Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2020/03606

 

 

 

 

 

 

 

 

 

    2020        10          19

                           101/ШШ2020/03606

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Ц холбогдох

 

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах,

 Хариуцагч Ц.Цийн сөрөг нэхэмжлэлтэй, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Өлзийсайхан /3065/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Б миний бие 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Цтой харилцан тохиролцож “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Тус гэрээний дагуу нэг талаас З.Б миний бие LEXUS GS450H маркийн автомашиныг Ц.Цийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас Ц.Ц нь тус автомашины төлбөр болох 24,000,000 төгрөгийг надад төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Улмаар миний бие LEXUS GS450H маркийн автомашиныг Ц.Цийн өмчлөлд шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч Ц.Ц нь хариу үүрэг болох 24,000,000 төгрөг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байгаа болно. Миний бие н.******* гэгчийг танихгүй, Ц.Цтой автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Иймд бидний хооронд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу автомашины үнэ болох 24,000,000 төгрөгийг Ц.Цоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2017 онд “ЖЭДХ” ХХК-д үйлдвэрлэл хариуцсан менежерийн албан тушаалд ажиллаж байсан. Миний ажиллаж байсан компани иргэн н.*******гээс 17 орчим сая төгрөгийн авлагатай байсан бөгөөд тухайн үед н.*******гээс энэхүү авлагыг нэхэхэд “Би танай мөнгийг 1 сарын дотор өгье. Тэр болтол миний худалдан авч байгаа машиныг баталгаа болгоод өөрийн нэр дээр байлгаж байгаач” гэсэн хүсэлт гаргасан. Миний бие тухайн автомашины талаар ямар ч мэдээлэлгүй болно. Миний бие нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “ЖЭДХ” ХХК-иас чөлөөлөгдсөн бөгөөд түүнээс хойш ямар асуудал болсон талаар мэдэхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэв.

 

            Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            Миний бие Ц.Ц нь 2017 онд “ЖЭДХ” ХХК-д Үйлдвэрлэл хариуцсан менежерээр ажиллаж байсан бөгөөд тухайн үед тус компани нь иргэн н.*******гээс авлагатай байсан. Тухайн авлагыг авахаар иргэн н.*******гээс нэхэмжлэхэд “...миний машиныг баталгаа болгоод өөрийн нэр дээр байлгаж бай ...” гэсэн хүсэлтийг удаа дараа хэлсэн бөгөөд миний бие тухайн автомашиныг нь өөрийн нэр дээр байлгаж байгаад компанид өрөө төлөхөөр нь буцаан шилжүүлэн өгнө гэж бодож байсан. Миний бие 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болон ажлаас чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл иргэн н.******* нь “ЖЭДХ” ХХК-д төлөх төлбөрийн үүргээ гүйцэтгэхээ илэрхийлэн тухайн автомашиныг нэр дээр шилжүүлж байна гэж ойлгосон болно. Мөн одоогийн байдлаар тухайн автомашиныг иргэн н.******* эзэмшин ашиглаж байгаа болно. Түүнээс биш миний бие З.Баас автомашин худалдан аваагүй болно. Ц.Ц гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар ноцтой төөрөгдсөн байна.

            Иймд З.Б, Ц.Ц нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгч З.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

            Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа өөрийгөө “ЖЭДХ” ХХК-д үйлдвэрлэл хариуцсан менежерээр ажилладаг байсан, н.******* гэх хүнээс авах ёстой тус компанийн авлагад тооцож LEXUS GS450H маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж, гэвч З.Б миний бие н.******* гэх хүнийг танихгүй, мөн дээрх автомашиныг 2017 оны хавар Япон улсаас импортолж оруулж ирсэн, анхны өмчлөгч нь болно. Улмаар миний бие импортолж оруулж ирсэн автомашинаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Ц.Цийн эзэмшил, ашиглалтад бодитоор шилжүүлсэн. Ц.Ц ч дээрх автомашины эзэмшлийг шилжүүлж аваад, давхар Автотээврийн үндэсний төвд хууль ёсны өмчлөгчөөр нь бүртгэгдсэн болно. Харамсалтай нь Ц.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний хариу үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй, З.Б миний бие удаа дараа хүндрэл учруулсаар байна.

            Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ц.Цод холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч З.Бад холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч Ц.Ц нь “ЖЭДХ” ХХК-д Үйлдвэрлэл хариуцсан менежерээр ажиллаж байх үед тус компани нь иргэн н.*******гээс авлагатай байсан бөгөөд уг өрөнд тооцох зорилгоор LEXUS GS450H маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээний дагуу миний нэр дээр шилжүүлсэн боловч уг автомашиныг бодитоор надад шилжүүлээгүй, одоо н.******* /түүний эхнэр/ эзэмшиж байгаа тул гэрээний дагуу төлбөр төлөх үүрэггүй, уг гэрээг хийхдээ ноцтой төөрөгдсөн учраас хүчин төгөлдөр бусд тооцуулахаар, нэхэмжлэгч З.Б нь н.******* гэгчийг танихгүй, Япон Улсаас оруулж ирсэн анхны өмчлөгч нь миний бие бөгөөд гэрээ хуулийн дагуу хийгдсэн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж хэн алин нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаж байна.

 

З.Б нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Япон Улсаас LEXUS GS450H маркийн, ******* арлын дугаартай, хар өнгийн автомашиныг гаалиар оруулж ирсэн буюу уг автомашины эзэмшигч болох нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч З.Б, хариуцагч Ц.Ц нар нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Япон Улсаас оруулж ирсэн, улсын дугаар аваагүй байсан LEXUS GS450H маркийн, ******* арлын дугаартай, хар өнгийн автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож, мөн өдрөө Авто тээврийн Үндэсний төвд бүртгүүлж, ******* УБО улсын дугаар олгогдон, Ц.Цийн эзэмшилд шилжсэн болох нь “Тээврийн хэрэгслийн лавлагаа”, “Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт”, гэрээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

            Хариуцагч Ц.Ц нь “ЖЭДХ” ХХК-д Үйлдвэрлэл хариуцсан менежерээр ажиллаж байх үед тус компани нь иргэн н.*******гээс авлагатай байсан бөгөөд уг өрөнд тооцох зорилгоор LEXUS GS450H маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээний дагуу миний нэр дээр шилжүүлсэн боловч уг автомашиныг бодитоор надад шилжүүлээгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг компанид ажиллаж байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, гэрч А.******* энэ талаар мэдүүлэг өгсөн боловч энэ нь хэрэгт авагдсан өөр бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл аливаа этгээд нь иргэн, хуулийн этгээдтэй хөдөлмөрийн харилцаанд орсон бол ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үүний үндсэн дээр эрх бүхий байгууллагад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой баримт, эсхүл хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан бол мөн гэрээ зэрэг баримтаар тухайн байгууллагад ажиллаж байсан болох нь нотлогдох учиртай.

 

            Хэрэгт “*******” ХХК болон иргэн Г.******* нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Хийт хөнгөн бетон гулдмай нийлүүлэх гэрээ” авагдсан байх бөгөөд уг гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан “ЖЭДХ” ХХК-д менежер хийж байсан гэх Ц.Ц нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Г.******* /н.Галхүү/-гийн эзэмшлийн алт олборлолтын тоног төхөөрөмжийг дур мэдэн авч явсан гэх гомдлыг Г.******* цагдаагийн байгууллагад гаргаж, тодорхой хугацаанд шалгасны үндсэн дээр Г.*******, Ц.Ц нар харилцан тохиролцсон үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Прокурорын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3154 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн баримтууд авагджээ.

 

            З.Б, Ц.Ц нарын хооронд гэрээ байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 23-ны өдөр Ц.Ц нь “...миний бие Г.*******гийн алт угаадаг машиныг 2017 оны 6 дугаар сарын 22-нд буцааж өгөөд Г.******* миний нэр дээр LEXUS GS450H маркийн улсын дугааргүй автомашиныг шилжүүлж өгсөн, 2017 оны 7 дугаар сарын 21-ний дотор мөнгөн дүн болох 16,900,000 төгрөгийг өгнө гэсэн тул мөнгөө өгсний дараа уг машиныг буцааж өгнө. Бид 2 хоорондоо тохиролцсон тул уг асуудлыг шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байна.

           

            Энэхүү тайлбарын агуулгаас харахад LEXUS GS450H маркийн автомашиныг Г.******* нь Ц.Цийн нэр дээр эзэмшилд нь шилжүүлсэн агуулга байх бөгөөд уг автомашин нь Г.*******гийн эзэмшилийн машин байсан болон З.Б, Г.******* нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагч Ц.Цийн эзэмшилд машиныг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл З.Б нь Япон улсаас уг автомашиныг оруулж ирснээс хойш худалдах-худалдан авах гэрээний дагуу Ц.Цийн нэр дээр шилжсэн, харин Г.******* гэгч нь өөрийн эзэмшилд уг машиныг шилжүүлж байсан болох нь тогтоогдохгүй байгаагийн зэрэгцээ хариуцагч Ц.Цийн одоо автомашиныг Г.******* /түүний эхнэр/ бодитоор эзэмшиж байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

            Мөн зохигчдын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.******* гэгчийг хэргийн оролцогч, гэрч зэргээр оролцуулах хүсэлтийг хэн алин нь гаргаагүй, түүнчлэн хариуцагч Ц.Ц болон “*******” ХХК нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй юм.

 

            Эдгээрээс үзвэл Ц.Ц нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох автомашины төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч Ц.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” гэж зааснаар ноцтой төөрөгдсөн гэж тайлбарлаж байна.

 

            Дээр дурдсан үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ц.Ц нь өөрийн хүсэл зоригоос гадуур, хэлцлийн агуулгаа эндүүрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд ийнхүү төөрөгдсөн гэж үзсэн бол ийнхүү төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Цоос “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Бад олгосугай. 

 

2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Ц.Цийн нэхэмжлэгч З.Бад холбогдуулан гаргасан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 277,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 277,950 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Бад олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                       

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.ЭНХЖАРГАЛ