Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 119/2017/0010/З |
Дугаар | 221/МА2017/0749 |
Огноо | 2017-10-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2017/0749
2017 оны 10 сарын 25 өдөр | Дугаар0221/МА2017/0749 | Улаанбаатар хот |
М.Л нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдлоор М.Л нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комисс, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч М.Л 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар тогтоол, Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар тогтоол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаар захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Э түр томилсон захирамжийн хэсгийг хүчингүй болгох, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.Л Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Э-ыг түр томилсон захирамжийн хэсгийг хүчингүй болгуулах”-г хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан М.Л Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдааны тооллогын комисст холбогдуулан гаргасан “Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч М.Л өмгөөлөгч Х.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Засаг даргыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал хурааж, саналын хайрцгаас 309 хүчинтэй саналын хуудас гарч санал өгсөн байна гэж шүүх дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан ирцийн бүртгэлээр 285 саналын хуудас багийн харьяа бүхий иргэнд Засаг даргыг нэр дэвшүүлэх сонгуульд оролцох эрхийг олгож тараагдсан нь нотлогдсон ирцийн бүртгэл бүхий нотлох баримт хэрэгт авагдсан.
Харин ирцийн бүртгэлд тэмдэглэгдээгүй 24 хүн санал өгсөн нь сонгуульд санал өгөх эрхтэй иргэн байсан эсэх нь нотлогдоогүй байхад шүүх хууль ёсны санал өгсөн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг зөрчсөн.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ирцийн бүртгэл нь сонгуулийн үйл явцыг тодорхойлж буй нотлох баримт. Уг нотлох баримтыг үнэлээгүй атал хуралдааны тэмдэглэлийг үнэн зөвд тооцож байгаа нь үндэслэлгүй. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзэж дүгнэлт өгөх ёстой. Ирцийн бүртгэл бүхий нотлох баримтыг үгүйсгэж буй үндэслэлийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.
2.Ирцийн бүртгэл бүхий нотлох баримт сонгуульд оролцохоор ирсэн иргэдийн нэрс байх боловч регистр бичигдээгүйгээс сонгуулийн насны иргэн оролцсон эсэх нь тодорхойгүй. Энэхүү нотлох баримт нь сонгуулийн насны иргэн оролцсон гэж үзэх үндэслэлийг үгүйсгэсэн болохыг шүүх анхаарч үзэлгүй, үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй гэх дүгнэлтийг хийсэн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасан сонгуулийн насны, тухайн багийн иргэн оролцсоныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин үгүйсгэсэн баримт хэрэгт авагдсан байхад шүүх үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн.
3.Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэж гарсан. Уг Тооллогын комиссын тогтоолд хэдэн хүн сонгуульд оролцсон нь тодорхойгүй, саналын хэдэн хуудас хайрцагнаас гарсан нь, санал авсан хүний тоо байхгүй, тооллогын комиссын гарын үсэг зурагдаагүй байдаг.
Шүүх хуралдаанд тооллогын комиссын дарга Б.П саналын хүчингүй хуудас 1, 2 гарсан гэсэн ба тодруулаад асуухад андуурсан гэсэн хариулт өгсөн. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн гарсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний Б/09 дүгээр Яргуйт багийн Засаг даргаар М.Эрдэнэбулганыг томилсон захирамж хууль зөрчөөгүй гэж дүгнэлт хийсэн нь Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг шүүх анхаарч үзэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Яргуйт багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх хурлын Тооллогын комисс хууль ёсны дагуу саналын хуудсыг тоолж, хууль ёсны дагуу хурлын үйл ажиллагаа явагдсаныг үгүйсгэх баримт хэрэгт авагдсан байхад уг тогтоолыг хууль ёсны гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад уг зөрчлийг арилгах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 81 дүгээр захирамжаар Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Э түр томилсон хэсгийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Баян-Өндөр сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар татаагүй атлаа Засаг даргын орлогч Ц.О бичгээр тайлбар авч, улмаар хэргийг шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл энэ талаар гарсан шүүгчийн захирамж хавтаст хэрэгт байхгүй, иймд хэргийн бус оролцогчоос авсан тайлбараар энэхүү процессийн алдааг зөвтгөх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан алдааг залруулсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН