Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00345

 

  

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02495 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаар магадлалтай,  

*******ын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоогийн гомдлыг үндэслэн 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******а, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч *******а нь ******* ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.  

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02495 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 22,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 267,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...267,950... гэснийг ...232,950... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо хяналтын гомдолдоо: ...анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т заасныг хэрэглээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ. 

ХЯНАВАЛ:  

5. *******а нь ******* ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.  

6. Анхан шатны шүүх ******* ХХК-аас 22,000,000 төгрөг гаргуулж, *******ад олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх ...хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулж, үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.  

7. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2022.02.16-ны өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрлийн гэрээнд Нэхэмжлэгч *******а нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын алданги 10,000,000 төгрөг, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* ХХК нь эвлэрлийн гэрээ шүүхээр баталгаажсан өдрөөс хойш 3 сарын дотор 10,000,000 төгрөгийг хувааж төлөхөөр, гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж гаргуулах, гэрээний үүргээ биелүүлэхэд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гарсан, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл бий болсон бол гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацааг нэг удаа сунгуулах хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэжээ. 

Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж *******а, хариуцагчийн төлөөлөгч Б.Хулан нар гарын үсэг зурсан байна.  

8. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. гэж заасан журмыг зөрчөөгүй байна.  

9. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02495 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч *******а нь 20,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* ХХК нь үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг тогтоол гарсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.10-ны өдөр төлсөн 233,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  П.ЗОЛЗАЯА

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                  Б.МӨНХТУЯА 

                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД