Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2020/02317

 

 

 

 

 

 2020            07             22                                                184/ШШ2020/02317

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А.Т /РД: 11111/

            Хариуцагч: Ч.А /РД:22222/

“Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 225 тоот захирамжаар А.Тт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны нутаг дэвсгэрт байрлах 700 мкв зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 0392835 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. А.Т нь өөрийн эзэмшил газар дээрээ 2016 онд байшин барих гэхэд иргэн Ч.А нь ямар ч зөвшөөрөлгүйгээр байшингийн суурь цутгаад байшингаа бариад эхэлсэн байсан. Ингээд хууль ёсны эзэмшигчийн зүгээс удаа дараа уулзаж газар чөлөөлж өгөхийг шаардсан боловч би ой хамгаалагчтай ярьж тохироод байшингаа барьсан гэж хэлээд ямар ч шаардлагыг хүлээж авахгүй байсан. Улмаар энэ талаараа Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандахад 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14/222 тоот албан бичгээр 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар захирамжаар А.Т танд эзэмшүүлсэн газарт иргэн Н.Анхтуяа нь зохих зөвшөөрөлгүйгээр 2016 онд дур мэдэн хувийн орон сууц барьсан байх тул Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн байна. А.Тийн хувьд дээрх хугацаанд санхүүгийн боломжгүй байсан учраас өөрийн эзэмшил газар дээр байшин барьж чадаагүй ч гэрээний дагуу зохих төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж байсан байна. Иймд А.Тийн эзэмшлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Т нь 2012 оны 08 сарын 20-ны өдрийн 225 тоот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар Сонгинохайрхан дүүргийн нутагт дэвсгэрт байрлах зүүн салаанд 0.7 га газрыг эзэмшиж ирсэн. Нэхэмжлэгч нь газрын хураамжийг төлж, хуульд заасны дагуу тус газраа эзэмшээд явж байсан. Гэтэл 2016 онд тухайн газар дээр иргэн Ч.А байшингийн суурь барьж эхэлсэн. Тиймээс нэхэмжлэгч удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй учраас Газрын албанд хандсан байдаг. Ингээд Газрын албанаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14/222 дугаартай албан бичгээр хариу ирсэн.  Тус хариуд иргэн Ч.А нь таны эзэмшлийн газарт хууль бусаар байшин барьсан байна. Энэ асуудлаа шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэгт байгаа 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/59 тоот захирамжийн хавсралт жагсаалтын 13-аас харахад Ч.А нь Сонгинохайрхан дүүргийн Цанын баазын дэргэд газар эзэмшихээр авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр А/190 тоот тушаалаар захирамжид өөрчлөлт орсон. А/190 тоот захирамжаар 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/59 тоот захирамжийг хүчингүй болгоогүй, харин хавсралтын 3-т 700 мкв газрыг 695 болгож өөрчилсөн. Үүнээс харахад маргаж буй газар нь иргэн Ч.Агийн эзэмшлийн газар биш бөгөөд түүнийг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хууль бусаар байшин барьсан гэж үзэж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 сарын 28-ны өдрийн Б/59 тоот захирамжаар Баянхошууны Зүүн салаанд 0,07 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Тухайн үед газрын нарийвчилсан кадастрын зураглал хийгдээгүй байснаас газрын байршлыг тогтоож чадалгүй газраа эзэмшиж, ашиглах боломжгүйд хүрсэн. Ингээд 2014 онд Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд өргөдөл өгсний дагуу миний эзэмших эрх бүхий 0,07 га газрыг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Богины аманд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр байршлыг тогтоож 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Газрын албанаас зааж өгсөн газартаа хашаа барих гэтэл 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Байгаль хамгаалах газраас “Ойн хууль зөрчсөн, ой модонд ойрхон байна” хэмээн тус газрыг эзэмшихийг зөвшөөрөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд дахин хандсан. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 16-нд олгогдсон газар цуцлагдаж одоогийн байгаа газрыг зааж өгч “кадастрын зургаа гаргуул, хашаагаа бариад гэрчилгээгээ ав” гэсэн тул бид нар 2014 оны 08 дугаар сарын 11-нд кадастрын зураглал хийлгэн төмөр хашаа 5 000 000 төгрөгийн өртгөөр бариулж, хашаандаа гэр барьсан. Газрын албанаас зааж өгсөн энэ газарт ямар нэгэн тэмдэглэгээ хашаа байгаагүй хоосон газар байсан. 2015 оны 12 дугаар сарын 22-нд 0006000651 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Энэ хугацаанд газрын төлбөрөө тогтмол төлсөн. 2016 онд 8x8 хэмжээтэй байшингаа 70 000 000 төгрөгийн өртгөөр бариулж, уг газартаа 5 жил амьдарч байна. Бид байшингаа бариад тогтмол зусландаа гарч байх хугацаанд “энэ миний газар” гэж хүн ирж байгаагүй бөгөөд 2018 онд Оюун гэдэг хүн энэ миний газар гэхээр нь нэг цэгийн үйлчилгээнд хандан үзүүлэхэд Тунгалаг гэдэг хүний нэр дээр кадастр нь гарч ирсэн. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Оюун гэдэг хүнтэй хамт очиж асуудлыг шийдүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл өмнө нь 2014 онд хураагдсан газрын кадастрыг солилгүй гэрчилгээтэй хавсаргаад өгсөн байсныг би мэдээгүй. Газрын албанаас Оюунд манай зүүн талд 0,07 га газар ав гэсэн гээд Оюун ирж уулзаад чулуутай газар байна, би авахгүй гээд явсан. /Энэ жил тэр газрыг хүн аваад хашаа, байшин барьсан байгаа/ Тэгээд 2018 оноос хойш дахин ирж уулзаагүй байж байгаад сая 2020 оны 05 дугаар сард шүүхэд хандсан байна. Би Тунгалаг гэдэг хүнтэй уулзаж байгаагүй.

Иргэний хуульд зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөгч хөрөнгөө шаардах эрхтэй байдаг. Миний бие Газрын тухай хуульд заасны дагуу зуслангийн зориулалтаар 0,07 га газрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр эзэмшиж байгаа тул хууль ёсны эзэмшигч юм.

Нэхэмжлэгч А.Т нэхэмжлэлээс үзэхэд 2012 онд газар эзэмших эрхтэй болсон гэх боловч газраа огт ашиглаж байгаагүй, тэмдэг тавьж баталгаажуулаагүй, хашаа бариагүй, эзэмших үйлдэл огт хийгээгүй өдийг хүрсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсний дагуу түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/59 дугаар захирамжаар Баянхошууны Зүүнсалаанд 0.7 га газар эзэмших эрхтэй болсон юм. Тухайн үед газар дээр кадастрын зураглал болон хашаа тэмдэг тэмдэглэгээ хийгээгүйгээс тус  газар дээр өөр хүн буучихсан юм. Ингээд 2014 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд өргөдөл өгсөн. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны богины аманд газар өгч, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ олгосон. Тиймээс тус газартаа хашаа барих гэтэл нийслэлийн Байгаль хамгаалах газраас ойд ойрхон байна гэх үндэслэлээр газар эзэмшихийг зөвшөөрөөгүй тул дахин Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан.  Ингээд 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олгосон газрыг цуцлаад одоо маргаад байгаа газрыг надад зааж өгч, энэ газар дээр кадастрын зургаа хийлгээд гэрчилгээгээ гаргуулж ав гэж хэлсэн. Тиймээс би 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших гэрчилгээ авсан.  Энэ хооронд би гэрчилгээ авсан газрынхаа төлбөрийг барагдуулаад явж байсан. 2016 онд тус газар дээр 8х8 хэмжээтэй байшин барьсан. Байшин барьж байх хугацаанд ямар нэгэн хүн ирж, энэ миний газар гэж маргаж байгаагүй. Харин 2018 онд Оюун гэж хүн ирсэн. Оюун ирээд “энэ миний эзэмшлийн газар. Танайх яагаад байшин барьсан юм бэ” гэж хэлсэн. Тиймээс бид хоёулаа хамт нэг цэгийн үйлчилгээн дээр очоод шүүлгэхэд тус газрын кадастр А.Тын нэр дээр гарч ирсэн. Тиймээс би Оюунтай хамт Сонгинохайрхан дүүргийн Газрын албан дээр очоод асуудлаа хэлж, энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт өгсөн. Түүнээс хойш 2019 онд Оюун манайд ирээд “газрын албанаас манайхыг танай хажуу талын газрыг ав гэж байна. Энэ газар чулуутай газар байна авахгүй” гэж хэлсэн. Оюун нь өөрийгөө А.Тын ээж гэж хэлсэн. Би А.Т гэх хүнтэй огт уулзаж байгаагүй.  Ингээд 2018 оноос хойш чимээгүй байж байгаад сая шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний газар эзэмших бүх баримт бичиг албан ёсных учраас би тус газраа өөрийн эзэмшлийнх гэж бодож, хөрөнгө мөнгөө зарж, 5 000 000 төгрөгөөр хашаа барьж, 70 000 000 төгрөгөөр байшин бариулсан. Би энэ газар дээрээ 5 жил амьдарч байна. Тухайн үед намайг очиход тус газарт хашаа байгаагүй, ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй байсан. Би Газрын албаны газар зохион байгуулагчийн зааж өгсөн газар дээр гэрчилгээгээ авч, гэрээгээ байгуулаад төлбөрөө төлөөд явж байсан2002 онд олгосон газарт ямар нэгэн кадастр хийлгээгүй, ямар нэгэн хашаа, тэмдэг тэмдэгээ хийгээгүй. Би хууль ёсныхоо дагуу тус газрыг эзэмшсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Т өөрийн эзэмшил газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч Ч.А хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Тт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 07 сарын 10-ны өдрийн 225 тоот шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 2 хороо, зүүн салаанд нэгж талбарын 18635322061100 дугаар бүхий 700 мкв газрын зуслангийн зориулалтаар эзэмшүүлж 0392835 дугаар газар эзэмших гэрчилгээ /хх-4/ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг нэг талаас дүүргийн Газрын албаны эрх бүхий албан тушаалтан, нөгөө талаас А.Т нар байгуулж /хх-9-10/, нэхэмжлэгч нь хуульд зааснаар газрын төлбөрийг төлж /хх-13-16/ байжээ. Газрын байршлын кадастрын зурагт нэгж талбарын дугаар 18635322061100 /хх-5, 7/, 1801101287 /хх-8/ гэж зөрүүтэй байгааг нэхэмжлэгч тал тухайн газрын байршил Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо бус 42 дугаар хороонд харьяалагдах болсноос нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн гэж тайлбарласныг хариуцагч тал няцааж тайлбар гаргаагүй байна.

Хариуцагч Ч.Ад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 сарын 28-ны өдрийн Б/59 дүгээр захирамжаар /хх-43-44,50-51/ Баянхошууны Зүүн салаан дахь цанын баазын барилгын дэргэд  газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн шийдвэрийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 2 хороо, зүүн салаанд нэгж талбарын 18634322869190 дугаар бүхий 700 мкв газрын зуслангийн зориулалтаар эзэмшүүлж 0392835 дугаар газар эзэмших гэрчилгээ /хх-55/ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг нэг талаас дүүргийн Газрын албаны эрх бүхий албан тушаалтан, нөгөө талаас Ч.А /хх-56-57 нар байгуулжээ. Хариуцагч тухайн газрыг ойн сантай ойрхон учраас нийслэлийн Байгаль хамгаалах газраас газар эзэмших эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан гэх тайлбар гаргадаг бөгөөд хэрэгт нийслэлийн Байгаль хамгаалах газрын 2014 оны 08 сарын 01-ний өдрийн “Ойн хууль ... зөрчсөн ...” гэх агуулга бүхий баримт /хх-58/ авагдсан байна. Ойн хуулиар Монгол улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд нийслэлийн Байгал хамгаалах газрын баримтад хуулийн аль заалтыг зөрчсөн болох нь тодорхой бус, энэ баримтаар Ч.Ад олгосон газрыг “хураасан, цуцалсан” гэх тайлбар нотлогдохгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 05 сарын 11-ний өдөр А/190 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, ... талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамж гаргаж /хх-46-48/, захирамжийн гуравдугаар хавсралтаар Ч.Ад 2002 оны Б/59 дүгээр захирамжийн дагуу олгосон 700 мкв газрын хэмжээг 695 мкв болгон өөрчилж /хх-49/, захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 2 хороо, зүүн салаанд нэгж талбарын 18634322869190 дугаар бүхий 700 мкв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, 00600651 дугаар газар эзэмших гэрчилгээ /хх-26, 52/ олгож, газар эзэмших гэрээ /хх-53-54/ байгуулжээ. Захирамжаас үзэхэд 2002 оны Б/59 дүгээр захирамжаар олгосон 700 мкв газрын хэмжээг 695 мкв болгон хэмжээг өөрчилснөөс бус газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

Зохигчдын газар эзэмших гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, талуудын гаргасан тайлбарыг харьцуулж үзэхэд нэхэмжлэгч А.Тт нэгж талбарын 18635322061100 дугаар бүхий, хариуцагч Ч.Ад нэгж талбарын 18634322869190 дугаар бүхий хоёр өөр байршилд газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь бусдын эзэмшил газар хашаа, орон сууц барьж  хууль бусаар тус газрыг эзэмшиж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 14/222 дугаар албан бичиг /хх-11/, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 17/4002 дугаар албан бичгээр /хх-63/ давхар нотлогдож байна.

Хуульд зааснаар шударга эзэмшигч гэж хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг ойлгох бөгөөд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Т өөрийн эзэмшлийн эд хөрөнгө буюу газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Ч.А тухайн газарт хашаа, орон сууц барьж саад болж байх тул уг саадыг арилгуулах эрхтэй болно.

Иймд А.Тийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, Зүүн салаанд байрлах 700 мкв талбай бүхий зуслангийн газрыг Ч.Агийн эзэмшлээс албадан чөлөөлөх үндэстэй гэж дүгнэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 сарын 28-ны өдрийн Б/59 дүгээр шийдвэрийг үндэслэн 2014 оны 07 сарын 16-ны өдөр олгосон Ч.Агийн газар эзэмших эрхийн 000517425 дугаар гэрчилгээнд газрын байршлыг Сонгинохайрхан, 25-р хороо, Зүүн салаа гэж, мөн шийдвэрийг үндэслэн 2014 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд газрын байршлыг 31-р хороо, Алтайн 8-862 тоот /Амины хашаа/ гэж зөрүүтэй бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Агаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Тт олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар А.Тийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, Зүүн салаанд байрлах 700 мкв талбай бүхий зуслангийн газрыг Ч.Агийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Агаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Тт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР