Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0524/З |
Дугаар | 221/МА2017/0892 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2017/0892
2017 оны 12 сарын 21 өдөр | Дугаар0221/МА2017/0892 | Улаанбаатар хот |
“Т” ТББ-ын төлөөлөн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Т” ТББ-ын тэргүүн Б.Б, түүний өмгөөлөгч М.Ж, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанд дахь өмчийн удирдах үйлдвэрийн газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Б, орчуулагч И.Н.Ч нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0759 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч “Т” ТББ-ын тэргүүн Б.Б гаргасан давж заалдах гомдлоор Т.Б, Б.Т нарын 52 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Т” ТББ-ын төлөөлөн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. “Т” ТББ-ын тэргүүн Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 1999 оны 2204008824, 2204008825, 2204008826, 2204008829 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгох”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0759 дүгээр шийдвэрээр:
“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1, 5, 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Б, Б.Т, Д.М, С.Д, О.Ц, Б.Т, О.Б, Б.У, Ц.А, Д.Т, Ц.У, П.Б, Т.Т, Т.Д, Э.Х, Б.Э, Г.С, Ц.Н, Ш.Д, Ш.Э, Б.Б, З.Г, Н.Б, О.Б, Б.О, Б.О, Ц.Н, О.Д, Т.О, А.А, У.Н, Т.Т, Ш.С, Э.О, Г.Д, Б.Б, П.Б, Н.А, Э.Ю, О.М, О.Б, Н.О, С.М, Р.Г, С.Е, Д.М, О.Н, Ц.Ц, С.Б, Н.Б, Ж.С, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн 1999 оны 2204008824, 2204008825 дугаар эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан Т.Б, Б.Т, Д.М, С.Д, О.Ц, Б.Т, О.Б, Б.У, Ц.А, Д.Т, Ц.У, П.Б, Т.Т, Т.Д, Э.Х, Б.Э, Г.С, Ц.Н, Ш.Д, Ш.Э, Б.Б, З.Г, Н.Б, О.Б, Б.О, Б.О, Ц.Н, О.Д, Т.О, А.А, У.Н, Т.Т, Ш.С, Э.О, Г.Д, Б.Б, П.Б, Н.А, Э.Ю, О.М, О.Б, Н.О, С.М, Р.Г, С.Е, Д.М, О.Н, Ц.Ц, С.Б, Н.Б, Ж.С, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б Үл хөдлөх эд хөрөнгийн 1999 оны 2204008826, 2204008829 дугаар эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.
Гурав. Төлөөлөн нэхэмжлэгч “” ТББ-ын тэргүүн Б.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Бүртгэлийн газрын хууль бусаар олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохдоо хууль зөрчөөгүй” гэж үзсэн байна. Гэтэл Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй” гэж заасныг зөрчсөн.
Учир нь хариуцагч Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын даргын 2000 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 17 дугаар тушаалыг үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэсэн” гэж тайлбарлаж байх ба бүртгэлийг “...үл хөдлөх эд хөрөнгө бүртгэх үйл ажиллагааг тухай асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна” гэж тухайн үеийн хуулийн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн гэж ойлгогдож байна. Эндээс харахад ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэл нь Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжид хамааралгүй мэтээр ойлгогдож байна.
Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагын албан тушаалтан Үл хөдлөх бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн илт хууль бус эрхийн актаар бүртгэл хийсэн нь тогтоогдсон. Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага тэдгээрийн албан тушаалтын хууль бус үйлдлийг л хуульд нийцүүлж шийдвэр гаргах учиртай.
Нэхэмжлэлд заасан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 1999 оны 2204008824, 2204008826, 2204008825, 2204008829 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг 1971 оны БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын протоколын дагуу баригдсан бусад объектуудын хамт нэг жагсаалт нэг хүсэлтээр бүртгүүлсэн ба энэхүү жагсаалтанд цуг бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 11, 12, 13 дугаартай орон сууцны 24790, 24791, 24792 дугаар гэрчилгээг 2008 онд Монгол Улсын Дээд шүүхийн 112 дугаар тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлтээр “...1997 онд мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Мэдүүлгийг хянах ...үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой газрын кадастрын зураглал, түүний хэмжээ /мастаб/ болон шаардлагатай бусад үзүүлэлтүүдийг бүртгэлд хавсаргах ...хуульд заасан бусад үүргийг хангах...”, 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2, 6 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр хангагдаагүй байхад бүртгэж, ОХУ-д гэрчилгээ олгосноор мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн заалтуудыг зөрчсөн байна” гэдгийг тогтоосон бөгөөд нэгэнт тогтоосон хууль ёсны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэрийг гаргасан байна.
2.1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон бусад болзол, журмаар ашиглуулж болно" гэсэн заалтыг зөрчсөн “Протокол”-ыг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4-д “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчиж бүртгэгдсэн төрийн захиргааны байгууллагын хууль бус үйлдэл байгаад шүүх дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.
3. 1971 оны нууц протокол нь Монгол Улсын олон улсын 1969 онд гэрээнд нэгдэн орсон Венийн конвецийн 61 дүгээр зүйлд “Хэрэв гэрээг биелүүлэх боломжгүй байдал нь гэрээг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай объект бүр мөсөн алга болсон буюу устсаны улмаас бий болсон бол оролцогч энэхүү боломжгүй байдлыг гэрээг зогсоох буюу түүнээс гарах үндэслэл гэж үзэх эрхтэй" гэж зааснаар ЗХУ задарснаар уг “Протокол”-ын үйлчлэл нь дуусгавар болсон.
Иймд Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэснээс үзэхэд 1971 оны “Протокол”-ын зорилго нь тус улсад тусламж үзүүлэхээр ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн ахуйн хэрэгцээнд зориулагдсан зорилгоо биелүүлсэн. Түүнээс тусламж үзүүлэх нэрийн дор бусдын газар нутагт өөрийн өмч хөрөнгийг байршуулан түүнээсээ ашиг олох зорилгоор байгуулагдсан “Протокол” баримт бичиг биш гэж ойлгогдож байгаа.
Иймд шүүх олон улсын гэрээг Венийн конвецийн 60 дугаар зүйлийн 3, 61 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байсан.
4. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрчилгээ олгосон нь оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь хууль зөрчсөн бүртгэлийг үндэслэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь өмчийн газар нь /Монгол Улсад ашгийн бус үйл ажиллагаа явуулах зорилгоор бүртгэгдсэн байгууллага/ энэхүү маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний дагуу бусад аж ахуйн нэгжүүдтэй түрээсийн гэрээ байгуулан ашиг олж байгаа бөгөөд түүний үр дагавраар оршин суугчидтай орон сууц хөлслөх гэрээ байгуулснаар хууль бусаар түрээсийн төлбөр болон орон сууц хөлслөх гэрээний хөлс төлж байна Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцлээр хөлс төлж оршин суугчид хохироход хүрч байгаа билээ.
Түрээслэгч гэгдэх ОХУ-ын байгууллагын хууль бус үйл ажиллагааны үр дүнд оршин суугч иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж буй талаарх нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Нотлох баримтууд 7 ш СД дээр бичсэн бодит бичлэгийг үнэлж өгөхийг хүссэн албан хүсэлт өгсөн боловч хүсэлтийг хангаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд дурдаагүй болно.
5. Хариуцагч болон гуравдагч этгээдээс ирүүлсэн нотлох баримтууд нь Орос хэл дээр байгаа бөгөөд эдгээр нотлох баримтыг орчуулуулан шүүх хуралдаанд ашиглаагүй зэрэг шүүх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
6.Нэхэмжлэлийн 2 объект болох Баянзүрх дүүргийн 9, 14 дүгээр байрны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар тухайн байранд оршин суудаг бусад иргэдийн шаардах эрхийг хязгаарласан байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг тодруулсан тайлбарыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 65 дугаар албан бичгээр хүргүүлсэн байхад түүнийг бусад оролцогчдод танилцуулаагүй.
Нэхэмжлэлд дурдсан заалтуудад дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй хуулийн заалтуудыг ашигласан шүүх нотлох үүргээ биелүүлээгүй, нотлох баримтуудыг орчуулгагүй хүлээн авсан, нотлох баримтыг үнэлээгүй зэрэг хууль зөрчиж хэт нэг талыг баримталсан шүүхийн ижил төрлийн шийдвэрүүдийг дагаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж, хуулийн дордуулсан заалтыг ашигласан, тухайн оршин суугчдад сууц ашиглах, өмчлөх боломж олгох шаардах эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байгаа бөгөөд хуулийн үндэслэлгүй шийдвэр тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0759 дугаар шийдвэрт гомдол гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтуудыг орос хэлнээс орчуулуулах. зохих ёсоор үнэлэх ажлыг орхигдуулсан тул анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт бичиглэлийн зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Шүүхийн практикт ОХУ-ын өмчлөлд бүртгэсэн зарим үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, холбогдох гэрчилгээг тухайн байрын түрээслэгч иргэдийн нэхэмжлэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн агуулгын хувьд адил нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдлуудын аль аль нь байдаг, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг, тэр тусмаа Улсын Дээд шүүхийн тогтоолд дүгнэгдсэн үйл баримтыг түүнтэй адил маргааныг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэх нь зүй ёсны бөгөөд ингэснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д заасан “шүүгч ...гагцхүү хуульд захирагдана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагатай зөрчилдөхгүй.
Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдлийн хувьд эсрэг шүүхийн шийдвэрийг өөр хооронд нь зөргөлдүүлэхээс илүүтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, нэхэмжлэлийг хангаснаар нэхэмжлэгчдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх талаас нь тус тус авч үзэхэд маргаан бүхий бүртгэлүүдийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Бүртгэлийн нэг үндэслэл болсон 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор тус улсад орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай” БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын протоколын 2 дугаар зүйлийн “Объектийн дор байгаа газрыг Монголын тал Оросын талд үнэ төлбөргүй, хугацаагүй шилжүүлнэ” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэсний дагуу хүчингүйд тооцогдсон байна” гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2007 оны 97 дугаар тогтоолд дүгнэгдсэн байгаа боловч энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй талаар Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 353 дугаар тогтоолд тодорхой дурдсан, түүнчлэн “түрээсийн өндөр төлбөр төлж байгаа”, нэхэмжлэл хангагдсанаар тог цахилгааныг ямар нэг байдлаар хязгаарлахгүй болохоос гадна өмчлөх эрх түрээслэгч нарт үүсэх боломжтой...” гэх түрээслэгчийн эрхийн асуудлууд нь маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгосноор сэргэх хууль зүйн үр дагаварт хүргэхгүй.
Мөн ОХУ-аас Монгол Улсад өгөхөөр тохиролцсон гэх 8 байр болон Монгол Улс дахь ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа зэрэг нь ч улсын бүртгэлийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэхэд үл хамаарна.
Өөрөөр хэлбэл “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу дамжуулан түрээслэгч иргэд болох нэр бүхий нэхэмжлэгч нар “уг бүртгэлийн” улмаас эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд биш, барилгын өмчлөгчийн эрхийг баталгаажуулан улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь уг байрны орон сууцны хэсгийг түрээсээр эзэмшиж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.
Тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ын 3/-ын “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ”, 4/-ийн “өмчийн газрын кадастрын зураг”-ыг мэдүүлэгт хавсаргах тухай заалтуудыг Улсын Их Хурлаас баталсан 2002 оны 6 дугаар сарын 7, 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус тус нэмсэн тул бүртгэл хийгдсэн 1999 оны 12 дугаар сарын 3-ны өдөр уг хуульд байгаагүй хуулийн заалтын дагуу эдгээр баримтыг бүрдүүлж өгөх шаардлагагүй болно.
Хэрэгт авагдсан 7 ширхэг СD-ийг шүүх хуралдааны явцад үзэж танилцаагүй, эдгээрийг үнэлж дүгнээгүй гэх гомдол үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүх тухайн хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий баримтыг үнэлж дүгнэх байдлаар хэргийг шийдвэрлэжээ.
Мөн орос хэл дээрх нотлох баримтууд нь Монгол хэл дээр орчуулагдаж нотлох баримтын шаардлага хангагдсан байдлаар хэрэгт авагдсанаас гадна шүүгчийн захирамжаар орчуулагч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан зэргээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн эрхийн улсын бүртгэлийн 2204008826, 2204008829 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд орших 9, 14 дүгээр байрны бүртгэлийн маргаан захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул эдгээр бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.
ОХУ-ын өмчлөлийн байранд түрээсээр оршин суудаг иргэдээс олгогдсон итгэмжлэлийн хүрээнд “Т” ТББ-ын тэргүүн Б.Б агуулга, шаардлагын хувьд адил нэхэмжлэлийг нэг бус удаа захиргааны хэргийн шүүхэд гарган шийдвэрлүүлж байсан, тухайн бүр нь шүүхээс гарсан шийдвэр, магадлал, тогтоолд нэхэмжлэгчийг итгэмжлэл олгосон иргэдийн нэрээр бус харин тус төрийн бус байгууллагыг төлөөлөн нэхэмжлэгч байдлаар тодорхойлж байсан тул энэ жишгийн дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичиглэлийн өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0759 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1, 5, 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Т” ТББ-ын тэргүүн Б.Б төлөөлөн гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2204008824 дугаарт нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд орших 8 дугаар байрыг, Y-2204008825 дугаарт мөн хороололд орших 10 дугаар байрыг Оросын Холбооны Улсын өмчлөлд тус тус бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоон, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2204008826 дугаарт нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд орших 9 дүгээр байрыг, Y-2204008829 дугаарт мөн хороололд орших 14 дүгээр байрыг Оросын Холбооны Улсын өмчлөлд тус тус бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоон, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, төлөөлөн нэхэмжлэгч “Т” ТББ-ын тэргүүн Б.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН