Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 146

 

                                             С.Н-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгч С.Н, хохирогч Б.Н, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 613 дугаар магадлалтай, С.Н-т холбогдох эрүүгийн __________ дугаартай хэргийг хохирогч Б.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт С-ийн Н.

С.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сонор төвийн ___ тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Н-ийн дүү С.Л-ийн сургуулийг сольж өгнө гэж хуурч мэхлэн 2,800,000 төгрөгийг авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны ___________ дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоолоор С.Н-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Н-ээс 2,800,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид Б.Н-д олгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж 613 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар С.Н-ээс 2,800,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Н гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байгаа болно. Үүнд: Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу аливаа хэрэг маргаанд яллах болон цагаатгах үндэслэл бүхий нотлох баримтыг үндэслэж прокуророос яллах дүгнэлтийг үйлдэж шүүхэд ирүүлдэг. Үүний дагуу анхан шатны шүүхээс тус хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийг шийдвэрлэж харин давж заалдах шатны шүүх мөн хуулийн 39.1.1, 39.1.2-т зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана. Ингэхдээ анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй байх хуулийн зохицуулалттай. Гэвч 613 дугаартай магадлалаар прокурорын үйлдсэн яллах дүгнэлтээс хэтэрсэн, аливаа гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр хохирогчид олгохоор шийдвэрлэсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж төрд олгохоор шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх нь гаргасан магадлалаараа Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчмыг зөрчсөн үйл ажиллагаа болсон. Учир нь хууль ёсны зарчмын онолын агуулга нь хуулиар хориглоогүй бол гэмт хэрэг биш гэсэн томъёоллоор илэрхийлэгддэг. Тухайлбал, давж заалдах шатны шүүхээс хохирогчийг хууль бус аргаар дүүгийнхээ суралцах ангийг солиулахаар мөнгө өгсөн гэж үзэн түүний хууль ёсны эрх ашиг хохирсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. Хэрэв хууль бус аргаар дүүгийнхээ ангийг солиулахаар мөнгө өгсөн гэж үзэж байгаа бол хохирогч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль нэг гэмт хэргийг үйлдсэн байх зайлшгүй шаардлагатай. Гэвч хохирогч нь чухам аль гэмт хэргийг үйлдсэн нь тодорхойгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт хууль бус аргаар дүүгийнхээ суралцах ангийг солиулахаар өгсөн мөнгө гэдэг тухайн шинээр орох ангийнх нь сургалтын төлбөр гэдгийг шүүгдэгч, хохирогчийн аль аль нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд дээрх нотлох баримт байсаар байтал давж заалдах шатны шүүхээс тодорхойгүй үндэслэлээр, тодорхойгүй гэмт хэрэгт буруутган хохирогчид олгогдох ёстой хохирлыг төрд олгосон нь өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7, 1.10 дахь хэсэгт тус тус заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчээс гэмт хэргийн хохиролд 2,800,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тус хохирлыг төрд олгохоор шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээд болон түүний үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирогч нь тодорхой байсаар байтал давж заалдах шатны шүүхээс төрд олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Тухайлбал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчээс мөнгөн хөрөнгө гаргуулж улсын төсөвт шилжүүлж болно. Энэ тохиолдолд шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсээр байтал хохирлыг төрд олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй, дутмаг болсны улмаас хохирогчийн эд хөрөнгийн эрх ашгийг илтэд дордуулсан байна. Иймд дээрх үндэслэлийн дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 613 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч Б.Н хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг илтэд зөрчиж, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэглэлгүй шинэ нотлох баримтыг шүүсэн гэв.

Шүүгдэгч С.Н хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүх хурлын дараа 2,700,000 төгрөгийг тушаах гэсэн боловч “давж заалдах гомдол гаргана” гэсэн болохоор мөнгийг нь байлгаж байгаа. Энэ төлбөрийг төлчих юм бол 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд хориг тавьж өгнө үү. Би гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүн. Нийтийн байранд амьдардаг гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: С.Н-ийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.Н-ийг залилж, 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болжээ. Гэхдээ хэргийн материалтай танилцахад гэмт хэрэг гарсан цаг хугацааг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Хохирогч нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг дансаар, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 800,000 төгрөгийг бэлнээр шүүгдэгчид өгсөн үйл баримт тогтоогдсон байна. Гэтэл прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд гэмт хэрэг гарсан цаг хугацааг бичиг теникийн алдаа гаргаж буруу бичсэн байх тул хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс 2,800,000 төгрөгийг залилах гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзэн түүнд олгуулахаар, давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар 2,800,000 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн буюу зөрүүтэй байдал үүссэн байна. Хоёр шатны шүүх залилах гэмт хэргийг үндэслэлтэй дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийн улмаас хохирогчид 2,800,000 төгрөгийн хохирол учирсан учир түүнд буцаан олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Н нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд сурч байсан С.Л-ийн ангийг сольж өгнө гэж хуурч мэхлэн Б.Н-иас 2021 оны 09 дүгээр сард банкны шилжүүлэг болон бэлнээр 2,800,000 төгрөгийг залилсан үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.

Эд хөрөнгийн хохирол нь тооцон хэмжиж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдэх, нөхөн төлөгдөх шинжтэй, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэргийн үр дагавар болсон бодит алдагдал тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайн тогтоогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээдэг нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтсон жишиг юм.

Анхан шатны шүүх нь дээр дурдсан хуулиудын зохицуулалт болон тогтсон жишгийг иш үндэс болгон шүүгдэгч С.Н-ээс 2,800,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н-д олгох талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргасан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь “... шүүгдэгч С.Н-ээс 2,800,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-д олгосон нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцээгүй” гэсэн дүгнэлт хийж шийтгэх тогтоолын холбогдох заалтыг өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд тодорхойлогдсон хууль ёсны зарчмын аль шинжид нь анхан шатны шүүхийн шийдвэр нийцэхгүй буй талаар огт дүгнээгүйн гадна мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчийн өмчлөх эрхийг хязгаарлах, хориглох байдлаар эд хөрөнгийн гарз, хомсдол үүсгэж, таагүй үр дагавар бий болгож буй цээрлэл юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь хохирогчид гэмт хэргийн улмаас шууд учирсан буюу Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан хохирлыг мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-той адилтган үзсэнээс гадна мөн  зүйлийн 5-д заасан “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн мөнгөө дүнгээр тооцож, тогтооно” гэсэн шүүхэд үүрэг болгосон заалтыг хэрэглээгүй нь буруу байна.

Иймд энэ талаар гаргасан хохирогч Б.Н-ийн гомдлыг хангаж, магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Хохирогч Б.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 02-нд банкны шилжүүгээр 2,000,000 төгрөг, мөн сарын 05-нд бэлнээр 800,000 төгрөгийг С.Н-т тус тус өгсөн байхад яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлалд залилах гэмт хэрэг “2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн” мэтээр буруу тусгагдсаныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 613 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоолыг бүхэлд нь, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                         ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                             Ч.ХОСБАЯР