Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02378

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02378

 

 

Г.БХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шаны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03307 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.БХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Л ХХК, Л.Т, Н.Чимиддорж нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 527 356 138 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүрийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч П.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Л ХХК нь Голомт банктай 2018 оны 04 сарын 27-ны өдөр ЗГ/1165112985 тоот зээлийн гэрээгээр 450,000,000 төгрөгийн зээлийг жилийн 27.6%-ийн хүүтэйгээр авч ашигласан болно. Тус ЗГ/1165112985 зээлийн үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож ЗБ1165112985-1, ЗБ1165112985-2 тоот ипотекийн гэрээгээр доорх хөрөнгийг барьцаалсан. Иргэн Лхагвасүрэн овогтой Түвшинжаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж 106а байр, зоорийн давхарын 14 тоот хаягт байршилтай 21.55 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Иргэн Л.Т өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж 106а байр, зоорийн давхарын 15 тоот хаягт байршилтай 38.55 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Иргэн Л.Тын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж 1066 байр, 37, 38 тоот хаягт байршилтай 117.4 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Иргэн Н.Чимиддоржийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж 106в байр, 2 тоот хаягт байршилтай 128.38 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Гэрээний үүргийн зөрчил тухайд Э.Л ХХК нь ЗГ/1165112985 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нийт 538 хоногийн хугацаа хэтрүүлж зээлийн гэрээг ноцтой зөрчсөөр байна. Иймд Э.Л ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Г.БХХК нь зээл, зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан шаардлага зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Иймээс Э.Л ХХК-аас Г.БХХК-аас гэрээний төлбөрт 527,356,138.741 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Л ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Г.БХХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/1165112985 зээлийн гэрээ байгуулан 450.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж зээл авсан юм. Тус компани нь анх зээлийн хүсэлт гаргахдаа 27.6 жилийн хүүтэй 2 жилийн хугацаагаар авах хүсэлтийг гаргасан гэтэл зээлийн гэрээ байгуулахдаа 1 жилийн хугацаагаар байгуулна тэгэхгүй бол гэрээ байгуулахгүй, Мөн гэрээнд заасан эхний 3 сарын төлөлт хийгдсэний дараа хүсэлтээ өгөөд гэрээг сунгаж болон гэж хэлсний дагуу гэрээ байгуулсан юм. Манай компани утаагүй зуухны төслийг хэрэгжүүлэх, үйлдвэрийг Монголд оруулж ирэх зорилгоор санхүүжилтээ зузаатгах зорилгоор Голомт банкнаас зээл хүссэн. Тус компани нь утаагүй зуухны төслийг хугацаа 5 жил, 3 жилийн хугацаанд үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах байсан. Дээрх зээлийг 2 жилийн хугацаатай олгосон бол бид санхүүгийн хүндрэл учрахгүй байх байсан. Гэтэл зээлийг ашиглаж, эргэн төлөх явцад онцгой нөхцөл байдлын улмаас орлого олох боломжоо алдсан. Компанийн зүгээс тус банкинд зээлийг буцаан төлөх хуваарийг өөрчилж, хугацаа сунгах, хүүг бууруулах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, мөн хуулийн 220.3 дах хэсэгт заасан нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж, 220.4-д гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байхад манай компанийн талаас гаргасан хүсэлтэд ямар нэг хариу өгөлгүй, хэт өндөр хүүгээр цааш зээлийн гэрээг үргэлжлүүлэх сонирхол нь илт байсан нь харагддаг. Гэтэл манай зүгээс зээлийн гэрээг харилцан тохиролцож, талуудын хүсэл зоригийг илэрхийлэн байгуулсан гэж бодсон боловч ямар нэг шийдлийг хүлээн авахгүйгээр эрх ашигаа урьтал болгон шүүхэд хандаж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ хэмээн заасныг дурьдах нь зүйтэй. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд тархаад буй өвчин, бүхий л албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаад бизнес эрхлэгчид бидний хувьд хүнд үед Арилжааны банкууд харилцагчидаа бодох бус зөвхөн хэт өндөр хүү тооцоо гарган мөнгө хүүлэн ард иргэдийг хохироож байгаад гомдолтой байна. Гэрээг бид буюу талууд харилцан тохиролцож байгуулдаг, шийдвэрлэх арга замыг нааштайгаар зөвшилцөн шийдвэрлэдэг хэмээн бодсон нь том эндүүрэл болсон байна. Зээлийн гэрээний дагуу авсан зээлээ бидний зүгээс хууль бусаар ашиглаагүй. Зээл хүсэхдээ манай компани эргэн төлөлтийн хувиарыг 2 жилийн хугацаатай байх талаар албан хүсэлт хүргүүлээд байхад гэрээ байгуулахдаа 1 жилийн хугацаагаар байгуулна шантааж тавьсан учир бид ажиллаа хийхийн тулд аргагүй эрхэнд гарын үсэг зурсан юм. Ингээд зээлийн гэрээний хугацааг сунган гэж хэлээд хууран мэхэлж юм. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/203 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 5.1-д Банк харилцагчтай зээл болон хадгаламжийн гэрээ байгуулахдаа гэрээний агуулга, зүйл заалтыг танилцуулж хүү, шимтгэл, тооцож буй аргачлалыг тайлбарлах үүрэгтэй мөн 3.5-д Банк зээл олгохдоо энэ журмын зээлийн мэдээллийг зээлдэгчид бүрэн гүйцэд тайлбарлан өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Хэрвээ сайн ойлгуулж, тайлбарласан бол Иргэний хуульд зааснаар татгалзах эрх нь байгаа учраас манай компани татгалзах байсан гэжээ.

Хариуцагч Н.Чимиддорж шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Чимиддорж миний нэр дээр Г.БХХК-ийн нэхэмжлэлтэй 2020.05.18-ны өдрийн 09/3296 тоот хариуцагчаар татсан байна. Дээрх нэхэмжлэлийн хувийн хэрэгтэй танилцсан бөгөөд намайг хариуцагчаар татах ямар нэгэн үндэслэл байхгүй байна. Тиймээс иргэн Н.Чимиддорж нь барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй тул хариуцагчаар татахгүй байх, иргэн Н.Чимиддорж нь Г.БХХК-д өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 106В байр, 02 тоот улсын бүртгэлийн дугаар Ү-220604242495 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан итгэмжлэл гаргаж өгөөгүй тул ипотекийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Л ХХК-иас 527,356,138.74 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.БХХК-д олгож, хариуцагч Э.Л ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Тын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, үйлдвэрийн гудамж 106а байрны зоорийн давхрын 15 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045926 дугаартай, 38.55 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших 106а байрны зоорийн давхрын 14 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045927 дугаартай, 21.55 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших 106а байрны 37, 38 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041487 дугаартай, 117.4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, хариуцагч Н.Чимиддоржийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, үйлдвэрийн гудамж 106в байрны 2 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042495 дугаартай, 128.38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,864,930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хариуцагч Э.Л ХХК-иас 2,794,730 төгрөг, хариуцагч Л.Т, Н.Чимиддорж нараас 70,200 төгрөг тус тус нөхөн гаргуулж нэхэмжлэгч Г.БХХК-д оруулан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагч Э.Л ХХКомпани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орсноос хойш уг хэрэгтэй танилцаж, холбогдох нотлох баримтуудыг бэлтгэж байсан. Гэтэл шүүх тухайн маргааныг шийдвэрлэхэд хариуцагч талаас гаргасан хүсэлтийг огт шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл шүүх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт тусгаагүй. Хариуцагчийн төлөөлөгч Д.Баясгалан нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул нотлох баримтуудыг дээрх хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх уг хүсэлтийг тодорхой үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийг огт байлцуулалгүйгээр явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчимд харшилсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шүүх хариуцагч талын төлөөлөгчийг огт байлцуулаагүй атлаа ...хариуцагч нар уг тооцоололд маргаагүй байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Зохигчдын шүүхэд гаргаж байгаа баримт нь нэг талын хүсэл зориг, байр суурийг илэрхийлж байдаг тул харьцуулан үнэлэхгүйгээр шийдвэрлэх нь хэт нэг талыг барьсан. Шүүх ...нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна... гэсэн нь урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч баримт байж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж хуульчилсан. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, зээлийн ангилал бууруулахгүйгээр харилцан тохиролцох хүсэлт банкинд удаа дараа тавьж байсан. Хариуцагчийн зүгээс банкны гэрээнд өөрчлөлт оруулах бололцоогүй, бүхэлдээ стандарт нөхцөл хүлээн авч гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж хуульчилсан. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч зарим тохиолдлыг хугацаа хэтрээгүйд тооцдог. Үүнд, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдвол түүнийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ. Нийтэд илэрхий үйл баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, Цаг үеийн давагдашгүй, тооцоолох бололцоогүй байсан хүчин зүйлүүдээс шалтгаалан хариуцагчийн үйл ажиллагаа бүрэн зогсож, орлого тасалдахад хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдэл хүүд холбогдох хэсгийн тал хувийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн, түүний задаргааг шийдвэрт тусгаагүй. Дээрх үндэслэлүүдээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул гомдолд дурдсан шалтгаанаар хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.БХХК нь хариуцагч Э.Л ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 527 356 138 төгрөг гаргуулах, Л.Т, Н.Чимиддорж нараас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Г.БХХК нь Э.Л ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1165112985 дугаар зээлийн гэрээг байгуулж, 450 000 000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, Л.Ттай ЗГ1165112985-1, ЗГ1165112985-2 дугаар ипотекийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206045927 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж 106а байрны зоорийн давхрын 14 тоот хаягт байрлах, 21.55 м.кв талбайтай авто зогсоол, Н.Чимиддоржийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206042495 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж 106а байрны 2 тоот хаягт байрлах, 128.38 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх 10-24/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Э.Л ХХК нь зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээлийн хөрөнгийг хүлээн авч, зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 96 000 000 төгрөг, хүүнд 51 613 133 44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 34 263 82 төгрөг, нийт 147 647 397 26 төгрөгийг төлж, 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь хэргийн 29 дүгээр талд авагдсан Хүү тооцоололын хүснэгт, зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх43-44, 46/

Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан болон зээлийн гэрээний 2.2-д заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зөрчиж эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасан. Талууд зээлийн гэрээний 2.5-т зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт 1, 2-д заасан хугацааны дотор төлөх, хугацаа хэтэрвэл үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. Үүнээс үзэхэд талууд гэрээний хугацааг 2.1.2 болон гэрээний хавсралт 1, 2-д зааснаар тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Гэрээний хугацааг 1 жил гэж тогтоосон зээлийн хорооны шийдвэр нь зээлдэгчийн хүсэлтэд зааснаас өөр байгаа тохиолдолд тэрээр гэрээ байгуулахаас татгалзах, гэрээг байгуулахгүй байх эрх нь нээлттэй байсан тул хариуцагчийн энэ талаарх тайлбар, гомдол үндэслэлгүй.

Иймд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл болон зээлийн хүүгийн тооцооллыг үндэслэн ЗГ1905120182 дугаар зээлийн гэрээгээр үндсэн зээлд 354 000 000 төгрөг, үндсэн хүүд 149 593 889, нэмэгдүүлсэн хүүд 23 762 248 төгрөг, нийт 527 356 138 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлжээ.

Шүүх хариуцагч нар төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдаж үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 174 дугээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Хариуцагч Н.Чимэддорж нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүргийг ханган биелүүлэх зөвшөөрлийг 2018 оны 04 сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр Л Түвшинжаргалд олгосон, уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна./хх65/

Хариуцагч Э.Л ХХК нь давж заалдах гомдолдоо ... анхан шатны шүүх шүүхийн харъяалал зөрчсөн, ... нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй... гэх тайлбар, гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн 20.1.1-20.1.3д заасан шалтгаанаар шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно гэж зохицуулсан. Зөвхөн анхан шатны шүүх хоорондын хэргийн харьяаллын талаарх маргааныг хуульд заасан тохиолдолд Давж заалдах шатны шүүхэд гомдлоор хэрэг хэлэлцэж, хянахад хэргийн харьяалал хамаарахгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 12.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шүүхээс мэдэгдэж, мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан байгаа зэргээс дүгнэхэд шүүх хуралдааны товыг шүүхээс боломжит хугацаанд мэдэгдсэн болох нь тогтоогдсон. /хх-71/ Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

 

Хариуцагчийн төлөөлөгч эмнэлэгийн магадлагааг шүүхэд ирүүлэхдээ ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх ба энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Шүүх хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ