Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02396

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02666 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-гийн хариуцагч М.Б, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 162 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Б-, Б.Б нар 2018 оны 11 сарын 28-ны өдөр 100 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Д.Б- нь 2018 оны 11 сарын 29-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 100 000 000 төгрөгийг хариуцагч Б.Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд М.Бгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр 100 тоот хаягт байрлах 40 м.кв, Г-000338746, Ү-2205012703 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Хугацаа хэтрүүлсэн 270 хоногийн алдангийг хуульд заасны дагуу тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувийг нэхэмжилнэ. Иймд Б.Бэс үндсэн зээлийн төлбөр 100 000 000 төгрөг, 1 сарын хүүд 8 000 000 төгрөг, алданги 54 000 000 төгрөг, нийт 162 000 000 төгрөг гаргуулах, М.Бгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр 100 тоот хаягт байрлах 40 метр квадрат, Г-000338746, Ү-2205012703 дугаар үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Талуудын хооронд тохиролцсон зүйл болон хүсэл зоригийн илэрхийллийг буруу ойлгосон зүйл байхгүй учраас хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Ашиг олох, хөрөнгө оруулах талаар тохиролцоо хийгдээгүй тул зээлийн гэрээний харилцаа юм. Зээлийн гэрээний хувьд Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан байх тул уг гэрээний дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон.

Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 162 000 000 төгрөгийг хариуцагч Б.Бэс гаргуулах, төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч М.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хүүдээ олгосон тул 100 000 000 төгрөгийн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэлгүй. Харин Б.Бат-Эрдэнийн хувьд 2018 оны 11 сарын 29-ний өдөр 100 000 000 төгрөг авсан гэдэгт маргахгүй боловч уг мөнгийг зээлийн гэрээний дагуу бус хамтран ажиллах зорилгоор авсан. Б.Бат-Эрдэнийн барьж байгаа махны үйлдвэрт 100 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулаад, дараа нь нэхэмжлэгч мах чануулж мөнгөө гаргуулж авна гэж тохиролцсон байдаг.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ биш Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан юм. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд шаардлага хангаж байгаа ч талуудын хүсэл зориг өөр байсан тул зээлийн гэрээнд заасан хүү, алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй. Талууд ашиг олох зорилгоор хөрөнгө нийлүүлсэн тул хариуцагчийн хувьд зээлийн гэрээ биш гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө авсан тул 100 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин хүү, алдангийг төлөх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги болон хүүгийн мөнгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн төлбөрийг хангаж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бэс 135 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлээс 27 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч М.Бгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 11 дүгээр байр 100 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012703 дугаарт бүртгэлтэй орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 038 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 903 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийгээгүйн улмаас алдангийн хэмжээг 50 хувиар багасгасан байна. Зээлийн гэрээний 3-т зээлдэгч зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж заасан. Хариуцагч зээлийн гэрээний үндсэн үүргийг төлөөгүй нөхцөл байдал нь алдангийг бууруулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, энэ тухай хариуцагч хүсэлт гаргаагүй, 27 000 000 төгрөгийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүхээс өөрийн санаачилгаар алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 27 000 000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэн талуудын тайлбар мэтгэлцээн хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Төлбөл зохих төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоож 35 000 000 төгрөг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал, шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хийсэн үндэслэл тайлбар нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт байсан. Шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт хангалттай няцаагдаж байхад уг мэдүүлгийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй 35 000 000 төгрөг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт 35 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч М.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 100 000 000 төгрөг, хүү 8 000 000 төгрөг, алданги 54 000 000 төгрөг, нийт 162 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг, хариуцагч тал 100 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин хүү, алдангийн төлбөр нийт 62 000 000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 44/

 

Хэрэгт авагдсан 2018 оны 11 сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ-г нэг талаас зээлдүүлэгч Д.Б-, нөгөө талаас зээлдэгч Б.Б нар байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 100 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үүрэг тус тус хүлээх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 6/

 

Дээрх гэрээний агуулга, талуудын тохиролцоо зэргээс үзвэл анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад тулгуурлагдсан үндэслэл бүхий болжээ. Харин уг гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэсэн хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, дээрх зээлийн гэрээг байгуулснаар хариуцагч нь хамтран ажиллах хүсэл зорилгоо илэрхийлсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч С.Бат-Эрдэнийн мэдүүлгээр дээрх зээлийн гэрээний талуудын гэрээ байгуулах болсон хүсэл зоригийн илэрхийллийг шууд тодорхойлох боломжгүй тул гэрчийн мэдүүлэг үнэлээгүй гэх хариуцагч Б.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв тул 35 000 000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх өөрийн санаачилгаар алдангийн хэмжээг бууруулсан гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох эрхийг хуульчлан тогтоосон. Анхан шатны шүүх уг эрх хэмжээнийхээ хүрээнд анзын хэмжээг багасгасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 292 950 төгрөг, хариуцагч талаас төлсөн 332 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР