Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/02425

 

       2020              09             10                                          183/ШШ2020/02425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо,  дугаар хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух, Б овогт Л. У /РД:ЧП00000000/-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, тайм Скуэр хотхон 000 байр, 000-000 тоотод байрлах, Э сургалтын байгууллага, /РД:00000/-д холбогдох,

        Сургалтын төлбөр 9,405,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.       

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь: 

           Нэхэмжлэгч Л.У болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 3 настай ач охин Б.И, ач хүү Б.Тнарыг Э цэцэрлэгт сургахаар тус цэцэрлэгтэй 2019.08.29-ны өдөр Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг тус тус байгуулсан. Гэрээний дагуу миний бие нийт 9 сар буюу 9 сарын 01-ний өдрөөс 6 сарын 30-ны өдрийг хүртэл хүү, охин хоёроо цэцэрлэгт явуулахаар нийт 18,810,000 төгрөг төлсөн. Гэвч коронавирусын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.01.27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, би хүүхдээ Эко гэр цэцэрлэгт явуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд манай гэр бүл хүсэн хүлээж байсан хичээлийн хагас жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үр дүн, үйлчилгээ, сургалт, хоол хүнсийг огт авч чадаагүй болно. Иймээс 2019.08.29-ний өдрийн Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнүүдээс татгалзаж гэрээний дагуу төлсөн төлбөрийн 50 хувь болох 9,405,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэгч Л.У 2019.08.29-ний өдөр Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ-г байгуулж түүний 3 настай охин Б.И, хүү Б.Т нарыг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож сургалтын төлбөрт нэхэмжпэгчийн зүгээс 18,810,000 төгрөг төлсөн. Э цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020.01.24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч Дэлхий нийтэд Ковид -19 вирус гэх цар тахал,Монгол улсын онцгой комиссоос мөн өдрөөс Сургууль, Цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Улмаар дээрх үйл явдал нь давагдашгүй хүчин зүйл бий болсон юм. Гэвч Э цэцэрлэгийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд танхимын сургалтын үйл ажиллагаа үзүүлээгүй ч сургалтын гэрээгээ ухамсарлан хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео, цахим хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн.

        Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч Э.Г  сургалтын байгууллагад холбогдуулан сургалтын төлбөрт төлсөн 9,405,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Хэрэгт авагдсан баримтаар 2019-2020 хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын үйлчилгээг 4 настай Б.И, 3 настай Б.Т нарт үзүүлэхээр хариуцагч Э цэцэрлэг Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын ЭГ-19/174, ЭГ-19/173 дугаар тус тус гэрээг нэхэмжлэгч Л.У байгуулжээ.

       Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд эрх зүйн харилцааны хувьд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

         Дээрх хоёр гэрээний төлбөр болох нийт 18,810,000 төгрөгийг Гүнд хэлткэр энд эдүкэшн сан төлсөн болох нь Хасбанкны цахим гүйлгээний баримтаар тогтоогтож байна. /хх 8-11 хуудас/

          Гүнд хэлткэр энд эдүкэшн сан гэрээний төлбөрийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгчид уг хоёр гэрээтэй холбоотой сургалтын төлбөр шаардах эрхийг олгосон итгэмжлэл болон ямар нэгэн эрх олгосон албан бичгийг нэхэмжлэгчид олгоогүй тул уг төлбөрийг нэхэмжлэх эрхгүй итгээд нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Э цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагад холбогдох 9,405,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 165,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Ц.ОЮУНБИЛЭГ