Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00123

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02495 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.У-ын хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, түүний өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Н.У-а нь 2020 оны 01 сарын 02-ны өдөр А ХХК-тай 01 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тус компанийн 2014-2018 оныг дуусталх, 2019 оны эхний улирлын хугацааны татварын тайлан тооцоог шалгаж, цагдаагийн газарт татвар төлөхөөс зайлсхийсэн үндэслэлээр шалгагдаж байгаа хэрэгт шинжээчийн гаргасан дүгнэлтийн татварын тооцоог компанийн зүгээс үндэслэлтэй эсэхийг шалгаж, тус компанийн зүгээс улсад төлөх ёстой байсан татварын хэмжээг тооцоолж гаргаж өгөх, улмаар гаргасан дүгнэлтийнхээ дагуу компанийг төлөөлөн итгэмжлэлээр хэрэгт оролцохоор харилцан тохиролцсон.

Гэрээний дагуу захирал Б.Хулан компанийн татварын тайлан тооцоог шалгах, компанийн зүгээс шалгагдаж буй хэргийн хохирлын хэмжээг он, оноор нь тооцоолуулах ажилд 20 000 000 төгрөг төлөх, улмаар компанийг төлөөлөн ажиллагаанд оролцож хохирлын хэмжээг бууруулбал тухайн буулгаж чадсан үнийн дүнгийн 10 хувиар урамшуулал төлбөр төлөхөөр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хүлээсэн ажлаа бүрэн гүйцэтгэж тус компанийн 2014-2018 оныг дуусталх, мөн 2019 оны эхний улирлын тооцоог шалгаж, дүгнэлт тооцооллыг гаргасан. Ажиллагаа их байсан тул дүгнэлтээ 2020 оны 03 сард гаргаж 2020 оны 03 сарын 16-ны өдөр эцсийн байдлаар компанийн нягтланд хүлээлгэн өгч, захиралд утсаар мэдэгдсэн.

Н.У-ын гаргасан дүгнэлтэд өөрсдийн мэдэж байсан илэрхий зүйлийг бичсэн гэх боловч анх татварын байцаагч шалгахад тэр тухайгаа хэлж баримтаа үзүүлж дүгнэлтээ гаргуулаагүйн улмаас байцаагчийн акт 5,5 тэрбум төгрөгөөр гарсан байсан. Мөн татвараа нөхөн тайлагнасан гэдгээ хэлээгүй учир байцаагчийн акт өндрөөр тавигдсан байдаг. Үүнийг дүгнэлтдээ тусгаж өгсөн болно. Хэрэв хариуцагч компанийн зүгээс эрүүгийн хэрэгт оролцох итгэмжлэл өгсөн бол хүсэлт гаргаж бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах, өөрийн гаргасан дүгнэлтийг хамгаалах бүрэн боломжтой байсан. Гэтэл оролцуулаагүй атлаа хэдэн сар ажиллаж гаргасан дүгнэлтийг үгүйсгэж байгаад гомдолтой байна. Н.У-ын дүгнэлт цөөхөн хуудас нь үнэ боловч өгсөн 170 хуудас санхүүгийн баримт бусад баримтад тулгуурлан дүгнэлтийг гаргасан. Гэрээгээр урьдчилгаа 50 хувийг өгөхөөр тохиролцсон ч өнөөг хүртэл олгоогүй. Мөн 2019 оны 04 сараас тусдаа гэрээ хийж сар бүр 500 000 төгрөг авахаар тохиролцсон нь үнэн. Уг гэрээний дагуу хариуцагч байгууллагын санхүүгийн бусад бүхий л баримтыг цэгцэлж ажиллаж байсан. Харин эрүүгийн хэрэгт гаргасан татварын байцаагчийн дүгнэлттэй холбогдуулан тусдаа гэрээг 2020 оны 01 сард хийсэн болно.

Гэтэл А ХХК, түүний захирал Б.Хулан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, Н.У-ын гаргасан дүгнэлт, тооцоо судалгааг хүлээн авсан атлаа гэрээний дагуу төлөх төлбөр 20 000 000 төгрөгийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, нэг талын санаачилгаар гэрээ цуцалсан агуулга бүхий и-мэйлийг 2020 оны 04 сарын 27-ны өдөр ирүүлсэн байна. Н.У-а гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул гэрээний дагуу 2020 оны 01 сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Н.У-атай 2020 оны 01 сарын 02-ны өдөр Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь эрүүгийн цагдаагийн албанд хариуцагч байгууллагад холбогдуулан үүссэн хэрэгт 5.5 тэрбум төгрөг төлөх шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан уг дүгнэлт үндэслэлтэй эсэх, улсад төлөх татвар бодитоор хэдэн төгрөг болох талаар дүгнэлт гаргуулахаар тохиролцсон. Гэтэл Н.У-а гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд бидний зүгээс удаа дараа ажлын явц, үр дүнг ирүүлэхийг шаардаж, эцэст нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүн гэх дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Дүгнэлтийг гүйцэтгэх захиралд хүлээлгэн өгөөгүй, нягтлан н.Золзаяа гэж хүнд хүлээлгэн өгөөд явсан. Дүгнэлт нь 5-6 хуудас, хавсаргасан баримтууд 170 хуудас бүгд санхүүгийн баримт, дансны хуулганууд байсан. Иймд 170 хуудас ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Уг дүгнэлт нь зохих шаардлага хангахгүй, гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй, дүгнэлтэд дурдагдсан зүйл компанийн илэрхий мэдэж байгаа зүйлийг дурдсан, эрүүгийн хэрэг шалгах явцад мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр манай компанийг улсад 6,2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байгааг мэргэжлийн хувьд үндэслэлтэйгээр няцааж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, компанийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж ажиллаж чадаагүй юм.

Жишээлбэл: Татварын ерөнхий хуульд нөхөн мэдүүлсэн явдал алданги, торгуулиас чөлөөлөх үндэслэл болохгүй гээд заасан байхад нэхэмжлэгчийн ирүүлсэн дүгнэлтэд нөхөн тайлагнасан тул алданги, торгууль төлөхгүй гэж гаргасан байдаг. Мөн эрүүгийн хэрэгт байцаагчийн гаргасан 5,5 тэрбум төгрөг төлөх дүгнэлтээр одоо хүртэл хэрэг явагдаж байгаа нь нэхэмжлэгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байсныг илтгэнэ. Нэхэмжлэгч гаргасан дүгнэлтдээ зөвхөн татварын акт тавигдаагүй үндэслэлээр 5,1 тэрбум төгрөг хасагдах ёстой гэж байцаагчийн дүгнэлтийг няцааж дүгнэлт гаргасан. Гэтэл Эрүүгийн хэрэгт мөнгө угаасан татвар төлөөгүй гэх зэрэг асуудал явж байгаа бөгөөд эрүүгийн хэргийн явцад зөрчлийн асуудлыг давхар шалгаад зөрчилд акт тавих боломжтой. Мөн тус гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгчтэй үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, сар бүр 500 000 төгрөгийн хөлс олгож байсан. Уг гэрээний дагуу хийсэн ажлаа дүгнэлтэд хамааруулж бичсэн байсан. Гэрээний 4.2.4-т зохих үр дүн гарахын төлөө ажиллана гэж, 4.1.2-т гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол дангаар цуцлах эрхтэй гэж заасан тул 2020 оны 04 сарын 27-ны өдөр нэг талын санаачилгаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцалж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй манай компанид үндэслэл бүхий, чанарын шаардлага хангасан үйлчилгээг үзүүлээгүй тул үр дүн гараагүй гэж үзэж бидний зүгээс гэрээг цуцалсан.

Иймд төлбөр төлөх үндэслэлгүй. Мөн анх гэрээг байгуулахад А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хуланд чи шоронд орох гэж байна, миний гаргаж өгсөн дүгнэлтээр л явна гэж худал мэдээлэл өгч төөрөгдүүлэх, шахалт, дарамт үзүүлэх замаар уг гэрээг хийсэн, шинжээчийн дүгнэлтээр гарсан 6.2 тэрбум төгрөгийг 300 000 000 төгрөг хүртэл бууруулж чадна гэж хуурмаг итгэл үнэмшил төрүүлэх замаар хуурч мэхлэх замаар гэрээ хийсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 22 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.У-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 267 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байдаг. Талуудын 2020 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 2.2-т гэрээ байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрээний урьдчилгаа 50 хувь буюу 10 000 000 төгрөг төлөх, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2020 оны 01 сарын 31-ний өдрийн дотор тус тус төлөхөөр тохиролцсон. Гэрээний 4.3-т урьдчилгаа төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул 2020 оны 01 сарын 11-ний өдрөөс 01 сарын 31-ний өдрийг хүртэл 10 000 000 төгрөгөөс хоногийн 0.5 хувь буюу 50 000 төгрөгөөр тооцоход 21 хоногийн алданги 1 050 000 төгрөг байсныг шүүхийн шийдвэрт дүгнээгүй байна. Гэрээний 4.3-т заасны дагуу 10 000 000 төгрөгөөс 2020 оны 01 сарын 11-ний өдрөөс 01 сарын 31-ний өдөр хүртэлх 21 хоногийн алданги 1 050 000 төгрөг, 20 000 000 төгрөгөөс 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс 06 сарын 18-ны өдрийг хүртэл 139 хоногийн алданги 13 900 000 төгрөг нийт 160 хоногийн алдангид 14 950 000.0 төгрөгөөр тооцохоор байдаг. Дээрх алдангийн нийт хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 10 000 000 төгрөгөөр тооцож, бууруулж нэхэмжилснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт алдангийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 22 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.У-ад олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана гэж заасан. Шүүх уг хуулийн заалтыг хэрэглээгүй. Холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Н.У-а нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ .... 2020 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ээр гүйцэтгэх ажил үүрэг нь А ХХК-ийн 2014-2018 оныг дуусталх ... татварын тайлан тооцоог шалгаж, тус компанийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэх хэрэгт шинжээчийн гаргасан дүгнэлтийн татварын тооцоог компанийн зүгээс үндэслэлтэй эсэхийг шалгаж, улсад төлөх ёстой байсан татварын хэмжээг тооцоолж гаргаж өгөх, Эрүүгийн хэрэг дээр төлөөлөхөөр тохиролцсон. Уг гэрээний дагуу захирал Б.Хулан нь ... 20 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэтгэж ... дүгнэлт тооцооллыг гарган 2020 оны 03 сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн гэжээ.

Хариуцагч компани нь Н.У-атай 2020 оны 01 сарын 02-ны өдөр Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээгээр нэхэмжлэгч Н.У-а нь хариуцагч компанид холбогдох Эрүүгийн Цагдаагийн албанд үүссэн хэрэгт А ХХК нь 2014-2018 оныг дуусталх хугацаанд татварт 5,5 тэрбум төгрөгийн татвар төлөх шинжээчийн дүгнэлтэд үйлчлүүлэгчийн зүгээс дээрх дүгнэлт нь үндэслэлтэй эсэх, түүний тооцоо, судалгааг гаргах, компанийн зүгээс улсад төлөх ёстой татварын хэмжээг бодитой тооцоолж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлж ажиллахаар тохиролцсон. Талуудын байгуулсан гэрээний 4.1.2-д гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгчийн итгэлийг эвдсэн аливаа үйлдэл хийсэн тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан. Энэ дагуу хариуцагч гэрээг цуцалсан бөгөөд хариуцагч гэрээ цуцалсан шийдвэр гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Бодит байдал дээр Н.У-а нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс удаа дараа ажлын явц, үр дүнг шаардахад огт хариу өгөхгүй удаж байсан. Үүний дараа дахин ажлын явц, дүгнэлт ирүүлэхийг шаардсаны эцэст гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээ гэх дүгнэлтийг хариуцагч компанид ирүүлсэн байдаг. Уг дүгнэлт нь зохих чанарын шаардлага хангахгүй, дүгнэлтэд дурдагдсан зүйл нь компанийн илэрхий мэдэж байгаа зүйлийг дурдсан байсан тул нэхэмжлэгчийг мэргэжлийн шинжээчийн хувьд бодитой дүгнэлт гаргаж чадаагүй, уг хэрэг дээр гэрээний дагуу ажиллаагүй, ажлын явцын талаар бодит мэдээлэл, үндэслэлтэй тайлбар өгөхгүй удаж байсан зэрэг нь гэрээний дээрх заалтыг зөрчсөн болно.

Иймд хариуцагчийн зүгээс Н.У-атай байгуулсан маргаан бүхий гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд гэрээнд заасан гэрээ цуцлах журмаар А ХХК-ийн Захирлын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн Гэрээ цуцлах тухай тушаалаар хуулийн дагуу цуцалсан болно. Уг гэрээ цуцалсан шийдвэр тушаалтай Н.У-а нь танилцсан, мэдэж байгаа бөгөөд уг тушаалтай өнөөдрийг хүртэл маргаагүй байдаг юм. Гэрээ цуцалсан тушаалтай огт маргаагүй, гэрээ цуцалсан үндэслэл, тушаалыг хүлээн зөвшөөрсөн байж гэрээний дагуу мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талуудын хоорондын Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цуцалсан А ХХК-ийн Захирлын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн Гэрээ цуцлах тухай тушаал одоо хүчинтэй хэвээр байгаа болно. Гэрээнд зааснаар гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлэх ёстой, энэ мэдэгдлийг хариуцагч тал нэхэмжлэгчид хүргүүлсэн болно.

Эрүүгийн Цагдаагийн албанд шалгагдаж байгаа хариуцагч компанид холбогдох эрүүгийн хэрэг дээр мэргэжлийн шинжээчийн дүгнэлт /Гаалийн ерөнхий газар бүрдүүлэлтийн дараах шалгалт гаалийн улсын байцаагчийн 2019 оны 09 сарын 24-ны өдрийн 01/2019 тоот/ гарч, уг дүгнэлтээр хариуцагч компанийг улсад нийт 5 500 163 102.08 төгрөгийн татварыг төлүүлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг юм. Бид уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд Н.У-атай гэрээ байгуулж энэ асуудал дээр бодитой дүгнэлт, шинжилгээ хийлгэхийг зорьсон. Гэтэл үндэслэл бүхий дүгнэлт, шинжилгээ хийж чадаагүй байж, 20 000 000 төгрөгийн ажлын хөлсөө бүрэн авна гэдэг нь илт шударга бус юм. Хариуцагч нь захиалагч, ажил гүйцэтгүүлэгчийн хувьд хийсэн ажлын чанарт шаардлага тавих, чанаргүй ажлын үр дүнг хүлээн авах, төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй. Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын чанар, үр дүнгийн алдаа, дутагдал, шаардлага хангахгүй байгааг хангалттай нотолж татгалзаж, холбогдох баримт нотолгоог гаргаж мэтгэлцсэн байхад шүүх холбогдох нотлох баримтыг үнэлээгүй болно.

Н.У-ын бидэнд ирүүлсэн дүгнэлтээр бол хариуцагч компанийг нийт 321,9 төгрөгийн татварыг улсад төлөх үндэслэлтэй байна гэж дурдсан. Уг дүгнэлтээс үзэхэд түүний гаргасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг дээр томилогдсон мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийн татварын тооцооллоос илт зөрүүтэй, хэд дахин бага үнийн дүнтэй байгаа бөгөөд ийнхүү тооцсон түүний үндэслэл нь мэргэжлийн бус, бодит биш, нэхэмжлэгчийн гаргасан уг дүгнэлтийн үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байгаа, зохих шаардлага хангахгүй, үндэслэлгүй, зарим талаар компанийн илэрхий мэдэж байгаа зүйлийг дурдсан, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болж чадаагүй гэж үзэж байна. Уг дүгнэлтийг үндэслээд А ХХК нь өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй юм.

Гэрээний 4.2-д ажил гүйцэтгэгчийн эрх, үүргийн талаар заасан бөгөөд 4.2.1-д гүйцэтгэгч нь хуулийн хүрээнд, хуульд үл харшлах арга хэрэгслийг ашиглан, үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалан, зохих үр дүн гаргахын төлөө ажиллана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ мэргэжлийн шинжээчийн хувьд бодитой, үнэн зөв, чанартай, зохих ёсоор гүйцэтгээгүй, үйлчлүүлэгчийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй, Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэргийн шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэйгээр няцааж чадаагүй, татварын хэмжээг бууруулах хэмжээний чанартай, үндэстэй мэргэжлийн дүгнэлт, шинжилгээ чадаагүй байж гэрээний төлбөр гэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн талуудын байгуулсан гэрээний 4.1-д үйлчлүүлэгчийн эрх, үүргийн талаар заасан бөгөөд 4.1.1-д гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах, Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн тохиолдолд гэрээнд заасан хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан. Хариуцагч тал ийм чанарын шаардлага хангахгүй, компанийн хувьд зарим маргаантай асуудлын тухайд илэрхий мэдэж байгаа, энгийн тооцооллыг дурдсан, Эрүүгийн хэрэг дээрх Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч байгууллагыг улсад 5 500 163 102.08 төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлтийг мэргэжлийн хувьд үндэслэлтэйгээр няцааж чадаагүй нэхэмжлэгчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн гэх дүгнэлтийг гэрээний ажлын гүйцэтгэл гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний төлбөр нийт 30 000 000 төгрөгийг өгөх үндэслэлгүй юм.

Н.У-а нь уг үйлчилгээ үзүүлэх гэрээг анх байгуулахдаа А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хуланг чи шоронд орох гэж байна, миний гаргаж өгсөн дүгнэлтээр л явна гэж худал мэдээлэл өгч төөрөгдүүлэх, шахалт, дарамт үзүүлэх замаар уг гэрээг хийсэн, мөн Эрүүгийн хэрэг дээрх шинжээчийн дүгнэлтээр гарсан 5,5 тэрбум төгрөгийг 300 000 000 төгрөг хүртэл буулгаж чадна гэж хуурмаг итгэл үнэмшил төрүүлэх замаар хуурч мэхлэх хэлбэрээр гэрээ хийсэн гэж хариуцагч тайлбарладаг бөгөөд цаг хугацааны дараа худал амлалт, хуурмаг байдал нь тодорхой болсон тул компанийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс иргэн Н.У-атай байгуулсан 2020 оны 01 сарын 02-ны өдрийн 1 тоот Үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага болон мөн анхан шатны шүүх хариуцагчаас төлбөр, алдангид 22 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь зүгээр нэг ажил, үүрэг биш, хариуцагч компани 5 тэрбум төгрөгийн төлбөр, хариуцлага хүлээх эсэхийг мэргэжлийн хувьд үндэслэлтэй тооцож, дүгнэлт гаргах ёстой чухал хариуцлагатай үүрэг юм, Нэхэмжлэгч нь үнэхээр чанартай шинжилгээ хийгээд, үндэслэлтэй дүгнэлт гаргасан тохиолдолд хариуцагч тал төлбөр төлөхөд татгалзах зүйл байхгүй юм. Гэтэл хариуцагч компанийн 5.5 тэрбум төгрөгийн торгууль, алданги зэргийг мэргэжлийн хувьд үндэслэлтэй тооцож чадаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Н.У-а нь хариуцагч А ХХК-д холбогдуулан Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үүрэгт ажлын хөлс 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2020 оны 01 сарын 02-ны өдөр 1 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Н.У-а 2020 оны 03 сарын 13-ны өдөр дүгнэлт гарган хариуцагч А ХХК-ийн нягтлан бодогчид хүргүүлсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй. Харин нэхэмжлэгч Н.У-а Үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэг. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа хэмээн зөв тодорхойлж, хөлсөөр ажиллах гэрээнд ажлын үр дүн, гүйцэтгэлийн чанар ач холбогдолгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа ажиллагч Н.У-а гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн эсэхийг харгалзан үзэлгүйгээр хариуцагч байгууллагаас ажлын хөлс 20 000 000 төгрөгийг гаргуулж, мөн талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн атлаа 2 000 000 төгрөгийн алданги гаргуулж тус тус шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үүнийг залруулах боломжтой.

 

а/. Талууд 2020 оны 01 сарын 02-ны өдрийн 1 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр (1) хариуцагч байгууллагын 2014-2018 оны татварын тайлан тооцоог шалгах, (2) хариуцагч байгууллага 5 400 000 000 төгрөгийн татварын өр төлбөртэй талаарх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх, (3) А ХХК-ийн татварын өр төлбөрийн бодит дүн хэд болохыг тодорхойлох, (4) улмаар эрүүгийн журмаар шалгагдаж буй хэрэгт компанийг төлөөлж оролцох зэрэг 4 төрлийн ажил, үйлчилгээний талаар харилцан тохиролцсон байна. /хх 5-8/

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч Н.У-а тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч А ХХК хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байх ёстой бөгөөд ажлын үр дүнг шаардахгүй юм.

 

Нэхэмжлэгч Н.У-ын хийж гүйцэтгэсэн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн дүгнэлт-ийг 173 хуудас хавсралтын хамтаар А ХХК-ийн нягтлан бодогч н.Золзаяа хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байх ба уг дүгнэлтэд дээр дурдсан тайлан тооцоо, шинжээчийн дүгнэлт, татварын өр төлбөртэй холбоотой асуудлууд тусгагдсан байна. /хх 9-13/ Өөрөөр хэлбэл, уг дүгнэлтээр нэхэмжлэгч Н.У-а нь эрүүгийн журмаар шалгагдаж буй гэх хэрэгт хариуцагч байгууллагыг төлөөлөн оролцохоос бусад ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч нь гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй, мөн талууд ажил, үйлчилгээ тус бүрийн үнийг гэрээгээр тодорхойлоогүй байх тул нийт ажлын хөлс 20 000 000 төгрөгийг нийт гүйцэтгэх ёстой 4 төрлийн ажил, үйлчилгээнд хувааж, 1 төрлийн ажил, үйлчилгээний үнийг 5 000 000 төгрөгөөр тодорхойлбол нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 3 төрлийн ажил, үйлчилгээнд нийт 15 000 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

б/. Ажиллуулагч байгууллага нь ажиллагчийн хийж гүйцэтгэсэн дүгнэлтийг хүлээн авсны дараа ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, чанартай хийж гүйцэтгээгүй талаар мэдэгдэж, мэдэгдэлтэй холбоотой тайлбараа ирүүлэх хугацаа тогтоож, гэрээг цуцлаж байгаа талаар мэдэгдсэнээр гэрээ цуцлагдсан байна. /хх 30, 31-32, 58/

 

Талууд 2020 оны 01 сарын 02-ны өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр алдангийн талаар харилцан тохиролцсон /гэрээний 4.3/ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцэж байх боловч уг гэрээ дээрх байдлаар цуцлагдсан учир нэхэмжлэгч нь хууль, гэрээнд заасан алданги шаардах эрхгүй юм. Иймд алданги 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Хоёр. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, улмаар ажиллагч Н.У-ын хийж гүйцэтгэсэн дүгнэлт шаардлага хангасан эсэх нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүйг буруутгах боломжгүй байна.

 

Гурав. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Н.У-а нь хариуцагч А ХХК-ийн захирал Б.Хуланг төөрөгдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, хууран мэхлэх замаар Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.У-ад олгож, үлдэх 15 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...267.950... гэснийг ...232 950... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР