Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00525

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03307 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2378 дугаар магадлалтай,

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Энержи лорд ХХК, Л.Түвшинжаргал, Н.Чимиддорж нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 527,356,138 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Энержи лорд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагч Л.Түвшинжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас Энержи лорд ХХК, Л.Түвшинжаргал, Н.Чимиддорж нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 527,356,138 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Энержи лорд ХХК ...2 жилийн хугацаатай хүссэн зээлийг 1 жилийн хугацаатай олгосон нь зээлийг төлөх боломжийг бүрдүүлээгүй гэж, хариуцагч Н.Чимиддорж ...Л.Түвшинжаргалд Голомт банкинд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлийг олгоогүй гэж тус тус маргаж, харин хариуцагч Л.Түвшинжаргалаас шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03307 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Энержи лорд ХХК-иас 527,356,138.74 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, хариуцагч Энержи лорд ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Түвшинжаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, үйлдвэрийн гудамж 106а байрны зоорийн давхрын 15 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045926 дугаартай, 38.55 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших 106а байрны зоорийн давхрын 14 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045927 дугаартай, 21.55 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших 106а байрны 37, 38 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041487 дугаартай, 117.4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, хариуцагч Н.Чимиддоржийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, үйлдвэрийн гудамж 106в байрны 2 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042495 дугаартай, 128.38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,864,930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Энержи лорд ХХК-иас 2,794,730 төгрөг, хариуцагч Л.Түвшинжаргал, Н.Чимиддорж нараас 70,200 төгрөг тус тус нөхөн гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д оруулж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2378 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Энержи лорд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагч Энержи Лорд ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орсноос хойш уг хэрэгтэй танилцаж, холбогдох нотлох баримтуудыг бэлтгэж байсан. Гэтэл шүүх тухайн маргааныг шийдвэрлэхэд хариуцагч талаас гаргасан хүсэлтийг огт шийдвэрлээгүй.

Хариуцагч нарын оршин суух хаяг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хаягт үйл ажиллагаа явуулдаг, мөн бүртгэлтэй хаягт амьдарч байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 14.3-т Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно гэх заалтуудыг зөрчин хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Тус шүүхийн 2020.08.31-ний өдрийн өдрийн шүүх хурлын тэмдэглэлд хариуцагч нарын биеийн байцаалтаас хархад хариуцагч нарын оршин суух хаяг Баянзүрх дүүрэгт бүртгэлгүй, амьдардаггүй талаар харин өөр хаягт оршин сууж байгаагаа мэдүүлсэн байна. ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсний дагуу оршин суух хорооны засаг даргын тодорхойлолтыг хүсэлтэд хавсаргаж өгсөн.

Иймд ИХШХШТХуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараах шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно гэж заасны дагуу иргэний хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх талаар хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хэргийн оролцогч хүсэлт гаргасаар байхад хэргийг хууль зөрчин шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй. Өөрөөр хэлбэл шүүх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт тусгаагүй талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад хэргийн харьяалал хамаарахгүй гэж буруу дүгнэсэн.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т шүүх хурлыг нэг удаа хойшлуулж болно гэж заасан байхад дээрх заалтыг хэрэглээгүй, мөн хуулийн 100.3-т заасан заалтыг баримтлан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Д.Баясгалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эмчийн магадлагаа, акт зэргийг шүүхэд хүргүүлсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэж үзэж хянан шийдвэрлэсэн юм.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Баясгалан нь 2020.09.24-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан шаардлагыг хангасан бичмэл нотлох баримтуудыг дээрх хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх уг хүсэлтийг тодорхойгүй үндэслэлээр хүлээн аваагүй. Шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийг огт байлцуулалгүйгээр явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчимд харшилсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Мөн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж тус тус хуульчилсан. Гэтэл шүүх хариуцагч талын төлөөлөгчийг огт байлцуулаагүй атлаа ...хариуцагч нар уг тооцоололд маргаагүй, зохигчдын тайлбараар нотлогдож байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Зохигчдын шүүхэд гаргаж байгаа баримт нь нэг талын хүсэл зориг, байр суурийг илэрхийлж байдаг тул харьцуулан үнэлэхгүйгээр шийдвэрлэх нь хэт нэг талыг барьсан. Шүүх ...нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна... гэсэн нь урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч баримт байж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж хуульчилсан.

Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, зээлийн ангилал бууруулахгүйгээр харилцан тохиролцох хүсэлт банкинд удаа дараа тавьж байсан. Хариуцагчийн зүгээс банкны гэрээнд өөрчлөлт оруулах бололцоогүй, бүхэлдээ стандарт нөхцөл хүлээн авч гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж хуульчилсан. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч зарим тохиолдлыг хугацаа хэтрээгүйд тооцдог. Үүнд хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдвол түүнийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ. Нийтэд илэрхий үйл баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2020.01.26-ны өдрийн 30 дугаар тогтоол, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, Цаг үеийн давагдашгүй, тооцоолох бололцоогүй байсан хүчин зүйлүүдээс шалтгаалан хариуцагчийн үйл ажиллагаа бүрэн зогсож, орлого тасалдахад хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдэл хүүд холбогдох хэсгийн тал хувийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн, түүний задаргааг шийдвэрт тусгаагүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул гомдолд дурдсан шалтгаанаар хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Л.Түвшинжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын бүхэлд нь эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж буюу хэргийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс энэ талаар холбогдох дүгнэлтийг хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан байдаг. Хариуцагч Энержи лорд ХХК нь Хан-Уул дүүрэгт байрлалтай үйл ажиллагаа явуулдаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар, Л.Түвшинжаргал, Н.Чимиддорж нар нь Хан-Уул дүүрэгт оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар тус тус нотлогдож байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгчийн хэргийн харьяалалтай холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн тул хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай хүсэлт гаргасан байтал хүсэлтийг хэлэлцэхгүйгэр харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Энержи лорд ХХК-тай 2018.04.27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 450,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож иргэн Л.Түвшинжаргалын болон Н.Чимиддоржийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан.

 

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нийт 538 хоногийн хугацаа хэтрүүлсээр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 354,000,000 төгрөг, хүүний төлбөр 149,593,889.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,762,248 төгрөг, нийт 527,356,138.74 төгрөгийн төлбөртэй байна. Иймд Энержи лорд ХХК-иас төлбөрийг гаргуулж, барьцааны хөрөнгөөс хууль тогтоомжийн дагуу үүргийг хангуулна... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Энержи лорд ХХК: ...тус компани анх 2 жилийн хугацаатай гэрээ байгуулах хүсэлт гаргасан боловч банк 1 жилийн хугацаагаар гэрээ байгуулна, эхний 3 сарын төлөлт хийсний дараа гэрээг сунгаж болно гэсний дагуу гэрээг байгуулсан боловч гэрээний хугацааг сунгаагүй, ...дээрх зээлийг утаагүй зуухны төсөл хэрэгжүүлэхээр авсан бөгөөд 2 жилийн хугацаатай байсан бол санхүүгийн хүндрэл учрахгүй байх боломжтой байсан, ...зээлийг ашиглаж эргэн төлөх явцад онцгой нөхцөл байдлын улмаас орлого олох боломжоо алдсан, ...тус компаниас зээлийг буцаан төлөх хуваарьт өөрчлөлт оруулж, хугацаа сунгах, хүүг бууруулах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй, ...анхнаасаа зээлийн хугацааг сунгана гэж биднийг хууран мэхэлсэн. ...Монгол улсын хэмжээнд тархаад буй цар тахлын улмаас бүхий л байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа хүнд үед арилжааны банкууд харилцагчаа бодох бус хэт өндөр хүү тооцоо гаргаж мөнгө хүүлэн ард иргэдийг хохироож байгаад гомдолтой байна... гэж,

 

хариуцагч Н.Чимиддорж: ...Би зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй тул хариуцагч биш, Хан-Уул дүүргийн 8-р хороо, Үйлдвэрийн гудамж, 106в байрны 02 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах итгэмжлэл гаргаж өгөөгүй тул ипотекийн гэрээг хүчингүй болгож өгнө үү.. гэжээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

8. 2018.04.27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр Голомт банк ХХК нь Энержи лорд ХХК-д 450,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт төлж барагдуулах үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Л.Түвшинжаргал, Н.Чимиддорж нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж ипотекийн гэрээ тус тус байгуулсан. Хариуцагч Н.Чимиддорж нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 106в-2 тоо хаягт байрлах 128.38 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээг барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүргийг ханган биелүүлэх, лавлагаа авах, ЭХЭУБЕГ-т бүртгүүлэх, буцаан авах бүрэн эрхийг Л.Түвшинжаргалд олгож, Л.Түвшинжаргал нь Н.Чимиддоржийг төлөөлж барьцааны гэрээ байгуулсан.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нь гэрээний үүрэгт зээлд 96,000,000 төгрөг, хүүд 51,613,133.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 34,263.82 төгрөг, нийт 147,647,397.26 төгрөгийг төлсөн, 2018 оны 11 сараас хойш төлбөр хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогджээ.

 

9. Зохигчийн хооронд Банкнаас зээл олгох гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр тус хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, барьцааны гэрээгээр ...үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

10. Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

Зохигчийн хооронд үүссэн маргаантай үйл баримтыг зөв тодорхойлсны үндсэн дээр хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

11. Хяналтын журмаар гаргасан гомдлын талаар:

 

11.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, 14.2-т хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана, 15 дугаар зүйлийн 15.3-т өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана, 20 дугаар зүйлийн 20.1-д харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ, 20.1.2-т нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харъяаллыг зөрчсөн нь илэрвэл хэргийг зохих харьяаллын шүүхэд шилжүүлж болно гэж тус тус зохицуулсан.

 

Хариуцагч нар хэн аль нь Хан-Уул дүүрэгт амьдардаг хаягийн бүртгэлтэй боловч тухайн хаягтаа тус тус оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй, хаа байгаа нь тодорхойгүй үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.03-ны өдрийн 182/ШШ2020/00471 дүгээр шийдвэрээр хариуцагч нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгаснаар хариуцагч нарын хаягийг олж тогтоосон бөгөөд хариуцагч Энержи лорд ХХК захирал Д.Болдбаатар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 101-302 тоот хаягтай болох нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2020.04.21-ний өдрийн 27/2663 тоотоор тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргийг шийдвэрлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн авсны дараа хэн аль нь харьяаллын талаар маргаагүй, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харъяалалыг зөрчсөн /тодорхойлох хэсгийн 4.1, 5.1/ гэх байдал тогтоогдоогүй тул шүүх харъяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагч нарын гомдол үндэслэлгүй.

 

11.2. Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Энержи лорд ХХК-ийн захирал Д.Болдбаатарт 2020.06.04-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж өгсөн, 2020.09.24-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байх бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь хэргийн материалтай танилцах, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан тайлбар, үндэслэлээ нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байна.

 

2020.09.24-ний өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчид 2020.09.08-ны өдөр мэдэгдсэн болох нь хэргийн 71 дүгээр талд авагдсан Шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад тусгагдсан байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй, хариуцагч Энержи лорд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан хэргийг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэх хүсэлт болон эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хариуцагч Энержи лорд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан эмнэлгийн магадлагааг ирүүлсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэл зоригоо илэрхийлээгүй, улмаар тус магадлагаанд эмчлэгч эмчийн хувийн тэмдэг дарагдаагүй, өвчтөний ЭМД-ын дугаар бичигдээгүй үндэслэлээр эмнэлгийн магадлагааг зохих ёсоор үйлдсэн гэж үзэхгүй гэж дүгнэн, хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, улмаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүй... /тодорхойлох хэсгийг 4.2/ гэх хариуцагч Энержи лорд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

12. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр хэрэгт цугларсан баримтад үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргаантай үйл баримтад хамаарах Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 451 дүгээр зүйлийн 451, 453 дугаар зүйлийн 453, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/03307 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2378 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Энержи лорд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагч Л.Түвшинжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Энержи лорд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангаас 2021.01.18-ны өдөр төлсөн 2,780,000 төгрөгийг, хариуцагч Л.Түвшинжаргалаас 2021.02.01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД