Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00289

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00289

 

Ж.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03748 дугаар шийдвэртэй

Ж.Нын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/0672 дугаартай шүүгчийн захирамжаар 263 744 635 төгрөгийг М ХХК, Э.З, Ж.Н нараас гаргуулж, Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын Ү-2206023900 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Гандийн гудамж, 49А байрны 24 тоот хаягт байрлах 210.9 м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг зах зээлийн ханш гэх нэрийдлээр 458 707 500 төгрөгөөр үнэлэн үнэлгээ тогтоосон байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож, дахин зах зээлийн бодит ханшийг тогтоолгох хүсэлтэй байна. Нэхэмжлэгч Ж.Н Эрхийн улсын Ү-2206023900 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Гандийн гудамж, 49А байрны 24 тоот хаягт байрлах 210.9 м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг 2017 онд Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, хотын төвд байрлалтай, нэгдсэн харуул хамгаалалттай, амины орон сууц бүхий хотхонд байрлах орон сууцыг 1 м.кв талбайг 950 ам.доллараар буюу нийт 560 994 000 төгрөгөөр М ХХК-иас худалдан авсан ба өнөөдрийн зах зээлийн ханш үүнээс илүү тооцогдох ёстой байтал зориуд багасган үнэлсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, өмчлөгч миний зөрчигдсөн эрхийг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00672 дугаар захирамжаар М ХХК, Э.З, Ж.Н нараас 264 708 033 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19261946 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Майкс майнд ХХК болон Э.З, Ж.Н нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүй тул барьцааны хөрөнгө болох Ж.Нын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандийн гудамж, 49а байр 24 тоот 210.09 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023900 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19261946/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 19261946/05 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Э.З шинжээч томилох санал өгсөн, харин Ж.Н санал ирүүлээгүй. Төлбөр авагч Г ХХК шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5/265 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилсон бөгөөд шинжээч нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дээрх хөрөнгийн зах зээлийн үнийг 458 707 500 төгрөг гэж үнэлэгдсэн. Үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 4/18463 дугаар албан бичгээр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Ж.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00672 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023900 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамж, 49А дугаар байр, 24 тоот хаягт байршилтай, 210.9 м.кв талбай бүхий, зургаан өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ш.Батхүү нарт холбогдох үргэлжилсэн шүүх хуралдаанд оролцож байгаа талаарх баримтыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хамтаар хүргүүлсэн байхад шүүх хуралдааныг явуулсан нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 дэх хэсгүүдэд заасан нэхэмжлэгч талын мэтгэлцэх, тайлбар, нотлох баримт гаргах өгөх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, нотлох баримтыг шинжлэн судлахад тэгш оролцох зарчмыг зөрчиж шүүх хуралдааныг хийсэн. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуульд нийцээгүй байгаа ба шүүхийн үндэслэл болгосон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт ...нэхэмжлэгч түүний төлөөлөгч ,өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй... гэсэн үндэслэл заасан байгааг анхаарч үзнэ үү. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудсыг өөрийн хүсэлтийн хамт Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүргүүлсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.1-34.3.15-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаагүй шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2019/0672 дугаартай шүүгчийн захирамжаар 263 744 635 төгрөгийг М ХХК, Э.З, Ж.Н нараас гаргуулж Г ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ нь 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын Ү-2206023900 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Гандийн гудамж, 49А дугаар байрны 24 тоот хаягт байрлах 210,9 м.кв талбайтай 6 өрөө орон сууцанд зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор Сэлэнгэ эстимейт ХХК-ыг шинжээчээр томилсон байдаг. Улмаар 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Г.Отгонбаяраас дүгнэлт гаргах боломжтой эсэхийг тодруулан тэмдэглэл хөтлөхөд шинжээчээр ажиллах боломжтой талаар мэдэгдсэн байх ба 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр шинжээч Г.Отгонбаярт шинжээчээр оролцуулахтай холбогдуулан хууль сануулах ажиллагааг хийсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5/265 дугаартай шинжээч томилох тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК-ыг шинжээчээр томилсон байхад Г.Отгонбаярт хууль сануулан дүгнэлт гаргуулсны зэрэгцээ Сэлэнгэ эстимейт ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдэд хууль сануулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг нэхэмжлэгчийг эзгүйд хянан шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчим алдагдсаны зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, нотлох баримт гарган өгөх эрхийг мөн зөрчиж хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна. /хх.1-2, 45/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2019/00672 дугаар захирамжаар хариуцагч М ХХК, Э.З, Ж.Н нар 263 744 635 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-д 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Гандийн гудамж, 49А байрны 24 тоот хаягт байрлах 210.9 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, хариуцагч Э.З, М ХХК-ийн эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх.9-11/

НШШГГ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19261946/01 тоот тогтоолоор Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Гандийн гудамж, 49А байрны 24 тоот хаягт байрлах 210.9 м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан байна. /хх.55/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч Э.З Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Гандийн гудамж, 49А байрны 24 тоот хаягт байрлах 210.9 м.кв талбайтай 6 өрөө орон сууцанд үнийн санал өгөх боломжгүй тул мэргэжлийн үнэлгээний газраар үнэлгээ тогтоолгохоор, төлбөр авагч Г ХХК шинжээч томилуулах санал тус тус гаргасан байх тул НШШГГ 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5/265 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Сэлэнгэ эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Сэлэнгэ эстимейт ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №5/256 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа ...Ж.Нын өмчлөлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил Махатма Гандигийн гудамж 49А байр 14 тоот Ү-22069023900 тоот дугаартай 210.9 м.кв орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн нийт үнэ, цэнийг 458 707 500 төгрөг болохыг тодорхойлов гэсэн дүгнэлт хийсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

НШШГГ нь шинжээч томилж барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн, үүнтэй холбоотойгоор албадан дуудлага худалдаа зохион байгуулах болсон талаарх 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/24 тоот тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4/18463 тоот, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4/19236 тоот мэдэгдэл зэргийг төлбөр төлөгч М ХХК, Ж.Н, Э.З нар гардуулсан талаар талуудын хэн аль нь маргаагүй. /хх.93-96/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шинжээчийн дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй, нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчсөн гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2020/18917 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нотлох баримт гаргуулах, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулж, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан.

Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны товыг өмнө нь мэдэгдсэн, хуралдаанд хүрэлцэх ирэх үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу биш байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО