Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02355

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02355

 

 

М.С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02396 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.С ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.С ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас 3,476,493,640 төгрөг зээлж барьцаанд нь М.С ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар зайсан гудамж, Могул Таун хотхоны 98 тоот улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаартай 30%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийн хамт 2,876,457,120 төгрөгийг Улаанбаатар хотын банканд төлсөн. Гэвч Улаанбаатар хотын банкнаас М.С ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 4010 дугаартай шийдвэрээр М.С ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банканд олгох, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гарсанаас хойш нэмж 1,076,540,888 төгрөг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 978,919,252 төгрөгийн төлбөр үлдсэн. 2011 онд барьцаалж байсан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул Таун хотхоны 98 тоот барилга нь тухайн үед 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга байсан. Өнөөдрийн байдлаар 100 хувийн гүйцэтгэлтэй 93 айлын орон сууц болсон бөгөөд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс хүлээн авсан. Гэвч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 4010 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, М.С ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч М.С ХХК-тай байгуулсан захиалгын гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн Э.Саруулсайханы Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Могул Таун хотхон, 98-р байрны 409 тоот 32.91 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, П.Төрбаатарын Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Могул Таун хотхон, 98-р байрны 508 тоот 82.77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилгоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05-р сарын 28-ны өдрийн №4/19807 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн 409 тоот орон сууцыг 225,947,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 16 дугаар хуудас, хүснэгт №5-д зааснаар 117 м.кв болон 100,53 м.кв талбай бүхий нийт хоёр ширхэг Могул Таун хотхоны орон сууцыг харьцуулсан хөрөнгөөр сонгож жишиг үнийн хандлагын аргаар харьцуулжээ. Хүснэгт №5-ын Д/д 4-т зарласан үнэ 176,240,000 төгрөг, 170,901,000 төгрөг гэж, Д/д 7-д зарах магадлалтай үнэ 176,240,000 төгрөг, 170,901,000 гэж харьцуулсан байна. Жишиг үнийн хандлагын аргын гол зорилго нь тухай үнэлгээний өдөр худалдан борлогдсон үнэтэй харьцуулж байж үнэлгээ үнэн бодит гарах явдал юм. Гэтэл үнэлгээний компани болон хариуцагчийн зүгээс зарын сайт дээр хэт доогуур үнээр зар байршуулан, уг зарыг үндэслэн Хөрөнгийн үнэлгээг гаргасан байж ч болзошгүй бөгөөд уг харьцуулсан хоёр хөрөнгө дээр биеэр очиж үзлэг хийсэн баримт ч хөрөнгийн үнэлгээний тайланд хавсрагдаагүй байна. Иймд М.С ХХК-аас дээрх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаартай шийдвэрээр М.С ХХК-иас 2.055.460.140 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 10.435.251 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Могул скай компанийн гүйцэтгэх захирал Д.Болдод шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй, дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийдэг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхон Ар Зайсангийн гудамж 98 дугаар байрны 409 тоотод байрлах 132,91 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15290429/54 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 15290429/73 дугаар хураах тогтоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхон Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 508 тоотод байрлах, 82.77 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 15290492/59 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 15290429/74 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5/296 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Баян модот ХХКомпаниар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхон Ар зайсангийн гудамж 98 дугаар байрны 508 тоотод байрлах, 82.77 м.кв талбайтай, 3 өрөө сууцыг тогтоолгоход 129.051.000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхон Ар зайсангийн гудамж 98 байрны 409 тоотод байрлах 132,91 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Сэлэнгэ Эстимэйт ХХКомпаниар үнэлүүлэхэд 225.947.000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр үнэлгээг мэдэгдсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан Баян модот Компани, Сэлэнгэ эстимэйт ХХКомпани нь үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3-т заасныг тус тус баримтлан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ОС20/08 дугаартай Баян Модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, үлдэх 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан жишиг үнийн хандлагын аргаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлдог. Олон Улсын Үнэлгээний Стандартад заасны дагуу зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо зохистой маркетинг хийсний дараа тухайн үнэлгээний өдөр, бие даасан хэлцлийн хүрээнд, сайн дурын худалдагч болон худалдан авагч нь ухамсартайгаар, ухаалгаар мөн ямар ч албадлагагүйгээр хөрөнгөө тооцоолсон дүнгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл зах зээл дээр саяхан борлогдсон үнэлгээнд хамрагдсан хөрөнгөтэй адил болон ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнийг авч үзэж үнэлж буй хөрөнгийн үнэлгээг гаргах явдал юм. Гэтэл жишиг үнийн хандлагаар үнэлгээний өдөр худалдан борлогдсон хөрөнгөтэй харьцуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл зарын сайт дээр худалдаалагдаагүй байгаа хөрөнгөтэй харьцуулж ийнхүү эцсийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэл г муутай, зөвхөн зарын сайт дээр байршуулсан зарын үнийн дүнгээс тооцон үнэлсэн нь өмчлөгчийн эрх, ашгийг хохироож байхад шүүхээс ийнхүү үнэлгээг хүчинтэй хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна. Шүүхэд Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлгээр үнэлгээ гаргахад судалсан хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед худалдан борлогдоогүй байсан гэдгийг мэдүүлсэн бөгөөд хэрэгт худалдсан талаар баримт байхгүй талаар мэдүүлсэн. Гэтэл шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж, Олон Улсын Үнэлгээний Стандартад заасны дагуу зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо зохистой маркетинг хийсний дараа тухайн үнэлгээний өдөр, бие даасан хэлцлийн хүрээнд, сайн дурын худалдагч болон худалдан авагч нь ухамсартайгаар, ухаалгаар мөн ямар ч албадлагагүйгээр хөрөнгөө тооцоолсон дүнгээр тодорхойлно гэж тус тус заасан байхад шүүхээс тухайн харь цуулагдаж буй орон сууц нь зах зээл дээр худалдан борлуулагдсан байхыг болон тухайн объектод биечлэн шинжээч очиж үзсэн байх шаардлагагүй юм гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, яагаад худалдсан борлогдсон байх шаардлагагүй талаарх дүгнэлтдээ тодорхой тайлбар хийгээгүй байх тул Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хэвээр үлдээсүгэй гэснийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч М.С ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр 2 055 460 140 төгрөгийг М.С ХХК-аас гаргуулж, Улаанбаатар хотын банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох орон сууцнуудыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр төлөгч нь 2020 оны 5 сарын 14-ний өдөр үнийн санал ирүүлсэн бол, төлбөр авагч нь 2020 оны 5 сарын 12-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаарх үнийн санал өгөхөөс татгалзаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасны дагуу 2020 оны 5 сарын 21-ний өдрийн 5/295, 5/296 дугаар тогтоолуудаар Баянмодот ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, шинжээч нар нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Могул таун хотхон 98 дугаар байрны 409 тоот орон сууцыг 225 947 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 508 тоот орон сууцыг 129 051 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх116-143/

Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний Баянмодот болон Сэлэнгэ-Эстимэйт ХХК-иудын 2020 оны 5 сарын 27-ны өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 5 сарын 28-ны өдөр шуудангаар илгээн танилцуулж, 508 тоот хаягт орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 90 335 700 төгрөгөөр, 409 тоот орон сууцыг 158 162 900 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн болох нь хэргийн 148-149 дугаар талд авагдсан мэдэгдлээр тогтоогдож байна.

НШШГГ нь хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 5 сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгчид хүргүүлсэн, нэхэмжлэгч 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаанд гомдлоо гаргасан, энэ хугацааны талаар зохигчид маргаагүй байна.

Хэргийн 123-143 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд байрлах 82.77 м.кв талбайтай 3 өрөө, 132.91 м.кв 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн харьцуулалтын аргыг сонгон хэрэглэж Хан-Уул дүүрэгт байрлах Могул таун хотхоны хоёр үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК нь 409 тоот орон сууцыг 225 947 000 төгрөгөөр, Баян модот ХХК нь 508 тоот орон сууцыг 129 051 000 төгрөгөөр тус тус тогтоожээ.

Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин нь 409 тоот орон сууцны үнэ цэнийг 225 947 000 төгрөгөөр тогтоохдоо төлбөрт хураагдсан орон сууцтай ижил төстэй, тухайн хотхонд байрлах, худалдан борлуулахаар нийтэд зарласан үл хөдлөх хөрөнгө, түүний зах зээлийн үнэтэй харьцуулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлсэн, уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч ... харьцуулж буй үл хөдлөх хөрөнгийг шинжээч очиж үзээгүй... гэх тайлбар гомдол гаргах боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон журамд үнэлгээчин харьцуулж буй обьектыг очиж үзэх үүрэгтэй талаар тухайлан зохицуулаагүй учир түүнийг холбогдох хууль, дүрэм зөрчсөн гэж үзэхгүй болно.

Түүнчлэн, шинжээч Баян модот ХХК-ийн үнэлгээчин нь 3 өрөө, 508 тоот орон сууцны үнийг 129 051 000 төгрөг гэж үнэлэхдээ харьцуулж буй үл хөдлөх хөрөнгө нь худалдан арилжаалагдаагүй байхад худалдсан орон сууцны үнэ гэж тооцсон, 3 орон сууцтай харьцуулсан гэж тайландаа тусгасан атал 2 үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан байгаа нь үнэлгээ тогтоохдоо ашигласан баримт мэдээлэл нь эргэлзээтэй байхаас гадна төлбөрт хураагдсан орон сууцны дуудлага худалдааны үеийн зах зээлийн үнэ цэнийг бодиттой тогтоосон гэж үзэх боломжгүй болох нь хэргийн 123-127, 159-160 дугаар талд авагдсан үнэлгээний тайлан, гэрч С.Цэвээнроломын мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Тодруулбал, шинжээч Баян модот ХХК-ийн дээрх үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болно. Нэхэмжлэгчийн ...бодит үнэн зөв мэдээлэл ашиглаагүй... гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд хариуцагч энэхүү тайлбарыг баримтаар няцаагаагүй. Уг үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт хариуцагч НШШГГ гомдол гаргаагүй байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд шүүх Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хэвээр үлдээн, шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Харин шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ уг маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой зөв сонгож хэрэглэж чадаагүй алдааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай маргааныг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх учиртай. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02396 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3-т гэснийг хасч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт гэж нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ