Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00266

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00266

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02771 дугаар шийдвэртэй

Д.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Р.Эд холбогдох

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бумчин, түүний өмгөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төлөөлүүлэгч Дэмбэрэлийн Буянбаатар нь Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот 2 өрөө 28 м.кв. орон сууцны өмчлөгч бөгөөд 000740830 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй болно. Д.Б уг орон сууцанд ээж Н.Дэмбэрэл, төрсөн ах Т.Батбаяр нарын хамт амьдарч байгаад 1996 онд АНУ-д ажиллаж амьдрахаар явсан. Ээж Н.Дэмбэрэл нь 2007 онд нас барсан, ах Т.Батбаяр мөн 2010 онд нас барсан. Гэтэл Рагчаагийн Энхжаргал гэдэг эмэгтэй Д.Бын зөвшөөрөлгүйгээр түүний гэрт орж амьдрах болсон байна. Д.Б гадаадад амьдарч байгаа тул арга хэмжээ авч чадаагүй өнөөг хүрсэн. Одоо Р.Э нь нэхэмжлэгч Д.Бын орон сууцанд эзэн нь мэт амьдарсаар байгаа ба Д.Б эх орондоо ирж гэртээ амьдрах хүсэлтэй боловч орон гэрийг нь хариуцагч суллаж өгөхгүй эрх, ашиг сонирхлыг нь ноцтой зөрчсөөр байгаа тул олгосон итгэмжлэлийн дагуу шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Р.Эыг өөр хүнд үрчлүүлсэн байгаа юм. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Буянбаатар юмаа. Өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшилээс шаардах эрхийнхээ дагуу шаардлага гаргаж байна. Туваан Дэмбэрэл нар нь Энхжаргалын 5-6 настай байхад нь бусдад үрчлүүлсэн. Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхээ алдсан. Иймд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцыг Р.Эын эзэмшилээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Урансүрэн овгийн Рагчаагийн Энхжаргал, 1956 оны 3 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Бид ах дүү тавуулаа, бидний төрсөн эцэг Сүрэнгийн Туваан, эх Намсрайн Дэмбэрэл нар, том ах Тувааны Бямба-Очир, эгч Тувааны Рэнцэнханд, ах Тувааны Батбаяр, би Рагчаагийн Энхжаргал, дүү Дэмбэрэлийн Буянбаатар юм. Миний төрсний гэрчилгээн дээр төрсөн эх Намсрайн Дэмбэрэл гэж бүртгэлтэй байдаг. Би өөрийн төрсөн ээж Намсрайн Дэмбэрэлтэй ойр дотно байж бага дүү Буянбаатарыг АНУ явсан цагаас хойш орон сууцанд нь хамт амьдарч байгаад ээжийгээ харж асарч 2007 онд өөд болоход нь энэ байранд нь үлдэж одоог хүртэл амьдарч байна. 2000 оноос хойш Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж 18 дугаар байранд хорооны хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд одоо ам бүл 2, хүү Ганбатын Энхбатын хамт бүртгэлтэй амьдарч байна. Уг орон сууцыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн дагуу өвлөн авсан. Миний дүү Д.Б нь ээжийг нас барахад ирээгүй, 2012 билүү 13 онд нэг ирсэн. Дараа нь 2019 оны намар ирсэн. Монголд ирээд 2019 онд ээжийн байрыг ганцаараа хууль бусаар өмчилж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсныг шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад мэдлээ. Д.Б нь Рагчаагийн Энхжаргал миний хамгийн бага төрсөн дүү бөгөөд 1996 онд АНУ-д цагаачлан АНУ-ын иргэншил авсан хүн билээ. Гэсэн ч би орон сууцны бүртгэлд байнга оршин суугчаар бүртгүүлж нэр усыг нь хасуулалгүй хадгалсаар явж ирсэн. Манай дүү 1996 оноос хойш 25 жилийн туршид 2 удаа Монголд ирээд удалгүй буцсан учир түүнийг орон сууцны өмчлөгчийн эрхийн гэрчилгээ авсан талаар би огт мэдээгүй. 2001 онд улсын бүртгэлийн гэрчилгээ авах үед Буянбаатар Монголд байгаагүй, энэ байрны өрхийн бүртгэлд Энхжаргал 3 хүүхдийн хамт бүртгэлтэй байдаг. Хүн нэг удаа нэрээ солих эрхтэй. Энхжаргал Рагчаагийн гэр бүлд өссөн, хоёр эцэг эх нь зөвшөөрч үрчлэлт хийгдээгүй, үрчлэгдсэн гэж гадуурхаж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй. Энэ орон сууц Н.Дэмбэрэл, Т.Батбаяр, Т.Буянбаатар нарын өмч бөгөөд Т.Батбаярын хувийг Энхжаргал хүлээн авсан гэж үзнэ. Батбаяр Дэмбэрэл нарын өвийн талаар шийдсэний дараа уг орон сууц хэний өмч гэдэг нь яригдах ёстой байтал ганцаараа өмчилж авсныг хууль зөрчсөн гэж үзэж байна. Р.Э удаан хугацааны туршид буюу 12 жилийн хугацаанд эзэмшиж байгаа тул өмчлөгч болно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Намайг үрчилж авсан аав Түмэнбаярын Рагчаа МАХН-ын улс төрийн товчоонд ажиллаж байхдаа миний төрсөн ээж Намсрайн Дэмбэрэлд энэ орон сууцыг анх авч өгсөн бөгөөд би Р.Э нь энэ байранд 2000 оноос хойш 20 жил амьдарч байна. Би ээж Н.Дэмбэрэлийг 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нас барах хүртэл нь асарч хүүхдүүдийнхээ хамт энэ байранд амьдарч байсан. Миний ээжийн өмч байсан орон сууцыг өв нээгдсэн цаг мөчөөс хууль ёсны охин Р.Э би Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөх эрхийнхээ дагуу эзэмшиж ирсэн. Дүү Д.Б нь Америкт байнгын оршин сууж ажил, амьдралтай болсон бөгөөд 1996 оноос хойш энэ байранд огт амьдарч байгаагүй, ээжийг болон ахыг нас барахад ч ирээгүй, өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаж байгаагүй, өвлөх эрхийн гэрчилгээ хуульд заасан хугацаанд авч байгаагүй учир түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Д.Б эх Н.Дэмбэрэлийг нас барсанаас хойш өвлөх эрхийнхээ дагуу өвлөж аваагүй, энэ талаар ч хүсэлт гаргаж байгаагүй тул Р.Э өмчлөх эрхтэй. Гэтэл 2019 онд хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байх магадлалтай, орон сууцыг ганцаар өмчилж авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь тэрээр энэ байрны ганц өмчлөгч нь биш юм. Энэ байранд миний ах Т.Батбаяр бас бүртгэлтэй байсан боловч эхнэр 2 хүүгийн хамт Төмөр замд өөрсдийн орон гэр, байр сууцтай байсан учир биднээс тусдаа амьдарч байгаад нас барсан. Ээж, ах хоёрыг нас барсанаас хойш энэ байрыг өвлөх, өмчлөх талаар хэн ч маргаан гаргаж байгаагүй, би энэ орон сууцандаа үр хүүхдүүдийнхээ хамт амьдарсаар ирсэн. Иймд Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот 2 өрөө 28 м.кв орон сууцыг би өвлөх эрхийнхээ дагуу эзэмшиж байгаа тул уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хэрэг хэлэлцэх явцад уг орон сууцны хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоолгох шаардлагыг нэмж гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б сөрөг нэхэмжлэлд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Д.Бын эгч Рэнцэнхандын хотын захиргаанд гаргасан өргөдлийн дагуу эцэг Тувааны гэр бүлд 1981 онд олгогдсон орон сууц бөгөөд Туваан гуай 1982 онд нас барсан, ах Т.Батбаяр өрх тусгаарласан. Д.Б эх Н.Дэмбэрэлийн хамт амьдрах болсон. Орон сууцны хувьчлалаар хамтран өмчлөгч нар нь нэхэмжлэгч Дэмбэрэлийн Буянбаатар ба түүний эх Намсрайн Дэмбэрэл, төрсөн ах Тувааны Батбаяр нар бичигдсэн. Эх Н.Дэмбэрэл, ах Т.Батбаяр нар нас барсан ба үл хөдлөх хөрөнгийн тэдгээрт ногдох хэсгийг Дэмбэрэлийн Буянбаатар өвлөн авснаар одоо цорын ганц өмчлөгч нь болсон юм. Р.Э эзэн, өмчлөгч нь тодорхой орон сууцанд удаан хугацаанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч, хаягийн бүртгэл хийлгэсэн нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах үндэслэл болохгүй. Д.Б 2019 оны намар эх орондоо ирээд гэрт нь түүний зөвшөөрөлгүй амьдарч байсан Р.Эыг хөөлгөж гаргахаар хорооны цагдаад гомдол гаргахад үнэхээр уг орон сууцны эзэн биш байсан учир хавар болохоор өөрөө гарна хэмээн гуйж үлдснийгээ хүртэл шүүхэд худал тайлбарласан байна. Тухайн орон сууцны өмчлөгч Д.Б гадаад улсад оршин сууж байгаа болон орон сууцандаа амьдарч байгаагүй нь орон сууцаа өмчлөх эрхийг нь, хөрөнгө өвлөх эрхийг нь хязгаарлах, хасах үндэслэл болохгүй. Д.Б Монгол Улсын иргэншлээс гараагүй. Иргэншилээ сольсон байсан ч түүний өмчлөх эрх хуулиар хамгаалагдах юм. Р Энхжаргал нь хэдийгээр Н.Дэмбэрэлийн төрсөн охин мөн боловч бусдад үрчлүүлсэн. Тэрээр үрчилж авсан эцэг Рагчаа, эх Дашаахүү нарын хамт нэг өрх, ам бүл, төрүүлсэн эхийнхээсээ тусдаа ам бүл байсан, нэг гэр бүлийн гишүүд байгаагүй. Р.Э үрчилж авсан эцэг, эхийнхээ 4 өрөө орон сууцыг өвлөж авах эрхтэй. Өөрөө ч орон сууцтай байснаа өрөндөө алдсан. Нэг хүн төрүүлсэн ба үрчилж авсан эцэг эхээс аль алинаас хөрөнгө өвлөж авах нь шударга бус бөгөөд тухайн тохиолдолд Д.Бын эрх, ашиг сонирхолд харшилна. Р.Э өөрийгөө хуульд зааснаар өвлөгч гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны аль алинд Р.Э хамаарахгүй бөгөөд Гэр бүлийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу өвлөх, өмчлөх эрхгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр Р.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 101 дүгээр зүйлийн 101.1.дахь заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Р.Эын эзэмшилээс албадан чөлөөлж, уг орон сууны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Р.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Р.Э, түүний өмгөөлөгч Н.Тайван нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч талуудын гаргасан нотлох баримт шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлтийг удаа дараа хэрэгсэхгүй болгосон бөгөөд Д.Энхжаргал нь үрчлэгдсэн гэх үйл баримтыг нотлоогүй атлаа овог нь 2007 онд Рагчаа гэж солигдсон үйл баримтыг шийдвэртээ дурдаж хариуцагч өмчлөх эрхгүй гэх үндэслэл болгосонд гомдолтой байна. Үрчлэлт албан ёсоор хийгдээгүй, төрсөн аавын дүү нь хүүхэдгүй байсан учир тэднийд өссөн гэдэг факт үнэн боловч өөр айлд өссөн нь өвлөх эрхээ алдах хууль зүйн үр дагаварт хүргэхгүй гэх хариуцагч талын тайлбар нотолгоог анхан шатны шүүх огт хэрэгсэж үзсэнгүй. Хариуцагч Р.Э нь сөрөг нэхэмжлэл гаргаж Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн дагуу өвлөх эрхтэй гэж маргаж, нотариатчийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар, түүний олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх үндэслэлгүй хэмээн хүлээн аваагүй, давж заалдах гомдол гаргах эрхгүйгээр захирамжаа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барахад хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч Энхжаргал нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ авах шаардлагагүйгээр төрсөн эх, ах нарын өвийг хүлээн авсан үйл баримт нь тодорхой нотлогдож байхад өвлөх эрхийн гэрчилгээтэй маргаагүй гэж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-д заасны дагуу өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр нь өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болдог тул эхлээд шүүхээр өвлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх шаардлагатай байсан бөгөөд хууль ёсны өв залгамжлагч нарын хооронд үүсч байгаа өв хөрөнгийн маргааныг шийдвэрлээгүй байхад хариуцагчийг 20 жил амьдарсан ээжийнх нь орон сууцнаас албадан гаргахаар шийдвэрлэсэн нь хүнлэг бус төдийгүй хууль бус шийдвэр болжээ. Анхан шатны шүүхэд хариуцагч Р.Э өвлөх эрхийн маргаан үүсгэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх өөрөө хүлээн авахаас татгалзсан үйл ажиллагаа явуулсан байтлаа иргэн Энхжаргалыг Өвлөх эрхийн гэрчилгээ-ний хүчин төгөлдөр эсэх талаар зохих байгууллагад гомдол гараагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа талаар тайлбарласан боловч яг шүүх хурлын тухайн цаг мөчид гомдол гаргаагүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талын эрх ашигт илүү үйлчилсэн гэж хардахад хүргэж байна. Шүүхийн практикт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргаан бүхий асуудалд нотариатч нарыг хамтран хариуцагчаар эсхүл гуравдагч этгээдээр татан оролцуулах байдлаар маргааныг шийдвэрлэсэн байдаг нь энэ хэргийг адил төстэй хэргээс өөрөөр, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Анхан шатны шүүх тухайн этгээдүүдийн өвлөх болон өмчлөх эрхтэй болохыг тогтоосон шийдвэрийг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх, нэмэлт өөрчлөлт хийгдэх хууль зүйн үр дагавар бий болох бөгөөд хууль бусаар олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болоод Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах талаар хариуцагч нь захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй болох билээ. Гэтэл анхан шатны шүүх эсрэгээр нь эхлээд шүүхээр тогтоолгохгүй харин нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ болоод улсын бүртгэлтэй маргаж тэдгээрийг хүчингүй болгуулсны дараа өвлөгч, өмчлөгчөөр тогтоолгох нь зүйтэй буюу өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвийг хүлээн авсанд тооцож өмчлөгчөөр тогтоолгоход эхлээд Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар зохих байгууллагад гомдол гаргах ёстой байсан мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Гэтэл Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ганцаараа авсан үйл баримтыг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч олж мэдсэн үйл баримтыг шүүх анхаарч үзсэнгүй. Хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нотариатч С.Сүрэнжавт холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх энэ хэрэгт хамааралгүй, тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хэрэг гэж үзэж хүлээн авахаас татгалзсан нь шударга ёсонд нийцэхгүй, хариуцагчийг нэг асуудлаар шүүхэд дахин дахин нэхэмжлэл гаргахад хүргэж чирэгдүүлсэн. Шүүх хурал дээр хариуцагчийн зүгээс өмчлөх эрхтэй гэдгээ өвлөх эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээж аваагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх нэмэгдүүлэх, багасгах, татгалзах эрхийг хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар шүүх хурлын явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй, хэлцэлгүй орхисон нь дараагийн хурлын цаг өнгөрсөн тул энэхүү хэргийг яаравчлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хайнга явуулсан. Мөн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулж хэлэлцсэн хэрнээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлээр бүрдүүлбэр хангаагүй гэж тайлбарласан нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Р.Эд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Д.Быг АНУ явсан цагаас хойш тухайн орон сууцанд ээжтэйгээ хамт амьдарч байсан, одоо хүү Г.Энхбатын хамт өрхийн бүртгэлтэй амьдарч байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь Нийслэлийн орон сууц хувьчлалын товчоонд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл гаргаж, Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 50 000-ын хорооллын 18-р байрны 30 тоотыг гэр бүлийн гишүүдтэйгээ хувьчилж авах хүсэлтээ илэрхийлсэн, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаар тогтоолоор Д.Бт Сүхбаатар дүүрэг 4-р хороо 50.0 мянгат 18-р байр 30 тоот 28 м.кв сууцны талбай бүхий 2 өрөө сууцыг өмчлүүлж хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Н.Дэмбэрэл, Т.Батбаяр нарыг бүртгэсэн үйл баримт тогтоогджээ. /хх.56, 58-60/

Нэхэмжлэгчийн эх Н.Дэмбэрэл нь 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, ах Т.Батбаяр нь 2010 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч Д.Б 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 53 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 52 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр Сүхбаатар дүүргийн 4-р хороо 50 000-ын 18-р байр 30 тоот 2 өрөө орон сууцыг өвлөн авсан байна. /хх.75-78/

Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Д.Быг Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 50 мянгат 18-р байр 30 тоот хаягт байршилтай 28 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэжээ. /хх.84/

Мөн хэрэгт ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай, төрсний бүртгэлийн, Төрөл садангийн тухай лавлагааны хуулгууд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд Дэмбэрэлийн Энхжаргалыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 223 тоот захирамжаар 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбатар хотын Сүхбаатар дүүргийн 239-рт Урансүрэн овгийн Рагчаагийн Энхжаргал болгон өөрчилсөн, Р.Э нь Д.Бын төрсөн эгч болохыг, Сүхбаатар дүүргийн засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаартай захирамжаар УШ56031907 регистрийн дугаартай Дэмбэрэлийн Энхжаргалыг, Рагчаагийн Энхжаргал гэж өөрчлөн бүртгэсэн байна. /хх.18-20/

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан, анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч Р.Э нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өөрийгөө маргааны зүйл болж буй орон сууцыг өвлөх эрхтэй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч Д.Бт олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байх тул Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Р.Эын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Хариуцагчийн ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй, хэлцэлгүй орхисон гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Д.Б шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг итгэмжлэлээр Д.Бд олгож өөрийгөө төлөөлүүлэн нэхэмжлэл гаргуулсан байхад шүүх Д.Бгийн гэж томъёолсон нь зөрчилтэй болсныг залруулсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02771 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО