Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0200

 

 

А.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч А.Г

Нэхэмжлэгч: А.Г

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 61 200 000 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 861 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Батбилэг,

Хэргийн индекс: 128/2021/0134/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.Г нь Барилга, хот байгуулалтын яам холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 61 200 000 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 861 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4, 49.5, Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Г-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 30.500.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Г-д олгохыг хариуцагч Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч А.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Анхан шатны шүүх дүгнэхдээ “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн хохирлын хэмжээний талаар маргаагүй боловч шүүх нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэлд дурдсан үнийн дүнг үндэслэн ... А.Г нь тухайн газар дээрээ өөрийн барьсан орон сууцандаа үргэлжлүүлэн амьдарч байгаа нь газрын чанарыг бүхэлд нь дордуулсан гэж үзэх үндэслэлгүй, харин хариуцагчаас тухайн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийг эзгүй хойгуур хашааг эвдлэн нураасан, дараа нь дахин босгох үед хашааны зарим банзнууд нь хэрэглэх боломжгүй болгосон гэх нөхцөл байдлуудыг үндэслэн”гэсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэгч А.Г-ын хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... газраа зах зээлийн бодит үнэлгээ /хотын төвөөс 4 км зайтай, дахин төлөвлөлтөд орсон, сургууль, цэцэрлэг, худаг, буудалдаа ойрхон гэх мэт нөхцөл байдлуудыг харгалзсан/-гээр тооцохоос гадна нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, 6 сар өнгөрсөнтэй холбоотойгоор, Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 үе шатны ажлын хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажил эрчимтэй хийгдэж, дуусах шатандаа орж, орчны тохижилт, өнгө үзэмж сайжирсан, мөн шинээр дэд бүтэц, замууд олноор тавигдсан, 100-200 метрийн зайд шинээр улсын сургууль болон цэцэрлэг баригдаж дууссан, мөн 300 метрийн зайд дулаан түгээх сүлжээ баригдаж ашиглалтад орсон зэрэгтэй холбоотой газрын болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ богино хугацаанд огцом өссөн, мөн ирээдүйд үүсэх, хүндрэл бэрхшээл, хохирлыг тооцон, үерийн усны далд шугам нь 1-2 жилийн хугацааны давтамжтайгаар тагийг нь авч шавар, хог зэргийг нь цэвэрлэх шаардлагатай тул энэ хугацаанд газраа ашиглах боломжгүй болохын зэрэгцээ газрын хамгийн ашигтай талбайг эзлэн байрлаж байгаа тул тэр хэрээр газрын үнэлгээг бууруулах үндэслэл болж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг дурдсан байхад эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй байна.

3.2.Тодруулбал, нэхэмжлэгч А.Г миний газар нь “Г” хэлбэрийн газар бөгөөд газар руу орох боломжтой ганц орц гарцын хэсэгт шугамыг тавьсан, мөн хүний зайлшгүй хэрэгцээ болсон жорлон баримт боломжтой ганц газраар дайрсан, газрын бусад хэсэг нь байшин, гэр зэргийг барьсан байгаа тул ашигтай талбай багатай тул ирээдүйд газраа өмчилж, ашиглахад үүсэх хүндрэл бэрхшээл нь нэхэмжлэгч надад учирсан хамгийн том хохирол байхад шүүхэд түүнийг дүгнэлгүйгээр надад олговол зохих хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

3.3.Учир нь нэхэмжлэгч миний бие төр засгаас авч хэрэгжүүлж байгаа гэж хорооллыг хөгжүүлэх, гэр хорооллын ард иргэдийн амьдрах орчныг нь сайжруулах зорилгоор гаргасан шийдвэр, түүнийг хэрэгжүүлж байгаа асуудал болон түүнийг хэрэгжүүлэх үүднээс гаргасан захиргааны актуудыг эсэргүүцээгүй, харин тэрхүү захиргааны актыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хууль зөрчиж байгаа нь өөрт хохирол учруулсан гэж үзэж байгаа ба ашигтай талбай багатай газрын үнэлгээ тэр хэрээр багасахаас гадна тэрхүү газар дээр амьдарч байгаа амгалан тайван амьдрал нь 1-2 жил тутамд алдагдах нөхцөл байдалд хүргэх тул ийнхүү хохирлын хэмжээгээ тодорхойлон нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 861 дүгээр шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д заасны дагуу өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч А.Г-ын Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан "Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж, тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 61.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх Захиргааны ерөнхий хуулийн 79.1, 79.4, 79.5, хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг үндэслэн дээрх шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь Барилга, хот байгуулалтын яамнаас тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасантай холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг маргааны жинхэнэ хариуцагч нь Барилга, хот байгуулалтын яам биш бөгөөд тус яамны бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй үндэслэлээр маргасан бөгөөд энэхүү маргааны хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45, 46 дугаар зүйлд /худалдан авах ажиллагааг зохион байгуулах болон үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах, гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавих/ заасан чиг үүргийг захиалагч, мөн хуулийн 47 дугаар зүйлд /техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх, тендерийг хянан үзэх, үнэлэх/ заасан чиг үүргээ Үнэлгээний хороо хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийлгүй 2013, 2014 оны уйл баримт болох "төлөвлөлт"-д дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Харин мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 8.1.1-д "хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах", 8.1.2-д "хот байгуулалтын баримт бичигт тусгагдсан төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх", 8.1.4-д "хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн газар олголт, техникийн нөхцөлийн үндэслэл, бүрдэл, гүйцэтгэлд хяналт тавих", 8.1.7-д "шинэ хороолол, хотхон, гэр хороолол, хотын хуучин хэсгийг шинэчлэн барилгажуулах шийдвэр гаргах" эрхтэй, 9 дүгээр зүйлийн 9.1-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 9.1.1-д "хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 9.1.5-д "хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих" зэрэг эрхтэй байхаар хуульчилсан байна.

Үүнээс үзвэл хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хот байгуулалтын төрийн бодлогыг хэрэгжүүлж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний харилцан уялдааг зохицуулах болон нийслэл болон бүсийн хөгжлийн тулгуур төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангадаг, харин аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотойгоор² хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр байхад анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн Долоодугаар бүлгийн “Төлөвлөлт” хэсэг болон Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн төлөвлөлтийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллага Барилга, хот байгуулалтын яам нь нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах, улмаар нийтийн эрх ашиг сонирхлыг хангахын тулд энэ талаар сонсох ажиллагаа явуулах, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ авах, тухайн эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн саналыг хянан үзсэний үндсэн дээр төлөвлөгөөг батлах үүрэгтэй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

 Шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэснээрээ хариуцагчийн шүүх хуралдаанд тэгш мэтгэлцэх, хариу тайлбар, нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргах зэрэг эрхүүдийг зөрчсөн. Нэхэмжлэгчийн бичгээр гаргаж, тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хүлээсэн захиалагчийн үүрэгтэй холбоотой, худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотой байсан ч шүүх хариуцагчийг Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээ, хязгаарын дотор хариуцагч хариу тайлбар, нотлох баримт, хүсэлтүүдээ гаргасан байтал шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчид сюрприз байдлаар маргаагүй асуудлуудын хүрээнд дүгнэлт хийсэн.

 Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар бүлэгт заасан "Төлөвлөлт”-тэй холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий үерийн далангийн байгууламжийн ажлын төлөвлөлт 2013 оны үед хийгдэж дууссан байсан. Тухайн үед үерийн далангийн төлөвлөлт, зураг төслийн шатанд Барилга, хот байгуулалтын яам огт оролцоогүй байсан бөгөөд 2019 онд энэхүү ажлын төсөв яамны багцад суугдсанаар хариуцагч худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.

 "...тендер зарлаж тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд...” гэж нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлсон, шүүх мөн Тогтоох хэсгийнхээ нэгдүгээр заалтдаа ийнхүү бичжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг xaнгaxын тулд тендер гүйцэтгэгч компанийг хууль бус үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоож, энэ талаар дүгнэлт хийх ёстой. Гэтэл үүнийг захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх, дүгнүүлэх ёстой. Тендер зарласан гэх үндэслэлээр буруутгагдаж буй хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны захиргааны үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд дүгнэж, тендер захиалагчийн хувьд хууль зөрчсөн эсэхийг шүүх тодорхойлох ёстой болохоос биш захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйл, Хот байгуулалтын тухай хуулийн 7, 27 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй байсан.

 4.2.Барилгын тухай хуулийн 4.1.41-д "үе шатны ажил" гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа тус бүрийн технологийн дарааллыг" хэлнэ гэж заасан бөгөөд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төслийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу "Монгол Менежмент төв" ХХК нь хийж гүйцэтгэсэн бөгөөд уг зураг төсөл нь Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 02/2014 тоот Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан байна.

Барилгын тухай хуулийн 12.1-д барилгын зураг төсөл нь эрх бүхий байгууллагаас олгосон газрын зевшеерел, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх шаардлагыг хангасан байхаар заасан, харин мөн хуулийн 4.1.16, 4.1.31-д зааснаар дээрх шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж ойлгохоор заасан байна.

Үүнээс үзвэл барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах буюу үерийн далангийн зураг төслийг боловсруулах үе шатны ажлын явцад техник, эдийн засаг, төсөвт өртөг болон төлөвлөлт хийгдэх газар, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэдэг, зураг төсөл захиалагч буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас төлөвлөлтийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг тодорхойлж хохирлыг барагдуулах чиг үүрэгтэй, энэ үүргээ биелүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн талаар "Монгол менежмент төв" ХХК-ийн 2019 оны 69/19 тоот албан бичигт дурдсан байна.

Түүнчлэн Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын баримт бичигт тусгагдсан төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн газар олголт, техникийн нөхцөлийн үндэслэл, бүрдэл, гүйцэтгэлд хяналт тавих эрхтэй байхаар, 9 дүгээр зүйлийн 9.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхтэй гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Засаг дарга нь газар өмчлүүлэх шийдвэр гаргах эрхтэй гэж зааснаас үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь тэргүүн ээлжид иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих шийдвэр гаргах байдлаар хохирлын асуудлыг шийдвэрлэх бөгөөд Барилга, хот байгуулалтын яам нь ийм эрхийг эдлэхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.2-т "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан..." талаар нэхэмжлэлийн үндэслэлд тусгахаар, 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах..." шийдвэрийг шүүх гаргахаар тус тус заасан бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны хуулиар хүлээсэн ямар чиг үүргээ биелүүлээгүй, уг биелүүлээгүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэхийг шүүх зөв дүгнэсэнгүй.

Дээр дурдсанчлан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй үерийн далангийн асуудлыг Барилга, хот байгуулалтын яам хариуцах учиргүй. Шүүх энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-T зааснаар нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар сольж, нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд хамтран хариуцагчаар татан оролцуулах ажиллагааг хийх үүрэгтэй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие энэ талаар хариу тайлбартаа дурдаж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон. Өөрөөр хэлбэл Яам нэхэмжлэгчид учирсан гэх хохирлыг бий болгоход шууд чиглэсэн захиргааны шийдвэр гаргаагүй, үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй юм.

 4.3.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021.11.02-ны өдрийн 3/2144 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаас үзвэл "Жеодетик" ХХК-ийн үйлдсэн үерийн Далангийн трассын солбицлын утга нь иргэн А.Г-ын газартай давхцалгүй гэж гарсан, харин нэхэмжлэгчийн 2021.10.25-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн "Нэгж талбарын хил, заагийг эргэлтийн цэгийг газарт бэхэлж, хүлээлгэн өгсөн акт”, “Эзэмшилд байгаа газраар дайрч гарсан үерийн усны далд шугамын кадастрын зураг" зэргийг шүүхээс ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн бөгөөд, тус газрын 2021.11.30-ны өдрийн 1/2318 тоот албан бичгээр давхцалтай гэх хариуг ирүүлсэн байна.

Дээрх зөрүүтэй нотлох баримтыг тодруулах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа “...хариуцагч өөрийн тайлбараа дэмжих талын нотлох баримт гаргаагүй болно" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин шүүх хуралдааны явцад гэрчээр оролцсон "Шимт газар" ХХК-ийн инженер н.Сандаг-Иш "Жеодетик" ХХК нь GPS ашиглан үерийн далангийн трассын цэгүүдийг газар дээр нь зааж өгч, улаан шугам тавьж өгсөн, энэ дагуу үерийн даланг барьсан гэх мэдүүлгийг өгсөн байна.

Гэтэл шүүхээс дээрх зөрүүтэй нотлох баримтыг хэрхэн үнэлж, үнэхээр давхцал би эсэхэд тайлбар хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй талаар хуульчилсан байдаг. Ийнхүү давхцалын асуудлыг мухарлан шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, учирсан бол ямар хэмжээнд хохирсон болохыг тогтоох боломжгүй.

4.4.Шүүх хэргийг бүхэлд нь болон зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.11-д заасан 11 төрлийн шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 /Анхан шатны шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана/, 106.3 /Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана/, 106.3.13 /нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох/ гэх хуулийн заалтуудыг удирдлага болгосон нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон. Энэ мэтчилэн олон үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.5.Шүүх ямар учраас нэхэмжлэгчид 30,500,000 төгрөгийн хохирол учирсан гэж тооцоолсон нь ойлгомжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д "Захиргааны уйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх..." гэж заасан бөгөөд "тогтоогдвол" гэх хуулийн гипотез буюу нөхцөл хангагдсан эсэх нь эргэлзээтэй байна. Шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг зөв тооцоолохгүйгээр, баримжаагаараа хэргийг шийдвэрлэж болохгүй. Хохирлын хэмжээг тогтоох, тодорхойлохтой холбоотой ажиллагаа явуулах бүх эрх, үүргийг хуулиар шүүхэд олгосон атал шүүх үүргээ хэрэгжүүлсэнгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ "...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт газрын болон үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш огцом өссөн" гэжээ. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр нь намгархаг, үерийн усны улмаас газрын үнэлгээ бага байсан. Улмаар үерийн ус зайлуулах далд /хөрсөн доор/ байгууламж баригдаж, тус хорооны айл өрхүүдийн хувьд нэн хүнд байсан нийгмийн, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэж, газрын үнэ цэн өссөн байдаг. Хариуцагчийг буруутгаж буй ажлынх нь үр дүнд газрынх нь үнэлгээ өссөн байтал ийнхүү өссөн дүнгээр хохирлоо тодорхойлон нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймээс л хохирлын үнэлгээг шинжээчээр тогтоолгох ёстой байсан гэж үзэж байна.

Иймд жинхэнэ хариуцагчид холбогдуулан хэргийг шийдвэрлээгүй, зөрүүтэй нотлох баримтуудыг мухарлаагүй, хохирлыг бодитоор тооцоолоогүй шийдвэрлэсэн, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч, хариуцагч талуудаас гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

2.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

2.1.Анх нэхэмжлэгч А.Г-аас “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр шийдвэрлэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 30.600.000 төгрөгийг хариуцагчаас надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагчийг сольж “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 61.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах”-аар Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

2.3.Нэхэмжлэгч А.Г-аас “...миний өмчлөлийн 426 м.кв газраас 87 м.кв нь үерийн далангийн далд шугамтай давхцалтай байтал нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүйгээр шугамыг барьснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хамгийн ашигтай, хэрэгцээтэй газраар далд шугам дайран өнгөрч хохирол учруулсан тул нөхөн олговрын төлбөрт 61,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсч байна, төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс гэр хорооллыг хөгжүүлэх асуудлаар гарган хэрэгжүүлж байгаа асуудал болон түүнийг хэрэгжүүлэх үүднээс гаргасан захиргааны актуудыг эсэргүүцээгүй ба тэрхүү захиргааны актыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хууль зөрчсөн” гэж маргадаг.

2.4.Харин хариуцагчаас “маргааны жинхэнэ хариуцагч нь Барилга хот, байгуулалтын яам биш, тус яамнаас бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан, энэ үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй, хариуцагч яамны хуулиар хүлээсэн ямар чиг үүргээ биелүүлээгүй, уг биелүүлээгүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан эсэх нь тодорхойгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид шууд чиглэсэн захиргааны шийдвэр гаргаагүй гэж маргажээ.

2.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.

2.6.Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно:”, 73.1.2-т “хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх”, 79 дүгээр зүйлийн 79.3-д “Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.”, 79.4-т “Энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно., 79.5-д “Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй.”, 79.6-д “Энэ хуулийн 79.5-д заасан сөрөг нөлөөг арилгах болон багасгах боломжгүй бол нөхөн төлбөр олгоно. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол энэ зүйлд хамаарахгүй.” гэж тус тус зохицуулсан.

2.7.Хэрэгт авагдсан баримтуудаас[1] үзэхэд хариуцагч Барилга, хот байгуулалтын яам нь “Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны үерийн далангийн барилга угсралтын ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, уг сонгон шалгаруулалтад “Шимт газар” ХХК шалгаран, хариуцагч яамнаас “Шимт газар” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан” гэдэг нь тогтоогдож байна.

2.8.Харин Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны үерийн далан сувгийн ажил, хөрс ус доошлуулах барилга байгууламжийн ажлыг хийх төлөвлөлтийн шийдвэрийг ямар байгууллага, албан тушаалтнаас гаргасан, ямар үндэслэл, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэхүү ажлыг хийх болсон, уг төлөвлөлтийн улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх арга хэмжээг хэрхэн арилгахаар төлөвлөсөн, энэхүү төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөөлөл нэхэмжлэгчид хожим бий болсон, төлөвлөлтийг хэрэгжүүлэх үед бий болсон  эсхүл, анхнаасаа бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл бий болно гэдгийг таамаглаж байсан, барилга байгууламжийн ажлыг хэрэгжүүлэх явцад бусад этгээдийн газартай давхцалтай байвал нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөсөн, эсхүл төлөвлөөгүй эсэх зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, шүүхээс энэхүү төлөвлөлт хийх үндэслэл, төлөвлөлтийн шийдвэрийг гаргасан этгээд, уг төлөвлөлтийг хэрэгжүүлсний улмаас бий болсон сөрөг үр дагаврыг арилгах, нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, уг үүргийг хэн хүлээхээр төлөвлөж байсантай холбоотой баримтуудыг анхан шатны шүүхээс цуглуулаагүй байна.

2.9.Эдгээр баримт нь нэхэмжлэгчийн маргаж буй “миний өмчлөлийн 426 м.кв газраас 87 м.кв нь үерийн далангийн далд шугамтай давхцалтай байтал нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүйгээр шугамыг барьснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хамгийн ашигтай, хэрэгцээтэй газраар далд шугам дайран өнгөрч хохирол учруулсан”, хариуцагчийн маргаж буй “маргааны жинхэнэ хариуцагч нь Барилга хот, байгуулалтын яам биш, тус яамнаас зохион байгуулсан бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа нь хуульд нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй, хариуцагч яамны хуулиар хүлээсэн ямар чиг үүргээ биелүүлээгүй, уг биелүүлээгүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан эсэх тодорхойгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид шууд чиглэсэн захиргааны шийдвэр гаргаагүйгэх нөхцөл байдлуудыг тогтооход ач холбогдолтой юм.

2.10.Түүнчлэн нэхэмжлэгчээс “төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс гэр хорооллыг хөгжүүлэх асуудлаар гарган хэрэгжүүлж байгаа асуудал болон түүнийг хэрэгжүүлэх үүднээс гаргасан захиргааны актуудыг эсэргүүцээгүй ба тэрхүү захиргааны актыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, хохиролд 61.200.000 төгрөг гаргуулах гэснийг 30.500.000 төгрөг болгож багасгасныг эс зөвшөөрч байна” гэж маргадаг.

Ийнхүү нэхэмжлэгчээс захиргааны төлөвлөлтийг хууль бус гэж маргаагүй, захиргааны хохирлын хэмжээний талаар маргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.4-т “Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж заасны дагуу шүүхийн харьяаллын асуудал байгаа эсэхийг дээр дурдсанаар “төлөвлөлт хийх үндэслэл, төлөвлөлтийн шийдвэрийг гаргасан этгээд, уг төлөвлөлтийг хэрэгжүүлсний улмаас бий болсон сөрөг үр дагаврыг арилгах, нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, уг үүргийг хэн хүлээхээр төлөвлөж байсантай холбоотой баримтууд”-ыг цуглуулсны дараа тодруулж, үүнд дүгнэлт өгөх шаардлагатай.

2.11.Анхан шатны шүүхээс дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгөөгүй, тодруулбал, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг тогтоож, дүгнэлт өгөөгүй, шүүхээс өгсөн дүгнэлт нь хэргийн оролцогчдын маргаж буй нөхцөл байдлуудтай уялдаагүй байгаа нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэх зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 861 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 109-132, 217,