Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0871

 

2024 11 05 128/ШШ2024/0871

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүгч М.Батзориг, Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Ганбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Цэрэндагва /ШТЭҮД:2124/

Хариуцагч: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Алтаншагай, Ж.Орхонбаяр

Хариуцагч: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Болорчулуун

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Наранбаатар

Хариуцагч:  Барилгын хөгжлийн төв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Баасанжав, Б.Цолмон-Од

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Лувсанданзанжанцан

Иргэдийн төлөөлөгч: Х.Өлзийбаяр

Маргааны төрөл: Газрын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтаншагай, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорчулуун, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан шүүхэд анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа: “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр шийдвэрлэсэн хууль бус үйл ажиллгааны улмаас учирсан хохиролд 30.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах” гэжээ.

            1.1.Нэхэмжлэгч нь Барилга хот байгуулалтын яаманд холбогдуулан/хариуцагчийг сольсон/ нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэмэгдүүлэхдээ: “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж, тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 61,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах” гэжээ.

            1.2.Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулахдаа: “Барилга хот байгуулалтын яамнаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан, тендерийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 61,200,000 төгрөгийг гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргаж өгнө үү.” гэжээ.

            1.3.Нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулжээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, - Рашааны 10-609 тоот хаягт байрлах 426 м.кв газрыг өмчилдөг бөгөөд тэрхүү газраа 2000 оноос хойш 20 жил амьдарч байгаа болно.

Уг газраа миний бие 2011 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан өмчилж байгаа ба түүн дээрх 53.5 м.кв талбай бүхий хувийн сууцыг мөн өөрийн хөрөнгөөр барьж, өмчлөх эрхээ баталгаажуулсан.

Гэтэл 2020 оны зун Нийслэлийн хөрөнгө оруулалтаар манай хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийнэ гэж өөрсдийгөө танилцуулсан "Шимт газар" ХХК-ийн ажилчид ирж, хүч түрэн хашааг маань эксковатороор эвдэж, хашаан дотор маань газар ухаж эхэлсэн.

Энэ үеэр нь та нар хүний хувийн өмчид хууль бусаар халдаж байна гэж шаардлага тавьсан ч үл тоомсорлож, улсын ажил гэж хэлэн ажлаа үргэлжлүүлсээр ажлаа дуусгасан.

Гэвч манай нураасан хашаагаа ч засч янзалж өгөлгүй орхиж, манай жорлон байсан газраар бетонон шуудуу тавьсан учир жорлонгоо барих газаргүй болж, хуучин хашаагаа босгох гэсэн ч газрын түвшинтэй тэнцүүлэн бетонон хана, тагтай шуудуу хийсэн тул хашааны шон ч суулгах боломжгүй болж, шудуу ухсан шороогоо зайлуулахгүй орхисны улмаас хашаа маань тэгш бус болж, ашигтай талбай багасч, цаашид дүүрсэн үерийн усны шуудууг цэвэрлэх гэж дахин дахин манай газрыг ухаж сэндийчих зэргээр аюулгүй, тайван амьдрахад хүндрэл учрах зэргээр хохирч хоцроод байна. Монгол Улс бол хувийн өмчийг хуулиар хамгаалдаг хуультай улс гэж ойлгосон ч хүний хувийн өмчид ийнхүү дураараа халдаж, хохироохоор шийдвэрийг гаргаж, ийнхүү үер усны шуудуу суулгах шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь хувийн өмчийн газраар дайруулан төрийн ажил буюу төрийн шийдвэрийн дагуу байгууламж барьж, газарт нь орох бол өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу, нөхөн олговортойгоор, мөн холбогдох тооцоо судалгаа, өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой байтал шийдвэр гарсан гээд ийнхүү хүч түрэн хувийн өмчийн газарт халдаж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т "Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана", 106.3.7-д "захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох" гэж тус тус заасны дагуу хохирол гаргуулахаар шаардаж байгаа ба Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна", 11.1.1-т "захиргааны акт" гэж тус тус заасны дагуу захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан гэж үзэж байгаа болно.

Миний зүгээс хохирлын хэмжээгээ тооцохдоо нийт 426 м.кв газраа зах зээлийн бодит үнэлгээ /хотын төвөөс 4 км зайтай, дахин төлөвлөлтөд орсон, сургууль, цэцэрлэг, худаг, буудалдаа ойрхон гэх мэт нөхцөл байдлуудыг харгалзсан/-г 150.000.000 төгрөгөөр тооцож, манай газар дээгүүр явсан шугамыг мэргэжлийн кадастрын компаниар хэмжүүлж гаргасан хэмжилтээр тогтоогдсон 87 м.кв талбай буюу нийт газрын 20.4 хувиар тооцон доорх дүнг гаргасан болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр шийдвэрлэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 30.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргаж өгнө үү.

Миний зүгээс хохирлын хэмжээгээ тооцохдоо нийт 426 м.кв газраа зах зээлийн бодит үнэлгээ /хотын төвөөс 4 км зайтай, дахин төлөвлөлтөд орсон, сургууль, цэцэрлэг, худаг, буудалдаа ойрхон гэх мэт нөхцөл байдлуудыг харгалзсан/-г 150.000.000 төгрөгөөр тооцож, манай газар дээгүүр явсан шугамыг мэргэжлийн кадастрын компаниар хэмжүүлж гаргасан хэмжилтээр тогтоогдсон 87 м.кв талбай буюу нийт газрын 20.4 хувиар тооцон доорх дүнг гаргасан болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр шийдвэрлэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 30.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргаж өгнө үү” гэж тайлбарлажээ.

2.1.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие урьд нь тус шүүхэд гаргасан...Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр шийдвэрлэсэн хууль бус үйл ажиллгааны улмаас учирсан хохиролд 30.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах" тухай шаардлагынхаа үндэслэлийг өөрчлөлгүйгээр, жинхэнэ хариуцагчид холбогдуулан, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ 30.600.000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж байна.

Учир нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт газрын болон үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш тус шүүхэд анх 2021 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргаснаас хойш огцом өсч, мөн хохирол тооцох хүчин зүйлсээ ч дутуу тооцсон байсантай холбоотойгоор ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх шаардлагатай боллоо.

Өөрөөр хэлбэл газрын болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ийнхүү богино хугацаанд огцом өсөх болсон шалтгаан нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа "Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн 1 үе шатны ажлын хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажил эрчимтэй хийгдэж, дуусах шатандаа орж, орчны тохижилт, өнгө үзэмж сайжирсан, мөн шинээр дэд бүтэц, замууд олноор тавигдсан, 100-200 метрын зайд шинээр улсын сургууль болон цэцэрлэг баригдаж дууссан, мөн 300 метрын зайд дулаан түгээх сүлжээ баригдаж ашиглалтад орсон зэрэгтэй холбоотой ба миний зүгээс өөрт учирсан болон ирээдүйд үүсэх, хүндрэл эрхшээл, хохирлыг тооцон нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийнхээ хүрээнд нэмэгдүүлж байна.

Тодруулбал үерийн усны далд шугам нь 1-2 жилийн хугацааны давтамжтайгаар тагийг нь авч шавар, хог зэргийг нь цэвэрлэх шаардлагатай тул энэ хугацаанд миний бие газраа ашиглах боломжгүй болохын зэрэгцээ манай хашааны хамгийн ашигтай талбайг эзлэн байрлаж байгаа тул тэр хэрээр газрын үнэлгээг бууруулах үндэслэл болж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг миний бие харгалзан үзсэн болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр шийдвэрлэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 61.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргаж өгнө үү” гэжээ.

  2.2.Нэхэмжлэгч А.Ганбат нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж: “Тус шүүхэд хянагдаж байгаа А.Ганбат миний нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар. Хот байгуулалт, хотын стандартын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 61.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай" шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч би, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дахин тодруулж байна.

Тус шүүхийн шүүгчийн 2024.06.26-ны өдрийн 128/ШТ2024/0061 дүгээр тогтоолоор намайг аль хуульд заасны дагуу нөхөн олговор шаардаж байгааг тодруулахыг даалгасны дагуу ийнхүү миний бие дахин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулах шаардлагатай боллоо.

Миний бие Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10-609 тоот хаягт Байрлах 426 м.кв газрыг болон түүн дээр байрлах 53.5 м.кв талбай бүхий хувийн сууцыг хуулийн дагуу өмчилдөг бөгөөд тэрхүү газраа 2000 оноос хойш 20 жил амьдарч байгаа болно.

Гэтэл уг газраар маань дайруулан 2020 оны зун хүч түрэн дайрч миний хувийн өмчийн газрын маань дундуур, орц гарцтай хэсгийг маань дайруулан үерийн усны тагтай далд шугамыг барьж дуусгасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн байгууламж барих ажил нь хамгийн анх Нийслэлийн Засаг даргын 2012.11.22-ны өдрийн А/702 дугаар захирамжаар "... Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн жагсаалтыг баталж, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог томилж", түүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын баталсан 2012.12.03-ны өдрийн 04 дугаартай "Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шугамын зураг, төсөв боловсруулах даалгавар"-ыг гаргаж өгсөн.

Улмаар 2013.03.20-ны өдрийн ҮХЗТ-01/12/багц-4/ дугаартай "Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шугамын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ"-г "Монгол менежмент төв" ХХК-тай байгуулж, зураг төсвийг боловсруулсан байдаг ба түүнийг нь 2014.01.03-ны өдрийн 02/2014 дугаартай "Магадлалын ерөнхий дүгнэлт"-ээр хүлээн авч, 2014.01.08-ны өдөр ажлын хүлээлцсэн байна.

Цаашлаад дээрх журмаар боловсруулагдсан зураг төслийн дагуу хийгдэх ажлын төсөв нь хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны сайдын багцад хуваарилагдсаны дагуу хариуцагчаас тендерийг зарлаж, ажлыг гүйцэтгүүлсэн байна.

Дээрх дурдсан зураг төсөл боловсруулах ажиллагаа нь тус бүртээ иргэдийн ая тух, аюулгүй байдлыг хангасан, зохимжит, хамгийн боломжит хувилбараар төлөвлөж, зургийг үйлдэх талаар тусгагдсан байхын зэрэгцээ зураг төслийг боловсруулсан "Монгол Менежмент төв" ХХК-ийн зурагт нэлээд олон айлын хашаа, байшинг дайрч байгааг тусгаж өгч, энэ талаар мэдэгдэж байсан байтал хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны зүгээс төсөв нь өөрт хуваарилагдаж, захиран зарцуулах эрх нь үүссэн, зурагт давхцалтай айлуудын хашаа, байшингууд байна гэдгийг батлаад өгчихсөн байхад тэрхүү давхцлын асуудлыг шийдвэрлэлгүйгээр, хохирсон иргэдийн хохирлын асуудлыг урьдчилан төлөвлөж, төсөвт тусгалгүйгээр, ажил гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд тусгалгүйгээр тендерийг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажлыг гүйцэтгүүлж, ажлыг нь хүлээн авч байгаа зэрэг нь хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны хууль бус үйл ажиллагаа гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Үүнээс үзэхэд дээрх ажил нь Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1- т "Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно", 73.1.4-т "усны барилга байгууламж, усан цахилгаан станц барих” гэж тус тус заасны дагуу усны барилга байгууламжийг барьж байгуулах талаар гаргасан төлөвлөлтийн үйл ажиллагаа байх ба хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны хувьд уг төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд гэж үзэхээр байна.

Гэтэл хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны дээрх хууль бус үйлдлээс хархад ямар ч тооцоо судалгаагүйгээр, манай газраар дайруулан зураг төсөл нь батлагдчихсан байсаар байтал хохирч болзошгүй иргэнийг хохироохгүйгээр ажлыг гүйцэтгэх арга хэмжээ авалгүйгээр, хохирсон тохиолдолд хохирлыг хэн хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг урьдчилан шийдвэрлэлгүйгээр шууд тендерийг зарлаж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулж, мөн ажлыг гүйцэтгүүлсэн нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т "Төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна", 79.3-т "Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй", 79.4- т "Энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно" гэж тус тус заасныг зөрчиж байна.

Цаашилбал Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т "усны барилга байгууламж" гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, Дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг" ойлгохоор хуульчилсны дагуу уг үерийн ус зайлуулах далд шугам нь усны барилга байгууламж байх ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011.07.06-ны өдрийн 102 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасын дэглэм, засвар үйлчилгээний журам"-ын Хоёр дахь заалтын 2-т "Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10 м, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын тэнхлэгээс 5 м зайд байхаар тогтооно" гэж заасан тул нэгдүгээрт миний өмчлөлийн газар руу үерийн усны далд суваг нь орсноос гадна түүний хамгаалалтын зурвас хамаарч байна.

Иймээс нэхэмжлэгч надад учирсан хохирлын тухайд гэвэл Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа "Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 үе шатны ажлын хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажил эрчимтэй хийгдэж, дуусах шатандаа орж, орчны тохижилт, өнгө үзэмж сайжирсан, мөн шинээр дэд бүтэц, замууд олноор тавигдсан, 100-200 метрын зайд шинээр улсын сургууль болон цэцэрлэг баригдаж дууссан, мөн 300 метрын зайд дулаан түгээх сүлжээ баригдаж ашиглалтад орсон зэрэгтэй холбоотойгоор газар үл хөдлөх хөрөнгийн маань үнэлгээ өндөр байгаа боловч ийнхүү миний газрын хамгийн ашигтай хэсэгт, мөн орц гарцтай хэсэгт маань үерийн усны далд шугам тавигдаж, тэр нь 1-2 жилийн хугацааны давтамжтайгаар тагийг нь авч шавар, хог зэргийг нь цэвэрлэх шаардлагатай тул энэ хугацаанд миний бие газраа ашиглах боломжгүй болохын зэрэгцээ холбогдох дүрэм журмын хүрээнд уг шугамын дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглохын зэрэгцээ тэрхүү шугмын хамгаалалтын зурвастай байхаар зохицуулсан байдаг зэргээс шалтгаалан газрын маань үнэлгээг бууруулах үндэслэл болж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг миний бие харгалзан үзсэн болно.

2021.10.18-ны өдрийн байдлаар "Ашид билгүүн" ХХК-иас миний өмчлөлийн газрыг 145.260.733 төгрөгөөр үнэлсэн боловч дээрх сөрөг нөхцөл байдлуудын улмаас миний газрын үнэлгээ 50 сая төгрөгөөр буурсан ба миний газрын яг 10 хувьд нь шугам байрлаж байх боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2011.07.06-ны өдрийн 102 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасын дэглэм, засвар үйлчилгээний журам"-д зааснаар өргөөшөө 5 метр, уртаашаа 27.79 метр газар буюу 138,95 м.кв газар маань шугамын хамгаалалтын зурваст орсон тул нийтдээ 181,09 м.кв хэмжээтэй газар дээрээ миний бие ганц ширхэг хүрз зоох ч эрхгүй болж хохирч байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2011.07.06-ны өдрийн 102 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасын дэглэм, засвар үйлчилгээний журам"-ыг хавсаргав” гэжээ.

2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны рашааны 10-609 тоотод байрлах 426 метр квадрат газарт болон түүн дээр байрлах 53.5 метр квадрат бүхий хувийн орон сууцны хамт өмчилдөг бөгөөд тэрхүү газарт 2001 оноос хойш 20 жил амьдарч байгаа болно. Маргаан гарснаас хойш нийтдээ 5 жил нэмэгдээд 25 жил амьдарч байгаа. Уг газар дээр хууль бусаар өмчийн эзнээс асуулгүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр үерийн усны далд шугам явуулаад хохироосон байдалтай байгаа. Хохирлын дүнг бид нар үл хөдлөхөөр нь, тухайн цаг үеийн нөхцөл байдлаар нь гаргуулаад шүүхэд нэхэмжилсэн. Газрын маань үнэ цэнэ өдрөөс өдөрт өсөж байгаа орчны байдал нь хажуу талдаа сургууль, цэцэрлэгтэй. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, спорт комплекс баригдаж байна. Яг хаяанд нь 30, 40 метрийн зайтай газрын үнэ цэнэ өсөөд байтал миний газар үнэгүйдээд үнэ цэнэ нь уначихсан, хохирсон байдалтай байна.

Нэхэмжлэгч А.Ганбатын зүгээс нэхэмжлэл шүүхэд гаргаснаас хойш 5 дахь жилдээ явж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл дээр 20 дахь жилдээ амьдарч байгаа гэсэн боловч 25 жил болсон. Өмчлөлийн газар дээр нь 2020 оны зун “Шимт газар” ХХК-ийн зүгээс төрийн ажил нэрээр хүч түрж дайрч үерийн усны далд байгууламжийг нэхэмжлэгчийн газар луу оруулан барьсан. Барьж дуусгаад ашиглаад явж байна. Үерийн усны далд шугам бүхий энэ ажил нь ямар захиргааны актын үндсэн дээр хэрэгжсэн гэдэгт шүүхээс хангалттай нотлох баримтыг хэрэгт цуглуулсан. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн байгууламж барих ажил нь анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/702 дугаартай захирамжаар барилга байгууламжийн жагсаалтыг батлаад зураг төслийг боловсруулах ажлыг сонгон шалгаруулна гэсэн захиргааны акт анх гараад үүний дагуу 2012 оны 04 дугаартай зураг төсөл боловсруулах даалгавар гэдэг бичиг баримт батлагдаад, цаашлаад 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг “Монгол инженер” ХХК-ийг шалгаруулаад гэрээ байгуулаад баригдсан. Үерийн далд шугам нь “Монгол инженер” ХХК-ийн боловсруулсан зургийн дагуу баригдсан гэдгийг хариуцагч нар огт маргадаггүй. Зураг төслийг батлагдсанаар зураг төслийг үндэслээд хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны сайдын багцад энэ ажлын гүйцэтгэх төсөв нь хуваарилагдсаныг үндэслээд тус яамны зүгээс тендер зарлаад шалгаруулалтыг хийгээд “Шимт газар” ХХК-тай гэрээ байгуулж энэ ажлыг гүйцэтгүүлсэн байдаг. Эдгээр дурдсан бичиг баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал иргэдийн ая тухыг хангана аливаа этгээдийн эрхийг зөрчигдөхгүй аль болох хэн нэгний эрхийг зөрчихгүй байхад анхаараарай гэдэг үүрэг даалгаврыг захиргааны акт бүрд зааж өгсөн байдаг. Эдгээрээс харвал энэхүү процесс нь Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан төлөвлөлт гэдэг ойлголтод хамаарах процесс болсон. 73.1.4-д зааснаар энэхүү ажил нь усны барилга байгууламж гээд төлөвлөлтөд бүрэн хамаарах ажил байдаг. Тус ажлыг хариуцан гүйцэтгүүлж ирсэн этгээд нь хэрэглэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдож байгаа этгээд буюу хуучин нэрээр Барилга, хот байгуулалтын яам мөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна гээд 79.3-д хэрэгжүүлэгч этгээд нь сөрөг нөлөөллийг арилгах бүх төрлийн арга хэмжээг авна гэдэг агуулгатай хууль зүйн зохицуулалт батлагдсан. Мөн 79.3-д хуульд заасан арга хэмжээгээ авах эсвэл төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно гэсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс энд сууж байгаа бусад хариуцагч нарыг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам энэ хэргийн гол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах гол этгээд гэж үзэж байгаа. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д усны барилга байгууламж гэдэгт үерийн усны далд шугам бүрэн хамаарна гэдгийг заасан. Үерийн усны далд байгууламж нь нэхэмжлэгчийн газар дээр зөвхөн ороогүй захиргааны актын шийдвэрийн үндсэн дээр хийгдсэн далд шугам учраас төрийн өмчид байна. Төрийн өмч тул хамгаалалтын бүстэй байна гэдгийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолоор шугам тавигдсан байна. Шугамын тэнхлэгээс 5 метр дотор ийм хэмжээний хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэдэг зохицуулалттай. Нэхэмжлэгчийн зүгээс хэлсэн тухайн орчинд сэлбэ дэд төв гээд тухайн хуучин байсан үеийн хөгжил нь маш их сайжраад түүнийг дагаад орчинд байгаа газруудын үнэлгээ нэлээд өссөн. 2020 онд нэхэмжлэл гаргасан үеэс хойш нэлээдгүй өссөн. Нэхэмжлэгчийн явган болон машинтай гардаг орц гарцын хэсэгт дайруулаад ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгоод шугам тавиад дээр нь шугамын хамгаалалтын зурвас дайрч байгаа учраас тус үндэслэлээр нэхэмжлэгч А.Ганбатын газрын үнэлгээ буурах нөхцөл бүрдэж байгаа. Газрынхаа хэсэгт ямар нэгэн бизнес хийж объект босгох ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар хязгаарлалтгүй эрхээ хэрэгжүүлэх ёстой байтал хуулийн дагуу өмчилж байгаа газар дээр нь шугам тавьж хамгаалалтын зурваст орчхож байгаа учраас ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болчхож байгаа юм. Тиймээс газрын үнэлгээ бууруулах үндэслэл болж байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Ашид билгүүн” ХХК-иас газрын үнэлгээг 145 саяар үнэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэ үнэлгээнээс тооцож өөрийн хохирлын хэмжээ, нэхэмжлэлийн шаардлага болох 61 сая төгрөгийн үнийн дүнгээ тодорхойлж байгаа. Тооцооллын хувьд газрын үнэлгээг 145 саяасаа 50 сая төгрөгөөр буурсан гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан байгаа хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтээр 42 метр квадрат газар луу энэ шугам орсон гэдэг дүгнэлт байгаа. 42 метр квадрат нь нийт газрын 10%, манай нэхэмжлэгчийн нийт газар нь 426 метр квадрат байгаа. 42 метр квадрат буюу нийт газрын 10% дээр нь бүрэн давхцаж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан хамгаалалтын зурвас газар нь өргөн нь 5 метр урт 27.79 метр гээд нийтдээ 138.95 метр квадрат хамгаалалтын зурвас нэхэмжлэгчийн газар дээр бас давхцаж байна. Нийтдээ 181.9 метр квадрат хэмжээтэй өмчлөх газар дээрээ өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжгүй болоод хохирч байна. 181 гэдэг нь нийт газрын 42.5% буюу 145 саяасаа 61 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

3.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Ганбатын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр шийдвэрлэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 30.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн А.Ганбатад нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1461704249 нэгж талбарын дугаар бүхий 426 м.2 газрыг анх өмчлүүлж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан тус иргэнд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд газар эзэмших эрх олгогдоогүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.1.Хариуцагч Барилга, хот байгуулалтыг яамнаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн А.Ганбатын нэхэмжлэлтэй "Сүхбаатар дүүргийн 13-р хорооны үер, усны далд байгуулааны бетон цутгалтын ажил хийлгэхээр шийдвэрлрооны үер, бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 30,600,000.0 хууль хариуцагчаас гаргуулан, надад олгох шийдвэр гаргуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дээрх үерийн далан /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг 13, 14 дүгээр хороо/- гийн ажлын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг Улаанбаатар хотын еренхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргын 2012.12.03-ны өдрийн 04 дугаартайгаар баталсан бөгөөд уг зураг твсөл боловсруулах ажлын даалгаврын дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь үерийн далангийн зураг төсөл боловсруулах гэрээг "Монгол менежмент төв" ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан байна. Гэрээний дагуу зураг төслийг "Монгол менежмент төв" ХХК боловсруулж 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/2014 дугаартай магалдлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Үерийн далангийн зураг, төслийн ажил хийгдсэн боловч барилгын ажлын санхүүжилт нь шийдвэрлэгдэхгүй явсаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын 11-д Барилга, хот байгуулалтын сайдын багцын ХІ. 1.93-т "Үерийн далан /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13, 14 дүгээр хороо/-гийн ажил хийгдэхээр тусгагдсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын багцад тусгагдсан худалдан авах ажиллагааны тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хорооr Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар байгуулсан.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ирүүлсэн "Монгол менежмент" ХХК- ийн боловсруулсан Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зурагт үндэслэн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт, тендерийн баримт бичгийг боловсруулсан бөгөөд тендер сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж гүйцэтгэгч компанитай Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд үерийн далангийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар Үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх гэж, мөн    хуулийн 106 дугаар зүйлд шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах шийдвэрийг гаргах гэж заасан бөгөөд Барилга, хот байгуулалтын яамнаас Үерийн далан /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13, 14 дүгээр хороо/-гийн тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь иргэн А.Ганбатын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, түүнд хохирол учруулах нөхцөл байдлыг үүсгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагч Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамнаас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тодруулгад тайлбар хүргүүлэх тухай хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан агуулга бүхий тайлбартай танилцлаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс өмнө гаргаж байсан тайлбар, үндэслэл, хүсэлттэйгээ адил байр суурьтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд тодруулгатай холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1."Үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шугамын зураг, төсөв боловсруулах даалгавар”-ыг төлөвлөх харилцаа болон төлөвлөгдсөн зураг төсөв дээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах харилцаа хоорондоо ялгаатай хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь Захиргааны ерөнхий хуулиар бус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцоотой. Хэрэв зураг төсөв дээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн асуудал байгаа бол тус яамны асуудал юм. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” мөн 46.1.8-д "барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх” үүргийг Захиалагч хүлээдэг. Тус яамны оролцоо бол зөвхөн улсын төсөвт суусан төсөв, батлагдсан зураг төсөлд багтаан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байна.

Харин улсын төсөвт тухайн хөрөнгийг төсөвт тусгах ажлыг зохион байгуулсан, зураг төсвийг баталсан шат шатны байгууллага нь тус хэрэгт нэхэмжлэгчийн дурдсан асуудлын хариуцагч юм. Хэрэв нэхэмжлэгчээс зураг төсөв боловсруулах ажлыг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлд заасан төлөвлөлтийг зөрчсөн гэж үзэж байгаа бол уг зурагтай, төсөвтэй төлөвлөлтийг боловсруулсан, баталсан этгээдээс хохирлыг шаардах нь зүйтэй байна.

Цаашлаад зураг төсвийг хийсэн этгээдээс нэхэмжлэгчийн хэдэн мкв газар нь тус төлөвлөлтөд орж байсан /энэ давхцал нь тодорхойгүй байсан учраас олон удаа шинжээч томилж, маргаж ирсэн зохиогч этгээдийн хариуцлагагүй, буруутай үйлдэл/, түүний үнэлгээ, нөхөн олговорт хэчнээн төсөв гарах шаардлагатай байгаа талаар нэгчлэн бүрчлэн судлан үзэх ч шаардлагатай юм. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тухайн үед гаргаж байсан холбогдох байгууллагын шийдвөтоэрийг ч нягтлан үзэх нь зүйтэй.

2.Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам аль хуульд заасан, ямар хууль бус үйлдлийн улмаас 61,200,000 төгрөгийн хохирлыг хэрхэн, яам учруулсан болох нь уг тодруулгад мөн л үндэслэлгүй байна. Уг үнийн дүнтэй хохирлыг ямар эрх бүхий шинжилгээний байгууллага тогтоосон нь ч тодорхойгүй байна /шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн газарт халдсан гэх давхацсан газрын хэмжээнд хохирлын үнэлгээ хийгдээгүй байгаа/. Өөрөөр хэлбэл “нөхөн төлбөр" үү эсхүл хохирол шаардаад байна уу гэдэг нь одоог хүртэл эргэлзээтэй, баримт нотолгоогүй байна.

Угтаа үерийн усны далд шугамын тус ажил нь нийтийн эрх ашиг болон нэхэмжлэгчийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ энэ ажлыг эхлүүлээгүй бол ямар хэмжээний байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэх байсныг таашгүй юм. Гэтэл өнөөг хүртэл тус яамны зүгээс улсын төсөвт суугдсан уг ажлыг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан ажлыг хууль бус гэж маргаагүй атлаа үүнийг зохион байгуулсан нь хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3.Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн А.Ганбатын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах тухай" А/702 захирамжийн 3-д захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байдаг.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчсөн аливаа үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн гүйцэтгэлийг хянаж баталгаажуулан санхүүжилт олгох эрх бүхий байгууллагад тухай бүр хүргүүлж байсан.

Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжсэн байна. Үнэлгээний хороог Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулагдсан байна.

Иймд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.4.Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2024 оны 08 дугаар сарын 08-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн А.Ганбатын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах тухай" А/702 захирамжийн 3-д захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байдаг. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчсөн аливаа үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн гүйцэтгэлийг хянаж баталгаажуулан санхүүжилт олгох эрх бүхий байгууллагад тухай бүр хүргүүлж байсан. Мөн холбогдох зураг төслийн гэрээг үндэслэн Сүхбаатар дүүргийн 13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн үерийн хамгаалалтын ажилд 2014 оны 01 дүгээр сарын 03- ны өдрийн 02/2014 дугаартай Магадлалын дүгнэлт гарсан.

Иймд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн А.Ганбатын нэхэмжлэлтэй Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох, захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зүүн сэлбэ" дэд бүтцийн үерийн далан суваг төлөвлөгдсөн. Тус телевлөлт нь барилга Хот байгуулалтын яамны захиалгатай ажил байсан байна. Тухайн хот байгуулалт хөгжлийн газар нь маргаан бүхий Ажлын даалгаварыг холбогдох хууль дүрэм журмын хүрээнд олгосон болно. Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө Тухайн үерийн далан сувгийн ажлын даалгавар зэрэг нь тус газрын архивт хадгалагдаагүй байх тул Нийслэлийн Архиваас холбогдох материалыг гаргуулан авах хүсэлттэй байна.” гэжээ.

3.6.Хариуцагч Газар зохион байгуулалтын алба 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариундаа: “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үерийн усны далд шугам” барих ажил нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 125 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 86 дугаар тогтоолоор тус тус батлагдсан төлөвлөгөөнд олговортойгоор чөлөөлөх байршилд тусгагдаагүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 10 дугаар гудамжны 609 тоот хаягтай нэгж талбарын 1461704249 дугаартай газар нөхөх олговортойгоор чөлөөлөөгүй болно” гэжээ.

3.7.Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн А.Ганбатын нэхэмжлэлтэй хэрэгт тайлбар гаргаж байна. Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны үерийн хамгаалалтын барилга байгууламж хөрсний усны түвшин доошлуулах шугамын зураг төсөв боловсруулах даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектор хуучин нэрээр Хот байгуулалт, хот төлөвлөлтийн газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай даалгаврыг баталсан. Даалгаврыг батлах,  зураг төсөл боловсруулах үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/702 дугаар захирамжаар батлагдсан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд хийгдэх зураг төслийн багцад тусгагдсан байдаг. Захиалагч байгууллага нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэж явдаг. Хот байгуулалт, хот төлөвлөлтийн газар нь захиргааны гурван акт гаргадаг. Үүнд шугамын болон тохижилтын зураг төсөв боловсруулах даалгавар дээр нь загвар зураг батлаад бусад барилга байгууламжтай холбоотойгоор барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгодог. Иргэн, хуулийн этгээдийн гаргасан захиалагчийн хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийлгэсэн зураг төсөл дээр манайх бусад барилгын тухай норм, дүрэм болон хууль журмыг биелүүлж энэ зургийг нь баталдаг. Манайхаас гаргасан акттай холбоотойгоор л иргэн А.Ганбатын дээрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Нэхэмжлэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.8.Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх бусад Яамнуудтай барилга угсралтын ажилд техникийн хяналт хэрэгжүүлэх ажлын хувьд болон батлагдсан зураг төсөл норм дүрэм стандартын хүрээнд барилгын ажлын үе шатанд үүрэг хүлээж хийж чанартай гүйцэтгүүлэх чиг үүргийг хүлээн хамтран ажилладаг. Мөн Засгийн газрын 2011 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын хөгжлийн төв нь Төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно гэж заасан байдаг. Тус төв нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн захирамжилсан шийдвэр гаргадаггүй. Иймд иргэн А.Ганбатад нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт манай байгууллагыг хариуцагчаар татсан тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч А.Ганбат “Барилга хот байгуулалтын яамнаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан, тендерийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 61,200,000 төгрөгийг гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон байх ба энэ хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.

            2.Шүүх тус хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.1 дэх хэсэгт зааснаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулах ёстой байсан боловч иргэдийн төлөөлөгч нь цахимаар оролцох гэж холбогдохдоо барилгын ажил хийж, зохих журмын дагуу шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа тайлбарласан тул шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос ирцтэй холбоотой санал, хүсэлтийг тодруулж, улмаар хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7.“Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно.” гэж заасныг баримтлан хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

            2.1.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайд шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4.“Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            3.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчдын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, тайлбар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            3.1.Нэхэмжлэгч А.Ганбат нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 209 тоот хаягт байршилтай 426 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, мөн гудамжны 609 тоот хаягт байршилтай 53.5 мкв үл хөдлөх эд хөрөнгийг хувийн сууцны зориулалтаар тус тус өмчлөн, үл хөдлөх эрд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 209 тоот хаягт байршилтай 426 мкв газар” нь нэхэмжлэлд дурдсан 609 тоот газар болох нь холбогдох кадастрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул бичиглэлийн алдаа гэж үзсэн болно.

            3.2.Нэхэмжлэгчээс энэхүү газрын өмчлөх эрхийг хязгаарласантай холбоотой хохирол учирсан гэж үзэж “...Өмчлөлийн газар дээр нь 2020 оны зун “Шимт газар” ХХК-ийн зүгээс төрийн ажил нэрээр хүч түрж дайрч үерийн усны далд байгууламжийг нэхэмжлэгчийн газар луу оруулан барьсан. Барьж дуусгаад ашиглаад явж байна. Үерийн усны далд шугам бүхий энэ ажил нь ямар захиргааны актын үндсэн дээр хэрэгжсэн гэдэгт шүүхээс хангалттай нотлох баримтыг хэрэгт цуглуулсан. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн байгууламж барих ажил нь анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/702 дугаартай захирамжаар барилга байгууламжийн жагсаалтыг батлаад зураг төслийг боловсруулах ажлыг сонгон шалгаруулна гэсэн захиргааны акт анх гараад үүний дагуу 2012 оны 04 дугаартай зураг төсөл боловсруулах даалгавар гэдэг бичиг баримт батлагдаад, цаашлаад 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг “Монгол инженер” ХХК-ийг шалгаруулаад гэрээ байгуулаад баригдсан. Үерийн далд шугам нь “Монгол инженер” ХХК-ийн боловсруулсан зургийн дагуу баригдсан гэдгийг хариуцагч нар огт маргадаггүй. Зураг төслийг батлагдсанаар зураг төслийг үндэслээд хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны сайдын багцад энэ ажлын гүйцэтгэх төсөв нь хуваарилагдсаныг үндэслээд тус яамны зүгээс тендер зарлаад шалгаруулалтыг хийгээд “Шимт газар” ХХК-тай гэрээ байгуулж энэ ажлыг гүйцэтгүүлсэн байдаг.

... Нэхэмжлэгчийн явган болон машинтай гардаг орц гарцын хэсэгт дайруулаад ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгоод шугам тавиад дээр нь шугамын хамгаалалтын зурвас дайрч байгаа учраас тус үндэслэлээр нэхэмжлэгч А.Ганбатын газрын үнэлгээ буурах нөхцөл бүрдэж байгаа. Газрынхаа хэсэгт ямар нэгэн бизнес хийж объект босгох ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар хязгаарлалтгүй эрхээ хэрэгжүүлэх ёстой байтал хуулийн дагуу өмчилж байгаа газар дээр нь шугам тавьж хамгаалалтын зурваст орчхож байгаа учраас ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болчхож байгаа юм.

... Нийтдээ 181.9 метр квадрат хэмжээтэй өмчлөх газар дээрээ өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжгүй болоод хохирч байна. 181 гэдэг нь нийт газрын 42.5% буюу 145 саяасаа 61 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна.” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

3.3.Харин хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “...Тус үерийн усны далд байгууламжийн бүсэд орсон иргэн, этгээдүүдийг газар чөлөөлүүлэх газрын нөхөн олговортойгоор авах харилцаанууд дээр бүгд төсөв мөнгө нь тавигдаад Нийслэлээс шийдэгдээд явж байгаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам ямар ажил хийдэг вэ гэвэл худалдан авах ажиллагаанд оролцоод ирсэн нэг ийм тохиолдол байгаад байгаа юм. Үүнээс хойш бид нар төдийлөн ийм асуудал дээр орж ирэхгүй байгаа. Нийслэл өөрөө худалдан авах ажиллагаагаа зохион байгуулдаг процесстой болж байна. Тухайн үед үүнийг яаралтай хийхдээ Барилга, хот байгуулалтын сайдын багц дээр тавьж өгсөн дээр өнөөдөр асуудал болчхоод байгаа юм. Тиймээс ажлыг нь магадлан хянасан зураг төсөв ажлыг нь төлөвлөсөн энэ ажиллагаанууд дээр ерөөсөө орсон байдал хэрэгт авагдсан баримтууд юу ч байхгүй. Тиймээс зураг төсөл батлуулах төлөвлөх харилцаа, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах харилцаа хоёрыг ялгаатайгаар ойлгоод байгаа болохоор үүнийг тодруулж хэлж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 42 метр квадрат давчихсан гэдэг нь хэдэн метр квадраттай давхцаад байгаа гэдгээ олон удаа шинжээч томилуулсны үндсэн дээр гаргаж ирсэн. 42 метр квадрат нь ямар үнэлгээтэй вэ гэдэг асуудлыг одоо хүртэл шинжилгээний байгууллага тогтоогоогүй. Зах зээлийнх нь үнэ нь хэд вэ ямар бүрэн бус хохирол байгаа гэдэг нь одоо хүртэл байхгүй. Үерийн усны далд байгууламжийн далд ажлыг хийц маань энэ хүний жишээлбэл бизнес эрхлэх гэдэг юм уу, орц гарцыг хаасан гэдэг тохиолдол бодит байдал дээрээ та бүхэн очоод үзээрэй. 10% нь гээд байгаа гэтэл далд байгууламж үүнийг том далан босгоод ил задгай хийчихсэн. Харин энэ хүмүүст аюулгүй усны далд шугамыг байгуулж өгснөөрөө хүмүүс өөрийн өмчийн газар дээрээ өнө удаан жил орших газраа эзэмших цаашаа өмчилж байгаа харилцаа нь дуусгавар болох бүх эдийн засгийнх нь эргэлтэд илүү боломжийг нь хийж өгч байгаа. Тус байгууламжийг бий болгоогүй бол ямар байгалийн давагдашгүй зүйлд нөлөөлөх байсныг энэ хүмүүс одоогийн байдлаар хохирол гэж ойлгоод байгаа. Гэтэл ирээдүйд бий болох байсан хохирлыг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд байгууламж бий болгоод өгчихсөн. Гомдож байгаа асуудлыг нөгөө талаас хараасай гэж хүсэж байна. Хэрвээ үнэхээр өөрийнх нь өмчийн газар луу 42 метр квадрат руу халдсан гэж байгаа бол тус мөнгийг Нийслэлээсээ шаардаач ээ гэдэг ийм байр суурьтай оролцож байна.” хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

            4.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.“Улсын дор дурдсан тусгай хэрэгцээг үндэслэн иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болно:32.1.3.улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих.” гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.“Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил гүйцэтгэх явцад учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагааг гүйцэтгэсэн этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө.”, Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.“Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно:73.1.4.усны барилга байгууламж, усан цахилгаан станц барих;”, 79 дүгээр зүйлийн 79.1.“Төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна.”, 79.3.“Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.”, 79.5.“Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй.”, 79.6.“Энэ хуулийн 79.5-д заасан сөрөг нөлөөг арилгах болон багасгах боломжгүй бол нөхөн төлбөр олгоно. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол энэ зүйлд хамаарахгүй.” гэж тус тус зохицуулжээ.

            4.1.Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах тухай” А/702 дугаар захирамжид Нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсруулах Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төслийн жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, улмаар “Монгол менежмент төв” ХХК-аар Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төслийг гүйцэтгүүлсэн байна.

4.2.Улмаар төсвийн асуудлаас шалтгаалан барилга байгууламжийн ажил хойшилсоор, Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын 11 дүгээр зүйлийн “Барилга, хот байгуулалтын сайд”-ын багцын 11.1.93-т “Үерийн далан/Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо/” 2019 онд эхэлж 2020 онд дуусгах, төсөвт өртөг 6,0 тэрбум, санхүүжих дүн 2,0 тэрбум гэж төсөвлөсний хүрээнд “Шимт газар” ХХК нь 2019 онд Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан БХБЯ/А-19/ХI.1.103 дугаартай “Үерийн далан/Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13, 14 дүгээр хороо/ барилгын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад оролцож шалгаран, БХБЯ-ны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03/2316 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу БХБЯ-тай 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 2019/144 дугаартай Үерийн далан/Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13, 14 дүгээр хороо/ барилга угсралтын ажлын гэрээ Тендерийн дугаар: БХБЯ/201902067 байгуулан ажил гүйцэтгэсэн байх ба энэ үйл баримттай талууд маргадаггүй, нэхэмжлэгчээс ийнхүү “Шимт газар” ХХК-аар ажил гүйцэтгүүлэхдээ өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол учруулсан талаар тайлбарлаж байна.

            4.3.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал Нийслэлийн Засаг даргын хийсэн төлөвлөлттэй маргаагүй, төлөвлөлтийг хэрэгжүүлэх явцад хэрэгжүүлэгч байгууллага хууль зөрчиж хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан, харин Барилга, хот байгуулалтын яамнаас “... Тус төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт нөхөн олговрын зардал багтаагүй бөгөөд ажлын талбайд иргэний өмчлөлийн газар давхацсан тухай бүрт “Шимт газар” ХХК нь Сүхбаатар дүүргийн удирдлагууд, газрын алба, тус дүүргийн 13, 14 дүгээр хорооны Засаг дарга, иргэдтэй зөвшилцөн ажлыг үргэлжлүүлж байгаа” гэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн үерийн усны далд барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа Сэлбэ дэд төвийн авто зам инженерийн шугам сүлжээний ажил нь Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд хийгдсэн ба тус шүүхээс ирүүлсэн иргэн А.Ганбатын газрын ойр орчимд газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлтийн ажил хийгдээгүй”/Хэргийн 1 дүгээр хавтас, 137, 138 дахь тал/, гэж тус тус тайлбар ирүүлсэн, “Монгол менежмент төв” ХХК-аас Барилга, хот байгуулалтын яаманд хандаж “... Трасс 1, 6, 7, 8 дагууд 6 айлын хашаа 1 тоосгон байшин, 1 бохирын худаг дайрч байна. Тус ажлыг төсөвт тусгаагүй бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тухай бүрт асуудлуудыг шийдэхээр хариу өгсөн”/Хэргийн 1 дүгээр хавтас, 218 дахь тал/ гэж, Барилгын хөгжлийн төвөөс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “... Тус зураг төслөөр үерийн хамгаалалтын 8 хэсэг сувгийн ажил төлөвлөгдсөнөөс “Шимт газар” ХХК-ийн гэрээт ажлын хүрээнд трасс-1, 6, 7, 8-ийн ажлыг гүйцэтгэхээр тоо хэмжээнд тусгагдсан болно. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад үерийн хамгаалалтын суваг 1-ийн трасс айлын хашаагаар дайрсан, цэвэр бохир усны шугамтай огтлолцсон, үерийн хамгаалалтын суваг-8-ийн трасс 2 айлын хашаагаар дайрсан, 1 ширхэг барилга трасст орсон, цахилгааны агаарын шугам, шон давхацсан, явган замын гэрэлтүүлгийн ажлууд хийгдсэн тул сувгийн трассын дагуух газар чөлөөлөлтийн ажлыг хийж, хамтран ажиллахыг хүсье” гэж албан бичгээр мэдэгдэж байжээ.

            4.4.Түүнчлэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус шүүхэд хаяглан “Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Рашаантын 10 дугаар гудамж, 609 тоот өмчлөгч иргэн Аззаяагийн Ганбатын (РД:ЖЭ83021218) газарт Нийслэлийн Засаг даргын захирамжаар нөхөх олговор олгоогүй байна”, “... Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 10 дугаар гудамжны 609 тоот хаягтай нэгж талбарын 1461704249 дугаартай газар нөхөх олговортойгоор чөлөөлөөгүй болно”/Хэргийн 6 дугаар хавтас, 59 дэх тал/ гэж тайлбар ирүүлсэн ба энэ болон шийдвэрийн 4.3. дахь хэсэгт дурдагдсан баримтуудаар нэхэмжлэгч А.Ганбат нь өөрийн өмчлөлийн газарт орсон үерийн усны далд барилга байгууламжтай холбоотой ямар нэгэн нөхөх олговор, нөхөн төлбөр аваагүй болох нь тогтоогдож байна.

            4.5.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас тодруулахад газраа нөхөх олговортойгоор эргүүлэн өгөхийг зөвшөөрөхгүй, хохирлын асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа талаараа тайлбарласан болно.

            5.Хохирол болон нөхөх олговрын тухайд хууль зүйн ялгаатай ойлголт бөгөөд газраа хуульд заасан журмын дагуу улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээг үндэслэн харилцан тохиролцох журмаар эргүүлэн өгч, тогтоосон үнэлгээг үндэслэн өөр байршилд газар авах эсхүл нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцож авах агуулгатай бол хохирол гэдэгт нэхэмжлэгчид учирсан тооцож болохуйц, харагдахуйц, бодитой хохирлыг ойлгохоос бус ирээдүйд олох байсан ашиг орлого, хувийн болон бизнесийн нэр төрд учирсан хохирол, сэтгэл санааны хохирол зэрэг тооцох боломжгүй, шууд бус хохирлыг хамааруулж үзэхгүй.

            5.1.Нэхэмжлэгч өөрийн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлон маргахдаа Нийслэлийн Засаг даргын цогц төлөвлөлтийн арга хэмжээтэй маргаагүй болохоо хангалттай тодорхой илэрхийлснээс гадна маргаан бүхий үерийн далангийн барилга байгууламжийг гүйцэтгэх үндэслэл болсон төлөвлөлт, зураг төсөлтэй маргаагүй, харин уг зураг төслийн дагуу ажил гүйцэтгэхэд давхцал байсаар байтал түүнийг шийдвэрлээгүйтэй буюу хожим үүссэн хохирол, үр дагаврыг арилгахгүйгээр үйл ажиллагаа явуулсантай нь холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамыг жинхэнэ хариуцагч гэж үзэн маргаж, улмаар хохиролдоо “өмчлөлийн газрынхаа ашигтай талбайг ашиглаж чадахгүй болсон, газрынхаа хэсэгт ямар нэгэн бизнес хийж объект босгох зэргээр эрхээ хэрэгжүүлэх ёстой байтал газар дээр шугам тавьж, хамгаалалтын зурваст орж байгаа учир ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, ирээдүйд дахин төлөвлөлтөд орлоо гэхэд үнэлгээ буурна” гэх мэтчилэн асуудлуудлыг хамааруулан үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

            5.2.Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.“Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй.” гэж заасан нөхцөл байдал үүсээгүй, өөрөөр хэлбэл төлөвлөлтийн улмаас буюу тухайн үерийн усны далд байгууламжийн зураг төслөөс Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны ямар газар, хашаа, объектод давхцал гарах талаар урьдчилан тогтоож, шийдвэрлэх боломжтой.

            5.3.Төлөвлөлтийн асуудлаа хуульд заасан журмын дагуу хийж, төсөл хэрэгжүүлэх газрын давхцлын асуудлыг урьдчилан шийдвэрлэх ёстой төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааны хариуцлагыг төсөвт өртгийг нь шийдвэрлэж, худалдан авах ажиллагаа зарлан, хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтанд үүрүүлэх нь учир дутагдалтай бөгөөд нөхөх олговор, түүнтэй холбоотой хохирлын асуудлыг нэхэмжлээгүй байхад Нийслэлийн Засаг даргад холбогдуулан шийдвэр гаргах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.“Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчихөөр байна.

            5.4.Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч А.Ганбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            6.Харин төлөвлөлтийн улмаас нэхэмжлэгч А.Ганбатын газрын үнэлгээ буурсан, дахин төлөвлөлтийн үед хөрөнгийг нь үнэгүйдүүлэх нөхцөл үүсэж байна гэж үзвэл энэ талаараа тухайлан маргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Хот байгуулалтын тухай хуулийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ганбатын, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Барилга хот байгуулалтын яамнаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан, тендерийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 61,200,000 төгрөгийг гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш арван дөрвөн хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

 

Г.УРАНГУА

ШҮҮГЧ

 

 

М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ

 

Д.ЭРДЭНЭЧИМЭГ