Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 49

 

 

 

Д.Ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Эмаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Э.Э,
Шүүгдэгч Д.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.А, Б.Т, Т.Б нарт холбогдох 201510010069 дугаартай, 2 хавтас 453 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж нарын гомдол, улсын яллагч Э.Эын бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: А д холбогдуулан Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар,

Шүүгдэгч: Т,

Шүүгдэгч: Б нарт холбогдуулан Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.А нь 2015 оны 03 сарын 29-ний шөнө 03 цагийн үед олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчиж Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хараа” зочид буудалд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Ч.Оийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй цээртэй бүдүүлэг үгээр доромжлон түлхэж биед нь халдсан, улмаар тус буудлын 402 тоот өрөөнд иргэн Т.Б, Б.Т нарыг өмнөх өдөр нь хот хоорондын хүн тээвэрлэх асуудлаас болж маргалдсаныг шалтаг болгон Т.Бын баруун гарт нь хутгалж  хүндэвтэр, Б.Тын баруун гарт нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан,

Шүүгдэгч Б.Т, Т.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 4 сарын 12-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Б.Т нь “....Д.А буудалд 1 шил архитай ирээд хувааж уугаад хоорондоо маргалдаж зодолдсон” гэж, Т.Б нь “...Б.Т орноосоо босоод Д.Атай хамт авчирсан архийг нь хувааж уусан. Тэгээд Д.А, Б.Т хоёр архиа хувааж ууж байгаад хоорондоо хэрэлдэж маргалдан зодолдсон” гэж шунахайн сэдэлтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:  Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, Т.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Д.Аг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Д.Аг 3  жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр,

Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүйг тус тус дурдаж,
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасч, шүүгдэгч Д.Агийн биечлэн эдлэх хорих ялыг 1  жил 5 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн иштэй эвхдэг хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Б, Б.Т нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Намайг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын биед гэмтэл учруулан танхайрсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ зүйл ангиар ял шийтгүүлсэндээ туйлын гомдолтой байна. Миний хувьд хохирогч нартай хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа танилцсан бөгөөд энэ хоёр илтэд нутаг ус, дов сондуулын ялгаа гаргаж байнга хүнээ булаалгаж, түүнээсээ болж байнга дарамтлуулж муудалцдаг байсан үл ойлголцлын зөрчилдөөнтэй холбоотой юм. Хэрэг болдгийн урьд өдөр нь ч мөн ялгаагүй Б.Т нь намайг зорчигчдоо аваад хөдлөх гэж байхад согтуу хүрч ирж машин тэрэг өшиглөж, муусайн Чойрын лалрууд явах болоогүй хэмээн урьдын хэлдэг үгээрээ доромжлоод миний машинд суусан зорчигчдыг өөр машинд хийж, өөртөө ашиг олж намайг явуулаагүй,  миний хөдөлмөрт илтэд саад учруулснаас энэ хэрэг үйлдэгдсэн болно. Гэтэл шүүхээс уг хэргийн нөхцөл шалтгаанд зөв дүгнэлтийг хийж чадаагүйд гомдолтой байна гэжээ.
 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх ЭБШХуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан гэм буруугийн сэдэлт, хэлбэрийг буруу тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж үндэслэлгүйгээр ял шийтгэл оногдуулжээ. Тухайлбал: 1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ишлэл болгосон хохирогч Ч.О гэгчийн эсрэг Д.А нь ямар нэгэн бодитой үйлдэл хийгээгүй, өөрөөр хэлбэл энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинж тэмдгийг хэлбэрийн төдий агуулсан ялимгүй бөгөөд хохирогч гэж тооцох хууль зүйн шаардлагыг хангаагүй, нотлогдоогүй атал зөвхөн түүний хэл амны доромжлолоор уг үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнд тооцож Ч.О гэгчийг хохирогчоор тогтоосон нь ойлгомжгүй байна.
2. Шүүхээс энэ хэргийн хохирогч Б.Т, Т.Б нарын буруутай үйл ажиллагаа буюу тэдний хоорондын хувийн хөдөлмөр эрхлэлт зорчигч тээвэрлэлтээс болж нэг бус удаа муудалцаж маргалдаж байнгын зөрчилдөөнтэй явдаг байсан асуудал нь газар авч ийм хэм хэмжээнд хүргэсэн болох үндэслэлийг анхаарч үзээгүй байна. Уг хэрэг учрал болдгийн урд орой нь ч Б.Тын бусдын хөдөлмөрийг мөлжих гэсэн хууль бус үйлдлээс болж энэ хэрэг үүдэгдсэн бөгөөд, үүнийг шүүх ялимгүй зүйлд хамруулан дүгнээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд харин ч энэ нөхцөл байдал нь уг  хэргийг тодорхой сэдэлтээр буюу тэдний хоорондын үл ойлголцол харьцааны зөрчилдөөнөөс үүдэгдсэн болохыг илэрхийлж байгаа юм. Энэ нь хохирогч Б.Т /хх-27, Т.Б /хх30-31/, гэрч Б.Батбаяр /хх 34-35/, Б.Хатанбаатар /хх 36-37/,  Б.Хүрэлмаа /хх-40/, П.Мөнхзаяа /хх-95/, М.Хуухайчин /хх-96/, С.Отгондаваа /хх-97/ нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогддог атал шүүхээс анхаарч үзээгүй.
3. Мөн шийтгэх тогтоолын үндэслэлд ч дээрх нотлох баримтуудын талаар ишлэл болгож дурьдаагүй буюу үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхой зааж өгөөгүй нь хэт нэг талын баримталсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл уг хэрэгт шууд хамаарал бүхий сэдэлт санаа зорилгын хэлбэрийг зөв тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг орхигдуулсан болно.
4. Шүүхээс хохирогч болох Б.Т, Т.Б нарыг зориуд санаатай худал мэдүүлэг өгсөн хэмээн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон учраас тэдний анхны мэдүүлгүүд нэгэн адил ач холбогдолтой нотлох баримтын хүрээнд дүгнэгдэж үнэлэгдэх ёстой, өөрөөр хэлбэл хохирогч нарын мэдүүлгүүдээр ч тэдний буруутай үйл ажиллагааны нөхцөл байдал нотлогдож тэд энэ бүгдийгээ хүлээн зөвшөөрдөг атал шүүхээс мөн энэхүү үндэслэлийг Д.Агийн үйлдэлд хамруулж огт үнэлээгүй юм.
Ийнхүү шүүх ЭБШхуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй тул ЭБШХуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт зааснаар уг  тогтоолыг өөрчилж Д.Агийн үйлдэлд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 98 дугаар зүйлийн 98.1 болгож хөнгөн хэргийг нь Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, ЭБШХуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсгээр улмаар 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдлыг нь анхны ардчилсан сонгууль болж байнгын үйл ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиар тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Э.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхээс Б.Т, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь Б.Т, Т.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 4 сарын 12-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд, шунахай сэдлээр худал мэдүүлж Т.Б нь 10 000 000 төгрөг, Б.Т нь 3 500 000 төгрөгийг Замын-Үүд суманд авсан болох нь  Т.Бын мэдүүлэг /хх 1-р хавтас 18-19-р хуудас/, Б.Тын мэдүүлэг /хх 1-р хавтас 28-р хуудас/ болон гэрч Ч.О /хх 1-р хавтас 247-р хуудас/, гэрч И.Энхтөгс /хх 1-р хавтас 16-17-р хуудас/, гэрч Ж.Мөнхсүлд нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна.
Түүнчлэн Б.Т, Т.Б нар Д.Агаас хохирлын мөнгийг хаана авсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байхад 10 000 000 төгрөгийг хэдийд хаана авсныг тогтоогоогүй гэж дүгнэсэн. Мөн шийтгэх тогтоолд Б.Т,  Т.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шүүгдэгч нарын өөрийнх нь мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс нэг нэг өгүүлбэрийг сонгон нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүх хэргийг 2015 оны 10 сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Б, Б.Т нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж Д.Ад холбогдох танхайрах гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Т.Б, Б.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ЭБШХуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2015.11.04-ний өдөр хянан хэлэлцсэнээс харахад шүүгдэгч Т.Б, Б.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт хянаагүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь ЭБШХуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж байх тул 60 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Д.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдсан гомдлууд, прокурор  Э.Эын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд прокуророос шүүгдэгч Б.Т, Т.Б нарт холбогдуулан хохирогч нар шунахайн сэдэлтээр мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар, шүүгдэгч Д.Ад холбогдуулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар тус тус яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Т, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 60 тоот шийтгэх тогтоолын зарим заалт нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Учир нь:
    Шүүгдэгч Б.Т, Т.Б нарыг шүүгдэгч Д.Агийн гэмт хэрэгт хохирогчоор мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө Б.Т нь “...Д.А буудалд 1 шил архитай ирээд хувааж уугаад хоорондоо маргалдаж зодолдсон” гэж,  шүүгдэгч Т.Б нь “ ...Б.Т орноосоо босоод Д.Атай хамт авчирсан архийг нь хувааж уусан. Тэгээд Д.А, Б.Т хоёр архиа ууж байгаад хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдсон” гэж тус тус  зориуд худал мэдүүлэг өгснөөр шүүгдэгч болон хохирогч нарын ямар хууль ёсны ашиг сонирхол, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн юм гэдгийг,  мөн эдгээр мэдүүлгүүдийг өгсний төлөө  шүүгдэгч Д.Агаас эмчилгээний төлбөрт гэж шүүгдэгч Т.Б нь 10.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Т нь 3000.000 төгрөгийг тус тус  шунахайн санаа  зорилгоор авч, зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн  гэдгийг хангалттай шалгасан боловч нотлож чадаагүй байна.  

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т, Т.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэргийг нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

    Харин шүүгдэгч Д.Агийн үйлдлийг бүхэлд нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т хамааруулж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Учир нь:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн талаар нотолсон байдлуудаас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гарсан байдал, хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нь ялгаж салгаж үзэхэд шүүгдэгч Д.А  уг өдрийн өдөр нь  буюу 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүдээс Улаанбаатар руу авч явах гэж байсан зорчигчдоо Б.Т, Т.Б нарт алдсанаас үүссэн маргаанаас үүдэлтэйгээр  Б.Т, Т.Б нартай уулзахаар Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг “Хараа” зочид буудалд шөнийн 03 цагийн үед Д.Дашпунцаг, Б.Хатанбаатар, Энх-амгалан нарыг дагуулан очиход зочид буудлын жижүүр Ч.О нь тэднийг оруулахгүй гэх шаардлагыг тавихад түүнийг эсэргүүцэж, түлхэх, хэл амаар доромжлох, эд зүйл чиглүүлж шидэх зэргээр буудлын ажилтны бие эрх чөлөөнд халдаж танхайрсан нь шүүгдэгч болон хохирогч нар, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь бусдыг илтэд үл хүндэтгэх, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчих, уг үйлдлүүдийг санаатайгаар үйлдсэн байхыг шаарддаг ба Д.Агийн энэ үйлдэл нь “Хараа”  зочид буудалд мөрдөх дотоод журам /хх-ийн 61/-г зөрчиж зочид буудлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан танхайрсан гэж үзэхээр байна.

    Хохирогч Т.Быг хутгалж биед нь баруун гарын тохойн үений дотор талын булчин, шууны шөрмөс, судас /шууны тараагуур судас/, мэдрэл гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр  зэргийн гэмтэл,  хохирогч Б.Тыг хутгалж,  биед нь баруун шууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтлийг тус тус учруулсан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь урьд өдөр нь Т.Б, Б.Т нарт Д.А зорчигчдоо алдсандаа гоморхож, шаралхснаас үүдэлтэй буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

    Иймд шүүгдэгч Д.Агийн “Хараа” зочид буудалд танхайрсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1,  хохирогч Т.Бын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1,  хохирогч Б.Тын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар тус тус зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь хэргийн жинхэнэ байдалд нийцэхээр байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, энэ үндэслэлээр Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 60 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

    Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Д.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байгаа ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар өршөөлийн хуульд хамааруулан тус тус хэргүүдийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

    Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан прокурор Э.Эын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүссэн тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч Ж.Ж нарын хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж өгөхийг хүссэн тухай давж заалдсан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын яллагч Э.Эын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтуудыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай.

Үүнд: а/ 2. Шүүгдэгч Тайж овогт Даариймаагийн Аг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэдгийг  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

б/ 3. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

в/ 4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Д.Ад холбогдох Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын 1, 5, 7, 8, 9 дүгээр заалтуудыг тус тус хэвээр үлдээж, 6 дугаар заалтыг хүчингүйд тооцсугай.

3. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
4. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаанд Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.  

                            
 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Н.ЭМАА

               ШҮҮГЧИД                    Г.ТЭГШСУУРЬ

                                         А.САЙНТӨГС