Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02342

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02342

 

 

Ө.Н, М.П нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02252 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Н, М.П нар хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ө.Н, М.П нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн шүүгчийн захирамжаар М.П, Ө.Н нараас 37,689,592 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ө.Н миний өмчлөлийн Ү-220100870 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 10-131 тоот 47.6 м.кв хувийн орон сууц, Г-2202003825 тоот дугаартай 338 м.кв талбайтай газрыг маань бидэнд мэдэгдэлгүйгээр өөрсдийн гэрээт ашиг хуваах зорилготой үнэлгээний газраар үнэлүүлж 45,290,000 төгрөгөөр үнэлүүлсэн болохоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 4/27238 тоот албан бичгээр мэдэгдсэн. Манай 338 м.кв газартай үл хөдлөх хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны дэргэд төв зам дагуу, автобусны буудлын хажууд байрлалтай, тус газар дахин төлөвлөлтөнд орсон орон сууцаар газраа солих боломж нь нээгдсэн. Манай газрыг дахин төлөвлөлтөнд орсон болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ашиг хуваах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хямдаар үнэлж дундаас ашиг хүртдэг. Иймд бодит зах зээлийн бодит үнэлгээг гаргаж чадаагүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгат үнэлгээний байгууллагын 46,290,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1718 дугаар захирамжаар М.П, Ө.Н нараас 37,661,364 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу ажиллаж байна. Төлбөр төлөгч М.П, Ө.Н нар нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 10 дугаар гудамж, 131 тоот хаягт байрлах 338 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 47.6 м.кв талбайтай хувийн сууц зэргээс төлбөрийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Ө.Нийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилон 46.290.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ө.Н, М.П нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 182/ШЗ2020/00228 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай газар 5 буудлын дэргэд Хайлааст руу эргэдэг төв зам дагуух байрлалтай эрэлт ихтэй газар байрладаг. Бид өөрсдийн газраа үнэлэхэд хэцүү байдаг буюу ядаж л орон сууцаар солих хэмжээтэй үнэтэй гэж боддог. Гэтэл манай хашаа байшинг 46 290 000 төгрөгөөр үнэлсэн нь 2 дах дуудлага худалдаагаар 23 сая төгрөг болж Хас банкныханд алдаад дээрээс 10 гаруй сая төгрөгийн өртэй үлдэхээр болсон учир хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлд нийцсэн гэсэн байх бөгөөд үүнийг зөвшөөрөхгүй ба харин тус хуулийн 9.2.3-д заагдсаныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхэд Тэнхлэг зууч ХХК-ийн гаргасан 46 794 000 төгрөгийн үнэлгээ хийсэн Н.Харьболдыг шүүх хуралд оролцуулж, үндэслэлгүй, хууль зөрчсөн үнэлгээний талаар асуулгах хүсэлт гаргахад шүүх хүлээн аваагүй. Хэрэв үнэлгээчинг шүүх хуралд оролцуулсан бол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй үнэлгээ гаргасан болохыг тодруулж дахин шинжээч томилуулах боломжтой болох байсан. Иймд зах зээлийн бодит ханшаас хэт доогуур үнэлэгдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул илт бага үнээр үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шинжээч томилуулан бодит зах зээлийн үнэлгээ гаргуулж гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ө.Н, М.П нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 15-ны өдрийн 01718 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Ө.Н, М.П нараас 37 661 364,43 төгрөгийг гаргуулж, Хасбанк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт заасан зарчим хэрэгжээгүй байна.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр төлөгч Ө.Н, М.П нарт 2019 оны 11 сарын 08-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 сарын 11-ний өдрийн тогтоолоор Баян Модот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцны үнэлгээг 46 290 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх24. 25-27/

Түүнчлэн, хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний Баян-Модот ХХК-ийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 11 сарын 29-ний өдөр мэдэгдэл хүргүүлэн танилцуулж, үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 32 340 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн болох нь хэргийн 5, 16 дугаар талд авагдсан мэдэгдлээр нотлогдсон болно.

Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний Баян-Модот ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгч Ө.Н, М.П нарт 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцсэн. /хх1, 5/

Мөн хэргийн 27-37 дугаар талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, Хайлааст 10-р гудамжны 131 тоотод байрлах 338 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, зах зээлийн харьцуулалтын үнэлгээг гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнийг 46 289 674,04 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч болох Лэнд ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 48 837 436 төгрөг гэж, Тэнхлэг зууч ХХК 46 794 000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд эдгээр үнэлгээг харьцуулахад хэт зөрүүтэй биш байх тул талуудын маргаж буй Баян Модот ХХК-ийн 46 289 674 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хэт багаар үнэлсэн гэх гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, илүү өндөр үнээр үнэлэх ёстой гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээч Тэнхлэг зууч ХХК-ийн үнэлгээчин Н.Харьболдыг шүүхэд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй учир нэхэмжлэгч нарын энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Б.НАРМАНДАХ