Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00029

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02244 дугаар шийдвэртэй,

 

Ц.Цгийн нэхэмжлэлтэй, О.Бнд холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 4 364 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Бэнтэй 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 500 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарыг үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч О.Бэн нь зээлээ бүрэн төлөөгүй. Иймд үндсэн зээлийн 3 010 000 төгрөг, алданги 1 354 500 төгрөг, нийт 4 364 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Бэн би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Цгоос 8 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Үндсэн зээл, зээлийн хүү нийт 10 200 000 төгрөг төлөхөөс 7 990 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 2 210 000 төгрөгийг төлнө, 4 364 500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч О.Бэнгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2 510 000 төгрөг, алданги 1 255 000 төгрөг, нийт 3 765 000 /гурван сая долоон зуун жаран таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 599 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84 782 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 75 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба холбогдох нотлох баримтыг зохих журмаар үнэлсэнгүй.

О.Бэн би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Цгоос 8 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Үндсэн зээл, зээлийн хүү нийт 10 200 000 төгрөг төлөхөөс 7 990 000 төгрөгийг төлсөн байхад 7 690 000 төгрөг гэж буруу дүгнэсэн. Дансны хуулгаар 7 990 000 төгрөг төлсөн нь батлагдаж байгаа.

Анхан шатны шүүх Ц.Ц бид хоёрын гутал худалдах, худалдан авах харилцаатай холбоотой төлбөрийг зээлийн гэрээний төлөлтөд оруулан тооцсон юм шиг байна. Гутал худалдах, худалдан авах харилцаа нь өөр бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас гадуурх харилцааг зээлийн төлбөр тооцоонд оруулан тооцсон нь буруу. Би гуталны төлбөр тооцоог зээлийн төлбөр тооцоонд оруулан тооцохыг зөвшөөрөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн зээлийн төлбөр төлсөн хэсэг болох 7 690 000 төгрөгийг залруулан 7 990 000 төгрөг болгож өгнө үү.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээг багасгах боломжтой. Нэхэмжлэгчээс би 10 хувийн хүүтэй зээл авсан, энэ хүүгийн дүнгээр түүнээс олон удаа мөнгө зээлж, найдвартай буцаан төлдөг байсан. Би Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороололд гадаа худалдаа эрхэлдэг ба сүүлд зээл авсны дараа ковид цар тахал дэгдэж бидний арилжаа хумигдаж ирсэн ба өндөр үнэтэй зээлийн хүүг төлсөөр ирсэн. Зэх зээлийн дундаж хүү 5 хувьтай байгаа бөгөөд цар тахалын нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг тогтоох эрхийн хүрээнд зээлийн хүүг бууруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч О.Бэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 364 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2 210 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Ц нь О.Бэнтэй 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр О.Бэн нь 8 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр Ц.Цгоос зээлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Дээрх гэрээний дагуу Ц.Ц нь О.Бэнд 8 500 000 төгрөгийг шилжүүлсэн, О.Бэн нь уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Гэрээнд талууд зээлийн хүү тохиролцсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлдэгчээс зээлийн хүү шаардах эрхтэй, нэхэмжлэгч зээлийн хүүг тооцож нэхэмжлэл гаргасан нь зөв.

 

Зээлдэгч Ч.Бямбасүрэнгийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг нь 10 200 000 /үндсэн зээл 8 500 000 төгрөг + зээлийн хүү 850 000 төгрөг * 2 сар/ байх бөгөөд үүнээс төлөгдсөн 7 690 000 төгрөгийг хасч тооцвол 2 510 000 төгрөгөөр тодорхойлогдож байна.

 

Зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт тогтоосон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолт, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй.

 

Зээлдэгчээс төлсөн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгч алданги тооцож аваагүй тохиолдолд зээлдэгч нь гүйцэтгээгүй үүрэг болох 2 510 000 төгрөгөөс алданги төлөх үүрэгтэй бөгөөд 2 510 000 төгрөгийн 0.5 хувиар тооцвол 1 өдрийн алдангид 12 550 /2 510 000 * 0,5%/ төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд уг үүрэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул анхан шатны шүүх алдангийг хязгаарлаж 1 255 000 /2 510 000 төгрөгийн 50 хувь/ төгрөгөөр тооцсон нь зөв байна.

 

 Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Бэнгээс зээлийн гэрээний үүрэгт 2 510 000 төгрөг, алдангид 1 255 000 төгрөг, нийт 3 765 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 

Зээлийн гэрээний үүргээс 350 000 төгрөгийг хасч тооцох байсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн “зээл авсны дараа цар тахлын улмаас арилжаа хумигдаж, зээл төлөх боломжгүй болсон” гэх тайлбар нь үндэслэлгүй болно. Учир нь зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2 сарын хугацаатай байсан ба Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 29 өдөр батлагдсан хууль болон Засгийн газрын Коронавируст халдвар (covid-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай 167 дугаар тогтоол батлагдсан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө хариуцагч үүргээ гүйцэтгэх боломжтой байсан, үүрэг гүйцэтгэхэд саад болох хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн зээлдэгч нь зээлийн хүүгийн хэмжээг түүнд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзвэл анхан шатны шүүхэд зээлийн хүүг багасгах хүсэлтийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар гаргах байжээ. Энэ хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй, талууд мэтгэлцээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч зээлийн хүүг бууруулах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                       ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

 

                                                      Э.ЗОЛЗАЯА