Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00230

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00230

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02243 дугаар шийдвэртэй

Н.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Т ХХК-д холбогдох

ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халсан тушаалыг гардуулж өгсөн. Тны гүйцэтгэх захирлын Б/1969 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулсан ингэхдээ тушаал нь сахилгын давтан зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлөөр халсан гэдэг нь тодорхойгүй, нөгөө талаар тухайн тушаалын үндэслэх хэсэгт буй нэрлэн заасан зөрчлүүдийг би гаргаагүй болно. Тушаалд үндэслэсэн сахилгын зөрчлүүдэд надаас ямар нэгэн тайлбар авч байгаагүй. Нөгөө талаар АНУ-ын Холбооны татварын төв байгууллага (IRS)-ын Тны бүртгэлийн тусгай дугаарыг баталгаажуулалт хийх ажил үүрэг миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй бөгөөд би дээрх сахилгын зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, гаргаагүй болно. Мөн Банкны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчөөгүй. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг нэхэмжилж байна. Би улирлын шагналаа 100 хувийн гүйцэтгэлтэй хангаж байсан ажилтан. Мөн ямар ч хүнтэй хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй гэсэн зүйл яриад байдаг. Миний ажлын байрны тодорхойлолтод /FATCA/ гэрээг сунгах болон энэ гэрээтэй холбоотой ажил үүрэг байдаггүй. /FATCA/-тай холбоотой миний ажил үүрэгт удирдах ажилтны хариуцах гэрээг сунгах, гэрээг байгуулах эсэх асуудлыг шийдэх, нөгөөх нь гүйцэтгэх ажилтны хийх ёстой тайланг жил болгон эхний улиралд явуулах зэрэг 2 тусдаа зүйл байдаг. Тэр тайланг эхний улиралд явуулах ажлыг би хариуцдаг миний ажлын байрны тодорхойлолтод байдаг. Харин энэ ажлаас халсан тушаал дээр заасан гэрээг сунгах ажил нь ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд байдаггүй. Манай хэлтсийн дарга н.Бурмаа ийм мэйл ирсэн байна гээд өөрийнхөө компьютераас тэр систем рүү өөрөө ороод би тань руу и-мэйл явуулъя гээд над руу явуулсан. Тэр мэйлийг үзэхэд 90 хоногийн дотор холбогдох материалыг бүрдүүлээд гэрээг сунгах талаар явуулах ёстой зүйл байсан. Удирдлага хэлсэн учир би нууц үгийг нь мэдэхгүй гэхэд захирал нууц үгээ надад хэлээд шинэчлээд холбогдох баримтуудыг явуулчхаарай гэсэн. Тэрийг нь би шинэчлээд явуулсан. Түүнээс биш миний хариуцдаг ажил үүрэг биш юм. Монгол банкнаас хугацаатай үүрэг гүйцэтгэх тухай ажил дээр 2018 оны 4 дүгээр улиралд багтаан хийх тухай зөвлөмж байдаг. Тэр зөвлөмжид мөнгө угаахтай тэмцэх эрсдэлийг үнэлэх аргачлалыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Үүнийг хугацаанд нь хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр удирдлагын зөвлөлийн хурлаар оруулаад энэ аргачлалыг батлахыг зөвшөөрөн шийдвэр нь гарсан учир аргачлал нь батлагдаад гарсан. Тухайн үеийн манай удирдлага тухайн аргачлалыг туршъя гээд туршаад алдаа гараагүй учир тушаалаа гаргаж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тушаал гарсан боловч шийдвэр нь 2018 оны 4 дүгээр улиралдаа багтаж гарсан. Монгол банканд хүргүүлэх ажлыг би хариуцдаггүй харин манай хэлтсийн бүх ажилчид хариуцдаг. Монгол банканд хүргэсэн хүн нь Н.Б би биш ч гэсэн манай мэргэжилтэн давхар баримттай хамт хүргэн өгсөн. Иймд энэ тушаал нь үндэслэлгүй байна. Тны Хянан нийцүүлэх албаны мэргэжилтэн гэсэн албан тушаалд томилуулах, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажлын 200 өдөр, нийгмийн даатгалд байгаа сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар 1 793 001 төгрөг, нэг өдрийн цалин 83 395 төгрөг, нийт 16 679 086 төгрөг болно гэжээ.

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө дараах шаардлагыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.28.3, 5.28.17, 5.28.21, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.20, 7.4.24 гэх заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Дээрх заалтуудыг яагаад үндэслэсэн бэ гэхээр нэхэмжлэгч Н.Б нь Тны compliance мэргэжилтэн болохын хувьд /FATCA/ буюу холбооны татварын байгууллагатай холбоотой ажил үүргийг хүлээн авч хэрэгжүүлдэг ажилтан. Нэвтрэх эрх, бүх код зөвхөн түүнд хадгалагддаг. Мэдэгдлүүд ирээгүй, мэйл ирсэн талаар мэдээгүй гэдэг тайлбар хэлдэг боловч тухайн мэдэгдлүүд нь /FATCA/-ийн вэб хуудас руу ороод харахад мэдэгдлүүд ирж байсан нь харагддаг. Тухайн мэдэгдлүүд нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэх мэт явсаар хамгийн сүүлд үзлэг хийлгэх үед ирсэн буюу цуцлах тухай мэдэгдэл гээд 2019 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр өөрийн эрхээр нэвтэрч ордог вэб хуудас доторх мэдэгдэл дунд мэдэгдлээр хариуцагч мэргэжилтэн танаа гэдэг толгойтой, хэрэв та албан хүсэлтээ энэ хүү мэдэгдлээс хойш 90 хоног дотор ирээгүй бол гадаадын санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ нь цуцлагдана гэсэн зүйл ирсэн байсан. 90 хоног дотор бүх үйлдлүүдийг хийж мэдээллүүдийг үнэн зөвөөр бөглөснөөр хэвийн болох ёстой байсан. Үзлэг хийлгэх үед failed to certified төлөв хэвээр completed болоогүй байсан. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 20:50 минутад нэхэмжлэгч Н.Бгийн илгээсэн мэйлд хариуцагч мэргэжилтэн танаа гээд миний бие Тийг төлөөлөн бичиж байна. Би /FATCA/-тай холбоотой ажлуудыг хариуцсан Комплаенсийн газрын мэргэжилтэн гэж өөрийгөө хүлээн зөвшөөрч мэйл хүргүүлсэн байдаг. Мөн тэрээр миний бие өмнө нь байсан данснуудыг давтамжтай certified болон гадаадын санхүүгийн байгууллагын гэрээг цаг хугацаанд нь бөглөн илгээгээгүйг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн ажлын алдаа дутагдлаа шалтаг болгох гээгүй гэхдээ өөрийн зүгээс тайлбар хийх хүсэлтэй байна гэдэг агуулгатай мэйл хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийгөө /FATCA/-г хариуцсан мэргэжилтэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өөрийн алдаа дутагдлаас болж цаг тухайд нь хүргүүлэх ёстой байсан мэйлийг хүргүүлээгүйг хүлээн зөвшөөрсөн нь харагддаг. Мөн түүний ажлын байрны тодорхойлолтын 2.2-т Олон улсын болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж эрх бүхий байгууллагын стандарт шаардлага, банкны үйл ажиллагааг нийцүүлэх хяналт тавих, 3.2-т АНУ-ын иргэдийн гадаад улс, дансны хөрөнгийн татварт хамруулах тухай хуульд /FATCA/ зэргээр хүлээсэн үүргийн биелэлт, хэрэгжилтийг хариуцан ажиллах зэргээр тодорхой заасан байгаа. Гэтэл үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн Н/15 дугаар тушаалаар Банкны мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглаж эрсдэлийн үнэлгээний аргачлалыг шинэчилж 2018 оны 4 дүгээр улиралд багтаан баталгаажуулж, Монгол банкны хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албад ирүүлэх гэж заасан байгаа. Энэ зөвхөн батлуулаад зогсох биш тухайн аргачлалыг цаашаагаа батлуулсныг хүргүүлэх үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч нь би батлуулсан учир энэ үүрэг дууссан гэж байгаа гэхдээ батлуулсны дараа ирүүлэх үүргийг нэхэмжлэгч маань давхар хүлээсэн байдаг. Гэтэл аргачлалын үүрэг даалгаврын биелэлтийг хүргүүлэх тухай буюу 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дүгээр улиралд А/172 тоот тушаалаар Монгол банканд хүргүүлсэн байдаг. Гэтэл хүргүүлсэн албан тоотын төслийг хүргүүлэх үүргийг Н.Б гүйцэтгээгүй. Хянан нийцүүлэх албаны мэргэжилтэн Б.Хоролгарав гүйцэтгэсэн байдаг. Нэхэмжлэгч Н.Б нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хоёр удаа гүйцэтгээгүй нь дээрх үйл баримтаас харагдаж байгаа. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.20 дугаар хэсэгт ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй гэж байгаа. 7.4 дүгээр зүйлд ажилтан дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн байдаг. Талууд харилцан тохиролцож эдгээр зөрчлүүдийг ноцтой зөрчил буюу хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох цуцлах ёстой зөрчил гэж хүлээн зөвшөөрсөн. Би ийм алдаа гаргаснаар ажлаасаа халагдсан гэж мэдээгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч маань энэ гэрээг байгуулсан нь талууд гарын үсэг зурсан гэдэг нь тухайн үүргүүдийг хүлээн зөвшөөрч энэ гэрээг байгуулсан болно. Өмнө нь эдгээр үйлдлүүдийг нь хийгээгүй /FATCA/ төлвийг failed to certified буюу цаашлаад хүчингүй болгон turner it хийснээр /FATCA/ хуулийн хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд Т ХХК-ийн зүгээс америкийн нэгдсэн улсаас орж ирж байгаа орлогын гучин хувийг нь татварт шууд суутган авдаг за дээрээс нь дээрээс нь холбоотой хамтран ажилладаг олон улсын байгууллагууд Ттай харилцаагаа цуцлах, Тны олон улсад байх нэр хүнд нь унах аюул бий болох байсан. Ийм зөрчил гаргасан учраас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж түүний хооронд өөр мэргэжилтэн авч тухайн мэргэжилтэн ажил үүргээ гүйцэтгэсний үндсэн дээр одоо энэ төлөв нь сэргэсэн байгаа. Түүнээс биш энэ үйлдлүүдийг хийхгүй байснаараа ч юм уу, мэдүүлгээ би бөглөчихсөн учраас энэ сэргэнэ ээ гэдэг бол ойлголт байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бг Т ХХК-ийн Хянан нийцүүлэх албаны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Т ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 16 679 086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Б болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хангалттай нотлогддог. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод .../РАТСА/ хуулиар хүлээсэн үүргийн биелэлт, хэрэгжилтийг хариуцан ажиллах... гэж тодорхой заасан байгааг дурдсан атлаа дээрх үүргийг нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй, ажил үүрэгт нь хамаарахгүй байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болжээ. Үүнээс гадна хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч Н.Бгийн холбооны татварын байгууллагад хүргүүлсэн цахим шуудан зэрэгт урьдчилсан бүртгэлийн гэрчилгээ болон үечилсэн гэрчилгээг цаг хугацаанд баталгаажуулах үүрэг бүхий этгээд нь нэхэмжлэгч Н.Б мөн болох, уг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нэхэмжлэгчийн буруутай үлдэл байгаа зэргийг өөрөө хүлээн зөвшөөрсөн хангалттай тодорхой дурдсан байхад уг нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй. /РАТСА/ хуулийн дагуу хүлээх үүргийг Тны Комплайенсын газар хариуцаж ажилладаг бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос харж болно. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан бичгийн тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа урьдчилсан бүртгэлийн гэрчилгээ болон үечилсэн гэрчилгээг цаг хугацаанд баталгаажуулах нь нэхэмжлэгчийн ажил үүрэгт хамаарахгүй гэж мэтгэлцэж байсан нь түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй байсан болохыг илтгэж байхад шүүх нотлох баримтаар нотлогдсон үйл баримтыг бус зөвхөн нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн үзлэг хийсэн баримт болох Холбооны татварын төв байгууллагын веб хуудаст дурдагдсан баримтуудаас харвал Холбооны татварын байгууллага урьдчилсан бүртгэлийн гэрчилгээ болон үечилсэн гэрчилгээнүүдийг хугацааг сунгах, мэдэгдсэн хугацаанд гэрчилгээг сунгуулаагүй тохиолдолд цуцлах тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан нь нотлогдоно. Нэгэнт нэхэмжлэгч нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг удаа дараа биелүүлээгүй нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.20-т заасан ноцтой зөрчил байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан нь үндэслэлтэй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ХХК-ийн Хянан нийцүүлэх албаны менежер Б.Бурмаагийн албаны и-мэйл хаягт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6:13 РМ, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11:37 РМ, 3:02 РМ, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5:25 РМ, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:10 АМ, 12:42 АМ, 08:50 РМ тус тус цагуудын и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2020/06829 дугаар захирамжаар хангаж, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн байна. /хх.188-195/

Уг үзлэгийн тэмдэглэлд ...[email protected] гэсэн хаягнаас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 08:50 буюу 20:50 минутад [email protected] гэсэн хаяг руу явуулсан цахим шуудан байна. /2 хуудас/ Мөн хаягаас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17:25 минутад илгээсэн цахим шуудан 1 хуудас байна гэж авагдсан байна гэж бичиж, үзлэгийн тэмдэглэлд гадаад хэл дээрх 2 ширхэг баримтыг хавсаргасан байна. Гэвч эдгээр баримт орчуулагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно гэж заасан заалтыг зөрчжээ. Мөн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт монгол хэл дээрх орчуулагдаж болох үгсийг англи хэлээр тусгасан нь дээрх хуулийн заалттай нийцээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас FATCA төлөвийг цуцалсан эсэх, Н.Б нь тус системд орох эрх хэзээ нээгдсэн зэргийг тодруулахаар www.irs.gov сайт FATCA бүртгэлийн системд үзлэг хийлгэх, хариуцагч тал Т ХХК Хянан нийцүүлэх албаны менежер Б.Бурмаагийн албаны и-мэйл хаягт үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус тус гаргасныг шүүх хүлээн авч, уг баримтуудад үзлэг хийсэн боловч гадаад хэл дээрх нотлох баримтыг орчуулаагүйгээр хэрэгт хавсаргаснаар шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2020/03050 дугаар шүүгчийн захирамжаар дээрх үзлэгүүдийг хүчингүй болгосон байна. /хх.124-126/

Зохигчид нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж, маргааны үндэслэлдээ үзлэг хийлгэсэн баримтуудыг нэрлэн зааж мэтгэлцсэн байхад шүүх зохигчдын гаргасан хүсэлтийг хангасан захирамжын заалтыг хэрэгжүүлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь уг үүргийг хүлээгээгүй гэж маргаж байгаа тохиолдолд талуудын гаргасан хүсэлтийн дагуу дээрх үзлэгийг хийх, холбогдох баримтыг оруулах нь ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Талуудын нэрлэн зааж байгаа баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан тохиолдолд тэдний хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг, мөр шийдвэрлэх боломжтой болно.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т ХХК-ийн төлсөн 311 545 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО