Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/02771

 

 

 

 

 

2020 11 09

181/ШШ2020/02771

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Э-д холбогдох

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Т, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төлөөлүүлэгч Дэмбэрэлийн Бу нь Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот 2 өрөө 28 м.кв. орон сууцны өмчлөгч бөгөөд 000740830 дугаартай үл хөдлөх хөренгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй болно.

Дэмбэрэлийн Бу уг орон сууцанд ээж Н.Дэмбэрэл, төрсөн ах Т.Батбаяр нарын хамт амьдарч байгаад 1996 онд АНУ-д ажиллаж амьдрахаар явсан. Ээж Д.Намсрай нь 2007 онд нас барсан, ах Т.Батбаяр мөн 2010 онд нас барсан.

Гэтэл Рагчаагийн Э гэдэг эмэгтэй орон сууцаа барьцаанд тавьж алдчихаад гэр оронгүй болоод 2000 онд ах бид 2-ын эзгүйд ээжийг элэг барьж үүдийг нь өдөр шөнөгүй нүдэж байгаад Д.Буын зөвшөөрөлгүйгээр түүний гэрт орж амьдрах болсон байна. Д.Бу гадаадад амьдарч байгаа тул арга хэмжээ авч чадаагүй өнөөг хүрсэн.

Одоо Р.Э нь нэхэмжлэгч Д.Буын орон сууцанд эзэн нь мэт амьдарсаар байгаа ба Д.Бу эх орондоо ирж гэртээ амьдрах хүсэлтэй боловч орон гэрийг нь хариуцагч суллаж өгөхгүй эрх, ашиг сонирхлыг нь ноцтой зөрчсөөр байгаа тул олгосон итгэмжлэлийн дагуу шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Р.Эыг өөр хүнд үрчлүүлсэн байгаа юм. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Бу юмаа. Өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшилээс шаардах эрхийнхээ дагуу шаардлага гаргаж байна. Туваан Дэмбэрэл нар нь Эын 5-6 настай байхад нь бусдад үрчлүүлсэн. Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхээ алдсан.

Иймд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцыг Р.Эын эзэмшилээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие Урансүрэн овгийн Рагчааийн Э, 1956 оны 3 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Бид ах дүү тавуулаа, бидний төрсөн эцэг Сүрэнгийн Туваан, эх Намсрайн Дэмбэрэл нар, Том ах Тувааны Бямба-Очир, эгч Тувааны Рэнцэнханд, ах Тувааны Батбаяр, би Рагчаагийн Э, дүү Дэмбэрэлийн Бу юм.

Миний төрсний гэрчилгээн дээр төрсөн эх Намсрайн Дэмбэрэл гэж бүртгэлтэй байдаг.

Би өөрийн төрсөн ээж Намсрайн Дэмбэрэлтэй ойр дотпо байж бага дүү Буыг АНУ явсан цагаас хойш орон сууцанд нь хамт амьдарч байгаад ээжийгээ харж асарч 2007 онд өөд болоход нь энэ байранд нь үлдэж одоог хүртэл амьдарч, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж 18 дугаар байранд 2000 оноос хойш хорооны хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд одоо ам бүл 2, хүү Ганбатын Энхбатын хамт бүртгэлтэй амьдарч байна. Уг орон сууцыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн дагуу өвлөн авсан.

Миний дүү Д.Бу нь ээжийг нас барахад ирээгүй, 2012 билүү 13 онд нэг ирсэн. Дараа нь 2019 оны намар ирсэн. Монголд ирээд 2019 онд ээжийн байрыг ганцаараа хууль бусаар өмчилж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсаныг шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад мэдлээ.

Д.Бу нь Рагчаагийн Э миний хамгийн бага төрсөн дүү бөгөөд 1996 онд АНУ-д цагаачлан АНУ-ын иргэншил авсан хүн билээ. Гэсэн ч би орон сууцны бүртгэлд байнга оршин суугчаар бүртгүүлж нэр усыг нь хасуулалгүй хадгалсаар явж ирсэн.

Манай дүү 1996 оноос хойш 25 жилийн туршид 2 удаа Монголд ирээд удалгүй буцсан учир түүнийг орон сууцны өмчлөгчийн эрхийн гэрчилгээ авсан талаар би огт мэдээгүй. Бу 2011 онд ирэхдээ Р.Эыг удаа дараа цагдаад өгч байсан. 2001 онд улсын бүртгэлийн гэрчилгээ авах үед Бу Монголд байгаагүй, энэ байрны өрхийн бүртгэлд Э 3 хүүхдийн хамт бүртгэлтэй байдаг. Хүн нэг удаа нэрээ солих эрхтэй. Э Рагчаагийн гэр бүлд өссөн, хоёр эцэг эх нь зөвшөөрч үрчлэлт хийгдээгүй, үрчлэгдсэн гэж гадуурхаж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй,энэ орон сууц Н.Тэмбэрэл, Т.Батбаяр, Т.Бу нарын өмч бөгөөд Т.Батбаярын хувийг Э хүлээн авсан гэж үзнэ. Батбаяр Дэмбэрэл нарын өвийн талаар шийдсэний дараа уг орон сууц хэний өмч гөдөг нь яригдах ёстой байтал ганцаараа өмчилж авсаныг хууль зөрчсөн гэж үзэж байна. Р. Э удаан хугацааны туршид буюу 12 жилийн хугацаанд эзэмшиж байгаа тул өмчлөгч болно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Намайг үрчилж авсан аав Түмэнбаярын Рагчаа МАХН-ын улс төрийн товчоонд ажиллаж байхдаа миний төрсөн ээж Намсрайн Дэмбэрэлд энэ орон сууцыг анх авч өгсөн бөгөөд миний бие Р.Э нь энэ байранд 2000 оноос хойш 20 жил амьдарч байна.

Ээж Н.Дэмбэрэлийг 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нас барах хүртэл нь асарч би хүүхдүүдийнхээ хамт энэ байранд амьдарч байсан бөгөөд миний ээжийн өмч байсан орон сууцыг өв нээгдсэн цаг мөчөөс хууль ёсны охин Р.Э би Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөх эрхийнхээ дагуу эзэмшиж ирсэн билээ.

Дүү Д.Бу нь Америкт байнгын оршин сууж ажил, амьдралтай болсон бөгөөд 1996 оноос хойш энэ байранд огт амьдарч байгаагүй, ээжийг болон ахыг нас барахад ч ирээгүй, өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаж байгаагүй, өвлөх эрхийн гэрчилгээ хуульд заасан хугацаанд авч байгаагүй учир түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Д.Бу эх Н.Дэмбэрэлийг нас барсанаас хойш өвлөх эрхийнхээ дагуу өвлөж аваагүй, энэ талаар ч хүсэлт гаргаж байгаагүй тул Р.Э өмчлөх эрхтэй.

Гэтэл 2019 онд хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байх магадлалтай, орон сууцыг ганцаар өмчилж авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь тэрээр энэ байрны ганц өмчлөгч нь биш юм.

Энэ байранд миний ах Т.Батбаяр бас бүртгэлтэй байсан боловч эхнэр 2 хүүгийн хамт Төмөр замд өөрсдийн орон гэр, байр сууцтай байсан учир биднээс тусдаа амьдарч байгаад нас барсан.

Ээж, ах хоёрыг нас барсанаас хойш энэ байрыг өвлөх, өмчлөх талаар хэн ч маргаан гаргаж байгаагүй, Р.Э би энэ орон сууцандаа үр хүүхдүүдийнхээ хамт амьдарсаар ирсэн.

Гэтэл дүү Бу 2019 оны намар Америкаас түр хугацаагаар ирэхдээ намайг орон сууцнаас хөөж, гарах чөлөөлөхийг шаардаж, цагдаа дуудаж маргаан үүсгэж байгаад явсан боловч төрсөн эгч нь тул намайг энэ байранд хууль бусаар орсон гэж үзэхгүй гэж цагдаа өргөдөл хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон.

Иймд Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот 2 өрөө 28 мкв орон сууцыг Рагчаагийн Э би өвлөх эрхийнхээ дагуу эзэмшиж байгаа тул уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хэрэг хэлэлцэх явцад уг орон сууцны хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоолгох шаардлагыг нэмж гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Д.Буын эгч Рэнцэнхандын хотын захиргаанд гаргасан өргөдлийн дагуу эцэг Тувааны гэр бүлд 1981 онд олгогдсон орон сууц бөгөөд Туваан гуай 1982 онд нас барсан, ах Т.Батбаяр өрх тусгаарласан.

Д.Бу эх Н.Дэмбэрэлийн хамт амьдрах болсон. Орон сууцны хувьчлалаар хамтран өмчлөгч нар нь нэхэмжлэгч Дэмбэрэлийн Бу ба түүний эх Намсрайн Дэмбэрэл, төрсөн ах Тувааны Батбаяр нар бичигдсэн. Эх Н.Дэмбэрэл, ах Т.Батбаяр нар нас барсан ба үл хөдлөх хөрөнгийн тэдгээрт ногдох хэсгийг Дэмбэрэлийн Бу өвлөн авснаар одоо цорын ганц өмчлөгч нь болсон юм.

Р.Э уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг хэн нэгнээс өвлөн аваагүй ба орон сууцны өмчлөлийн талаар ямар нэгэн эрх эдлэж байгаагүй түр оршин сууж байгаа атлаа худал тайлбар гаргаж байна.

Р.Э эзэн, өмчлөгч нь тодорхой орон сууцанд удаан хугацаанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч, хаягийн бүртгэл хийлгэсэн нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах үндэслэл болохгүй. Д.Бу 2019 оны намар эх орондоо ирээд гэрт нь түүний зөвшөөрөлгүй амьдарч байсан Р.Эыг хөөлгөж гаргахаар хорооны цагдаад гомдол гаргахад үнэхээр уг орон сууцны эзэн биш байсан учир хавар болохоор өөрөө гарна хэмээн гуйж үлдснийгээ хүртэл шүүхэд худал тайлбарласан байна.

Тухайн орон сууцны өмчлөгч Д.Бу гадаад улсад оршин сууж байгаа болон орон сууцандаа амьдарч байгаагүй нь орон сууцаа өмчлөх эрхийг нь, хөрөнгө өвлөх эрхийг нь хязгаарлах, хасах үндэслэл болохгүй. Д.Бу Монгол Улсын иргэншлээс гараагүй. Иргэншилээ сольсон байсан ч түүний өмчлөх эрх хуулиар хамгаалагдах юм.

Р Э нь хэдийгээр Н.Дэмбэрэлийн төрсөн охин мөн боловч бусдад үрчлүүлсэн. Тэрээр үрчилж авсан эцэг Рагчаа, эх Дашаахүү нарын хамт нэг өрх, ам бүл, төрүүлсэн эхийнхээсээ тусдаа ам бүл байсан, нэг гэр бүлийн гишүүд байгаагүй.

Р.Э үрчилж авсан эцэг, эхийнхээ 4 өрөө орон сууцыг өвлөж авах эрхтэй. Өөрөө ч орон сууцтай байснаа өрөндөө алдсан. Нэг хүн төрүүлсэн ба үрчилж авсан эцэг эхээс аль алинаас хөрөнгө өвлөж авах нь шударга бус бөгөөд тухайн тохиолдолд Д.Буын эрх, ашиг сонирхолд харшилна.

Р.Э өөрийгөө хуульд зааснаар өвлөгч гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 520, 520.1.1.-д заасны аль алинд Р.Э хамаарахгүй бөгөөд Гэр бүлийн хуулийн 59.3.-д заасны дагуу өвлөх, өмчлөх эрхгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Р.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

НЭГ: Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагч Р.Эд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцыг Р.Эын эзэмшилээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч магражээ.

1.1.Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцыг Д.Бу нь 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байжээ./хх-ийн 54, 55-р хуудас/

1.2.Д.Бу нь 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлалын товчоонд өргөдөл гаргаж Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцыг Н.Дэмбэрэл, Т.Батбаяр нарын хамт хувьчлан авч 0080484 дугаарын Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ./хх-ийн 56-61-р хуудас/

1.3.Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууц нь Н.Дэмбэрэл, Т.Батбаяр, Д.Бу нарын өмч мөн болохыг улсын бүртгэлийн Ү-2203007284 дугаарт бүртгэж, 0034066 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 67-70-р хуудас/

Н.Дэмбэрэл нь 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, Т.Батбаяр нь 2010 оны 2 дугаар сарын 15-ны өдөр тус тус нас баржээ./хх-ийн 17, 80-р хуудас/

1.4. Д.Бу нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот, улсын бүртгэлийн Ү-2203007284 дугаарт бүртгэлтэй, 0034066 дугаарын Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг өвлөхөөр 53, 52 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг авсан байна. /хх-ийн 75-78-р хуудас/

Д.Бу нь эх Дэмбэрэлээр овоглосон боловч түүний эцэг нь Сүрэнгийн Туваан, эх нь Намсрайн Дэмбэрэл болох нь түүний төрсний гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 79-р хуудас/

1.5.Д.Бу нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203007284 дугаарт бүртгэлтэй, 00740830 дугаарын гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтогдож байна /хх-ийн 71-74, 82-84-р хуудас/

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч Д.Бу нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшилээс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичгдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэжээ.

Бүртгэлийн талаар буруу ташаа болох гомдлоо хариуцагч Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Дээрх бүхнээс дүгнэхэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203007284 дугаарт бүртгэлтэй, 00740830 дугаарын гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Д.Бу мөн болох нь тогтоогдож байх тул уг орон сууцыг хариуцагч Р.Эын эзэмшилээс албадан чөлөөлөх үндэстэй.

ХОЁР: Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Р.Э нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.1.Сүхбаатар дүүргийн засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаартай захирамжаар УШ56031907 регистрийн дугаартай Дэмбэрэлийн Эыг, Рагчаагийн Э гэж өөрчилөн бүртгэсэн байна. /хх-ийн 18, 124-р хуудас/

2.2.Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцны оршин суугчдын 4 дүгээр хорооны Хүн ам, өрхийн бүртгэлд 1994 онд Д.Бу, Н.Дэмбэрэл, Т.Батбаяр, Б.Алтангэрэл, Б.Батгэрэл, Б.Цэцэгмаа гэж, 2006-2010 онд Д.Бу, Р.Э, Г.Төрболд, Д.Ганбат, Г.Батжаргал, Г.Энхбат гэж тус тус бүртгэлтэй байна./хх-ийн 96-104-р хуудас/

2.3.Хариуцагч Р.Э нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өвлөх эрхтэй гэж маргаж байгаа боловч Өвлөх эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр эсэх талаар зохих байгууллагад гомдол гаргаагүй болох нь зохигчийн тайлбар хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Р.Э нь Рагчаагийнд үрчлэгдсэн ч Дэмбэрэлийн Э байсан, зөвхөн эцгийнхээ нэрийг сольсон, олон жилийн турш уг орон сууцыг эзэмшиж байгаа, хорооны Хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэлтэй байгаа зэрэг шалтгаануудаар Р.Эыг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэсгүй .

Иймд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Р.Эын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Хариуцагч Р.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дээрх орон сууцны хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна гэсэн боловч уг шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн гэж үзэхгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судалсны дараа гаргасан тул уг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх шаардлагагүй юм.

Харин Р.Э нь хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа дурдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.,115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 101 дүгээр зүйлийн 101.1.дахь заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын гудамж, 18 дугаар байрны 30 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Р.Эын эзэмшилээс албадан чөлөөлж, уг орон сууны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Р.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО