Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 118/2017/0013/З |
Дугаар | 221/МА2017/0637 |
Огноо | 2017-09-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2017/0637
2017 оны 09 сарын 06 өдөр | Дугаар0221/МА2017/0637 | Улаанбаатар хот |
Б.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч О.М нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.М-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.М 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Завханмандал сумын Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.М Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Завханмандал сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.М-н ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 119 хоногийн цалин 3.326.688 /гурван сая гурван зуун хорин зургаан мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга М.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд анхан шатны шүүхээс Б.М сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй ч түүний гаргасан зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна хэмээн үзэж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн.
Ингэхдээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ө.Н “Б у” ХХК-ийн халамжийн хөнгөлөлт эдлэхээр ирүүлсэн иргэдийн материалтай танилцаж, Б.М холбоотой материалыг зөрчил мөн эсэхийг тодруулж шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг шууд сахилгын зөрчлийг илрүүлсэн өдөр гэж үзсэн нь учир дутагдалтай юм.
Өөрөөр хэлбэл тухайн өдөр бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ө.Н нь Б.М албан үүргээ биелүүлээгүй буюу ажилдаа хариуцлагагүй хандаж буруутай байж болох баримтыг зохих байгууллагаар шалгуулахаар хандсан өдөр болохоос түүнийг албан үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэдгийг баталгаатай тогтоосон өдөр биш бөгөөд Ө.Н нь зөрчил гаргасан гэдгийг тогтоодог дотоод хяналт хариуцсан ажилтан, хэлтсийн дарга биш.
2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотоод хяналтаар зөрчил гаргасан гэдгийг тогтоосон Захиргаа, хяналтын хэлтсийн дарга М.Т, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Б нарын дүгнэлт байсаар байтал хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргаж байна.
Мөн шүүхийн шийдвэрт “...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тооны бус ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлээс харахад Ө.Н нь Б.М 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мэдээллийн санд шивж оруулсан зөрчлийг 12 дугаар сарын 25-ны өдөр илрүүлсэн талаар дурдсан байна” гэжээ. Энэ нь Ө.Н нь тухайн зөрчил илрүүлсэн он, сарыг андуурч буруу хэлснийг шүүх үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ням гараг буюу амралтын өдөр байсан. Ө.Н нь олон нийтийн үйлчилгээнд түшиглэсэн халамжийн үйлчилгээ авсан иргэдтэй холбоо барьж нягтлан шалгаад 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа “Б у” ХХК-ний халамжийн хөнгөлөлт эдлэхээр илрүүлсэн иргэдийн материалтай танилцсан тухай” албан ёсны тэмдэглэл гаргасан.
Аливаа захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлан ажиллах ёстой бөгөөд Төрийн албаны тухай хуульд тусгагдсан “илрүүлэх” гэдэг үг нь аливаа юмны учир холбогдлыг тайлах, эзэн холбогдогчийг олох, тодорхой болгох гэсэн утгатай. Манай байгууллагын зүгээс халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ө.Н-ийн өгсөн мэдээллийн дагуу Б.М нь үнэхээр зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг тодорхой болгох, баримтжуулах зорилгоор байгууллагынхаа хяналт шалгалт үнэлгээний мэргэжилтэнд болон мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагад тус тус хандсан байдаг.
Б.М-н гаргасан зөрчил нь түүний эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотойгоор энгийн иргэний нүдээр хараад шууд тогтоох, илрүүлэх буюу баттай үйлдсэн гэж үзэх боломжгүй үйлдэл бөгөөд дээд шатны албан тушаалтнаас тодорхой ажиллагаа явуулж, түүнийг зөрчил гаргасан эсэхийг, албан үүргээ биелүүлээгүй эсэхийг баттай тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах учиртай.
Гэтэл анхан шатны шүүхээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас Б.М холбоотой материалыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж, шалгаж өгнө үү гэсэн уг хүсэлтийг гаргасан өдрийг зөрчил илрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй ба Б/11 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор гарсан үндэслэл бүхий захиргааны акт юм.
2.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй тухайд анхан шатны шүүхээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан бөгөөд хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явуулж Б.М бичгээр өгсөн тайлбар хэргийн материалд авагдсан байхад шүүхээс уг баримтыг үл харгалзан сонсох ажиллагаа явагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд үндэслэлтэй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа өнгөрсөн гэх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанчилан зөрчлийг илрүүлсэн хугацааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ө.Н “Б у” ХХК-ийн халамжийн хөнгөлөлт эдлэхээр ирүүлсэн иргэдийн Б.М холбоотой материалыг зөрчил мөн эсэхийг тодруулж шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс бус харин дотоод хяналтаар зөрчил гаргасан гэдгийг тогтоосон буюу 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцох шаардлагатай бөгөөд энэ талаарх давж заалдах гомдлын үндэслэлийг буруутгах боломжгүй.
Гэвч Б.М Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийн шинж байдалд нийцээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, тухайн үеийн нөхцөл байдал, зөрчлийн үр дагавар болон хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргийг харьцуулан дүгнэхэд ногдуулсан сахилгын шийтгэл нь хүндэдсэн байна.
“Б у” ХХК-иас тус аймгийн Завханмандал сумын нэр бүхий 12 иргэнд 5 хоногийн сэргээн засах үйлчилгээ үзүүлсэн атлаа үүнийгээ 2016 оны 8 дугаар сарын 16-наас 26-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд хийсэн мэтээр, мөн эмчилгээнд огт хамрагдаагүй 1 иргэнийг 10 хоног хамрагдсан мэтээр тус тус баримт бүрдүүлж ирүүлснийг хүлээн авч бүртгэсэн үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгаж буй ч түүнийг мөн оны 8 дугаар сарын 1-нээс 25-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байх хугацаанд дээрх асуудал үүссэн, тэрбээр бүрдүүлсэн баримт бичгийг нарийвчлан шалгалгүйгээр WAIS программд шивэлт хийсэн талаараа тухайн үед ажиллаж байсан хэлтсийн даргын шаардсаны дагуу оруулсан болохоо хүлээн зөвшөөрдөг, түүнчлэн төлбөрийг шилжүүлэхээс өмнө байгууллагын дотоод хяналт шалгалтаар илрүүлж зогсоосон зэргийг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэхдээ харгалзах шаардлагатай байжээ.
“...Халамжийн ажилтан н.Х хөнгөлөлт эдлүүлэхээр ирүүлсэн материалыг эхэлж хүлээн авч хянаад, дараа нь халамжийн сангийн мэргэжилтэн н.Н эцсийн байдлаар хянаж, программд бүртгэн 2 дахь гарын үсгийг зурсны дараа би гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан...” гэх Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан С.С өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнх нь хамаарлаар зөрчлийг зөвхөн нэхэмжлэгч дангаар гаргасан мэтээр хамаатуулж байгаа нь учир дутагдалтай юм.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэж ногдуулах бөгөөд энэ нь ч сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж өрөх эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэсэн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар батлагдана.
Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл, тогтоох хэсгийн заалтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд ногдуулсан хариуцлага тохирсон эсэхэд бус харин тухайн зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэх хуульд заасан хугацаа өнгөрсөн гэх байдлаар нэхэмжлэлийг хангасан байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4 дэх хэсэгт...” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН