Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00071

 

МАГАДЛАЛ

2021.01.04 Дугаар 71

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03219 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ч, Ж.Ч нарт холбогдох, өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох 30 633 035 төгрөг гаргуулах үндсэн, өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардал 26 950 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Ж.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Анар, гуравдагч этгээд Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дамдинсүрэнгийн ууган хүү болж төрсөн. Эцэг Р.Дамдинсүрэнд Шаазан ваарны үйлдвэрээс 1986 онд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо, 34б байрны 75 тоотод байрлах 1 өрөө орон сууц өгсөн. Р.Дамдинсүрэн нь 1973 оны 7 дугаар сарын 26-ны өдөр З.Долгорсүрэнтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Уг орон сууцны өмчлөгчөөр Р.Дамдинсүрэн, хойд эх З.Долгорсүрэн, Д.Б миний бие тус тус бүртгэлтэй. Эцэг Р.Дамдинсүрэн 2004 онд, хойд эх З.Долгорсүрэн 2015 онд нас барсан. 2015 оноос хойш уг байранд З.Долгорсүрэнгийн зээгийн хүүхэд Г.Ж амьдарч байна. Орон сууцыг өмчилж байсан З.Долгорсүрэнгийн хууль ёсны өвлөгч Ж.Ч, Ж.Ч нар өв хүлээн авах хүсэлт гаргаж 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өвлөх эрхийн 33 дугаар гэрчилгээг, Р.Дамдинсүрэнгийн хууль ёсны өвлөгч болох Д.Б миний бие өв хүлээн авах хүсэлт гаргаж 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 55 тоот гэрчилгээг авсан. Уг орон сууц Г.Ж, Ж.Ч, Ж.Ч нарын эзэмшил, ашиглалтад байна. Тиймээс орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд үлдээж орон сууцны үнэ 45 949 553 төгрөгийн 3/2 хувь буюу 30 633 035 төгрөгийг Ж.Ч, Ж.Ч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Ч, Ж.Ч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 1980-аад оны эхээр хулгайн хэргээр удаа дараа шоронд орж хорих ял эдэлж байсан. Эцэг Р.Дамдинсүрэн тэр үед хүнд өвчтэй, групптэй байсан бөгөөд Д.Б эцгээ нэг ч удаа эргэж тойрч байгаагүй, хааяа нэг ирэхдээ хөөрөг, цаг, мөнгө төгрөгийг нь хулгайлан явдаг байсан. 1986 онд уг орон сууц ашиглалтад орох үед миний бие 2 жил хамт амьдарч байсан. 1988 онд уг байранд миний эх З.Долгорсүрэн, Р.Дамдинсүрэн нар хамт амьдрах болсон. Орон сууцанд орохын өмнө Баянгол дүүрэг, гандангийн дэнж орхоны 6 дугаар гудамж 13 тоот хашаанд зуны модон байшин, гэрт амьдарч байсан. Энэ хашаа, байшин, гэрийг Р.Дамдинсүрэн нь Д.Бөд өгсөн. Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд Д.Б-ийн нэр байгаагүй, 1998 онд өмч хувьчлалын үед Р.Дамдинсүрэнгийн дүү болох цагдаагийн байгууллагад ажилладаг хүн бичиг баримтыг зохицуулж өгнө гээд зөвшөөрөлгүйгээр түүний нэрийг оруулсан. Эх З.Долгорсүрэнтэй хамт зээ охин Н.Гүндэгмаа нь хүү Г.Жгийн хамтаар амьдарч байсан. З.Долгорсүрэнг 2015 онд нас барсан цагаас хойш Г.Ж нь эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Өвлүүлэгчийн асрамжид байсан Г.Ж нь 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Өвлүүлэгч Р.Дамдинсүрэн 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд өвлүүлэгчийн асрамжид байсан 12 настай хөдөлмөрийн чадваргүй иргэн юм. Тухайн үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг хамгаалахад гарсан зардлыг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагыг гаргаж байна. Дундын өмчлөлийн хөрөнгийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг өмчлөгчид нь хувь тэнцүүлэн хариуцах ёстой. 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны орон сууц ашиглалтын зардал буюу дулаан, цахилгаан, усны төлбөр, СӨХ-ны төлбөрт нийт 18 400 000 төгрөг, орон сууцад гурван удаа их завсар хийж нэг удаад дунджаар 2 850 000 төгрөг, нийт 8 550 000 төгрөгийн засвар хийсэн. Иймд Д.Бөөс 26 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тухайн орон сууцыг Г.Ж өвлүүлэгч нарыг нас барснаас хойш эзэмшиж, ашиглаж байгаа. Байрны зардлыг Ж.Ч, Ж.Ч нар төлсөн гэж нэхэмжилж байгаа бол Г.Жгаас нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуульд заасан өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах зардалд ашиглалтын зардал хамаарахгүй. Ж.Ч, Ж.Ч, Г.Ж нар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан учраас ашиглалтын зардлыг өөрсдөө төлөх үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 хороолол, 34б байр 75 тоот хаягт байршилтай 12 м.кв, нэг өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003062 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Ж.Чулуунцэцэг, Ж.Ч нарын өмчлөлд үлдээж, хариуцагч нараас 22 974 777 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 658 258 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2.4 зааснаар нэхэмжлэгч Д.Бөд холбогдох 26 950 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Чулуунцэцэг, Ж.Ч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Б-ийн төлсөн 381 320 төгрөг, хариуцагч Ж.Чулуунцэцэг, Ж.Ч нарын сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 292 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 272 823 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Г.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 942 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс буюу шүүхийн зардалд нэхэмжлэгч Д.Бөөс 148 500 төгрөг, хариуцагч Ж.Чулуунцэцэг, Ж.Ч нараас 445 500 төгрөг гаргуулж үүнээс шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК-д 80 000 төгрөг, Лэнд ХХК-д 264 000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д 250 000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Д.Бөд 22 974 777 төгрөг олгуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн. Д.Б нь өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжилсэн байхад шүүх талуудын зарчмыг зөрчиж орон сууцны хамтран өмчлөгч болохын хувьд өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэж дүгнэсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Мөн өвлүүлэгч Р.Дамдинсүрэн нь 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд өвлүүлэгчийн асрамжид байсан 12 настай байсан Г.Ж нь бусад өвлөгч нартай адил тэнцүү хэмжээгээр өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй тул өвлөгч болохоо тогтоолгох шаардлага гаргасан. Д.Б нь өвлүүлэгч Р.Дамдинсүрэнг нас барах хүртэл хамт амьдарч байгаагүй. Мөн өв нээгдснээс хойш нэг жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн удирдаж, өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ. Иймд Д.Б эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003062 дугаартай өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох шаардлага гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахгүй өөр журмаар шийдвэрлэх асуудал гэж дүгнэсэн. Г.Ж нь өвлүүлэгч Р.Дамдинсүрэнг нас барах үед 12 настай байсан нь түүнийг өвлүүлэгч нарын асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн болох нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, орон сууц ашиглалтын карт, иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ болон бусад баримтаар тогтоогдсон. Шүүх бие даасан шаардлагуудыг өөр журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн бол энэ хэргийг шийдвэрлэхдээ урьдчилан дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд уг дүгнэлт нь Г.Ж тухай үйл баримтын талаар шүүхэд хандахад хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Гэрч н.Жаргалсайхан Д.Б нь өөрийгөө тухайн байранд амьдарч байсан гэх утгатай мэдээллийг өгснийг үндэслэн өв хүлээн авсан гэж үзсэн. Хэрэв энэ нь бодит бус байвал шүүх дүгнэх боломжтой гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх баримт хэрэгт авагдсан байхад өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгосон асуудлыг шүүх дүгнээгүй. Шүүх хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах болон өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах харилцааг ялгаагүй. Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн үнэлгээ нь бодит зах зээлийн мэдээлэлд тулгуурлаагүй. Үнэлгээг гаргахдаа алдаа гаргасан гэх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн үндэслэлээр тухайн үнэлгээг эс зөвшөөрч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар дахин үнэлгээ хийлгэсэн. Гэтэл шүүх Лэндс ХХК-ийн үнэлгээг үндэслэл болгосон нь хариуцагчийн эрх ашигт хохиролтой байна. Мөн орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд үлдээж, Д.Бөд мөнгөн хөрөнгө олгож шийдвэрлэсэн нь эрх зүйн ноцтой зөрчил болно. Одоогоор орон сууцны өмчлөгчөөр Д.Б бүртгэлтэй, өмчлөгчөөс хасаагүй тул хариуцагч нараас мөнгөн төлбөр гаргуулж авсны дараа нэр нь улсын бүртгэлд үлдэхээр байна. Д.Б нь өмчлөх эрхээ хэн нэгэнд эсхүл хариуцагчид хүчээр худалдан борлуулах шаардлагыг аливаа хэлбэрээр гаргахыг үгүйсгэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, мөн талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Ч, Ж.Ч нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байр 75 тоотод байрлах 12 м.кв, 1 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг болон талийгаач Р.Дамдинсүрэнгийн өвлөгдөх хэсгээс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардалд 26 950 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /2хав-464, 3хав-80-82/

 

Хариуцагч Ж.Ч, Ж.Ч нар Г.Ж нь талийгаач Р.Дамдинсүрэнг нас барах буюу 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хамт амьдарч байсан, 12 настай хөдөлмөрийн чадваргүй байсан тул Р.Дамдинсүрэнд ногдох хэсгээс өвлөх эрхтэй гэж маргасан.

 

Маргааны зүйл болсон Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байр, 75 тоот, 12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Р.Дамдинсүрэн, З.Долгорсүрэн, нэхэмжлэгч Д.Б нар бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогджээ. /1хав-4,6х/

 

Р.Дамдинсүрэн, З.Долгорсүрэн нар 1973 онд гэр бүл болж, 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, нэхэмжлэгч Д.Б нь Р.Дамдинсүрэнгийн төрсөн хүүхэд, хариуцагч Ж.Ч, Ж.Ч нар нь З.Долгорсүрэнгийн төрсөн хүүхдүүд буюу Р.Дамдинсүрэнгийн дагавар хүүхдүүд болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн газрын лавлагаа зэрэг баримтууд тогтоогдсон. Мөн Р.Дамдинсүрэн нь 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, З.Долгосүрэн нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны нас барсан байна. /1хав-7-10-х/

 

Иймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагч Р.Дамдинсүрэнгийн өвлөгч нь түүний хүү Д.Б, эхнэр З.Долгорсүрэн нар гэж үзнэ. Мөн хариуцагч Ж.Ч, Ж.Ч нарыг талийгаач З.Долгорсүрэнгийн хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Ж.Чад 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр олгосон 33 дугаар, нэхэмжлэгч Д.Бөд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр олгосон 55 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр тус тус өвлөгдсөн орон сууцанд Г.Ж гэр бүлийн хамт амьдарч байгаа талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Ч, Ж.Ч нараас өвлөгдвөл зохих эд хөрөнгө болон өөрт ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр шаарджээ.

 

Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 34б байрны 75 тоот 1 өрөө орон сууцны үнийг Итгэлт-Эстимэйт ХХК 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 46 613 000 төгрөгөөр, Лэндс ХХК 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 45 949 553 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 31 525 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна. /1хав-73-89, 108-131, 2хав-305-329/

 

Анхан шатны шүүх Лэндс ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тогтоосон үнээр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.2 дахь заасанд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, өвлөгдөх эд хөрөнгө болох орон сууцны үнийг цаг хугацааны хувьд хамгийн сүүлд гарсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн үнэлгээ 31 525 000 төгрөгийг бодит үнэ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Иймээс орон сууцны үнэ 31 525 000 төгрөгийг талийгаач Р.Дамдинсүрэн, З.Долгорсүрэн, нэхэмжлэгч Д.Б нарт ногдох хэмжээгээр хувааж, өвлүүлэгч Р.Дамдинсүрэнд ногдох хэсэг болох 10 508 333 төгрөгийг хууль ёсны өвлөгч Д.Б, З.Долгорсүрэн нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул нэхэмжлэгч нь уг орон сууцнаас өөрт ногдох 10 508 333 төгрөг, талийгаач Р.Дамдинсүрэнгийн өвлөгдөх 5 254 166 төгрөг, нийт 15 762 499 төгрөгийг хариуцагч Ж.Ч, Ж.Ч нараас шаардах эрхтэй.

 

Гуравдагч этгээд Г.Ж нь өвлүүлэгч Р.Дамдинсүрэнг нас барах үед 12 настай байсныг үндэслэн түүнийг өвлүүлэгчийн асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн Д.Б нь Р.Дамдинсүрэнгийн өвлүүлэх хэсгээс өөрт ногдох хэсэг болон өөрийн өмчлөх хэсгийг гаргуулахаар шаардсан тул хариуцагч Ж.Ч, Ж.Ч нар талийгаач З.Долгорсүрэнд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр бүртгүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Өвлүүлэгч Р.Дамдинсүрэнг нас барснаас хойш тухайн орон сууцад хариуцагчийн нарын эх, нас барагч З.Долгорсүрэн амьдарч, түүнийг нас барснаас хойш гуравдагч этгээд Г.Жгийн эзэмшил, ашиглалтад байгаа болох орон сууц ашиглалтын карт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Иймд орон сууц ашиглалтын болон засварын зардлыг Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.4-т заасан өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардал гэж үзэхгүй тул нэхэмжлэгч Д.Бөөс 26 950 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Ч, Ж.Ч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03219 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ч, Ж.Ч нараас 15 762 499 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 870 536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ...272 823 төгрөг гэснийг ...236 762 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 272 824 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА