Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/03514

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-87 тоот хаягт байрлах, Т.Х ХХК /РД:5786126/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн 4-215 тоот хаягт байрлах, Д.Ц.ОХХК /РД:5248426/-д холбогдох,

 

13.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Хариуцагчийн өмгөөлөгч П.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

Шүүх хурал

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Т.Х ХХК болон Д.Ц.ОХХК-ийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ-г 2015 онд нэг жилийн хугацаатай байгуулсан. Тус гэрээгээр Т.Х ХХК нь Чойжин сүйтс барилгын төслийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллах бөгөөд Д.Ц.ОХХК нь гэрээнд зааснаар сард 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг ажлын хөлсөнд Т.Х ХХК-д өгөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусахад дээрх нөхцөлтэй дахин 1 жилийн хугацаатайгаар гэрээг сунгасан.

Талууд гэрээг дүгнэж, 2016.02.02-ны өдрөөс 2017.08.02-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 28.800.000 төгрөгийг Д.Ц.ОХХК нь Т.Х ХХК-д төлөх тооцоотой талаарх баримт үйлдсэн.

Үүнээс Д.Ц.ОХХК нь 2016 оны 03 сарын төлбөр болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, 2016 оны 09 сарын төлбөр 3.000.000 /гурван сая/ төгрөг, 2016 оны 12 сарын ажлын хөлс 6.000.000 /зургаан сая/ төгрөг, 2017 оны 02 сарын ажлын хөлс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, 2017 оны 07 дугаар сарын төлбөр 800.000 /найман зуун мянга/ төгрөг, нийт 13.800.000 төгрөгийн төлөлт хийж, үлдэгдэл 15.000.000 төгрөг төлөх болохыг баталгаажуулсан.

Д.Ц.ОХХК-ийн захирал Г.Я нь 2017.11.15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний эх хувийг авч явсан, ингэхдээ үлдэгдэл болох 15.000.000 төгрөгөөс 1.000.000 /нэг сая/ төгрөг төлөөд үлдэгдэл 14.000.000 төгрөгийг төлнө гэдгээ бичиж өгсөн.

Гэрээний үлдэгдэл төлбөр 14.000.000 төгрөг боловч нэхэмжлэгч өөрөө 13.600.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан учир энэ хэмжээгээр шаардсан.

Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хөлсөө төлөхийг Д.Ц.ОХХК-иас удаа дараа шаардсан бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Ц.ОХХК-ийн захирал Г.Янжинсүрэн нь Уг төлбөрийг төлж барагдуулна гэсэн утга бүхий хүсэлтийг бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Манай компани нь уг асуудлаас болоод тухайн барилга дээр ажилласан ажилчдын цалинг тавьж чадахгүй, олон хүний эрх, ашиг хөндөгдөж, тэднийг хохироогоод байна.

Иймд Д.Ц.ОХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 13.600.000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ц.ОХХК-ийн захирал Г.Янжинсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Т.Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

Т.Х ХХК-тай Д.Ц.ОХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлээр шаардаж байгаа ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй болно.

Нэхэмжлэгч нь 2015 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэдэг ч энэ талаарх гэрээ бичгээр хийгдээгүй. Талууд хэзээ, ямар ажил хийхээр тохирсон талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй байхаас гадна 2016 онд гэрээг 1 жилээр сунгасан гэж байгаа ч хэзээ байгуулагдсан ямар гэрээг сунгасан талаар баримт байхгүй, 2016 оноос хойш ажлын хөлсийг сар бүр 1.600.000 төгрөгөөр тохирсон гэдэг нь баримтаар тогтоогдохгүй.

Гэхдээ талуудын хооронд 2015 онд амаар харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх хэлцэл хийгдэж, 2016 онд 3-4 сар ажиллаад тухайн барилгын төслийн ажил цаашид үргэлжлээгүй учир уг ажил бүрэн зогсож харуул хамгаалалтын гэрээ үргэлжлэх боломжгүй болсон байдаг.

Д.Ц.ОХХК-ийн зүгээс гэрээ цуцлах саналыг тухайн үед нь тавьж байсан.

Тооцоо нийлсэн гэх баримтад Т.Х ХХК-ийг төлөөлж н.Түмэнжаргал гэх хүн гарын үсэг зурсан боловч тэрээр төлөөлөх эрхтэй этгээд гэдэг тодорхойгүй, мөн Д.Ц.ОХХК-ийг төлөөлж зурсан гарын үсэг нь тус компанийн захирал Г.Янжинсүрэнгийн гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн үлдэгдэл гэх 15.000.000 төгрөгийг хэрхэн, яаж тооцоолсон болох, ажил хүлээлцсэн акт байхгүй, ямар ажил гүйцэтгэсэн болох нь тодорхойгүй, харуул хамгаалалтын ажлыг хэзээнээс хэдий хугацаанд хийсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Иймд Д.Ц.ОХХК-иас 13.600.000 төгрөг гаргуулах тухай Т.Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Х ХХК нь хариуцагч Д.Ц.ОХХК-д холбогдуулан 13.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 28.800.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнээс 13.800.000 төгрөгийг дансаар, 1.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 14.800.000 төгрөгийг төлж, үлдэх 14.000.000 төгрөгийг төлөх үүргээ Д.Ц.ОХХК биелүүлээгүй гэж шаардсаныг,

Хариуцагч нь гэрээг бичгээр байгуулаагүй, ямар ажлыг, ямар хөлстэйгөөр, хэдий хугацаанд хийж гүйцэтгэх талаар хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байхаас гадна тооцоо нийлсэн баримтыг төлөөлөх эрхтэй этгээд хийсэн эсэх, үлдэгдэл 15.000.000 төгрөгийг хэрхэн тооцсон болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талууд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны ажил үйлчилгээний хөлсийг тооцсон баримтаар Т.Х ХХК нь 28.000.000 төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлснээс Д.Ц.ОХХК нь 2016 оны 03 сарын 1.500.000 төгрөг, 2016 оны 09 сарын 3.000.000 төгрөг, 2016 оны 12 сарын 6.000.000 төгрөг, 2017 оны 02 сарын 2.500.000 төгрөг, 2017 оны 07 сарын 800.000 төгрөг, нийт 13.800.000 төгрөгийг төлсөн, 15.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тусгасан байх ба баримтад талууд тамга дарж баталгаажуулсан байна. /хх-ийн 7 тал/

 

Үүнээс гадна хариуцагч Д.Ц.ОХХК-ийн захирал Г.Янжинсүрэн нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 14.000.000 төгрөгийг ажил үйлчилгээ явагдаж эхлэхээр төлөх талаарх хүсэлт, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Харуул хамгаалалтыг чангатгах тухай албан мэдэгдэл зэрэг баримтыг нэхэмжлэгч Т.Х ХХК-д тус тус хүргүүлж байжээ.

/хх-ийн 8, 41 тал/

 

Зохигчийн тайлбар, дээр дурдсан баримтаас үзэхэд Т.Х ХХК нь Чойжин сүйтс барилгын төслийн харуул хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэх, Д.Ц.ОХХК нь сард 1.600.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон, ийнхүү тохиролцсоны дагуу Т.Х ХХК-ийн 2016.02.02-ны өдрөөс 2017.08.02-ны өдрийг хүртэлх хугацаанд 28.800.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнээс Д.Ц.ОХХК нь 13.800.000 төгрөгийг Т.Х ХХК-ийн захирал Л.Отгонбаатарын ХААН банк ХХК дах 5019439236 тоот дансаар, 1.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 14.800.000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй. /хх-ийн 8, 59-68 тал/

 

Үүнээс үзэхэд Т.Х ХХК нь харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, Д.Ц.ОХХК нь хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

Хэдийгээр талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг харилцан хүлээх ба гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхыг шаардах ба дээр дурдсан үйл баримтаар тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

 

Харин зохигчийн маргахгүй байгаа, тогтоогдож буй үйл баримтаар Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д:Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-т:Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож талуудын хооронд хийгдсэн тооцооны баримт, Д.Ц.ОХХК-ийн захирал Г.Янжинсүрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлт, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Харуул хамгаалалтыг чангатгах тухай албан мэдэгдэл зэргийг хариуцагч нь баримтаар няцаасангүй. /хх-ийн 7-8, 41 тал/

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь өөрийн татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д зааснаар хуулийн этгээд нь хууль болон үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлогдсон удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох учиртай. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-д зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх бөгөөд хувь хүн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.

 

Д.Ц.ОХХК-ийн дүрэмд компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нь П.Самбуу, Г.Янжинсүрэн, тэд компанийн хувьцааг тэнцүү хэмжээгээр эзэмшдэг, компанийн удирдах буюу эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал гэж тус тус тусгагдсанаас үзэхэд Г.Янжинсүрэнг тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ.

/хх-ийн 14-19 тал/

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Ц.ОХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт нэхэмжлэлээр шаардсан 13.600.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Х ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Ц.ОХХК-иас 13.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Х ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Ц.ОХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 225.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Х ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ