Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 259

 

Д.Амарсанаа, Б.Төрбат, Т.Баяртогтох нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол,

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр магадлалтай, 201510010069 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий Прокурорын бичсэн эсэргүүцлээр хянан хэлэлцэв. 

1.Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, 1999 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10,000 төгрөгөөр торгох ялаар, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 2 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Дариймаагийн Амарсанаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, зэвсэг хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жанжинхүү овогт Баалайхүүгийн Төрбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан “Шунахайн сэдэлтээр зориуд худал мэдүүлэх” гэмт хэрэгт

3. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, 2000 онд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж,  уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Тайчууд овогт Төртогтохын Баяртогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан “Шунахайн сэдэлтээр зориуд худал мэдүүлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Төрбат, Т.Баяртогтох нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Амарсанааг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Д.Амарсанааг 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Д.Амарсанаад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Д.Амарсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Амарсанаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Амарсанаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, харин Д.Амарсанаад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийн өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1  жил 6 сарын хугацаагаар тогтоосон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Амарсанаа, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын Ерөнхий Прокурорын эсэргүүцэлд: “...Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Д.Амарсанаа нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлт хийхэд онцгой ач холбогдол бүхий гэрч Ч.Отгонтөгс, И.Энхтөгс, Б.Батбаяр нарын мэдүүлгийг няцаасан ба үгүйсгэсэн тухай үндэслэлийг магадлалд заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй байна.

 Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Д.Амарсанаа 2015 оны 3 дугаар сарын 29-ний шөнө буудлын үйлчлэгч Ч.Отгонтөгсийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй олон нийтийг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, цээртэй бүдүүлэг үгээр доромжлон түлхэж биед нь халдсан, улмаар танхайрах явцдаа буудлын 402 тоот өрөөнд амарч байсан иргэн Т.Баяртогтохын баруун гарт нь хутгалж хүндэвтэр, Б.Төрбатын баруун гарт нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан танхайн гэмт хэргийг үйлдсэн байхад шүүх “Хараа” зочид буудалд танхайрсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, хохирогч Б.Төрбатын баруун гарт нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэл оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хүчингүй болгуулахар эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Амарсанааг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, танхайрсан гэж үндэслэлтэй дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн. Харин давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолтой гэрчүүдийн мэдүүлгийг няцаасан ба үгүйсгэсэн тухай үндэслэлийг магадлалд заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Нэг хэргийг салган зүйлчлэх байдлаар хөнгөрүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Д.Амарсанааг олон нийтийг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Анхан шатны шүүх Б.Төрбат, Т.Баяртогтох нар нь шунахайн сэдэлтээр зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдож, тогтоогдоогүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа энэ 2 шүүгдэгчийн үйлдлийг Д.Амарсанаагийн үйлдэлтэй холбогдуулж, дутуу үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөнийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн. Д.Амарсанаад холбогдох хэргийн гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг тогтоож, чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсгийг зөрчсөн. Гол шалтгаан нь байнга маргалдаж байдаг харьцааны зөрчил байсныг танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцэхгүй байна. Улсын Дээд шүүх 2007 оны 41 дүгээр тогтоолоор танхайн гэмт хэргийг бусад ойролцоо гэмт хэргээс ялгаж шийдвэрлэх талаар тайлбарласан тайлбартай Д.Амарсанаагийн үйлдэл нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Амарсанаа нь 2015 оны 3 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн үед “Хараа” зочид буудалд согтуу хүмүүс оруулахгүй гэсэн Ч.Отгонтөгсийг хэл амаар доромжилж Т.Баяртогтох, И.Энхтөгс, Б.Батбаяр, Б.Төрбат, н.Гантулга нар өрөөндөө амарч байхад нь дайрч орж, Б.Төрбаттай маргалдаж, улмаар Б.Төрбат болон Т.Баяртогтох нарын гарыг хутгалж, хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Д.Амарсанаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Анхан шатны шүүх Д.Амарсанааг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, үйлдсэн гэмт хэрэгтээ ялгүй болсон, учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасныг харгалзан   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн ангийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Т.Баяртогтох, Б.Төрбат нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүх Д.Амарсанаагийн хоёр хохирогчийг  хутгалж зэвсэг хэрэглэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй танхайрсан үйлдлийг энгийн бүрэлдэхүүнтэй танхайрах, бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг болгон задалж зүйлчлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн алдаануудыг гаргажээ.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318, 319 дүгээр зүйлийг анхан шатны шүүх хэрхэн зөрчсөнийг тогтоогоогүй атлаа Д.Амарсанаа, Т.Баяртогтох, Б.Төрбат нар хүн тээвэрлэх асуудлаас болж маргалдсан гэх анхан шатны шүүхээр тогтоогдоогүй, няцаагдсан нөхцөл байдлыг шинээр тогтоож, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.3 дахь хэсэгт заасан “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоолд өөрчлөлт оруулах эрхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Үүнээс гадна хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйл /нийлмэл гэмт хэрэг/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл /зэвсэг хэрэглэн танхайрах/-ийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байна.

Д.Амарсанаагийн үйлдсэн хоёр хохирогчийг хутгалж хүнд, хөнгөн гэмтээн зэвсэг хэрэглэж танхайрсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг нэг дор агуулсан байхад тухайн шинж бүрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн, хүндэвтэр хэрэгт задлан хөнгөрүүлэн зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа болон өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтаар тус бүрийг хэрэгсэхгүй болгосныг хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзнэ.

Нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйд хадгалагдаж буй гэмт хэргийн бүрэлдэхүүний хэд хэдэн шинжийг зэрэг агуулсан гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгайлан заасан тохиолдолд тухайн үйлдэл , эс үйлдэхүйг нийлмэл гэмт хэрэг гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн уг, зүйл хэсэгт зааснаар зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалттай бөгөөд давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “...энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

Мөн шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга, хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт, шүүхээс бусад нотлох баримтыг болон давж заалдах гомдол, эсэргүүцлийг няцаасан, үгүйсгэсэн үндэслэлийг логик дараалалтайгаар бичих талаар магадлалд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж  заалдах шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдаа болон зөрчлийн талаар бичсэн Улсын Ерөнхий Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Амарсанаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ч.ХОСБАЯР