Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02404

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00015

 

 

Л.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03001 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Мын хариуцагч Ц.Гт холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2012 оны 01 сард Ц.Гтай танилцаж, 2012.08.08-ны өдөр гэр бүл болсон. Амьдрах хугацаанд 2013.07.28-ны өдөр охин Г.Урангоо, 2015.07.04-ний өдөр охин Г.Сэцэнгоо, 2018.05.22-ны өдөр охин Г.Маралгоо нар төрсөн. Ц.Г анх жирэмсэн болсон цагаас архи уух нь ихсэж, гар хүрч эхэлсэн. Дунд охин төрсний дараа бид хотод Баянгол дүүрэг, 9 хороо, 44-44 тоотод амьдарсан. Согтуу үедээ хутга барьж ална гэж сүрдүүлдэг, өөрийгөө хутгалж байсан. Гэр орноос байнга хөөж, би ээжийндээ амьдарч байгаад 2019 оны 7 сард эргэн нийлсэн. Энэ хугацаанд хадмууд маань байрыг маань түрээслэж, мөнгийг өөрсдөө авдаг байсан. архи уух хугацаа нь олширсон, хэл амаар байнга доромжилдог, хүсээгүй байхад бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Охидынхоо хажууд гэрт хүн дагуулан ирж архидаж зодоон хийдэг. Иймээс охидынхоо аюулгүй байдлын төлөө гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгоно, 2015 оны 5 сард Баянгол дүүрэг, 9 хороо, 44-44 тоот орон сууцыг гэр бүлээрээ амьдрах зориулалтаар нөхрийн эцэг, эх 80,0 сая төгрөгөөр худалдан авч өгсөн. Иймд 47,7 м.кв 2 өрөө байрнаас өөрт болон 3 охинд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хааяа архи дарс уудаг ч ямар нэг биеийн болон сэтгэл санааны дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Бидний хувьд байнгын хэрүүлтэй, манай эхнэрийн зан араншин нь их хэцүү байнга хардаж, хэлэх, хэлэхгүй үгээр хэлж доромжилдог. Миний хувьд буцаад нийлье, дахиж алдаа гаргахгүй гэж утсаар болон мессенжерээр удаа дараа гуйж байсан. Хэрэв намайг уучлаад эргээд ирвэл дахин архи, дарс уухгүй гэдгээ амлаж байна, багадаа хойд эцгийн гар харж байсан учраас амьдралыг яаж даван туулдгийг сайн мэднэ. Эцэг хүний хувьд хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулахгүй хамт амьдрах л хүсэлтэй байна. Баянгол дүүргийн 9 хороо, 44 байр, 44 тоот 2 өрөө орон сууцыг миний эмээ Н.Нина, аав, ээж маань өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр тэтгэврийн зээл, Солонгос улсад аав маань ажил хийж мөнгө олох зэргээр 2015-2018 онд дээрх байрыг 3 жил хувь лизинг хийж биднийг хорооллын гэрт хадмынд байхад энэ байранд бүрэн тавилгатай нь сайхан амьдар гэж оруулсан ч Мөнгөнсувд 2 удаа сална, энд амьдрахгүй гэж явахдаа бүх эд хогшлоо аваад явсан. Энэ байрыг авахад эхнэр бид 2 эд хөрөнгө, мөнгө, өмч, хувь нийлсэн зүйл үгүй болно. Энэ байр эмээгийн өмчлөлд байдаг. Эмээ нас барсан болохоор одоо бүх хүүхдүүд нь эн тэнцүү хувааж авах өв хөрөнгө нь болж үлдсэн юм. Бидэнд Сонота-7 маркийн автомашин аав, ээж авч өгснийг эхнэр заруулж ахдаа мөнгө зээлүүлж, үлдсэн мөнгөөр нь Омни капитал ББСБ-ын зээлээр Приус 30 маркийн автомашин авсан, одоо ч сар бүр 505,000 төгрөг төлж байна. 3 охиноо цэцэрлэг сургуульд зөөж байя гэж авсан боловч зээлээ төлж дийлэхгүй болсон тул машиныг миний эцэг эхэд эргүүлэн өгсөн ба энэ зээлийг ээж аав төлж байна. Өргүй сайхан амьдарч байхад өр тавиулж лизинтэй машин авсандаа одоо ч харамсаж явдаг. Энэ байранд бидний зүгээс 1 төгрөг ч оруулаагүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Онхууд овогтой Цэнгэлмаагийн Ганбаяр /РД:ФА92042251/, Боржигон овогтой Лхагвасүрэнгийн Мөнгөнсувд /РД:НЙ89121200/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Г.Урангоо, охин Г.Сэцэнгоо, охин Г.Маралгоо нарыг эхийнх нь асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин Г.Урангоо, охин Г.Сэцэнгоо, охин Г.Маралгоо нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ц.Гаар тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ц.Гыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Л.Мад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар Баянгол дүүрэг, 9 хороо, 44-44 тоот 47,7 м.кв 2 өрөө орон сууцаас өөрт болон 3 охинд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 50,350 төгрөг гаргуулан орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 477,950 төгрөгийг орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн маргаантай холбоотой шаардлагаа болон цаашид хүүхдүүдэд гарсан зардлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулах гэр бүл цуцлах маргаантай хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Маргаан бүхий 47.7 м.кв орон сууцыг Ц.Гын эцэг, эх, талийгаач эмээ Н.Нина нарын хөрөнгөөр худалдан авч, зөвхөн хүү Ц.Гын өмчлөлд шилжүүлж, энэ байранд гэр бүлээрээ амьдарч байсан тухай зохигчид маргадаггүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй гээд хүүхдүүдээ аваад Л.М явсны дараа эмээ Н.Нинагийн өмчлөлд 2019 оны 3 сарын 07-ны өдөр шилжүүлснийг эхнэр Л.М сайн мэдэж байгаа. Тиймдээ ч 2020 оны 1 сард шүүхэд өргөдөл гаргахдаа эд хөрөнгийн маргаангүй гэдгээ бичсэн. Гэрлэлт цуцлах нэхэмжлэл шүүхэд өгөхөөс өмнө буюу 2019 оны 3 сарын 07-ны өдөр маргаан бүхий эд хөрөнгө 2 өрөө орон сууцыг ээж, аавын шаардсанаар эмээгийн нэр дээр шилжүүлсэн. Нэг жил гаруй хугацаа өнгөрсний дараа эхнэр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж бидний асуудлыг шүүх 2020 оны 10 сарын 12-ны өдөр шийдвэрлэсэн. Бидний амьдарч байсан 2 өрөө орон сууц нь аав, ээж эмээгийн хөрөнгөөр бий болсон тэдний өмч учраас би талийгаач эмээгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тэдний байранд 2 жил гаруй хугацаанд амьдарсан болохоос манай гэр бүлийн өмч хөрөнгө биш юм. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэсний дагуу маргаж байгаа дээрх байр нь эмээгийн өмчлөлд очсон. Талийгаач эмээгийн өмчлөлд байр шилжсэний дараа эд хөрөнгийн маргаангүй гэснийг харгалзан үзэж, эхнэр Л.Мын 80 сая төгрөгийн үнэ бүхий 47.7 м.кв 2 өрөө байрыг өөрт болон 3 охинд ногдох хэсгийг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Ц.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.

Гэрлэгчид 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2013 оны 07 сарын 28-ны өдөр охин Г.Урангоо, 2015 оны 07 сарын 04-ний өдөр охин Г.Сэцэнгоо, 2018 оны 05 сарын 22-ны өдөр охин Г.Маралгоо  нар төрсөн байна.

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан ба шүүх 2013 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн хүүхэд 7 нас хүрсэн байхад түүний саналыг асуугаагүй нь уг хуулийн зохицуулалтад нийцээгүй болно.

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлахаас гадна гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гарган уг хөрөнгөөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 44 байр, 44 тоот, 2 өрөө 47.7 м.кв талбай бүхий орон сууцыг зааж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... тухайн орон сууцыг гэр бүлээрээ хамтран амьдрах зориулалтаар нөхрийн эцэг, эх худалдан авч өгч бид амьдарч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ц.Гын нэр дээр бүртгэлтэй байсан боловч эмээ Н.Нинагийн нэр дээр шилжүүлсэн ... гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасныг буюу хэргийн оролцогч нас барсан гэх зохицуулалтыг үндэслэн дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь, энэ хэргийн оролцогч нь Л.М, Ц.Г нар бөгөөд хариуцагч Ц.Гын эмэг эх нас барсан байгаа нь хэргийн оролцогч нас барсан гэж үзэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан үндэслэл биш юм. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, одоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох бодитоор байгаа орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар, эсхүл уг эд хөрөнгийг нэг тал захиран зарцуулсантай холбоотой шаардлага гаргаж буй аль нь болохыг тодорхой болгосны эцэст аль шаардлагаас нь хамааран хэрэглэвэл зохих хууль тодорхойлогдох учиртай.

Мөн маргааны зүйл болж буй уг орон сууц гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг эргэлзээгүй тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ба хэрэгт энэ талаар хангалттай баримт авагдаагүй байна.

Эдгээр нөхцөл байдлын талаар талууд бүрэн мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй болно.

Иймд, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 030 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ