Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00182

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02317 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Т-ийн хариуцагч Ч.А-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 08 сарын 20-ны өдрийн 225 тоот захирамжаар А.Т-т Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 0392835 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. А.Т- нь өөрийн эзэмшил газар дээр 2016 онд байшин барих гэхэд Ч.А- нь ямар ч зөвшөөрөлгүйгээр байшин бариад эхэлсэн байсан. Ингээд хууль ёсны эзэмшигчийн зүгээс удаа дараа уулзаж газар чөлөөлж өгөхийг шаардсан боловч ой хамгаалагчтай ярьж тохироод байшингаа барьсан гэж хэлээд ямар ч шаардлагыг хүлээж авахгүй байсан.

Улмаар энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандахад 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 14/222 тоот албан бичгээр 2012 оны 07 сарын 10-ны өдрийн 225 дугаар захирамжаар А.Т- танд эзэмшүүлсэн газарт иргэн Ч.А- нь зохих зөвшөөрөлгүйгээр 2016 онд дур мэдэн хувийн орон сууц барьсан байх тул Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн байна. А.Т-ийн хувьд дээрх хугацаанд санхүүгийн боломжгүй байсан учраас өөрийн эзэмшил газар дээр байшин барьж чадаагүй ч гэрээний дагуу зохих төлбөрөө төлж байсан байна. Хэрэгт авагдсан 2002 оны 06 сарын 28-ны өдрийн Б/59 тоот захирамжийн хавсралт жагсаалтаас харахад Ч.А- нь Сонгинохайрхан дүүргийн Цанын баазын дэргэд газар эзэмшихээр авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2015 оны 05 сарын 11-ний өдөр А/190 тоот тушаалаар захирамжид өөрчлөлт орсон. А/190 тоот захирамжаар 2002 оны 06 сарын 28-ны өдрийн Б/59 тоот захирамжийг хүчингүй болгоогүй, харин хавсралтын 3-т 700 м.кв газрыг 695 м.кв болгож өөрчилсөн. Үүнээс үзэхэд, маргаж буй газар нь Ч.А-гийн эзэмшлийн газар биш бөгөөд түүнийг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хууль бусаар байшин барьсан гэж үзэж байна.

Иймд А.Т-ийн эзэмшлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Ч.А- нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 сарын 28-ны өдрийн Б/59 тоот захирамжаар Баянхошууны Зүүн салаанд 0,07 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Тухайн үед газрын нарийвчилсан кадастрын зураглал хийгдээгүй байснаас газрын байршлыг тогтоож чадалгүй газраа эзэмшиж, ашиглах боломжгүйд хүрсэн. Ингээд 2014 онд Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд өргөдөл өгсний дагуу түүний эзэмших эрх бүхий 0,07 га газрыг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Богины аманд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр байршлыг тогтоож 2014 оны 07 сарын 16-ны өдөр гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Газрын албанаас зааж өгсөн газарт хашаа барих гэтэл 2014 оны 08 сарын 01-ний өдөр Нийслэлийн Байгаль хамгаалах газраас Ойн хууль зөрчсөн, ой модонд ойрхон байна хэмээн тус газрыг эзэмшихийг зөвшөөрөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд дахин хандсан. 2014 оны 07 сарын 16-ны өдөр олгогдсон газар цуцлагдаж одоогийн байгаа газрыг зааж өгч кадастрын зургаа гаргуул, хашаагаа бариад гэрчилгээгээ ав гэсэн тул 2014 оны 08 сарын 11-ний өдөр кадастрын зураглал хийлгэн төмөр хашаа 5 000 000 төгрөгийн өртгөөр бариулж, хашаандаа гэр барьсан. Газрын албанаас зааж өгсөн энэ газарт ямар нэгэн тэмдэглэгээ хашаа байгаагүй хоосон газар байсан. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 0006000651 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Энэ хугацаанд газрын төлбөрөө тогтмол төлсөн. 2016 онд 8x8 хэмжээтэй байшинг 70 000 000 төгрөгийн өртгөөр бариулж, уг газартаа 5 жил амьдарч байна. Бид байшингаа бариад тогтмол зусландаа гарч байх хугацаанд газрын асуудлаар хүн ирж байгаагүй бөгөөд 2018 онд н.Оюун гэдэг хүн энэ миний газар гэхээр нь нэг цэгийн үйлчилгээнд хандан үзүүлэхэд А.Т- гэдэг хүний нэр дээр кадастр нь гарч ирсэн. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд н.Оюун гэдэг хүнтэй хамт очиж асуудлыг шийдүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл өмнө нь 2014 онд хураагдсан газрын кадастрыг солилгүй гэрчилгээтэй хавсаргаад өгсөн байсныг мэдээгүй. Газрын албанаас н.Оюунд манай зүүн талд 0,07 га газар ав гэсэн гээд н.Оюун ирж уулзаад чулуутай газар байна, би авахгүй гээд явсан. /Энэ жил тэр газрыг хүн аваад хашаа, байшин барьсан байгаа/ Тэгээд 2018 оноос хойш дахин ирж уулзаагүй байж байгаад сая 2020 оны 05 сард шүүхэд хандсан байна. А.Т- гэдэг хүнтэй уулзаж байгаагүй.

Иргэний хуульд зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөгч хөрөнгөө шаардах эрхтэй байдаг. Ч.А- нь Газрын тухай хуульд заасны дагуу зуслангийн зориулалтаар 0,07 га газрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр эзэмшиж байгаа тул хууль ёсны эзэмшигч юм. Нэхэмжлэгч А.Т-ийн нэхэмжлэлээс үзэхэд 2012 онд газар эзэмших эрхтэй болсон гэх боловч газраа огт ашиглаж байгаагүй, тэмдэг тавьж баталгаажуулаагүй, хашаа бариагүй, эзэмших үйлдэл огт хийгээгүй өдийг хүрсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсний дагуу түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар А.Т-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 25 хороо, Зүүн салаанд байрлах 700 мкв талбай бүхий зуслангийн газрыг Ч.А-гийн эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Т-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг баримталж, хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Нэг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын газар эзэмших эрхийг шалган дүгнэсэн тухайд, нэхэмжлэгч А.Т- нь шүүхэд хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч Ч.А- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 сарын 28-ны өдрийн Б/59 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салаанд 0,07 га газар /кадастрын зураглал хийгдээгүй шалтгаанаар/, 2014 оны 07 сарын 16-ны өдрийн захирамжаар Зүүн салааны Богины аманд 0,07 га газрыг тус тус эзэмших эрхтэй боловч Ойн сан бүхий газартай ойрхон гэх шалтгаануудын улмаас уг газрыг эзэмших боломжгүй нөхцөл байдал үүсэж, дахин тус дүүргийн газрын албанд хандахад одоо амьдарч байгаа газрыг зааж өгсөн ба уг газар ямар нэгэн тэмдэглэгээгүй, хоосон газар байсан тул 2014 оны 08 сарын 11-ний өдөр кадастрын зураглал хийлгэн газартаа хашаа барьж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 190 тоот захирамжаар уг газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу авч, 000600651 дугаартай гэрчилгээ авсан юм.

Харин нэхэмжлэгч А.Т- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 08 сарын 20-ны өдрийн 225 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон 2016 онд газар дээрээ байшин барих гэтэл хариуцагч Ч.А- намайг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байшин барьсан гэж шүүхэд тайлбарлаж маргасан ба 2012 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан хүн 4 жилийн хугацаанд уг газраа эзэмшиж ашиглаагүйн дээр бодит байдал дээр А.Т-, Ч.А- нарын газрын байршил кадастрын зураг, нэгж талбарын дугаараар давхцаж байгаа эсэхийг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгч хариуцагч нарын газрын байршил, газар дээр барьсан гэх объект болох байшинг ямар хэмжээгээр газрын аль хэсэгт барьсан гэх нөхцөл байдлуудыг тогтоогоогүй байж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Хоёр. А.Т-ийн эзэмшлийн Зүүн салаанд байрлах 700 м.кв бүхий газрыг Ч.А-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилж тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах боломжтой талаар зохицуулсан байдаг. Анхан шатны шүүхээс зохигчдын маргаан үүсгэж буй газар нь кадастрын зураг, нэгж талбарын дугаараараа бодит байдал дээр ямар хэмжээгээр хэрхэн давхацсан, нэхэмжлэгч А.Т-ийн эзэмшлийн гэх Зүүн салаанд байрлах гэх газар нь Зүүн салаанд чухам хаана байрладаг эсэхийг тогтоогоогүй, мөн ...нэхэмжлэгч А.Т-ийнх 18635322061100, хариуцагч Ч.А-гийнх 18634322869190 дугаартай байгаа нь хоёр өөр газарт байршилтай болох нь тогтоогдож байна хэмээн дүгнэж, 2012 онд газар эзэмших эрх авсан гэх А.Т- Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй зэрэг бодит нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хариуцагч Ч.А-д 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 14/222, 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 17/4002 дугаар албан бичгээр газар чөлөөлөхийг шаардсан хэмээн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн албан бичгийг хариуцагч гардан авсан эсэх, Ч.А- нь бусдын газар дээр хууль бусаар байшин барьсан эсэхийг газар дээр бодит байдлаар тогтоогдоогүй байхад урьдаас хөдөлбөргүй үнэн нотлох баримт мэтээр хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч А.Т- нь хариуцагч Ч.А-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өөрийн эзэмших эрх бүхий газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч газрын албанаас олгосон газарт хашаа барих гэтэл Нийслэлийн Байгаль хамгаалах газраас ойн хууль зөрчсөн гээд тухайн газрыг эзэмшихийг зөвшөөрөөгүй, Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны албанаас нэхэмжлэлд дурдсан газрын байршлыг зааж өгсөн, тус газар нь ямар нэгэн тэмдэглэгээ байгаагүй, кадастрын зураг хийлгэж, 2015 оны 12 сарын 22-ны өдөр 0006000651 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаар хашаа болон хувийн сууц барьсан, өнгөрсөн 5 жил гаруй хугацаанд хэн нэгэн маргаан үүсгээгүй гэх үндэслэлээр татгалзлаа илэрхийлжээ. /хх1, 23-25/

 

Өөрөөр хэлбэл, Ч.А- нь нэхэмжлэлд дурдсан газар дээр хашаа болон хувийн сууц барьсан талаар маргаагүй харин уг газрын эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан улмаар нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй гэх агуулгаар маргажээ.

 

Зохигчдын дээрх тайлбар, хэрэгт авагдсан Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 4, 26/, 2012 оны 08 сарын 20-ны өдрийн болон 2015 оны 12 сарын 22-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнүүд /хх 9-10, 32-33/, газрын байршлын кадастрын зураг /хх5, 7, 59/ зэргийг харьцуулан үнэлбэл, Ч.А- нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаад байршилтай нэгж талбарын 18635322061100 дугаартай байсан одоо тус дүүргийн 42 дугаар хороо, нэгж талбарын 1801101287 дугаар бүхий газрыг эзэмших буюу хашаа, хувийн сууц барих уг газарт нэвтрэх эрхтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч Ч.А-г бусдын эзэмшил газар хашаа, орон сууц барьж хууль бусаар тухайн газрыг эзэмшиж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Харин хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ уг шаардлагын үндэслэлд хамааралгүй буюу Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой байна. Тодруулбал, Ч.А- нь маргаан бүхий газар дээр эзэмшлээ хэрэгжүүлэх эрхтэй этгээд биш байх тул А.Т- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийг Ч.А-гаас шаардах эрхтэй юм.

 

Иймд А.Т-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаад байршилтай нэгж талбарын 18635322061100 дугаартай байсан одоо тус дүүргийн 42 дугаар хороо, нэгж талбарын 1801101287 дугаар бүхий газрыг Ч.А-гийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэж Ч.А-гийн эзэмших эрхгүй газрыг тодорхой нэрлэн заасан байдлаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Харин энэхүү шийдвэрийн хүрээнд маргаан бүхий газар дээр нэгэнт Ч.А-гийн хөрөнгөөр бий болсон гэх хувийн сууц, хашааг нураах буюу буулгах шийдвэрийг гаргаагүй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, тухайн хувийн сууц нь улсын бүртгэлд Ч.А-гийн өмчлөлд зохих журмын дагуу бүртгэгдээгүй байна. Иймд маргаан бүхий газар дээр баригдсан хашаа, хувийн сууцтай холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нарын болон өөр бусад этгээдүүдийн хооронд үүсэх харилцааг энэхүү шийдвэрээр шууд шийдвэрлээгүй болно. Гагцхүү Ч.А- маргаж байгаа газар руу нэвтрэх буюу тэр газрыг эзэмших эрхтэй этгээд биш болохыг тогтоож чөлөөлүүлсэн шийдвэр гэж үзнэ.

 

Хариуцагч талын нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй, хариуцагч нь бусдын газар дээр хууль бусаар байшин барьсан эсэхийг газар дээр бодит байдлаар тогтоогдоогүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А.Т-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаанд байршилтай нэгж талбарын 18635322061100 дугаартай байсан одоо тус дүүргийн 42 дугаар хороо, нэгж талбарын 1801101287 дугаар бүхий газрыг Ч.А-гийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй гэж өөрчлөн найруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР