Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 429

 

Т.Сосорбарамын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Т.Сосорбарам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнчимэд нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 604 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0701 дүгээр магадлалтай, Т.Сосорбарамын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Т.Сосорбарамын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 604 дүгээр шийдвэрээр: 1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 7, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан “Т.Сосорбарамын тэтгэврийг 805 401 төгрөгөөр тогтоосон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны шийдвэрийг хүчингүйд тооцох, тэтгэврийг 1554547 төгрөгөөр тогтоох, дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү 14 195 608 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргаж олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0701 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Сосорбарам хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Гомдлын үндэслэл, агуулга нь:

1. Миний бие 2013 оны 07 дугаар сард 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох баримт материалаа холбогдох мэргэжилтэнтэй зөвлөлдөж бэлэн болгож, улмаар 2015 оноос эхлэн тэтгэврийг 37 жил 08 сараар холбогдох хуулийн дагуу 1500 000 гаруй төгрөгөөр тогтоолгох урьдчилсан тооцоотой байсан.

2. БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс 2015 оны 01 дүгээр сарын 06-нд   миний тэтгэврийг 805401 төгрөгөөр тогтоосон нь миний тооцооноос ихээхэн зөрүүтэй /700 000 гаруй төгрөгөөр бага/ байсан.

3. Иймд энэхүү тэтгэврийг тооцсон аргыг мэдэх гэж уг хэлтэст болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт 3 удаа өргөдөл өгч /өргөдөл өгөх бүрт өөр өөр 805401 төгрөг, 915404 төгрөг, 896975 тоонууд гарч байсан/ 5 сар гаруй хугацаанд уйгагүй гүйж эцэст нь Нийгмийн даатгалын ерөнхий газар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/76 тоот албан бичгээр тодорхой хариу авсан. Энэ албан бичигт тэтгэвэрт тооцсон арга, хууль зүйн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан “тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 2010-2014 оны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2в, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 тоот тушаалаар 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл 1080000 төгрөгөөр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 9 дүгээр сар хүртэл 1040000 төгрөгөөр, түүнээс хойших хугацаанд 1920000 төгрөгөөр тус тус тооцно” гэж заасан тул хязгаарлаж бодсон байна” гэсэн тодорхой хариу авсан юм.

Ингэж 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тэтгэвэр тогтоохдоо хуулиар тогтоогоогүй “тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ” гэгч ойлголтыг зориуд бий болгохдоо үндэслэл болгосон дээр дурдсан хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Үүнд:

1)  Тэтгэвэр тогтоохдоо “хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ” гэсэн ойлголт хэрэглэсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 заалт нь:

а.  Тэтгэвэр тогтоох биш зөвхөн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар тогтоохоор зохицуулсан,

б.  “тэтгэвэр” гэсэн үг ч байхгүй байна.

в. Гэтэл хариуцагч буюу энэхүү хуулийг хэрэгжүүлэгч нь шүүхэд өгсөн тайлбартаа тэтгэвэр тогтоосноос хойш батлагдаж, 07 сарын дараа мөрдөж эхлэх шинэчлэн найруулсан уг хуулийн 15.7 дахь заалтыг хэрэглэснээ заалтыг бүрэн агуулгаар нь хүчин төгөлдөр мөрдөх хугацааг дурдахгүйгээр бичиж, өгсөн байна. Ингэж хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийн 15.7 дахь заалтыг мөрдөөгүй, сүүлд батлагдсан хуулийг буцаан хэрэглэсэн гэдгээ шууд хүлээн зөвшөөрсөн болох нь тодорхой байна. Иймд тэтгэвэр тогтоохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

2) Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолын 2в, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсантай холбогдуулан “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох” гэсэн заалт нь:

а. Засгийн газарт ийм шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх эрх үүргийг өгсөн     ямар ч хууль байхгүй байна.

б. УИХ-ын 1999 оны 38 дугаар тогтоол нь тэтгэвэртэй холбоотой хууль боловсруулж батлахад баримтлах төрийн бодлого, үндсэн чиглэлийг тогтоосон   бөгөөд түүнийг хяналт тавьж, хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороондоо өгсөн, Засгийн газарт ямар ч үүрэг өгөөгүй байна.

в. Засгийн газрын тогтоолын энэхүү заалт нь хуулиар олгоогүй эрх үүрэг учир Монгол Улсын Үндсэн хуулийн 38.2, 38.2.1 болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3.2-д нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ нь шүүгчид иргэн хүнээс илүү улам тодорхой ойлгомжтой байгаа. Үндсэн хууль ч хууль гэсэн утгаар нь Үндсэн хуулийн цэцийн асуудал гэхгүй ойлгомжтой байдлаар нь авч үзлээ.

г. Улмаар тогтоолын уг заалт нь Монголын иргэн өндөр цалин авч өндөр шимтгэл төлж, өндөр тэтгэвэр авч аюулгүй орчинд ажиллах, амьдрах Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх эрх чөлөө”-г эдийн засгаар хязгаарлахад хүрчээ.

д. Мөн тогтоолын энэхүү заалтаар тогтоосон интервалд миний 2010 он, 2011 оны эхний 4 сар хамрагдаж байгаа. Гэтэл үлдсэн 3 жил /2012, 2013, 2014 онууд/ 2011 оны сүүлийн 8 сарыг яаж тооцох талаар хуулийн заалт, Засгийн газрын зохицуулалт байхгүй байна.

е. Мөн энэ тогтоолд 2015 онд 52 дугаар тогтоолоор  нэмэлт,  өөрчлөлт оруулсан боловч 2012, 2013, 2014 онуудад тэтгэвэр тооцохтой холбогдол бүхий   заалт оруулаагүй байна.

ё. Энэ тогтоолын зорилго нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.6, 30 дугаар зүйлд заасны дагуу амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг тогтоох үүргийг хэрэгжүүлсэн Засгийн газрын тогтоол гэдэгээ тогтоох хэсгийн агуулгад тодорхой бичсэн байна.

Дээрхээс үзвэл тэтгэвэр тооцохдоо хэрэглэвэл зохих Засгийн газрын тогтоолыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй тогтоолыг хэрэглэсэн гэж үзэж байна.

ж) Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 тоот тушаал нь:

а. Миний тэтгэвэр тогтоолгосноос хойш 1 сар 6 хоногийн дараа батлагдсан буюу тэтгэвэр тогтоох үед байхгүй байсан тушаал байна.

в. Энэхүү тушаал нь бүх хүмүүст хамаарагдах нийтлэг хэм хэмжээ тогтоосон учир Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүйн яамаар хянуулж, улсын бүртгэлд орох ёстой байна. Гэтэл Монгол Улсын Хууль зүйн сайд 2016 оны 07 дугаар сарын 07-нд 1-1/2757 тоот албан бичгээр уг тушаал хянуулж, улсын бүртгэлд ороогүй гэдгийг мэдэгдсэн. Иймд хүчин төгөлдөр бус баримт бичиг болж байна.

Иймд тэтгэвэр тооцохдоо тэтгэвэр тооцох нэгдсэн хэм хэмжээ, аргыг агуулсан аргачлал бүхий хүчин төгөлдөр бус тушаал хэрэглэсэн гэж үзэж байна.

Ийнхүү дээр дурдсан хуулийн заалт, Засгийн газрын тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тушаал нь миний тэтгэвэр тооцох хууль зүйн үндэслэл мөн эсэхэд маргаан үүсэж шүүхээр шүүлгэн шийдвэрлүүлэхээр зорьсон юм.     

Гэтэл нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх миний тэтгэвэр тооцох үндэслэл болгосон дээрх хууль тогтоомж, тушаалыг “зөв” гэж хамгаалахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1-ийг дараах байдлаар зориуд өөрчлөн бичиж буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд:

а) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл “өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл” гэсэн нэрийнхээ дагуу 5.1 нь “өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид “хөдөлмөрийн хөлс” гэх/-ын 45 хувиар тогтооно” гэсэн заалт нь хоорондоо таслал бүхий “төлсөн, сарын” гэсэн хоёр үг нь таслал “,” -аар хоёр утгыг ялгаж байгааг илэрхийлж   байхад таслал ”,”-ыг нь орхин бичиж” даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс” гэсэн нэг утгатай болгосон байна. Ингэснээр Нийгмийн даатгалын тухай хуулдийн 15.1-д заасан шимтгэл төлөгч даатгуулагч, ажил олгогч 2 субьектээс зөвхөн даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсөөр тэтгэвэр тооцно гэсэн буруу ойлголтыг бий болгожээ.

б) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйл “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох” гэсэн нэртэй бөгөөд 22.1 “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно” гэснийг “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ... шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцохоор зохицуулжээ гэж өгүүлбэрийн гол хэсгийг орхин утгыг нь өөрчлөн бичиж хуулийн заалтыг өөр утгатай болгон буруу тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэсгийн эхэнд байгаа “даатгуулагч” гэсэн үг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1-д зааснаар шимтгэл төлөгч ажил олгогч, даатгуулагч хоёулаа 4 төрлийн шимтгэлийг тодорхой хувь хэмжээгээр төлдөг учир эдгээрээс даатгуулагч нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх сүүлийн 20 жилийг авах шаардлага тавьж байгааг тодотгож өгч байгаа болохоос “дараалсан 5 жилд төлсөн шимтгэл” гэдэг нь “даатгуулагч”-ийн төлсөн шимтгэл гэж ойлгогдохгүй болох нь Монгол хэл зүйн дүрмээс гадна “тэтгэвэр тооцох”, “шимтгэл төлөх” гэсэн эдийн засгийн хоёр өөр ойлголтууд, түүнийг хэрэгжүүлэх үйл явцаас тодорхой харагддаг. Амьдралд байгууллагууд ажилчдын цалин олгоод өөрсдөө төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх тохиолдол олон гардаг. Иймээс ажил олгогчдийг нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлж байхыг давхар сануулж байх шаардлагыг энэ заалт агуулсан. Мөн “5 жилд төлсөн шимтгэл” гэдэгт төлөгдсөн бүх шимтгэлийг илэрхийлж байгаа бөгөөд түүнийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.7-д заасан шимтгэл төлөгч төлсөн байна гэж ойлгогдож байна. Ийнхүү ажил олгогч буюу шимтгэл төлөгч шимтгэлээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1, 15.2-д заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын санд тушаасан байвал тэр хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шууд илэрхийлдэг.

Ийнхүү анхан шатны болон давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1-ийг зориуд буруу тайлбарлан хэрэглэж, улмаар дараах хоёр худал дүгнэлт хийж, шийдвэр гаргах гол үндэслэл болгожээ. Үүнд:

1. “өндөр насны тэтгэврийг зөвхөн тухайн өндөр настны өөрийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс тооцно” гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь худал болох нь дараах хууль, баримтаас тодорхой нотлогдож байна. Үүнд:

а) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн   22 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтууд нь “... таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг...” авахыг тодорхой заасан.

б) Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 6/76 тоот бичигтээ “тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 2010-2014 оны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого”-ыг авсан гэж тодорхой бичсэн бөгөөд “даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого”-ыг авсан гэсэн үгс байхгүй байна.

в) Нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагчаас “тэтгэврийг өндөр настны тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс тооцдог юм уу гэхэд “үгүй” гэж хариулсан зэргээс нотлогдож байна.

в) Тэтгэврийг ингэж тооцвол Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1, 15.2 заалтын дагуу ажил олгогч, даатгуулагч хоёулаа даатгуулагчийн цалингийн 21%-иар шимтгэл төлөх бөгөөд үүнээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг даатгуулагч болон ажил олгогч хоёулаа адилхан 7, 7 хувь төлж байгаагаас зөвхөн даатгуулагийн тэтгэврийн даатгалын шимтгэлээс тэтгэвэр тооцно гэвэл орлогын дээд хязгаарыг оруулахгүйгээр тооцоход одоогийн авч байгаа 21%-иар бодсон тэтгэврийг 3 дахин багасгахад хүрч Монгол Улсын тэтгэврийн тогтолцоог дахин будилуулах ноцтой байдалд хүрэх болно.

2. “тэтгэвэр нь даатгуулагчийн төлсөн шимтгэлээс шууд хамааралтай байна” гэсэн худал дүгнэлтийг хийжээ. Үүний худал болох нь:

а) Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.7 дахь хэсэг /2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуүлиар нэмсэн/ нотолж байна. Энэ заалтын дагуу Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг хугацааны хувьд (2011.04.05), (2011.04.05-2013.09.01), (2013.09.01-одоог хүртэл) гэсэн интервалтай тогтоосон нь даатгуулагчийн орлого тухайлбал, 2014 болон 2015 онд 2 000 000, 2 500 000, 3 000 000 болон 5 000 000 төгрөгийн цалинтай байхад бүгдийг нь адилхан 1 920 000 төгрөгөөр бодож шимтгэл авч байгаа нь тэтгэвэр орлогоос хамаарах боловч орлого, шимтгэл хоёр “шууд” байтугай ямарч хамаарал байхгүй байгааг энгийн бодит жишээ нотолж байна.

б) Хэрвээ тэтгэвэр төлсөн шимтгэлээс шууд хамааралтайгаар зохицуулсан бол илүү төлсөн шимтгэлийг буцаан авахад тэтгэвэр өөрчлөгдөж байх ёстой. Гэтэл ийм хууль зүйн зохицуулалт байхгүй байна.

Шүүгч дээрх хоёр худал, буруу дүгнэлтийг янз бүрийн аргаар хоёр шатны шүүх дамжин хамгаалж байгааг огт ойлгохгүй байгаа юм. Ёстой нэг дор ажилладаг, танилын нүүр халуун гэгчээр буруу ч байсан нэг нэгийгээ хамгаалах ёс зүйгүй байдал шүүхэд бас байдаг юм уу? гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Учир нь шүүгчид тэтгэвэр тооцсон хууль зүйн үндэслэл болсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/76 дугаар албан ёсны баримт бичгийг холбогдох хуулийн зүйл, хэсэг, заалтын дагуу хянан шүүж тэтгэврийг зөв, буруу тооцсоныг нь тодорхой тогтоох байтал асуудлыг өөр эдийн засгийн талаас нь авч үзэж дутуу, буруу ойлголтонд тулгуурлаж дээр дурдсан худал, буруу дүгнэлтүүд хийж, хуулийг буруу хэрэглэж өндөр настныг хохироох нь зөв гэж үзэхэд хүрсэн байна.

Тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалд дээрх худал, буруу дүгнэлтүүдийг бататган "ХЯНАВАЛ" гэсэн хэсэгтээ дараах гурван буруу дүгнэлт хийж шийдвэр гаргах үндэслэл болгожээ. Үүнд:

1. “нэхэмжлэгч Т.Сосорбарамыг тэтгэвэр тогтоолгох үед буюу нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хууль батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар дүйлийн 15.7-д “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэж зааснаас үзвэл, Засгийн газар даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоож байгаа нь түүний төлөх шимтгэлийн дээд хэмжээг тогтоож, төлсөн шимтгэлд нь тохирсон тэтгэвэр тогтоох зорилготой зохицуулалт гэж үзэхээр байна” гэжээ. Энэ нь:

а) Хариуцагч хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасныг хэрэглээгүй шинэчилэн найруулж тэтгэвэр тогтоосноос хойш 7 сарын дараа мөрдөж эхэлсэн хуулийн 15.7 дахь заалтыг буцаан хэрэглэсэн гэдгээ Нийгмийн даатгалын ерөнхий газар 2016 оны   6/76 тоот албан баримт бичигт болон шүүхэд өгсөн тайлбартаа шууд хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Гэтэл шүүх хариуцагч хүлээн зөвшөөрөөд байгаагаас өөр хуулийн заалт тайлбарласан байна.

б) Энэ заалтанд “тэтгэвэр”-тэй холбоотой нэг ч үг байхгүй өмнө нотолсноор “тэтгэвэр нь даатгуулагчийн төлсөн шимтгэлтэй ямарч хамааралгүй”-гээр хууль тогтоомжоор зохицуулсан байхад “даатгуулагчийн төлсөн шимтгэлд нь тохирсон тэтгэвэр тогтоох зорилготой зохицуулалт гэж” үзсэн нь юуг үндэслэл болгохоор Засгийн газар нь өндөр настны тэтгэврийг багасгасан хязгаарласан зорилготой гэж худал дүгнэлт хийснийг энгийн иргэн төдийгүй хуульчид ойлгохгүй байна.

в) “Засгийн газар даатгуулагчийн төлөх шимтгэлийн дээд хэмжээг тогтоож, төлсөн шимтгэлд нь тохирсон тэтгэвэр тогтоох зорилготой” гэсэн нийгмийн даатгалын болон тэтгэврийн мөн чанарт харшилсан буруу дүгнэлт хийжээ. Ингэж эдийн засгийн нарийн ойлголтууд, амьдралд хэрэгжиж байгаа байдлыг зохих зохицуулалтай нь холбон нарийн гол агуулгыг нь мэдэхгүйгээр шууд дүгнэлт хийвэл ноцтой байдалд хүрч хэнийг ч яаж ч болдгийн нэг жишээ болжээ.

г) Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн 15.7 дахь заалтыг “Засгийн газар даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоож байгаа нь түүний төлөх шимтгэлийн дээд хэмжээг тогтоож, төлсөн шимтгэлд нь тохирсон тэтгэвэр тогтоох зорилготой зохицуулалт гэж үзэхээр байна” гэсэн Засгийн газрын тэтгэврийг байнга нэмэгдүүлэх, өндөр настныг бодсон бодлого, Даатгалын тухай хуулийн үзэл баримтлал, төрийн бодлогод харшлах дүгнэлт хийжээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Энэ заалт нь 15 дугаар зүйлийг хэрхэн ойлгож хэрэглэх үндэс болсон суурь заалт билээ.

2. “Нийгмийн даатгалын байгууллага нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй   адилтгах орлогын дээд хэмжээнээс шимтгэлийг тооцолгүй, хэтрүүлэн нэхэмжлэгч   Т.Сосорбарамаас нийгмийн даатгалын шимтгэл тухайн үед авч байсан боловч үүнийгээ буцаан олгосон болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно” гэжээ. Энэ нь:

а) Илүү төлсөн шимтгэлийг Нийгмийн даатгалын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтын дагуу авсан, өгсөн нь үнэн учир нэхэмжлэгч, хариуцагч маргах шалтгаан байхгүй. Шүүх тогтоогоод байсан зүйл ч байхгүй.

б) Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл тооцож, төлдөггүй байгууллага билээ. Харин ажил олгогч буюу шимтгэл төлөгч Нийгмийн даатгалын тухай хууль, Засгийн газрын тогтоолыг баримтлан даатгуулагчийн буюу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс шимтгэлийг төлж ирсэн болохыг шүүхийн материалд байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан баримт бичиг “лавлагаа” тодорхой харуулж байгаа. Гэтэл шүүгч бодит баримт материалд дүгнэлт хийхгүйгээр ажил олгогчдыг буруутгах худал дүгнэлт хийжээ.

в) 2015 оны 12 дугаар сард илүү төлсөн шимтгэлийг хуулийн дагуу өгч авсан бөгөөд маргаан үүсгээгүй, тэтгэвэр нь төлсөн шимтгэлтэй ямар ч хамааралгүйгээр хууль тогтоомжоор тогтоогоод байгаа асуудлыг түүнээс 12 сарын өмнө 2016 оны 01 дүгээр сард тооцсон тэтгэвэртэй холбон тайлбарлаад байгаа нь огт ойлгогдохгүй байна. Ёстой нөгөө “хазах, хайрах”-аас бусад мэх хийнэ гэдэг нь юм болов уу гэж л ойлгогдож байна.

г) Нэхэмжлэгч илүү төлсөн шимтгэл гээд төлсөн бүх шимтгэлээ аваад дахиад хууль бусаар мөнгө нэхээд байгаа юм шиг ойлгогдож байвал Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 6/76 дугаар албан баримт бичиг, нэхэмжлэгчийн дээр дурдсан нэхэмжлэлийн үндэслэл, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлал”-ын 25 дугаар хуудаст байгаа жишээ, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан гомдлын 33 дугаар хуудаст байгаа хүснэгт тодорхой хариу өгөх болно.

Ингэснээр давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1-ийг буруу ойлгож тайлбарлажээ.

3. “...дээрхээс үзвэл Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтооход баримтлах аргачлалын дагуу иргэн Т.Сосорбарамын тэтгэврийн хэмжээг тухай бүрт Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд нийцүүлэн шинэчлэн тогтоосон нь Засгийн газрын агентлагйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг  эрхэлсэн  хүрээ,   салбарын  хүрээнд  зохион байгуулж, биелэлтийг хангах”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах”- аар заасан чиг үүргийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тогтоолыг баримталж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон цалингийн итгэлцүүрийг хэрэглэх журамд нийцжээ” гэсэн нь:

а) Шүүх нь ямар ч тохиолдолд төрийн байгууллагын зөв иргэний буруу гэсэн бодлого баримталж асуудлыг шийдвэрлэдэг гэсэн ойлголт төрүүлж байна.

б) Төрийн байгууллагад тэтгэвэр тогтоох тодорхой асуудалд хууль бус үйлдэл байна гэж холбогдох хуулиудыг үндэслэн дээр дурдсанчилан тодорхой нотлоод, батлаад байхад түүнийг нэг бүрчлэн хуулийн зүйл, заалтаар тайлбарлахын оронд өөрийн мэргэжлийн бус эдийн засгийн нарийн төвөгтэй асуудалд орооцолдож дутуу буруу ойлголт авч түүндээ үндэслэн буруу дүгнэлт хийхэд хүрчээ.

Ингэж нэхэмжлэгч миний маргаан үүсгэж, гомдол гаргасан гол асуудал миний тэтгэвэр тооцсон хууль зүйн үндэслэлийг тодорхой заасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 6/76 дугаар албан баримт бичигт хууль зүйн үүднээс хариу өгөхгүйгээр нийгмийн даатгал, тэтгэвэр, шимтгэл, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ гэсэн эдийн засгийн асуудалд анхаарал тавьж түүний мөн чанар, агуулга, зохицуулалтын харилцан холбоо, хамаарлыг хагас дутуу, буруу ойлгож худал дүгнэлтүүд хийснээрээ Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын холбогдох бүх заалтуудыг бүхэлд нь буруу тайлбарлан хэрэглэжээ гэж үзэж байна.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.Сосорбарамын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг зөв гэж үзлээ.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Т.Сосорбарамын өндөр насны тэтгэвэрийг тогтоохдоо улсад ажилласан жилийг “...37 жил 4 сар”-аар, сарын дундаж цалинг “...1 134 369 төгрөг”-өөр, сард олгох тэтгэвэрийг “...805 401 төгрөг”-өөр тус тус тогтоосон, нэхэмжлэгч “...холбогдох хуулийн дагуу 1500 000 гаруй төгрөгөөр тогтоох /байтал/... хуулиар тогтоогоогүй “тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ” гэгч ойлголтыг бий болгож ... хязгаарласан”, “... сонгон авсан 5 жилд төлсөн шимтгэлээс биш өөрсдийн дураар хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг тодорхойлсон” гэж, хариуцагч “... хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Т.Сосорбарам нь тэтгэвэр тогтоолгохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2010-2014 оны дараалсан 5 жилийг сонгосон, уг жилүүдэд нэхэмжлэгч нь Удирдлагын академи, Монголын чанарын холбоо ТББ, Үйлдвэрлэл, урлалын коллеж гэх зэрэг хэд хэдэн байгууллагад зэрэг ажиллан сар бүр харилцан адилгүй хэмжээний цалин хөлс авсан, нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсний дунджийг тодорхойлохдоо уг 5 жилийн доторхи зарим сард нэхэмжлэгчийн бодитоор авсан хөдөлмөрийн хөлсийг бууруулан тооцсон, ийнхүү бууруулан тооцсоноос 2010-2014 оны дараалсан 5 жилд ногдох сарын дундаж цалингийн хэмжээ “.../бодитоор тооцоход/ 2 177 999 төгрөгөөс ...1 134 369 төгрөг болж буурсан” байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн 2010 оны 7 дугаар сард авсан 2 100 384 төгрөгийн цалинг 1 080 000 төгрөгөөр, 2011 оны 8 дугаар сараас 2012 оны 7 дугаар сарууд, 11 дүгээр сар болон 2013 оны 2-7 саруудад авсан 1 683 899 төгрөгөөс дээш 6 407 136 төгрөг хүртэлх цалинг сар тус бүр 1 404 000 төгрөгөөр, 2013 оны 9-12, 2014 оны 12 дугаар саруудад авсан 2 389 600 төгрөгөөс дээш 4 174 600 төгрөг хүртэлх цалинг тус бүр 1 920 000 төгрөгөөр хязгаарлан, шимтгэл төлсөн орлогын хэмжээг тогтоосон, нэхэмжлэгч уг үйл баримттай маргаагүй, хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоол ...-ын дагуу ... Т.Сосорбарамын өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 2010-2014 оны хөдөлмөрийн хөлс ... хязгаарлагдсан” гэжээ.   

Нийгмийн даатгалын тухай хууль (1994) -ийн 15 дугаар зүйлийн 1-д “...даатгуулагч болон ажил олгогч нь ... /хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тус бүр 10 хувиар/ ...  сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх”-өөр, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 7 (2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн) ...-д “...Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн ... даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтоох”-оор тус тус заасны дагуу Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор “.../хуульд/ заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх”-өөр шийдвэрлэсэн, Т.Сосорбарамын тэтгэвэрийг тогтоосон 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эдгээр хууль болон хэм хэмжээ тогтоосон акт хүчин төгөлдөр үйлчилж байсан тул хариуцагч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс даатгуулагч Т.Сосорбарамын “тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн” хэмжээнээс илүү гарсан сарын хөдөлмөрийн хөлсийг уг  хязгаарлалттай нийцүүлэн, багасгаж тогтоосон нь дээрх хууль болон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын зохицуулалттай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, даатгуулагч иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлого нь “тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн” хэмжээтэй тэнцүү эсхүл бага байх тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг уг орлогын 10 хувиар буюу орлогоос шууд хамааруулан тооцохоор, хэрэв түүний сард олсон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь уг хэмжээнээс илүү гарсан бол бодит орлогын хэмжээнээс хамаарахгүйгээр “тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн” хэмжээний орлогын 10 хувиар тооцохоор тус тус зохицуулсаныг маргааны үйл баримтад хамааруулан авч үзвэл, нэхэмжлэгч Т.Сосорбарам нь 2013 оны 6 дугаар сард бодитоор олсон 6 407 136 төгрөгийн хөдөлмөрийн хөлснөөс шууд 10 хувиар бус “тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээ” буюу сарын 1 404 000 төгрөгөөс тооцож, түүний 10 хувь буюу 140 400 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх үүрэгтэй, хариуцагч нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын хэмжээг “тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээ” –нээс илүү гарган тооцох эрхгүй, анхан болон давж заалдах шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийсэн байна.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг “...ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэсэн заалтыг дурдаж ирүүлсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн 15 дугаар зүйлийн 7 дахь заалт болон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын хууль зүйн үйлчлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн “... хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийн 15.7 дахь заалтыг мөрдөөгүй, сүүлд батлагдсан хуулийг буцаан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, Засгийн газрын 1998 оны 92, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр байгаа, уг тогтоолуудад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх эдгээр тогтоолуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн “... Засгийн газарт ийм шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх эрх үүргийг өгсөн ямар ч хууль байхгүй, ... Засгийн газрын тогтоолын энэхүү заалт нь хуулиар олгоогүй эрх үүрэг учир Монгол Улсын Үндсэн хуулийн 38.2, 38.2.1 болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3.2-д нийцэхгүй” гэх зэргээр гаргасан хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Нийгмийн даатгалын тухай (1994) хуулийн 21 зүйлийн 1-ийн 1/-д “...даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг /ойлгох/”-оор, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994) хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоох”-оор, 22 дугаар зүйлийн 1-д “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ... тодорхойлох”-оор тус тус зааснаас үзэхэд, нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан,  нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх бүхий этгээд болох Т.Сосорбарамын 2010-2014 онд тэтгэврийн даатгалд төлсөн  шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тооцож, тэтгэвэрийн хэмжээг тогтоохоор байх тул шүүхүүд уг хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн “... /шүүх/ өндөр насны тэтгэврийг зөвхөн тухайн өндөр настны өөрийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс тооцно гэсэн худал дүгнэлт хийсэн, ... тэтгэвэр нь төлсөн шимтгэлтэй ямар ч хамааралгүйгээр хууль тогтоомжоор тогтоосон /байхад/ шууд хамааралтай байна гэж худал дүгнэсэн” гэх хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тооцож тэтгэвэрийн хэмжээг тогтоох хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад “... тэтгэвэр нь төлсөн шимтгэлтэй ямар ч хамааралгүй” гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Т.Сосорбарамын тэтгэвэрийн хэмжээ тогтооход баримтлах сарын орлогын хэмжээг Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлан тогтоосон хариуцагчийн үйлдэл холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

  Харин, даатгуулагч Т.Сосорбарам нь дээр жишээ болгож дурдсан 2013 оны 6 дугаар сард бодитоор олсон 6 407 136 төгрөгийн орлогод Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 1 404 000 төгрөгийн 10 хувь болох 140 400 төгрөгийн шимтгэл төлөх ёстой байхад 283 921 төгрөгийн нийгмийн даатгал шимтгэл төлсөн, түүний илүү төлсөн 143 521 төгрөг болон энэ мэтээр 2011-2014 онуудад нийгмийн даатгалын шимтгэлд илүү төлсөн нийт 3 137 805 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас буцаан олгосон, нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлд тухайн үед илүү төлсөн нь Засгийн газрын тогтоолоор тогтоосон шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг нэмэгдүүлэн, Т.Сосорбарамын бодитоор олсон цалин, орлогын хэмжээгээр, түүний 45 хувиар тэтгэвэрийн хэмжээг тогтоох эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэгчийн  “...илүү төлсөн шимтгэлийг хуулийн дагуу өгч авсан нь ... түүнээс 12 сарын өмнө ... тогтоосон тэтгэвэртэй холбоогүй” гэх хяналтын гомдлыг хангах боломжгүй.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн нэрийг буруу бичиж, алдаа гаргасан, давж заалдах шатны шүүхийн магадлалд хэвээр үлдээсэн байх тул уг алдааг залруулсан өөрчлөлтийг магадлалд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0701 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 604 дүгээр шийдвэрийн” гэсний дараа “тогтоох хэсгийн 1 дэх заалтын Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 гэснийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 гэж өөрчлөн” гэсэн хэсгийг нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар  нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА