Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/03748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил, Махатма Гандийн гудамж, 49А байр, 24 тоот хаягт оршин суух, Ж.Н-ын нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, НШШГГ-т холбогдох,

 

 

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

  Шүүх хуралдаанд:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

  Нэхэмжлэгч Ж.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/0672 дугаартай шүүгчийн захирамжаар 263.744.635 төгрөгийг Макс Майнд ХХК, Э.З Ж.Н нараас гаргуулж, Г.Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

НШШГА нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын Ү-2206023900 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма гандийн гудамж, 49А байрны 24 тоот хаягт байрлах 210.9 м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг зах зээлийн ханш гэх нэрийдлээр 458.707.500 төгрөгөөр үнэлэн үнэлгээ тогтоосон байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрчсөн байна.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож, дахин зах зээлийн бодит ханшийг тогтоолгох хүсэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Н би Эрхийн улсын Ү-2206023900 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма гандийн гудамж, 49А байрны 24 тоот хаягт байрлах 210.9 м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг 2017 онд Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, хотын төвд байрлалтай, нэгдсэн харуул хамгаалалттай, амины орон сууц бүхий хотхонд байрлах орон сууцыг 1 м.кв талбайг 950 ам.доллараар буюу нийт 560.994.000 төгрөгөөр Модун ХХК-иас худалдан авсан ба өнөөдрийн зах зээлийн ханш үүнээс илүү тооцогдох ёстой байтал зориуд багасган үнэлсэнд гомдолтой байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, өмчлөгч миний зөрчигдсөн эрхийг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

/хх-ийн 1-2 тал/

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00672 дугаар захирамжаар М.М ХХК, Э.З, Ж.Н нараас 264.708.033 төгрөгийг гаргуулж Г.Б-нд олгохоор шийдвэрлэсэн.

 

 

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19261946 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч М.М ХХК болон Э.З, Ж.Н нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүй тул барьцааны хөрөнгө болох Ж.Нын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандийн гудамж, 49а байр 24 тоот 210.09 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023900 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19261946/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19261946/05 дугаар тогтоолоор хураасан.

 

 

 

Төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Э.З шинжээч томилох санал өгсөн, харин Ж.Н санал ирүүлээгүй.

 

 

 

Төлбөр авагч Г.Б шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/265 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор С.Э ХХК-ийг томилсон бөгөөд шинжээч нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дээрх хөрөнгийн зах зээлийн үнийг 458.707.500 төгрөг гэж үнэлэгдсэн.

 

Үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 4/18463 дугаар албан бичгээр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Ж.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Y-2206023900 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандийн гудамж 49А дугаар байр 24 тоот хаягт байршилтай, 210.9 м.кв талбай бүхий, орон сууцыг үнэлсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, үнэлгээний талаарх саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч Ж.Над мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй, төлбөр төлөгч Э.Золбаяр, төлбөр авагч Г.Б ХХК нь шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн, зах зээлийн ханшийг зориуд багасган үнэлсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00672 дугаартай захирамжаар:

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Макс Майнд ХХК, Э.Золбаяр, Ж.Н нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч 16.314.763,58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нар 263.744.635,84 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлөх, хариуцагч дурдсан хугацаанд 263.744.635,84 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тохиолдолд БГ1905115759 тоот зээлийн барьцааны, БД1905115759 тоот, БДГ20160913-04 тоот батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Ж.Нын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандийн гудамж, 49А дугаар байр, 24 тоотод орших, улсын бүртгэлийн Y-2206023900 дугаар бүхий 210.9 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууц, хариуцагч Э.Золбаяр, Макс Майнд ХХК нарын эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 /хх-ийн 9-11,49-50 тал/

 

 

 

Шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Макс Майнд ХХК, Э.Золбаяр, Ж.Н нар сайн дураараа биелүүлээгүй гэж үзэн төлбөр авагч Г.Б ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 101/ШЗ2019/13584 дугаартай Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 101/ГХ2019/01124 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэн хариуцагч НШШГГ нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19261946 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

/хх-ийн 47, 51 тал/

 

 

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Макс Майнд ХХК, Э.Золбаяр, Ж.Н нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүгчийн захирамжид тусгасан Ж.Нын өмчлөлийн, улсын бүртгэлийн Y- Y-2206023900 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандийн гудамж, 49А дугаар байр, 24 тоот хаягт байршилтай, 210.9 м.кв 6 өрөө хувийн сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хураан авсан байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч нар гомдол гаргаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

/хх-ийн 55, 60 тал/

 

 

 

  Төлбөр төлөгч Ж.Над шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураасан өмчлөлийн хувийн сууцны талаарх үнэлгээний санал өгөхийг 2020 оны 04 дүгээр сарын 29, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд, төлбөр төлөгч Э.Золбаярт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус мэдэгдсэн байх Ж.Н нь үнийн санал өгөөгүй, Э.Золбаяр болон төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээч томилуулан үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн байгаагаас үзэхэд талууд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй байна.

 

/хх-ийн 66-70 тал/

 

 

 

Нэгэнт талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №5/265 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

/хх-ийн 71 тал/

 

 

 

  Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ж.Нын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023900 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-аар дээрх орон сууцыг 458.707.500 төгрөгөөр үнэлжээ.

 

/хх-ийн 75-91 тал/

 

 

 

  Хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг мөн өдөр хүлээн авч, үнэлгээний талаарх 2020.05.19-ний өдрийн 4/18463 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Н, Э.Золбаяр нарын Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандийн гудамж, 49А дугаар байр, 24 тоот хаягт оршин суух Ч.Болортунгалагт гардуулж, танилцуулсан, мөн өдөр тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д: Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасантай нийцсэн байна.

 

/хх-ийн 93-94 тал/

 

 

 

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д:Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаас үзэхэд талууд уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш үнэлгээтэй холбогдсон гомдлыг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор шүүхэд гаргахаар байна.

 

 

 

  Нэхэмжлэгч Ж.Нын нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хүлээж авсан байх тул тэрээр үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргасан байна.

 

/хх-ийн 1-2 тал/

 

 

 

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 онд 560.994.000 төгрөгөөр худалдаж авсан, зах зээлийн ханш үүнээс илүү тооцогдох ёстой, зориуд багасган үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаагүй, тодруулбал энэхүү тайлбараа баримтаар нотолсонгүй.

 

 

 

Иймд хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00672 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн.

 

 

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023900 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандийн гудамж, 49А дугаар байр, 24 тоот хаягт байршилтай, 210,9 м.кв талбай бүхий 6 өрөө хувийн сууцыг үнэлсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, өмгөөлөгч Д.Наранцэцэг нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГт холбогдох

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00672 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023900 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамж, 49А дугаар байр, 24 тоот хаягт байршилтай, 210.9 м.кв талбай бүхий, зургаан өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2020/10938 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр байхыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ