Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00149

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00149

 

З.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/03606 дугаар шийдвэртэй

З.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Цод холбогдох

тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б, түүний өмгөөлөгч А.Өлзийсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Цтой харилцан тохиролцож Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу нэг талаас З.Б LEXUS GS450H маркийн автомашиныг Ц.Цийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас Ц.Ц нь тус автомашины төлбөр болох 24 000 000 төгрөгийг надад төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Улмаар би LEXUS GS450H маркийн автомашиныг Ц.Цийн өмчлөлд шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч Ц.Ц нь хариу үүрэг болох 24 000 000 төгрөг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байгаа болно. Би н.Хонгорхүү гэгчийг танихгүй, Ц.Цтой автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Иймд бидний хооронд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу автомашины үнэ болох 24 000 000 төгрөгийг Ц.Цоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 онд Жи Эс Дорнын хөгжил ХХК-д үйлдвэрлэл хариуцсан менежерийн албан тушаалд ажиллаж байсан. Миний ажиллаж байсан компани иргэн Г.Хонгорхүүгээс 17 орчим сая төгрөгийн авлагатай байсан бөгөөд тухайн үед н.Хонгорхүүгээс энэхүү авлагыг нэхэхэд Би танай мөнгийг 1 сарын дотор өгье. Тэр болтол миний худалдан авч байгаа машиныг баталгаа болгоод өөрийн нэр дээр байлгаж байгаач гэсэн хүсэлт гаргасан. Би тухайн автомашины талаар ямар ч мэдээлэлгүй болно. Би 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Жи Эс Дорнын хөгжил ХХК-иас чөлөөлөгдсөн бөгөөд түүнээс хойш ямар асуудал болсон талаар мэдэхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Ц.Ц нь 2017 онд Жи Эс Дорнын хөгжил ХХК-д Үйлдвэрлэл хариуцсан менежерээр ажиллаж байсан бөгөөд тухайн үед тус компани нь иргэн н.Хонгорхүүгээс авлагатай байсан. Тухайн авлагыг авахаар иргэн н.Хонгорхүүгээс нэхэмжлэхэд ...миний машиныг баталгаа болгоод өөрийн нэр дээр байлгаж бай... гэсэн хүсэлтийг удаа дараа хэлсэн бөгөөд би тухайн автомашиныг нь өөрийн нэр дээр байлгаж байгаад компанид өрөө төлөхөөр нь буцаан шилжүүлэн өгнө гэж бодож байсан. Би 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болон ажлаас чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл иргэн н.Хонгорхүү нь Жи Эс Дорнын хөгжил ХХК-д төлөх төлбөрийн үүргээ гүйцэтгэхээ илэрхийлэн тухайн автомашиныг нэр дээр шилжүүлж байна гэж ойлгосон болно. Мөн одоогийн байдлаар тухайн автомашиныг иргэн н.Хонгорхүү эзэмшин ашиглаж байгаа болно. Түүнээс биш миний бие З.Баас автомашин худалдан аваагүй болно. Ц.Ц гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар ноцтой төөрөгдсөн байна. Иймд З.Б, Ц.Ц нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа өөрийгөө Жи Эс Дорнын хөгжил ХХК-д үйлдвэрлэл хариуцсан менежерээр ажилладаг байсан, н.Хонгорхүү гэх хүнээс авах ёстой тус компанийн авлагад тооцож LEXUS GS450H маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж, гэвч З.Б миний бие н.Хонгорхүү гэх хүнийг танихгүй, мөн дээрх автомашиныг 2017 оны хавар Япон улсаас импортолж оруулж ирсэн, анхны өмчлөгч нь болно. Улмаар миний бие импортолж оруулж ирсэн автомашинаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Ц.Цийн эзэмшил, ашиглалтад бодитоор шилжүүлсэн. Ц.Ц ч дээрх автомашины эзэмшлийг шилжүүлж аваад, давхар Авто тээврийн үндэсний төвд хууль ёсны өмчлөгчөөр нь бүртгэгдсэн болно. Харамсалтай нь Ц.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний хариу үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй, З.Б миний бие удаа дараа хүндрэл учруулсаар байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Цоос Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 24 000 000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Бад олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Ц.Цийн нэхэмжлэгч З.Бад холбогдуулан гаргасан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 277 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 277 950 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Бад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ гэсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Хуульд зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж өгөх байсан хэдий ч гэрээнд заасан Lexus GS450H маркийн автомашиныг иргэн Ц.Ц өөрөө аваагүй, авсан тухай баримт хэрэгт авагдаагүй болно. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт ...энэхүү тайлбарын агуулгаас харахад Lexus GS450H маркийн автомашиныг Ш.Хонгорхүү нь Ц.Цийн нэр дээр эзэмшилд шилжүүлсэн агуулга байх бөгөөд... гэж үндэслэсэн байна. Хэрэгт Ц.Ц нь автомашиныг бодитой хүлээн авсан тухай баримт байхгүй байхад анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Нөгөө талаас энэхүү автомашиныг Ц.Ц худалдан авах хүсэл сонирхолгүй байсан гэдэг нь түүний Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ц.Цод холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Г.Хонгорхүү миний ажиллаж байсан Жи Эс Дорнын хөгжил ХХК-д төлөх төлбөрийнхөө барьцаа болгож, миний нэр дээр автомашиныг шилжүүлсэн. Одоо автомашиныг Г.Хонгорхүүгийн эхнэр бодитоор эзэмшиж байгаа, би Жи Эс Дорнын хөгжил ХХК-иас 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөгдсөн, түүнээс хойш ямар асуудал болсон талаар мэдэхгүй гэж тайлбарласан байна.

Зохигчид 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж Lexus GS450H маркийн автомашиныг нэхэмжлэгч З.Б хариуцагч Ц.Цод 24 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. /хх.4/

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Тээврийн хэрэгслийн лавлагаа-гаар LEXUS GS450H маркийн автомашин хариуцагч Ц.Цийн нэр дээр бүртгэлтэй, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг-ээр З.Б нь Япон улсаас уг автомашиныг оруулж ирснээс хойш худалдах-худалдан авах гэрээний дагуу Ц.Цийн нэр дээр шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдсон байна. /хх.36-37/

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Жи Эс Дорнын хөгжил ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амартүвшин ...гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр н.Хонгорхүү Ц.Ц нар автомашиныг авсан гэж мэдүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч Ц.Ц дээрх тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ц.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ноцтой төөрөгдсөн гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан хэлцэл хийгч этгээд хүссэн, хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн хийсэн нь хүсэлт зоригоо илэрхийлэгч өөрийн хэлсэн үгийнхээ жинхэнэ бодит агуулгын талаар төөрөгдөхийг ойлгох юм. Хариуцагч Ц.Ц нь өөрийн хүсэл зоригоос гадуур, хэлцлийн агуулгаа эндүүрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд ийнхүү төөрөгдсөн гэж үзсэн бол төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/03606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО