Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2020/02244

 

 

 

 

 

 

 

 

             2020         10        05  

      182/ШШ2020/02244

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч: Д.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4.364.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Ц.Ц би Ц.Бтэй 2019 оны 11 дүгээр сарын 18-нд зээлийн гэрээ байгуулж 8.500.000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарыг үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц.Б нь зээлээ бүрэн төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийг гэрээнд заасны дагуу алданги 1.354.500 төгрөг, үндсэн зээлийн 3.010.000 төгрөг, нийт 4.364.500 төгрөг, нийт 4.364.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Ц.Б би 2019 оны 11 дүгээр сарын 18-нд Ц.Ц-с 8.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй гэрээ хийж авсан. Үндсэн зээл хүү нийлээд нийт 10.200.000 төгрөг төлөхөөс нийт 7.990.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 2.210.000 төгрөгийг төлнө. 4.364.500 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэв

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 3.010.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алданги 1.354.500 төгрөг, нийт 4.364.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь Ц.Б нь 8.500.000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. 7.990.000 төгрөгийг төлсөн. Одоо 2.210.000 төгрөгийг төлнө. Тиймээс 4.364.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Ц.Б-д 8.500.000 төгрөгийг  2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлүүлж иргэд хоорондын харилцан итгэлцлийн зээлийн гэрээг байгуулж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

 

Шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.

 

Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Б 7.690.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Ц-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ц.Ц-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 7.690.000 төгрөгийг авсан тухайд, хариуцагч нь 7.690.000 төгрөгийг төлсөн тухайд маргаагүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас  599.500 төгрөгийг хасаж тооцов.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д ...үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ...,

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д …зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д …анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй… гэж заажээ.

 

Иймд дээрх хуульд зааснаар үндсэн зээл 2.510.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 1.255.000 төгрөг, нийт 3.765.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 599.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Б-ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.510.000 төгрөг, алданги 1.255.000 төгрөг, нийт 3.765.000/гурван сая долоон зуун жаран таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 599.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.782 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 75.190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                               

                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН