Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0604

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төвшинзаяа, нэхэмжлэгч Т.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* нарыг оролцуулан иргэн Т.С*******ын  нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох “Т.С*******ын тэтгэврийг 805401 төгрөгөөр тогтоосон Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, тэтгэврийг 1373129 төгрөгөөр тогтоож, тэтгэврийн дутуу олголт 9083648 төгрөгийг олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “3 дугаар” танхимд нээлттэй хийв. 

Нэхэмжлэгч: Т*******ын С******* 

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“… Т.С******* миний тэтгэврийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 805.401 төгрөгөөр тогтоосон нь Монгол улсын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн өндөр насны тэтгэврийн хэмжээний нэмэгдэл 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу тооцсоноос ихээхэн зөрүүтэй буюу 749.146 төгрөгөөр бага байна. Уг тэтгэврийг бодсон үндэслэл, аргыг мэдэх гэж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс бараг 3 сар асуусан боловч ерөнхий газрын программын дагуу тооцдог, хязгаарлалтад орсон байна гэснээс өөр хариу аваагүй.

Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлчийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно. 

... шимтгэл төлсөн сүүлийн 20 жилээс дараалсан 5 жил 2010-2014 оныг сонгон авсан. Сонгон авсан 5 жилийн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг олохдоо архивын лавлагааг ашиглан тооцвол 115429513,5 төгрөг болж ажил олгогчдын олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 10894456 төгрөгөөр бага байгаа бөгөөд сарын дундаж буюу тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлс 1923825 төгрөг болж байна.

Тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар хуулийн энэхүү заалтын дагуу тооцвол 20 жилд ногдох тэтгэвэр 865721 төгрөг, шимтгэл төлж илүү ажилласан 17 жил, 7 сард ногдох тэтгэвэр 507408 төгрөг, нийт тэтгэвэр нь 1373129 төгрөг болж байна. 

Гэтэл Т.С******* миний тэтгэврийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан бодсон. Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн /2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтыг зөрчсөн.

Гол нь нэг нь хуулийн дагуу хийсэн, нөгөө нь журам баримталсан энэ 2-ын зөрүүг хуулиар шийдсэн. Тэр хууль нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалд зарим өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт байгаа. Бүрэн үгээр нь уншвал Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэж. Энэ өөрчлөлт оруулах тухай хуулийн 15.7 дахь заалтыг харьцуулан уншихад зөвхөн шимтгэл төлөхөд хамаарч байсан бол одоо шимтгэл төлөх болон тэтгэвэр тэтгэмжийг тогтооход гэдэг үгийг оруулсан байгаа. Мөн 4 дүгээр зүйлд энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө гэж заасан байгаа. Үүнийг би тэтгэвэр хязгаарлаж тогтоох асуудал нь миний тэтгэврийг тогтоох үед байхгүй байсан. 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хязгаарлаж боддог болсон байна гэж ойлгож байгаа. Үүнтэй холбогдуулан дээр дурдсан миний тэтгэврийг тогтоохдоо үндэслэл болгосон хууль эрх зүйн баримт нь бүгд худал буюу хүчингүй баримт гэж ойлгож байна. Учир нь хууль болон заалт байгаагүй. Баримталсан хуулийн заалт нь 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчинтэй болсон өндөр настай намайг хохироож байна. 

Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүйд тооцуулах,  Т.С*******ын тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 20 сарын бүтэн олголт болох 14.195.608 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас гарган Т.С*******д олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэл гаргасан.” гэжээ.  

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Т.С******* нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус хэлтэст өндөр насны тэтгэврийг хянуулж дахин тооцуулах хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 1998 оны лавлагаа, 2011-2014 оны хооронд ажилласан шимтгэл төлсөн лавлагааг тус тус дахин гаргуулж өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22, 23, 24, 25, 26 дугаар зүйл, Засгийн газрын 2016 оны 292 дугаар тогтоолд нийцүүлэн нэмэгдүүлж 917975 төгрөгөөр өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоосон болно.

Хоёр. “Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.4 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/197 дугаар тушаал “Даатгуулагчийн үндсэн ажил олгогчоос гадна нэгээс дээш байгууллагад ажиллан илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох аргачлал”-ын дагуу Т.С******* нь Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 2011-2013 онуудад илүү төлсөн шимтгэл болох 3137805 төгрөгийг буцаан авсан байна.

Гурав. Улсын Их Хурлын 1999 оны 38 дугаар тогтоолоор “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл” баталсан. Уг үндсэн чиглэлийн 17-д “тэтгэврийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд, доод хэмжээг тогтоох бодлоготой уялдуулан авч үзнэ” гэж заасан. Үүний дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэсэн заалт батлагдсан.

Уг заалтын дагуу  “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 92 дугаар тогтоол батлагдсан ба уг тогтоолын 1 дэх заалтад: “...даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож...” мөн Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2в, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 тоот тушаалын хавсралтаар баталсан аргачлалын 2-б заасныг мөрдлөг болгон 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 1404000 төгрөгөөр, түүнээс хойшхи хугацаанд 1920000 төгрөгөөр тус тус тооцно” гэж заасан тул Т.С*******ын өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 2010-2014 оны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь хязгаарлагдаж байна.

... Т.С*******ын хэлснээр 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ хуулийн өөрчлөн найруулснаар тэтгэвэрт хязгаарлах тэтгэврийн хязгаар гэсэн үгийг 15 дугаар зүйлийн 15.7-д оруулж өгсөн байгаа. Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн байгууллага гэж хэлсэн. Үүний дагуу ямар нэгэн хууль нь өөрөө дагалдах журмын дагуу хэрэгждэг. Бүгд хууль дүрмийн дагуу явагдаж байгаа. Бид хуулиа дагаж мөрддөг төрийн албан хаагчид. Тэр хүний хэлснээр ийм болно гэж хэлснээр өөрчлөх боломж байхгүй. Энэ 1.920.000 гэдэг нь ганц нэхэмжлэгчид хэрэгжээд байгаа юм биш.

Нийт тэтгэвэр авагч, нийгмийн даатгалын шитмгэл төлж байгаа, Нийгмийн даатгалын тухай хуулийг мөрдөж ажиллаж байгаа бүх байгууллага, иргэдэд хөдөлмөрийн хөлсний дээд доод хязгаар нь мөрдөгдөж байгаа. Таны хувьд буцаан авсан дүн нь хөдөлмөрийн хөлсөд хамаагүй гэж ярьж байгаа. Нэхэмжлэгч нь 2, 3 байгууллагад ажилсан байгаа. Энэ шимтгэлийн дүнг нийлүүлээд 1.920.000 төгрөгөөс илүү гарсан шимтгэлээс нь авсан шимтгэлийг буцааж өгсөн. Та яг үүний дагуу 1.920.000 төгрөгөөс тухай тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний орлогын дээд хэмжээнээсээ тэтгэврээ бодуулан аваад явж байгаа. Илүү гарсан шимтгэлийг бол буцаагаад авсан байгаа.

Иймд Т.С*******ын өндөр насны тэтгэвэрийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хууль тогтоомжид нийцүүлэн тогтоож олгож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.С*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Т.С******* нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд “Миний тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 805401 төгрөгөөр тогтоосныг хянаж шинээр хуулийн дагуу олгхыг тогтоолгох, дутуу тогтоож олгосон зөрүүг олгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлага гаргаж 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмлэлийн шаардлагаа “... Т.С*******ын тэтгэврийг 805 401 төгрөгөөр тогтоосон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны шийдвэрийг хүчингүйд тооцох, тэтгэврийг 1554547 төгрөгөөр тогтоох, дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү 14 195 608 төгрөгийн нийгмийн даатгалын сангаас гаргаж олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”  гэж өөрчилжээ. 

Нэхэмжлэгчээс “...тэтгэврийг тогтоохдоо орлогыг хязгаарлах хуулийн зохицуулалт нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж мөн оны 07 дугаар сарын 01-ээс үйлчилж эхлэхээр байхад миний тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-нд тогтоохдоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан тогтоосон нь хууль бус” гэж, хариуцагчаас “...Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэсний дагуу Т.С*******ын сарын хөдөлмөрийн хөлсийг хязгаарлаж илүү төлсөн шимтгэлийг буцаан олгосон нь хууль тогтоомжид нийцэж байгаа” тус тус маргажээ.

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар  Т.С*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг 37 жил 4 сар 1 өдрөөр, тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 1134 369 төгрөгөөр тус тус тооцож тэтгэврийн хэмжээг 805401 төгрөгөөр тогтоон 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс олгохоор тогтоосон байна. 

Улмаар зохих журмын дагуу нэмэгдүүлж олгосоор хамгийн сүүлд Засгийн газрын 292 дугаар “Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” тогтоолын дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уг тэтгэврийн хэмжээг 917975 төгрөг болгон нэмэгдүүлжээ .

Тэтгэвэр тогтоосноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд өөрчлөлт орсон талаар талууд тайлбарлаж байх ба нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон тэтгэврийн хувь нэмэгдлийн тухайд талууд маргахгүй байна.

Т.С******* нь 2010-2014 онуудад авч байсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохоор сонгосон ба Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс  нь Т.С*******ын 2010 оны 07 дугаар сард авсан хөдөлмөрийн хөлсийг 1080000 төгрөгөөр,  2011 оны 08-12 сар, 2012 оны 1-7 болон 11 дүгээр сар, 2013 оны 2-7 дугаар саруудад авсан хөдөлмөрийн хөлсийг 1440 000 төгрөгөөр, 2013 оны 9-12, 2014 оны 12 дугаар саруудад авсан хөдөлмөрийн хөлсийг 1920 000 төгрөгөөр тус тус багасган тооцож тэтгэврийг тогтоон олгожээ.  

Улмаар Т.С*******ын 2011-2014 онуудад илүү төлсөн шимтгэл 3137 805 төгрөгийг буцаан олгосон байна.  

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхойлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоох, илүү ажилласан жил тутамд 1,5 хувиар нэмэгдүүлэх”-ээр, 22 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ... шимтгэлээс тооцож гаргах”-аар зохицуулсан байна.

Дээрхээс үзвэл өндөр насны тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнд ногдуулж төлсөн шимтгэлийн хэмжээнээс шууд хамааралтай байх тул нэхэмжлэгчээс “хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан тогтоосон нь хууль бус” хэмээн тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, даатгуулагчийн авч буй цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ тодорхойлогдох бөгөөд даатгуулагч уг хэмжээгээр шимтгэл төлсөн бол дээрх цалин, хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй юм.

Гэтэл нэхэмжлэгч нь авч байсан цалин, хөдөлмөрийн хөлснөөс тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хэдий хариуцагчаас Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор “нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх”-аар заасны дагуу Т.С*******ын 2011-2014 оны зарим сард авч байсан хөдөлмөрийн хөлсийг багасган тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн тооцож илүү төлсөн шимтгэлийг нэхэмжлэгчид буцаан олгосон нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч байгууллага нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нутгийн захиргааны байгууллага тул хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг баримталж нэхэмжлэгч Т.С*******ын тэтгэврийг тогтоолгох цалин, хөдөлмөрийн хөлсийг бууруулж тооцсонд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. 

Мөн нэхэмжлэгчээс “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д “...тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар тогтоох” зохицуулалт нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар батлагдсан бөгөөд миний тэтгэврийг тогтооход баримтлах ёсгүй байсан” хэмээн тайлбарлан маргаж байх хэдий ч хариуцагчаас Т.С*******ын тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсний хэмжээг багасган хязгаарласныг хуулийн дээрх зохицуулалттай холбоотой хийгдсэн гэж үзэхээргүй байна.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг мөн Засгийн газар тогтоохоор өөрчлөн найруулсан хэдий ч үүнээс өмнө буюу 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн “6/”-д “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоох”-оор хуульчилсан байх тул хариуцагч нь Т.С*******ын цалин, хөдөлмөрийн хөлснөөс илүү суутгасан шимтгэлийг буцаан олгож, төлөгдсөн шимтгэлийн дүнгээс тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тооцсон нь хуулийн энэ зохицуулалтад нийцэж байна. 

Иймд Т.С*******ын “Т.С*******ын тэтгэврийг 805 401 төгрөгөөр тогтоосон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны шийдвэрийг хүчингүйд тооцох, тэтгэврийг 1554547 төгрөгөөр тогтоох, дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү 14 195 608 төгрөгийн нийгмийн даатгалын сангаас гаргаж олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 7, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т тус тус баримтлан Т.С*******ын “Т.С*******ын тэтгэврийг 805 401 төгрөгөөр тогтоосон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны шийдвэрийг хүчингүйд тооцох, тэтгэврийг 1554547 төгрөгөөр тогтоох, дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү 14 195 608 төгрөгийн нийгмийн даатгалын сангаас гаргаж олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ