад шүүх 2016, 2017 оны ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй хамааруулан дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т Х ХХК нь хариуцагч Д Ц О ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ. /хх 1-3, 26/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, талуудын хооронд 2015 онд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Чойжин Сүйтс барилгын төслийн харуул хамгаалалтыг хариуцан ажилласан тул 2016 оны 02 сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж тодорхойлон тайлбарласан. Уг шаардлагаа нотлох зорилгоор талуудын хооронд тооцоо нийлсэн гэх ...Т Х ХХК-с үзүүлсэн ажил үйлчилгээний хөлс... гэсэн нэртэй баримт /хх 7/, 2017 оны 11 сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрийг цувуулж барагдуулна гэсэн агуулга бүхий Д Ц О ХХК-ийн захирал Г.Янжинсүрэнгийн гар бичмэл /хх8/ зэргийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн захирал Л.Отгонбаатарын Хаан банк ХХК дахь 5019439236 тоот дансны 2016 оны 03 сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг шүүхийн журмаар гаргуулсан байна. /хх 51, 55- 56, 60-68/

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ ...талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан этгээд компанийг төлөөлөх эрхгүй, үлдэгдэл төлбөр төлнө гэх баримтад зурагдсан гарын үсэг Г.Янжинсүрэнгийнх мөн эсэх нь тодорхой бус, нэхэмжлэгч нь хэдий хугацаанд харуул хамгаалалтын ажил хийж гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, нотлох баримтыг буруу үнэлсэн... гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт хавсаргасан болон шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангасан байна. Хариуцагчийн зүгээс уг нотлох баримтуудыг эс зөвшөөрч маргах боловч тайлбараа баримтаар нотлох үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нотолгооны хэрэгсэл болдог. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийг Чойжин Сүйтс барилгын төслийн харуул хамгаалалтыг тодорхой хугацаанд хариуцан ажилласан үйл баримтын талаар маргаагүй байх тул тухайн ажлын үлдэгдэл төлбөрийн талаарх баримтуудыг үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх баримт, талуудын тайлбарыг харьцуулан үнэлвэл, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хөлсөөр ажиллах гэрээ гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Мөн ажлын үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлсэн баримт, 2017 оны 11 сарын 15-ны өдрийн Д Ц О ХХК-ийн захирал Г.Янжинсүрэнгийн гар бичмэл, нэхэмжлэгч компанийн захирал Л.Отгонбаатарын Хаан банк ХХК дахь 5019439236 тоот дансны 2016 оны 03 сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга зэргийг үзвэл, талууд 2015 онд байгуулсан гэрээний хугацааг дахин сунгасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03514 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 225 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР