Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2021/01686

 

                                                      

 

 

 

 

 

 

                                     2021         07          29

          182/ШШ2021/01686

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Н.Б

 

Хариуцагч: ТБ ХХК

 

          ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Ц.Эрдэмбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэижлэгч Н.Б нь “ТБ” ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтэст Мэдээлэл судалгааны ажилтан албан тушаалд 2012 оны 09 сарын 06-ны өдөр ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 1069 тоот хөдөлмөрийн гэрээгээр Хянан нийцүүлэх албанд мэргэжилтнээр шилжин ажилласан. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухайд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад 17 цагийн үед хүний нөөцийн газрын мэргэжилтэн ажлаас халсан тушаалыг гардуулж өгсөн. 2019 оны 12 сарын 18-ны өдрийн ТБны гүйцэтгэх захирлын Б/1969 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулсан ба ингэхдээ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ТБны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.28.3, 5.28.21, ТБны ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2.3, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.20, 7.4.24 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан болно. Ажлаас халахдаа сахилгын давтан зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлөөр халсан гэдэг нь тодорхойгүй, нөгөө талаар тухайн тушаалын үндэслэх хэсэгт буй нэрлэн заасан зөрчлүүдийг миний бие гаргаагүй болно. Тушаалд үндэслэсэн сахилгын зөрчлүүдэд надаас ямар нэгэн тайлбар авч байгаагүй. Нөгөө талаар АНУ-ын Холбооны татварын төв байгууллага (IRS)-ын ТБны бүртгэлийн тусгай дугаарыг баталгаажуулалт хийх ажил үүрэг миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй бөгөөд миний бие дээрх сахилгын зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, гаргаагүй болно. Мөн Банкны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болно.

Монгол банкнаас хугацаатай үүрэг гүйцэтгэх тухай ажил дээр 2018 оны 4 дүгээр улиралд багтаан хийх ажлын зөвлөмж ирсэн ба тэр зөвлөмжид мөнгө угаахтай тэмцэх эрсдэлийг үнэлэх аргачлалыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Үүнийг хугацаанд нь хийсэн. 2018 оны 12 сарын 24-ний өдөр удирдлагын зөвлөлийн хурлаар оруулаад энэ аргачлалыг батлахыг зөвшөөрөн шийдвэр нь гарсан учир аргачлал нь батлагдаад гарсан. Тухайн үеийн манай удирдлага тухайн аргачлалыг туршиж үзээд Монгол банк руу хүргүүлье гээд 2019 оны 04 сарын 04-ний өдөр тушаал гаргасан боловч шийдвэр нь 2018 оны 4 дүгээр улиралдаа багтаж гарсан. Монгол банканд хүргүүлэх ажлыг би хариуцдаггүй, харин манай хэлтсийн бүх ажилчид хариуцдаг. Монгол банканд хүргэсэн хүн нь н.Б би биш ч гэсэн манай мэргэжилтэн давхар баримттай хамт хүргэн өгсөн. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бг “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 сарын 18-ны өдрийн Б/1969 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Н.Б нь “ТБ” ХХК-ийн Хянан нийцүүлэх албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг 2 удаа биелүүлээгүй нь “ТБ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл болсон. ТБны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.28.3, 5.28.17, 5.28.21, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.20, 7.4.24 гэх заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Н.Б нь ТБны Сompliance /Комплианс/ мэргэжилтэн болохын хувьд /FATCA/ буюу холбооны татварын байгууллагатай холбоотой ажил үүргийг хүлээн авч хэрэгжүүлдэг ажилтан. Нэвтрэх эрх, бүх код зөвхөн түүнд хадгалагддаг.

Мэдэгдлүүд ирээгүй, мэйл ирсэн талаар мэдээгүй гэдэг тайлбар хэлдэг боловч тухайн мэдэгдлүүд нь /FATCA/-ийн вэб хуудас руу ороод харахад мэдэгдлүүд ирж байсан нь харагддаг. 2017 оны 12 сарын 31-ний өдөр     гэж мэйл ирсэн. 2019 оны 08 сарын 06-ны өдөр мэйл ирсэн ба хамгийн сүүлд 2019 оны 09 сарын 13-ны өдөр өөрийн эрхээр нэвтэрч ордог вэб хуудас доторх мэдэгдэл дунд мэдэгдлээр “Хариуцагч мэргэжилтэн танаа” гэх гарчигтай, хэрэв та албан хүсэлтээ энэ хүү мэдэгдлээс хойш 90 хоног дотор ирээгүй бол гадаадын санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ нь цуцлагдана гэсэн утгатай мэйл ирсэн байсан. 90 хоног дотор бүх үйлдлүүдийг хийж мэдээллүүдийг үнэн зөвөөр бөглөснөөр хэвийн болох ёстой байсан.

2019 оны 11 сарын 29-ний өдөр 20:50 минутад нэхэмжлэгч Н.Бгийн илгээсэн мэйлд хариуцагч мэргэжилтэн танаа гээд миний бие ТБийг төлөөлөн бичиж байна. Би /FATCA/-тай холбоотой ажлуудыг хариуцсан Комплиансын газрын мэргэжилтэн гэж өөрийгөө хүлээн зөвшөөрч мэйл хүргүүлсэн байдаг. Мөн тэрээр миний бие өмнө нь байсан данснуудыг давтамжтай Сertified болон гадаадын санхүүгийн байгууллагын гэрээг цаг хугацаанд нь бөглөн илгээгээгүйг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн ажлын алдаа дутагдлаа шалтаг болгох гээгүй гэхдээ өөрийн зүгээс тайлбар хийх хүсэлтэй байна гэдэг агуулгатай мэйл хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийгөө /FATCA/-г хариуцсан мэргэжилтэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өөрийн алдаа дутагдлаас болж цаг тухайд нь хүргүүлэх ёстой байсан мэйлийг хүргүүлээгүйг хүлээн зөвшөөрсөн нь харагддаг.

 

Мөн түүний ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.2-т Олон улсын болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж эрх бүхий байгууллагын стандарт шаардлага, банкны үйл ажиллагааг нийцүүлэх хяналт тавих, 3 дугаар зүйлийн 3.2-т АНУ-ын иргэдийн гадаад улс, дансны хөрөнгийн татварт хамруулах тухай хуульд /FATCA/ зэргээр хүлээсэн үүргийн биелэлт, хэрэгжилтийг хариуцан ажиллах зэргээр тодорхой заасан байгаа. Гэтэл үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 10-ны өдрийн Н/15 дугаар тушаалаар Банкны мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглаж эрсдэлийн үнэлгээний аргачлалыг шинэчилж 2018 оны 4 дүгээр улиралд багтаан баталгаажуулж, Монгол банкны хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албад ирүүлэх гэж заасан байгаа. Энэ зөвхөн батлуулаад зогсох биш тухайн аргачлалыг батлуулсныг цааш хүргүүлэх үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч нь би батлуулсан учир энэ үүрэг дууссан гэдэг. Гэтэл хүргүүлсэн албан тоотын төслийг хүргүүлэх үүргийг Н.Б гүйцэтгээгүй, харин хянан нийцүүлэх албаны мэргэжилтэн Б.Х гүйцэтгэсэн байдаг. Нэхэмжлэгч Н.Б нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хоёр удаа гүйцэтгээгүй нь дээрх үйл баримтаас харагдаж байгаа. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.20 дугаар хэсэгт ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй гэж байгаа. 7.4 дүгээр зүйлд ажилтан дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг хохирол учирсны дараа биш хохирол учирч болохуйц нөхцөл байдал бий болгосон, түүнд хүргэсэн үйлдэл байснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой. Өмнө нь эдгээр үйлдлүүдийг нь хийгээгүй /FATCA/ төлвийг failed to certified буюу цаашлаад хүчингүй болгон turner it хийснээр /FATCA/ хуулийн хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд ТБны зүгээс Америкийн нэгдсэн улсаас орж ирж байгаа орлогын гучин хувийг нь татварт шууд суутган авдаг ба дээрээс нь холбоотой хамтран ажилладаг олон улсын байгууллагууд ТБтай харилцаагаа цуцлах, ТБны нэр хүнд олон улсад унах аюул бий болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх урьд шүүх хуралдаанд гэрчээр Ныг оролцуулан асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

Шүүх нэхэмжлэл, “ТБ” ХХК-ийн захирлын Н.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 2019 оны 12 сарын 18-ны өдрийн Б/1696 тоот тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, “ТБ” ХХК-ийн захирлын болон гүйцэтгэх захирлын тушаалууд, “ТБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, ТБны ажилтны ёс зүйн дүрэм, ТБинд хийсэн шалгалтын дүнгийн тухай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Н.Бгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил, чиг үүргийг зөрчсөн зөрчил гаргаагүй гэж, хариуцагч нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тус тус маргаж мэтгэлцэж байна.

Н.Б нь “ТБ” ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтэст Мэдээлэл судалгааны ажилтан албан тушаалд 2012 оны 09 сарын 06-ны өдөр томилогдон ажиллаж байгаад, 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 1069 тоот хөдөлмөрийн гэрээгээр Хянан нийлүүлэх албанд мэргэжилтнээр шилжин ажилласан байна. Тэрээр ТБны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 сарын 18-ны өдрийн Б/1696 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ТБны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.28.3, 5.28.21, ТБны ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2.3, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.20, 7.4.24 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгджээ. Тушаалд: Н.Б нь FATCA хуулийн дагуу АНУ-ын Холбооны татварын төв байгууллага /IRS/-ын онлайн системээр Урьдчилан бүртгэлийн гэрчилгээ болон Үечилсэн гэрчилгээг цаг хугацаанд нь багтаан баталгаажуулаагүйгээс АНУ-ын Холбооны татварын төв байгууллагаас ТБны FATCA төлвийг цуцалж, FATCA хуулийн хэрэгжилтийг хангаж буй Гадаадын санхүүгийн байгууллагуудын жагсаалтаас ТБны бүртгэлийн тусгай дугаарыг хасах тухай мэдэгдлийг 2018 оны 07 дугаар сараас эхлэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд удаа дараа ирүүлсэн байх боловч тухай бүрт баталгаажуулаагүй, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Н/15 тоот тушаалаар “Банкны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглаж буй эрсдэлийн үнэлгээний аргачлалыг ...шинэчилж 2018 оны 04 дүгээр улиралд багтаан батлуулж, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албанд ирүүлэх” гэсэн хугацаатай үүрэг даалгаврыг хугацаа хэтрүүлэн 2019 оны 04 сарын 04-ний өдрийн А/172 тоот тушаалаар батлуулж, батлуулсан даруйд Монголбанканд хүргүүлээгүй, мөн ажлын байран дээр хамт олны дунд хэрүүл маргаан үүсгэж, удирдах албан тушаалтны зүй ёсны шаардлагыг биелүүлдэггүй, ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараа гаргасан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсугай гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:...40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан,

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох цуцлах гэсэн хэсгийн 5.16.2-д “Гүйцэтгэх захирал эрхээ шилжүүлснээр энэхүү журмын 5.16.1-д зааснаас бусад төв банкны болон Улаанбаатарын нэгжийн ажилтны асуудлыг ХНГ хариуцан шууд удирдлага, газрын болон харьяалах захирлын саналд үндэслэн Үйл ажиллагаа хариуцсан Дэд захирал тушаал гаргана”,

5.28-т “дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно”, 5.28.3-т “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс удаа гаргасан”, 5.28.17-д “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй”, 5.28.21-д “Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажлын цагаар болон ажлын байранд архи ууж согтуурах, мансуурах үйлдэл гаргасан”,

ТБны Ажилтны ёс зүйн дүрмийн ажилтанд хориглох зүйлийн 5.1.1-ажлын байр, олон нийтийн дунд хэрүүл маргаан үүсгэх зэргээр биеэ зүй зохисгүй авч явахыг,

5.2.3 албан ажилд шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулах буюу удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах, хугацаа алдахыг

2018 оны 03 сарын 07-ны хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т “ажилтан дараах ноцтой зөрчлүүд гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана”,  7.4.5-д “ ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан”, 7.4.20-д “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй”, 7.4.24-д “Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажлын цагаар болон ажлын байранд архи ууж согтуурах, мансуурах” гэсэн дүрэм, журмуудын заалтыг заажээ.

Хянан нийцүүлэх албаны мэргэжилтэн Н.Бгийн ажлын байрны тодорхойлолтонд

 

-3.2 /АНУ-ын иргэдийн гадаад улс дахь дансны хөрөнгийг татварт хамруулах тухай хууль “FATCA зэрэг/-ээр хүлээсэн үүргийн биелэлт, хэрэгжилтийг хариуцан ажиллах, АНУ-ын харилцагчийн мэдээлэл цуглуулах үйл ажиллагааны заавар боловсруулах, татварын байгууллагаас ирүүлсэн маягтыг орчуулах, нэгжид хүргүүлэх, сургалт зохион байгуулах, зөвлөгөөгөөр хангах, тайланг нэгтгэн бэлтгэж бэлтгэж холбогдох байгууллагад олон улсын мэдээлэл солилцох системээр илгээх,

 

-4.1 Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх /МУТС/ эрсдэлийн түвшинг тодорхойлох, үнэлгээ хийх аргачлалыг хэрэгжүүлж ажиллах гэсэн заалтууд байна.

 

FATCA” нь АНУ-ын иргэдийн гадаад улс дахь дансны хөрөнгийг татварт хамруулах тухай хууль байх бөгөөд энэ хуулийн дагуу АНУ-ын Холбооны татварын төв байгууллага /IRS/-тай ТБ 2013 онд гэрээ байгуулсныг талууд тайлбарладаг, түүний дагуу хүлээсэн үүргийн биелэлт, хэрэгжилтийг хариуцах ажлыг ажилтан Н.Б хариуцдаг болох нь түүний ажлын байрны тодорхойлолтоос харагдаж байна.

 

Дээрх хууль гэрээний дагуу баталгаажиж мөрдөгддөг Урьдчилсан бүртгэлийн гэрчилгээ, Үечилсэн гэрчилгээг баталгаажуулж сунгах, эс болбол АНУ-ын Холбооны татварын төв байгууллага /IRS/-аас ТБны  FATCA төлвийг цуцалж, FATCA хуулийн хэрэгжилтийг хангаж буй Гадаадын санхүүгийн байгууллагуудын жагсаалтаас ТБны бүртгэлийг хасах тухай мэдэгдлийг 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд удаа дараа ирүүлсэнд хугацаа хэтрүүлж 2019 оны 11 дүгээр сард хариу имэйлээр хүргүүлсэн байдлууд тогтоогдож байх ба үүнд ТБ нэхэмжлэгчийг буруутгаж байна.

 

Дээрх гэрчилгээнүүдийг баталгаажуулж сунгах асуудал нь хоёр улсын урьд байгуулагдсан гэрээг цаашид мөрдөх эсэх, гэрээг хүчинтэй байлгах эсэхтэй холбоотой асуудал байх бөгөөд энэ нь гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах ажилтан Н.Бгийн ажил үүргийн хуваарьт багтахгүй, харин банкны эрх бүхий албан тушаалтны хариуцах ажил гэж үзэхээр байна. Түүнчлэн одоо ТБны  FATCA төлөв цуцлагдаагүй, хэвийн байгааг гэрч Б.Н мэдүүлсэн болно.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Н/15 тоот тушаалаар “Банкны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглаж буй эрсдэлийн үнэлгээний аргачлалыг ...шинэчилж 2018 оны 04 дүгээр улиралд багтаан батлуулж, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албанд ирүүлэх” гэсэн хугацаатай үүрэг даалгаврыг хугацаа хэтрүүлэн ТБны гүйцэтэгх захирлын 2019 оны 04 сарын 04-ний өдрийн А/172 тоот тушаалаар батлуулж, хугацаа хожимдуулж Монголбанканд хүргүүлсэн зөрчил нэхэмжлэгчийн буруутай холбоотой байна. Энэ ажлыг Н.Бгийн ажил үүргийн хуваарьт багтсан гэж үзнэ. Гэвч энэ нь дангаараа ажил олгогч ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд орохгүй байна.

 

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан нэг ноцтой зөрчил болох хөдөлмөрийн гэрээний 7.4.24-д буй “Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажлын цагаар болон ажлын байранд архи ууж согтуурах, мансуурах” гэсэн зөрчлийг Н.Б гаргасан нь тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт алга байна. Хянан нийцүүлэх албаны хамт олны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хэрэгт ирүүлсэн боловч тухайн үед ямар үйл баримт болсон нь тодорхойгүйгээс зөрчил гарсан эсэхийг тогтоох боломжгүй, түүнчлэн зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 421 өдрийн цалинтай тэнцэх олговор             35,109,476 төгрөг болж байна.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Н.Бг “ТБ” ХХК-ийн ХНА/газар/-т мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “ТБ” ХХК-аас 35,109,476 төгрөгийг гаргуулж Н.Бд олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-ыг баримтлан Н.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 333,497 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                         С.БУД