Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/613

 

           2023             6           13                                       2023/ДШМ/613

С.Н -т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ундрах,

шүүгдэгч С.Н -,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/404 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н -ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2209032930315 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

... ,

Шүүдэгч С.Н - нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ... -тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Н-ийн дүү Л -гийн сургуулийг сольж өгнө гэж хуурч мэхлэн 2.800.000 төгрөгийг авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны ... - дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Н -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Н -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н -ийг 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Н -ээс 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-ьд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Н - давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувийн байдлын хувьд 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрх толгойлсон эмэгтэй. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, эрх зүйн мэдлэг дутуугаас анхан шатны хурлаас өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүйгээс эрх зүйн байдлаа хөнгөрүүлж чадсангүй. Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3 дугаар станцын .... тоот байранд 24 жил амьдарсан бөгөөд 2022 оны 12 сарын дундуур байр маань гал түймрийн улмаас шатаж, гэр оронгүй болсон. Үүнээс болж сэтгэл санааны хүнд байдалд орж хохирлоо төлж чадаагүй. Давж заалдах шатны хурлаас өмнө хохирлоо төлөх бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй зөв амьдрах болно. Иймд миний хувийн байдлыг харж үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор  Г.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н -т 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хохирогч Б.Н-ьд 2.800.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Н-ь “шүүгдэгч хохирол төлбөрөө төлж барагдуулсан тохиолдолд надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж тайлбарласан. Харин шүүгдэгч С.Н - нь “би хохирол, төлбөрөө төлж барагдуулна” гэж илэрхийлсэн боловч одоогийн байдлаар хохирогчид хохирол төлбөр огт төлж барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

С.Н - нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ... -тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Н-ийн дүү Л -гийн сургуулийг сольж өгнө гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны ... - дугаартай дансаар болон бэлнээр 2.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Н-ийн “Би Н - гэх эмэгтэйтэй танилцаж “манай дүү Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд зүү төөнүүрийн ангид суралцдаг, та хүний их эмчийн ангиар солиод өгч чадах уу” гэхэд чаднаа, эгчдээ 2.800.000 төгрөг буюу сургалтын төлбөр өгчих, эгчид нь анагаахад таньдаг хүмүүс олон гэж хэлсэн. Ингээд би 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын их сургууль дээр байх үедээ “миний интернет банк болохгүй байсан болохоор” өөрийн эзэмшлийн Хаан банкны ... -тоот данснаас найз Намуунзулын Хаан банкны ... - тоот данс руу 2.000 000 төгрөг шилжүүлж, Намуунзулын дансаар Н -ийн Хаан банкны ... - тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үлдсэн 800.000 төгрөгийг өөрийн данснаас бэлнээр авч ... -тоотод Н -т өгсөн. Би нийт 2.800.000 төгрөгийг дүүгийнхээ сургуулийн ангийг солиулах талаар мөнгө өгснөөс хойш Н - эгчтэй холбогдож чадахгүй 1 жил 4 сар хүлээгээд болохгүй болохоор нь цагдаад гомдол гаргасан юм. Н - нь миний итгэсэн итгэлийг ашиглаж, хууран мэхэлсэн. Өөрийнхөө өгсөн 2.800.000 төгрөгийг буцааж авах хүсэлтэй байна.” /хх 27-29/ гэж шүүгдэгч С.Н -т мөнгө өгөх болсон шалтгаан, үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Х.Н-ын “Манай сургуулийн Н гэх охин интернет банк болохгүй байна, чи дансаараа мөнгө аваад шилжүүлээд өгөөч гэхээр нь би өөрийнхөө ... - тоот дансаар 2.000.000 төгрөгийг аваад буцаагаад нэг данс руу шилжүүлсэн. ...” /хх 37/,

гэрч Т.Н-ийн “2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Н, М бид 3 уулзсан юм. Б.Н дүүгийнхээ сургуулийг сольж өгнө гээд бэлнээр 800.000 төгрөг тоолоод Сонор төвийн 2 давхарт очиж 40 орчим насны эгчид өгсөн. Мөнгөө өгч байхад Мянганцэцэг бид 2 хараад зогсож байсан. ...” /хх45/,

гэрч Б.М-ийн “Н бид хоёр их сургуулийн нэг ангийн найзууд байгаа юм. Б.Н дүүгийнхээ сургуулийг сольж өгнө гээд бэлнээр 800.000 мянган төгрөг тоолоод Сонор төвийн 2 давхарт очиж халимаг үстэй 50 орчим насны эгчид өгсөн. Мөнгөө өгч байхад Мянганцэцэг бид 2 хараад зогсож байсан.” /хх 47/,

гэрч С.Л -гийн “Би 2021 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүү заслын ангид элсэн орсон. Миний сонирхол хүний их эмчийн ангид орох сонирхолтой байсан бөгөөд надад тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор Н- эгч мөнгө гаргаад хүнээр дамжуулаад оруулаад өгнө гэсэн юм. Тэгээд би ангиа сольж чадаагүй болохоор сургуулиасаа гарсан юм.” /хх 43/

С.Н - яллагдагчаар “Би 2.000.000 төгрөгийг дансаар авч, 500.000 төгрөгийг бэлнээр авсан. Бэлнээр мөнгө авах үед Н- нэг охинтой явж байсан. Би сургуулийн доторх анги сольж өгөхөөр мөнгө авсан бөгөөд надад
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд таньдаг албан тушаалтан байгаагүй. Н-ь надад анги солиулахаар нийт 2.500.000 мянган төгрөгийг урамшуулал болгож өгсөн ... 2022 оны 9 дүгээр сарын 20-ноос 30-ны өдрийн хооронд анги солиулах тухай өргөдлийг сургалтын албанд бичиж өгсөн. Сургалтын албанаас их эмчийн анги байхгүй шүдний эмчийн анги байна гэхэд Н-ь нь манай дүү “их эмчийн” ангид орно гэж хэлсэн. Би гэм буруу дээрээ маргахгүй, 2023 оны 03 сарын 01-нээс 02-ны хооронд 2.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 500.000 төгрөгийг 3 сарын цалин дээрээс төлж барагдуулна.” /хх 53-54/ гэх мэдүүлгүүд,    

Б.Н-ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хх 17-18/,

Б.Н-ийн эзэмшлийн Хаан банкны ... - тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 19/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 15/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч С.Н -ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх С.Н -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс С.Н -ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Н -ээс “шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг” хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг иш татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч С.Н - нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөх эсэхээ илэрхийлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байхаас гадна анхан шатны шүүхээс сонгож оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч С.Н -ийн үйлдсэн төгссөн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н -ийн гаргасан “тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан ялын төрлийг солих тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

          Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-д 2.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх бөгөөд шүүх, хохирогчид учирсан хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж, шүүгдэгч С.Н -ээс 2.800.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Харин шүүгдэгч С.Н -ээс 2.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д олгосон нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй юм.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Н-ийн “... би Н - гэх эмэгтэйд “манай дүү Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд зүү төөнүүрийн ангид суралцдаг, та хүний их эмчийн ангиар солиод өгч чадах уу” гэхэд чаднаа, эгчдээ 2.800.000 төгрөг буюу сургалтын төлбөр өгчих гэсэн ...” /хх 27-29/, гэрч С.Л -гийн “... Би 2021 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүү заслын ангид элсэн орсон. Миний сонирхол хүний их эмчийн ангид орох сонирхолтой байсан ... Н эгч мөнгө гаргаад хүнээр дамжуулаад оруулаад өгнө гэсэн. ...” /хх 43/, яллагдагчаар С.Н -ийн “... надад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд таньдаг албан тушаалтан байгаагүй. ... 2022 оны 9 дүгээр сарын 20-ноос 30-ны өдрийн хооронд анги солиулах тухай өргөдлийг сургалтын албанд бичиж өгөхөд сургалтын алба их эмчийн анги байхгүй, шүдний эмчийн анги байна гээд өргөдөл дээр цохолт хийсэн. ... Би нэг хүнээс дахиад асуусан чинь оноо хүрэхгүй байна, 600-700 оноотой байх нөцөл бүрдсэн цагт ордог юм гэж хэлсэн. ...” /хх 57-58/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Б.Н нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Зүү төөнүүрийн анги”-д суралцдаг өөрийн дүү С.Л -г оноо нь хүрэхгүй байхад тус сургуулийн “Хүний их эмч”-ийн ангид оруулах зорилготойгоор шүүгдэгч С.Н -т 2.800.000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдсон байхаас гадна түүний хууль бус аргаар дүүгийнхээ суралцах ангийг солиулахаар мөнгө өгсөн үйлдлийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч С.Н -ээс гаргуулсан 2.800.000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

          Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Н -ийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сүхбаатар дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/404 дугаартай шийтгэх тогтоолын:

          6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н -ээс 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          2. Шүүгдэгч С.Н -ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН