Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00105

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02425 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.У-ийн хариуцагч Э Г Ц БСБ-д холбогдуулан гаргасан сургалтын төлбөр 9 405 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Л.У- нь 3 настай ач охин Б.Индра, ач хүү Б.Тэмүгэ нарыг Э Г Ц-т сургах зорилгоор хариуцагч байгууллагатай 2019 оны 08 сарын 29-ний өдөр Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ-г тус тус байгуулсан. Гэрээний дагуу 9 сарын төлбөрт нийт 18 810 000 төгрөг төлсөн. Гэтэл Ковид-19 цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс хойш цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, хүүхдүүд цэцэрлэгт явах боломжгүй болсон. Энэ хугацаанд хичээлийн хагас жилийн төлбөртэй тэнцэхүйц үр дүн, үйлчилгээ, сургалт, хоол хүнсийг огт авч чадаагүй болно.

Иймд дээрх гэрээнүүдээс татгалзаж гэрээний дагуу төлсөн төлбөрийн 50 хувь болох 9 405 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Э Г Цийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдсан боловч цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнийг давагдашгүй хүчин зүйл бий болсон гэж үзнэ. Гэвч Э Г Цийн зүгээс танхимын сургалтын үйл ажиллагаа үзүүлээгүй ч сургалтын гэрээгээ ухамсарлан хүүхдүүдийг чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео, цахим хичээл бэлтгэж хүүхдүүдэд хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн.

Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж хүүхдүүд ирэхгүй ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э Г Ц БСБ-д холбогдох 9 405 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 165 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: 2019 оны 08 сарын 09-ний өдрийн гэрээг Л.У-тэй байгуулж, тэрээр гарын үсэг зурсан тул Э Г Ц БСБ болон Л.У- нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Талуудын байгуулсан гэрээгээр 2 хүүхдийн сургалтын төлбөр 18 810 000 төгрөг төлөх үүргийг Л.У- хүлээсэн боловч түүний өмнөөс Гүнд хэлткер энд эдүкэшн сан төлбөрийг төлсөн. Сургалтын төлбөрийг төлснөөр тухайн сан дээрх гэрээний оролцогч, нэг тал болоогүй, гэрээний дагуу санд ямар нэгэн эрх, үүрэг үүсээгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Агуулгын хувьд төлбөр төлсөн этгээд буцаан шаардах эрхтэй гэсэн байдлаар асуудалд хандаж. гэрээний талууд хэн болох, хэн ямар үүрэг хүлээсэн болохыг шүүх огт дүгнэлгүй буруу шийдвэр гаргасан байна.

Гүнд хэлткер энд эдүкэшн сан нь дүрэмдээ "Сангийн зорилго нь Гүнд овогтны болон Гүнд инвесмент ХХК-ийн бий болгосон үнэ цэнийг түүний хувьцаа эзэмшигчдийн ойрын төрөл садан, тэдгээрийн үр хүүхдүүд болон Гүнд инвесмент ХХК-д үнэтэй хувь нэмрээ оруулсан ажилтнуудад танин мэдэх, амьжиргааны, аюулгүй байдлын зэрэг хэрэгцээгээ хангахад нь дэмжлэг үзүүлэх хэлбэрээр үр шимийг хуваалцах гэж тодорхойлсны дагуу Гүнд овогт Жаргалсайханы Номингийн төрсөн хүүхдүүд болох Б.Тэмүгэ, Б.Индра нарын сургалтын төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн. Энэ нь нэхэмжлэгч болон Гүнд хэлткер энд эдүкэшн сан нарын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид буцаан олгоно гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ хүчингүй болоогүй тул бэлэглэлийн зүйлийн өмчлөгч, сургалтын төлбөрийг буцаан шаардах эрхтэй этгээд нь нэхэмжлэгч Л.У- мөн юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаа, нотлох баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Гүнд хэлткэр энд эдүкэшн сан нь нэхэмжлэгчид төлбөрийг бэлэглэлийн журмаар төлсөн болохоос биш хариуцагчтай гэрээ байгуулаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа ба хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс төлбөр төлсөн дээр ямар нэгэн маргаан байхгүй гэж тайлбарласныг шүүх зөв үнэлж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.У- нь хариуцагч Э Г Ц БСБ-д холбогдуулан сургалтын төлбөр 9 405 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 29-30/

 

Талууд 2019 оны 08 сарын 29-ний өдөр ЭГ-19/173 болон ЭГ-19/174 тоот Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ-г тус тус байгуулж, 2017 онд төрсөн хүү Б.Тэмүгэ, 2015 онд төрсөн охин Б.Билгүүн нарыг 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд суралцуулах, хүүхэд тус бүрийн сургалтын төлбөр 9 900 000 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцсон байна. /хх 17-19, 14-16/

 

Дээрх гэрээний тохиролцоо, нөхцөлөөс үзвэл, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна. Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан гэрээний дагуу Б.Тэмүгэ, Б.Билгүүн нар Э Г Ц БСБ-д 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд суралцсан, тэдгээрийн сургалтын төлбөр болох нийт 18 810 000 төгрөгийг Гүнд хэлткэр энд эдүкэшн сан ТББ-аас төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, холбогдох цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байна. /хх 8-11/

 

Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг Гүнд хэлткэр энд эдүкэшн сан ТББ-аас төлсөн учир нэхэмжлэгч Л.У- шаардах эрхгүй хэмээн дүгнэж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор зохицуулсны дагуу Гүнд хэлткэр энд эдүкэшн сан ТББ-аас Э Г Ц БСБ-д төлсөн төлбөрийг үүрэг гүйцэтгэгч Л.У-ийн төлсөн төлбөр гэж үзнэ.

 

Дэлхий нийтэд үүсээд буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр өмчийн хэлбэр үл хамааран бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримтад хамаарч байна.

 

Үүний улмаас Э Г Ц БСБ нь Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ-ний үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж, хүүхдүүд 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс хойш хугацаанд цэцэрлэгийн насны сургалтад хамрагдаагүй нь уг гэрээ цуцлагдах үндэслэл болсон талаар зохигчид маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийг бодитойгоор хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал нь зохигч талуудын хэн алинаас үл хамаарах шалтгаанаар бий болсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.У-т гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах эрх үүсгэжээ.

 

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний тал болох Э Г Ц БСБ ажлын хөлсийг бүхэлд нь урьдчилан авсны дараа уг гэрээ цуцлагдсан учир ажиллуулагч урьд олгосон хөлсөө буцаан шаардах эрхтэй боловч мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу Э Г Ц БСБ-аас гарсан зайлшгүй зардлыг суутган тооцох эрх хөлсөөр ажиллагчид үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас гарсан зайлшгүй зардлыг эргэлзээгүй тодорхойлох боломжгүй боловч хүүхэд цэцэрлэгт бүртгүүлснээр цэцэрлэгийн үйл ажиллагааны зардал урьдчилан гарах, мөн хүүхэд гэрээний хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамрагдсан үед гэрээ дуусгавар болсон тохиолдолд хамрагдаагүй үлдсэн төлбөрөөс 20 хувийг зардалд суутган авч, үлдэх төлбөрийг буцаан өгөх нөхцөлийг талууд тус тус гэрээгээр урьдчилан харилцан тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийн тал хувь болох 9 405 000 төгрөгийн хорин хувийг хасч 7 524 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. /хх 14-16, 17-19, 7.5, 7.5.2 заалт/

 

Цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагаа зогссоноос хойш хугацаанд онлайнаар сургалт явуулж, хоол хүнс хүргэж үүргээ гүйцэтгэж байсан буюу үүргээ гүйцэтгэсэн гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй учир сургалтын төлбөрийн үлдэгдлийг буцаан төлөхгүй гэсэн түүний татгалзал үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э Г Ц БСБ-аас 7 524 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.У-т олгож, үлдэх 1 881 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165 430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э Г Ц БСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 135 334 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.У-т буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР