Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 601

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг даргалж 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: “А” ХХК 

 Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тавигдсан татварын төлбөрийн дүнгээс торгуульд тавигдсан 3,184,283 төгрөг, алдангид тавигдсан 1,910,968 төгрөг нийт 5,095,251 төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу өршөөлд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх алданги, торгуулийг өршөөлд хамруулахыг хариуцагчид даалгах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “Тус компанийн санхүүгийн тайлан балансын 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын  ногдуулалт, төлөлтийн байдалд хийгдсэн татварын хяналт шалгалтаар татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тавигдсан төлбөрийн 9 552 879 төгрөгийн дүнгээс нөхөн татварт ногдуулсан торгууль 3 184 283 төгрөг, алданги 1 910 968 төгрөг, нийт 5 095 251 төгрөгийг “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын хуулийн дагуу өршөөлд хамруулж татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар төлөгдөх төлбөрийн дүнг 4,457,627.80 төгрөг болгож бууруулж бидэнд туслана уу гэсэн хүсэлтийг тус компаниас дээд шатны албан тушаалтанд хандаж 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоотоор, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24 тоотоор, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 32 тоотоор удаа дараа хүргүүлсэн боловч манай компанид хариу ирүүлээгүй байсаар “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын хуулийн дагуу өршөөлд хамруулах хугацаа 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дууссан.

Нийслэлийн татварын Газраас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/175 тоотоор тус компанид хариу ирүүлсний дагуу Гааль татварын ерөнхий газарт тус компаниас 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 54 тоотоор хандаж хариуг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03-3/1223 албан тоотод “А” ХХК нь Нийслэлийн татварын газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тогтоосон 4,457,627.8 төгрөгийн нөхөн татвар, 3,184,283 төгрөгийн торгууль, 1,910,968 төгрөгийн алданги нийт 9,552,879 төгрөгийн төлбөрөөс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2,657,628 төгрөг нийт 4,457,627 төгрөгийн нөхөн татварыг төлж барагдуулсан байна гэдгийг нотолсон тодорхойлолтыг Баянгол дүүргийн татварын хэлтэст болон тус “А” ХХК-д ирүүлсэн. 

Гэтэл Нийслэлийн татварын алба 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***тоотоор тус компанид холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэгдэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ иргэний хэрэгтэй холбогдуулан хариуцагч тус компаниас Баянгол дүүргийн татварын хэлтэст хандаж дээрх Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03-3/1223 тоотын дагуу өршөөлийн хуульд хамруулах асуудлаа шийдвэрлүүлэх талаар удаа дараа очиж уулзаж, улмаар бичгээр албан ёсны хариу авахаар хөөцөлдсөн боловч Нийслэлийн татварын албаны 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот улсын байцаагчийн актын 3,184,283 төгрөгийн торгууль, 1 910 968 төгрөгийн алданги, нийт 5 095 251 төгрөгийг өршөөлийн хуульд хамруулах асуудлыг Баянгол дүүргийн татварын хэлтэс бие даан шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг амаар бидэнд өгөөд байгаа.

Тиймээс Нийслэлийн татварын албанаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***тоотоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэний хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай хариуг Баянгол дүүргийн татварын хэлтэсээс тус компанид өгөх боломж бүрдэхгүй байгаа учраас захиргааны дээд, доод байгууллагуудын хоорондох аль албан тушаалтан нь хариуцах нь мэдэгдэхгүй үл ойлголцсон үйл ажиллагаанаас болж иргэний хэргийн шүүх дээр асуудал сунжирч чирэгдүүлэн тус компанийг хохироосоор байна.

Иймд захиргааны байгууллага, албан тушаалтны актын талаарх гомдол маргааныг зөвхөн захиргааны шүүх шийдвэрлэнэ гэсэн иргэний хэргийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасны дагуу “... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... Захиргааны хэргийн шүүх нь энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах зайлшгүй шаардлагатай боллоо гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас 2016 оны 01 дүгээр сарын 03-нд татвар төлөгч нарт хандаж “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн дагуу өршөөлд хамрагдах зөвлөмж мэдээллийг гаргаж байсан. Үүнд:

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамруулж хэрэгжүүлэх нь зүйтэй ... зөрчилд зөвхөн алданги, торгууль, хүү зэрэг хамаарна. Татварын төлбөр, хураамж болох үндсэн үүрэг чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно”. “... Хууль хэрэглэх эрх бүхий субъектүүд өөрсдийнхөө хэмжээнд энэ хуулиа хэрэглээд ... Харин шүүхийн шийдвэрээр захиргааны арга хэмжээ авагдсан хүмүүсийн хувьд тэр материалаа шүүх дээр авч ирээд чөлөөлүүлэх асуудлаа шийдье” гэж тэмдэглэсэн байна. 

Иймд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шийдвэр гараагүй, татварын албанд бүртгэлтэй татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан өр төлбөрөөс зөвхөн нөхөн татавараа төлж, өршөөлийн хуулийн дагуу хүү, торгууль, алдангийн төлбөрийг өршөөлд хамруулах хүсэлтээ харъя татварын албандаа гарган мэдээллийг авна уу... гэсэн мэдээллийг татвар төлөгч нарт дамжуулж байна. 

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэм хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, 4.3-т: хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн заалтад хамруулан тус компани дээр Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тавигдсан татварын төлбөрийн 9,552,879 төгрөгийн дүнгээс нөхөн татварт ногдуулсан торгууль 3,184,283 төгрөг, алданги 1,910,968 төгрөг нийт 5,095,251 төгрөгийг өршөөлд хамруулан чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх эрхийг тус компани эдлэх ёстой гэж үзэж байгаа юм.

Манай компани актаар тогтоосон нөхөн татварын 4,457,628.80 төгрөгийн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2,657,628 төгрөг тус тус төлж барагдуулсан байгаа бөгөөд одоо зөвхөн нөхөн татварт ногдуулсан торгууль, алдангийн дүнгийн үлдэгдэл төлөгдөөгүй байгаа болно. 

Иймд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх ... 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн заалтуудыг үндэслэн Нийслэлийн татварын албаны татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тавигдсан татварын төлбөрийн 9,552,879 төгрөгийн дүнгээс нөхөн татварт ногдуулсан торгууль 3 184 283 төгрөг, алданги 1 910 968 төгрөгийг тус тус өршөөлд хамруулж дээрх актаар тогтоосон төлөгдвөл зохих төлбөрийн нийт дүнгээс нөхөн татварт ногдуулсан торгууль, алдангийн нийт 5 095 251 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэлийн татварын албаны татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тогтоосон нөхөн татварт ногдуулсан торгууль, алданги нийт 5,095,251 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.5-т заасны дагуу захиргааны актын төлбөрийн хэмжээг 5,095,251 төгрөгөөр бууруулан багасгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ““А” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот “Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай” тус шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: “Нийслэлийн татварын газрын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тавигдсан татварын төлбөрийн дүнгээс торгуульд тавигдсан 3,184,283 төгрөг, алдангид тавигдсан 1,910,968 төгрөг нийт 5,095,251 төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу өршөөлд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх алданги, торгуулийг өршөөлд хамруулахыг хариуцагчид даалгах” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““А” ХХК-д хийгдсэн татварын хяналт шалгалтаар татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тавигдсан 4,457,627.80 төгрөгийн нөхөн татвар, нөхөн татварт ногдуулсан торгууль 3 184 283 төгрөг, алданги 1 910 968 төгрөг нийт 9 552 879 төгрөгийн дүнтэй акт тавигдсан. Акт тавигдсанаас хойш “А” ХХК нь нөхөн татварт ногдуулсан 4,457,627.80 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтэст төлсөн. Энэ акт гарсанаас хойш “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Дээрх хуулиуд батлагдсантай холбогдуулан эдгээр ажлуудыг зохион байгуулах комиссыг байгуулсан. 

Мөн татварын ерөнхий газраас 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн дагуу өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамруулах нь зүйтэй. Өршөөлд зөвхөн алданги, хүү, торгууль хамаарна. Татвар, төлбөр, хураамж төлөх үндсэн үүргээс чөлөөлөгдөхгүй. Харин Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шийдвэр гараагүй татварын албанд бүртгэлтэй татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан өр төлбөрөөс зөвхөн нөхөн татварыг төлж, өршөөлийн хуулийн дагуу хүү, торгууль, алдангийг өршөөлд хамруулах хүсэлтээ харъяалах татварын албанд гаргана гэсэн зөвлөмж гарсан. 

Үүний дагуу бид нөхөн татвараа төлөөд алданги, торгуулийг харъяалах татварын албанд өршөөлд хамруулах тухай хүсэлтээ гаргасан. Гэтэл Баянгол дүүргийн татварын хэлтсээс ажлын хэсэг байгуулагдсан байгаа бөгөөд уг ажлын хэсэг нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны дотор бүх аж ахуйн нэгж, байгууллагуудыг өршөөлд хамруулж дуусах ёстой байсан ч “А” ХХК-ийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. “А” ХХК-д уг ажлын хэсгийн хуралдаанаар шийдэх ёстой ч шийдвэр гараагүй байна, тэрийг хүлээе гэсэн хариуг өгч шүүх хуралдааныг олон удаа хойшлуулсан. Баянгол дүүргийн татварын хэлтсийн ажлын хэсэг нь хуралдаж шийдвэрээ гаргахгүй байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар “... захиргааны зөрчилд шууд хамруулна...” гэж байгаа. Мөн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д татварын асуудлуудыг заасан байгаа. Иймээс бид эдгээр асуудлуудаа ил тодоор мэдүүлээд өршөөлд хамруулах тухай хүсэлтээ гаргасан ч шийдэгдэхгүй байна. Хариуцагч хүсэлтийг шийдэхгүй байна уу, эсвэл хууль хэрэгжүүлэхгүй байна уу гэдгийг тогтоож “А” ХХК-д ногдуулсан алданги, торгууль нийт 5 095 251 төгрөгийг өршөөлд хамруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан өршөөл үзүүлэх тухай хуультай холбоотойгоор Гааль, татварын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу татварын хүү, торгууль, алдангийг өршөөлд хамруулах ажлын хэсэг Баянгол дүүргийн татварын хэлтэст байгуулагдсан. “А” ХХК нь тус хэлтэст хандан **** дугаартай актаар ногдуулсан торгууль, алданги 5095251 төгрөгийг уг хуульд хамрагдахаар, чөлөөлөгдөхөөр албан бичиг ирүүлсэнийг хүлээн авлаа. Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхим уг хуульд татварын хүү, торгууль, алданги хамаарахгүй хэмээн тогтоол гаргасантай холбогдуулан ажлын хэсэг дээд газраас дахин чиглэл авахаар албан бичиг хүргүүлэн, өршөөлд хамруулах ажиллагаа түр хүлээгдэж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагын гол зүйл нь өршөөлийн хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйд гаргасан тул зохих байгууллагаас чиглэл ирээгүй байхад татварын хэлтэс шийдвэр гаргах боломжгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн татварын хэлтэс ажлын хэсэг байгуулаад дээрх хуулиудын хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг хийж байсан. Гэвч Монгол Улсын Дээд Шүүхийн анхан шатны иргэний хэргийн танхимаас 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 453 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор дээрх өршөөлийн хууль нь татварын хуульд хамаарахгүй гэсэнтэй холбоотойгоор ажлын хэсэг үйл ажиллагаагаа түр зогсоосон байгаа. Дээрх асуудалд иргэний хэргийн шүүх болон захиргааны хэргийн шүүхүүд хоёр өөр шийдвэр гаргаад байна. Энэ талаар нэг чиглэлд орсоны дараа уг ажлын хэсэг ажиллахаар үйл ажиллагаагаа зогсоосон. Үүнтэй холбогдуулаад “А” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхээс энэ асуудалтай холбогдуулаад албан ёсны шийдвэр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “А” ХХК-иас “Нийслэлийн Татварын газрын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тавигдсан татварын төлбөрийн дүнгээс торгууль 3,184,283 төгрөг, алданги 1,910,968 төгрөгийг хасуулж, нийт 5,095,251 төгрөгөөр багасгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн татварын газрын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тавигдсан татварын төлбөрийн дүнгээс торгуульд тавигдсан 3,184,283 төгрөг, алдангид тавигдсан 1,910,968 төгрөг нийт 5,095,251 төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу өршөөлд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх алданги, торгуулийг өршөөлд хамруулахыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Түвшинбаяр, Б.Тунгалагтуул нараас Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх томилолт (хх 14)-ыг үндэслэж Татварын хяналт шалгалт, удирдлага, арга зүйн газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353, иргэний мэдээлэл, хүсэлтийн дагуу нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан татвар, төлөлтийн байдалд шалгалт хийжээ.  

Уг актаар Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дах заалтыг үндэслэн 4,457,627.8 төгрөгийн нөхөн татвар, 3,184,283 төгрөгийн торгууль, 1,910,968.3 төгрөгийн алданги, нийт 9,552,879.1 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компанид ногдуулсан байна (хх 14-15).

Нэхэмжлэгч актаар тогтоосон 9,552,879.10 төгрөгийн төлбөрөөс нөхөн татвар болох 4,457,627.8 төгрөгийг хүлээн зөвшөөрч Улаанбаатар хотын банкин дахь 2611009664 тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2,657,628 төгрөгийг тус тус төлсөн байна.

 Улмаар “А” ХХК нь татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар ногдуулсан 3,184,283 төгрөгийн торгууль, 1,910,968.3 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулах тухай хүсэлтийг дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн татварын газар, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2016 оны 01 дүгээр 29-ний өдрийн 19 тоот, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24 тоот, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 32 тоот албан бичгээр тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч “манай компани татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тавигдсан 4,457,627.80 төгрөгийн нөхөн татварыг төлж барагдуулсан, торгууль, алдангийг өршөөлд хамруулах талаар хүсэлтийг удаа дараа Баянгол дүүргийн татварын хэлтэст гаргасан байхад 3 184 283 төгрөгийн торгууль, 1 910 968 төгрөгийн алдангийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөлд хамруулж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус” хэмээн маргажээ.

1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 3 184 283 төгрөгийн торгууль, 1 910 968 төгрөгийн алдангийг хамруулаагүй үндэслэлийн  тухайд:

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасан.

Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэж заажээ.

“А” ХХК-ийн зөрчил нь хяналт шалгалтаар тогтоогдож, зөрчилд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар төлбөр ногдуулсан байх тул 3,184,283 төгрөгийн торгууль, 1,910,968 төгрөгийн алдангийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай үйлчлэлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 3,184,283 төгрөгийн торгууль, 1,910,968 төгрөгийн алданги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх/- ийн үйлчлэлд хамаарахгүй үндэслэлийн тухайд:

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлжээ. 

Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “3 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт ... гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл захиргааны зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн этгээдийг уг хуульд заасны дагуу өршөөлд хамруулахаар тодорхой зааж, хуульчилжээ.

Захиргааны шийтгэл ногдуулах эрх зүйн харилцаанд Захиргааны хариуцлагын тухай хууль нь илүү нарийвчилсан зохицуулалт болох бөгөөд энэ харилцаанд Захиргааны хариуцлагын тухай хуулийг баримтлах нь зөв ба уг хуулиар захиргааны шийтгэлийн төрлүүд, захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрийн хэлбэрүүдийг тодорхой заасан. 

Тодруулбал Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Зөрчил гаргасан этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулж болно”, 4.1.1-д “торгох; 4.1.2-т “тусгайлан олгосон эрх хасах”, 4.1.3-д “хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах”; 4.1.4-д “баривчлах”” гэж захиргааны шийтгэлийн төрлүүдийг хуульчилжээ. 

Гэтэл маргаан бүхий актаар ногдуулсан алданги нь дээрх хуульд заасан захиргааны шийтгэлийн төрөлд хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийг захиргааны шийтгэл хүлээсэн гэж үзэж өршөөлийн хуульд хамруулах боломжгүй юм.

Харин Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан торгууль нь хэлбэрийн хувьд захиргааны шийтгэлийн нэг төрөлд хамаарч байх боловч Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан “татварын өр” гэсэн ойлголтод хамаарна. 

Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь торгуулийн хуудас, шийтгэвэр гэсэн үндсэн 2 хэлбэртэй байх ба татварын улсын байцаагчийн актаар захиргааны шийтгэл ногдуулдаггүй, харин татварын өрийг төлүүлдэг.

Өөрөөр хэлбэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоос үзэхэд зөвхөн торгуулийн хуудас, шийтгэвэр гэсэн 2 баримт бичгээр л захиргааны шийтгэл ногдуулна.

Татварын ерөнхий хуулийн зохицуулалтаас үзэхэд уг хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд татварын хууль, тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага болон татварын хууль, тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлагыг ялгамжтай байдлаар тус тусад нь хуульчилсан бөгөөд шийтгэл ногдуулах хэлбэр, хэмжээ, зөрчлийг хянан шийдвэрлэх журам, хариуцлага хүлээлгэх хугацаа, эрх бүхий этгээдээс гарах шийдвэр, шийтгэл ногдуулах үндэслэл, эрх зүйн үр дагавар зэргээрээ өөр хоорондоо ялгаатай байна.

Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь заалтыг үндэслэн акт ногдуулсан байх тул нэхэмжлэгчийг захиргааны зөрчил гаргаж, захиргааны шийтгэл хүлээсэн гэж үзэхээргүй байна.  

Дээрхээс үзэхэд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу татварын хариуцлага буюу татварын өрийг төлүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэхгүй, харин Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулсан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэхээр байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1, Эдийн засгийн ил, тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасныг баримтлан “А” ХХК-ийн “Нийслэлийн татварын газрын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн **** тоот актаар тавигдсан татварын төлбөрийн дүнгээс торгуульд тавигдсан 3,184,283 төгрөг, алдангид тавигдсан 1,910,968 төгрөг нийт 5,095,251 төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу өршөөлд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх алданги, торгуулийг өршөөлд хамруулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Энэхүү шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАТЗОРИГ